Үнэтэй машин унасан хэрнээ үс нь өрвийчихсөн хүн харахаар өрөвддөг
“Үс бол хамгийн үнэт, амьд гоёл юм. Ургамал цэцгийн адилаар үсэнд ч тэжээл хэрэгтэй. Үнэтэй машин уначихсан мөртлөө үс нь гэмтэж өрвийсөн хүн харахаар би өрөвдөөд байдаг юм. Яагаад ч сайхан харагдахгүй шүү дээ. Тиймдээ ч бидний өвөг дээдэс “Үс сайхан бол зүс сайхан” гээд оноод хэлчихсэн байна” хэмээн “Эко бьюти” салоны захирал Т.Оюунжаргал ярьсан.

“Эко бьюти” салон “Халгай хандлах арга”, “Халгайн хандаар үсний эмчилгээ хийх арга”-аар Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ гардан авсанаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Цэл залуу монгол бүсгүйн бий болгосон үндэсний брэнд гэхээр бахархах сэтгэл төрөх. Тус салон уламжлалт халгайн эмчилгээгээр үсний төгс эмчилгээ хийдгээрээ онцлог юм.

Үр дүнд нь 20 жил халзан байсан нэгэн эрхэм төдийгүй толгой хуйхандаа хачиг, мэсний гялайсан том сорвитой байсан гучаад хүний үс нь ургасан бөгөөд хорт хавдартай болоод туяагаар эмчлүүлж үс нь унасан гурван эмэгтэйд үнэ төлбөргүй үйлчилж, үс ургуулахаар туршиж байгаа гэнэ лээ. Эхлээд зөвхөн үсийг эрүүл болгохын тулд халгайгаар угааж эхэлсэн бол одоо тус салоноор үйлчлүүлсэн хүмүүсийг халгайн цайгаар дайлж ядаргааг нь тайлдаг болжээ. Учир нь халгай С витамины өндөр агууламжтайгаас гадна А, В витамин, кали, кальци, фтор нөхөх ач тустай аж.

Орчны бохирдол, стресс, элдэв өвчнөөс үүдэлтэй үс уналт, хуйхны доройтол, үсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх төдийгүй, эдгээн эмчилдэг халгайн технологийг “Эко бьюти” салоныхан 10 жилийн өмнө туршиж эхэлсэн бол өдгөө гадаадын гоо сайхны эмнэлгээс хүртэл хамтран ажиллах санал тавиад буй аж. Ингээд тус салоны захирал Т.Оюунжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Халгайн эмчилгээ гэж юу вэ? Арав хоногийн дотор халзан байсан хэсэгт үс ургуулаад байгаагийн нууц нь юу юм бол?
-Бид хавар болгон ногоо ургахаас урьтаж, газрын хөрсний хамгийн их шимийг авч ургадаг нялх халгайг 3-4 хуруу байхад нь түүдэг юм. Халгайг тусгай нөхцөлд хөлдөөх болон хатаах аргаар хадгалан, жилийн турш эмчилгээнд ашигладаг. Хавартаа нэг тонн халгай бэлтгэдэг учраас сөлтэйд нь түүж амжихын тулд багаар ажилладаг болсон. Ингээд салондоо авчирсны дараа тусгай найрлагатай халгайн ханд бэлтгэж үйлчлүүлэгчдийнхээ үсийг шавшдаг. Халгайн шавшлага, тэжээллэг халгай, шар тосон бариа, өндөг зөгийн балны маск зэрэг хавсарсан эмчилгээг 10 хоногийн турш курс болгон хийдэг юм. Эмчилгээний дөрөв дэх хоногоос үр дүнгээ үзүүлсэн тохиолдол ч байдаг. Энэ нь тухайн хүний үсний уналтын шалтгаан болон халзан байсан хугацаанаас шууд хамаардаг.
-Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авсан гэхээр өмнө нь халгайгаар үс эмчлэх аргыг Монголд албан ёсоор хэн ч эзэмшээгүй байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Би гэрчилгээ авахаасаа өмнө олон жил судалгаа хийж, туршлага хуримтлуулсан. Тиймдээ ч ханд бэлдэх болон үс эмчлэх аргаа хэд хэдэн хувилбартайгаар баталгаажуулж авахаар төлөвлөж байсан юм. Нэр нөлөө бүхий олон хүн “Үсчин хүн үс арчилгааны Монголын анхны брэндийг бий болголоо” гэж хэлсэн шүү. Халгайгаар үсээ угаах хэрэгтэй гэдэг арга ухаан нь ардынх юм. Харин би орчин үеийн тоног төхөөрөмжтэй хослуулж, илүү боловсронгуй болгосон хэрэг. Одоо ч олон хүн халгайгаар үс эмчлэхээр оролдож байгаа. Сайн судлах хэрэгтэй. Миний эмчилгээний арга, найрлага ч олон жилийн туршлага, эрэл хайгуулын үр дүн шүү дээ.
-Халгайг гоо сайхны болон эмчилгээний олон төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг гэж сонссон. Тэгэхээр олон улсад ч үсний эмчилгээнд халгайг хэрэглэдэг үү?
-Монголдоо “Монкрем”-ийн “Халгай” шампунь байна. Солонгосчууд Монголд халгайн агууламжтай саван хийсэн байсан. Гэхдээ тэр саванд халгай 20 хувийн орцтой юм билээ. Манай эмчилгээнд ашиглаж байгаа халгай байгалийн тэр байдлаараа ашиглагддаг учраас 80-90 хувь агуулагддаг. Тусгайлан хадгалсан халгайгаар бигнүүр тавьж, уурын аппаратанд суулгахаас эхлээд ялгаа их бий. Гадны үс арчилгааны зарим бүтээгдэхүүнд халгай агуулагддаг. Гэвч манайх шиг “оригинал”-аар нь ашигласан нь үгүй. Тиймээс бид ойрын хугацаанд олон улсын лиценз авах бодолтой байна.
-Халгай их олон төрөлтэй. Танайх ямар төрлийн халгайгаар эмчилгээ хийдэг вэ?
-Хашааны гадна, жалганд ургадаг халгай биш шүү дээ. Шинжлэх ухааны нэршил нь хоёр гэрт нарийн халгай. Азийн уулархаг нутгаар ургадаг цөөн төрлийн халгайны нэгийг бид түүж боловсруулдаг гэсэн үг. Халгайг түүхэд маш нарийн дэг жаяг баримталдаг. Ургамлаа дээрээс нь тайрч авдаг учраас үндэс нь гэмтдэггүй. Дараа жил нь дахиад л ургана. Зарим оронд олслог халгайгаар гоёл чимэглэлийн сүлжмэл эдлэл хийдэг бол үсний эмчилгээнд нялх, дөнгөж ургаж байгаа халгайг хэрэглэдэг. Нутгийн хөгшдөөс асууж зөвлөлдөн, өөрийн гараар халгайг түүж бэлтгэдэг байсан бол одоо эрдэмтэн мэргэдтэй баг болж, ханд боловсруулах технологитой болсон.
-Олон улсын хэмжээнд мэргэжлийн үсчдийн наадамд оролцож байхад таны энэ аргыг гадаадынхан маш их сонирхсон гэдэг юм билээ. Бас Солонгосын алдартай эмнэлгээс урилга ирүүлсэн гэсэн үү?
-Солонгосын алдартай гоо сайхны эмнэлэг хамтран ажиллах санал тавьсан. Энэ олон хүнд эмчилгээ хийж үр дүн нь гарсан байхад үүнийг гадны эмнэлэгт ашиглуулаад яах билээ. Түүний оронд Монголын нэрийн бүтээгдэхүүн болгоё л доо.
-Ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ?
-Манай салон үйлчлүүлэгчдээ халгайн цайгаар дайлдаг. Тэгэхээр хийжүүлсэн ундааны оронд Монголын халгайн ундаа гаргах боломжтой. Мөн салонд ирж үйлчлүүлж амжихгүй хүмүүст зориулж халгайгаар үсний тоник эсвэл түрхлэг бэлдэх боломж бий.
-Таны мэргэжил үсчин. Гэтэл халгай ярьсаар байгаад судлаач болох шахжээ?
-Миний хобби учраас би үсчин мэргэжилдээ хайртай. Гэхдээ нэг юмны үзүүрээс бариад авахаар эцсийг нь үзмээр болох юм. Халгайн эмчилгээний эртний уламжлалаас эхлээд найрлага, ач тус гээд бүгдийг нь мэдэж авахыг хичээж явна. Цаашид ч уншиж судлах зүйл их байна. Өмнө нь нэг эрдэмтэн халгайг судлан эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаад орхисон гэсэн. Магадгүй би ингэж шунан дурлаж, судалсаар эрдмийн зэрэг ч хамгаалах юм билүү.
-Халгайг тарималжуулах боломжтой юу?
-Боломжтой. Англичууд тарималжуулаад цай хийсэн байдаг. Гэхдээ таримал гүзээлзгэнэ, уулын гүзээлзгэнийн аль нь илүү амттай билээ? Тэгэхээр онгон байгальд нь таривал дээр байх. Жил бүр хөдөө очиж халгай түүдэг болохоор Монголд халгайн нөөц их байгаа гэж боддог.
-Бүх юм санаснаар бүтэх нь үгүй. Таны халгайн эмчилгээнээс үр дүн гарахгүй, шантарч байсан тохиолдол бий юү?
- Хадгалах аргаа мэдэхгүй, бүх халгайгаа муутгахаас эхлээд бэрхшээл бишгүй л байсан. Мөн мянган хүний дундаас үр дүн гаралгүй, харшилсан цөөн тохиолдол гарсан. Үр дүн гараагүй учраас эмчилгээний бүх төлбөрийг нь эргүүлээд өгч байлаа. Одоо тэдний нэг нь миний хамгийн хайртай үйлчлүүлэгч болсон. Ер нь ямар ч ажлыг сэтгэл гарган хийх хэрэгтэй. Үсэнд ч гэсэн хүний гар хүрч, сэтгэл шингэсэн бол үр дүн гарах л болно.
Эх сурвалж: “Гранд сэтгүүл”
Сэтгэгдэл (47)