Скандал: Баабар

“Монголын томоохон бие хүний нэг” хэмээх тодорхойлтын эзэн болж дархлагдсан нэгэн эрхмийг “Скандал” буландаа онцоллоо. Баабарыг нийгэм янз янзаар үнэлж ирсэн. Гэвч тэр бол маргахын аргагүй сайн нийтлэлч, үгээр урлах авъяастан гэдэг нь туйлын үнэн. Дахин хэзээ ч давтагдашгүй эрхэмийн тухай “Скандал” буландаа чадан ядан үзэглэлээ. Таалан болгооно уу...

Үеийнхнээсээ “үргэлж” намхан байсан ч, үргэлж таван онцын эзэн байжээ

Б.Батбаяр 1954 онд н.Бат-Эрдэнийн ууган хүү нь болон мэндэлсэн. Түүний аав нь Завхан аймгийнх, ээж нь Өвөрхангайнх ч гэлээ тэрээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Хөвсгөл аймгийн найман жилийн нэгдүгээр ангид анх элсэж орж байсан ч, Улаанбаатар хотын 18-р сургуулийг төгсжээ. Түүний бага нас 120 мянгатад өнгөрчээ. Тэрээр ямагт үеийнхнээсээ намхан байсан ч, үргэлж таван онцын эзэн байж ирсэн. Гэрээсээ гардаггүй хүүхэд байсан болохоор ээж нь түүнд “миний хүү ядахдаа гараад байшингаа тойрчихоод ороод ир” гэдэг байсан гэнэ лээ.

Баабар дунд сургуульд байхаасаа л киноны сургуульд явах туйлын хүсэлтэй байжээ. 1972 онд 10-р ангиа төгсөх жил нь ирсэн киноны ганц хувиарийг нь Ю.Цэдэнбал даргын хүү Ц.Зориг авчихсан гэсэн яриа байдаг юм. Ингээд өөр мэргэжил сонгохоос өөр зам үлдсэнгүй. Түүний аав биологийн ухааны доктор хүн. Ингээд л тэр биохимийн ангийг сонгож орхисон нь тэр ээ.

1973 онд Монгол Улсын Их Сургуульд элсэн орж ганцхан жил суралцсан байна. Тэрээр Сарлагийн нойр булчирхайн физик химийн шинж чанараар судалгааны ажил хийж явсан гэдэг. 1973 оноос 1980 онд Польш улсын Краков хотын Ягелон Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж, биохимич мэргэжлээр төгссөн байна. Дараа нь 1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургуульд эрдмийн зэрэг хамгаалж, 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцжээ. Орос, Англи, Польш хэлтэй.

“Бүү март. Мартвал сөнөнө” гэх дуулиант нийтлэлээ Москвад аспирантурт сурч байхдаа 1987 онд гараараа бичиж Монгол руу илгээсэн байдаг.

Залуучууд Баабарын гар бичмэлийг нууцаар уншдаг байжээ

Хэнтийн Өмнөдэлгэр сумаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэх нууц нэрийн дор Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдал зэргээр эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсан байдаг юм. Харин түүнийг нь тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншдаг байжээ.

Баабар 1981-1991 оны хооронд арван жилийн хугацаанд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа туслах ажилтнаас эхлээд, ахлах ажилтан болон дэвшиж байв. Энэ мэргэжлээрээ амжилт гаргаж оюуны өмчийн олон алтан медаль хүртэж явжээ.

Биохимич улс төрч болсон нь

Баабар 1989 онд Ардчилсан хөдөлгөөнийг байгуулахад С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хамтаар оролцож явжээ. 1990 онд Монголын Ардчилсан холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж байлаа. 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын анхны даргаар сонгогдон ажиллаж, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр, 1998-1999 онд Сангийн сайдаар, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

2000 онд сонгуульд нэр дэвшсэнээ өөрөө ч мэдээгүй явж байгаад ялагдсан сонин явдал бий. Энэ тухайгаа “Талийгаач У.Уламбаяр бид хоёр их найзууд байсан юм. Тэр маань “хөөе, би чамайг ялчихсан шүү гээд давхиад ирдэг юм байна. Юу ямар ялалт гэсэн чинь 2000 оны орон нутгийн сонгуулиар намайг ялсан гэнээ. Би орсон юм уу гэсэн чинь, чи 11-р хороололд дэвшчихсэн байх чинь билээ” хэмээсэн байдаг. 2000 оноос улс төрөөс бүр мөсөн гарсан Баабар чөлөөт нийтлэлчийн замналдаа бүрэн орсон бөгөөд 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.

“Надад байж болох юмны хамгийн дээд тал нь миний эхнэр”

Түүний гэргийг н.Амарсанаа гэдэг. Харьковын их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр дүүргэсэн генийн инженерийн эрдэмтэн хүн. Нэг институтэд ажиллаж байхдаа дотноссон хосууд Москвад аспирантурт мөн хамтдаа сурж байжээ. Зах зээлийн шуурганаар институт нь татан буугдсанаар эрдэмтэн хатагтай сурсан мэргэжлээрээ ажилласангүй.

Харин толь бичиг зохиох ажилд ханцуй шамлан оржээ. Монголд хамгийн анхны олон улсын стандартыг хангасан Oxford, Collins-ийн толь бичиг зохиож “гоо зүйн шагнал” авч хүн бол Амарсанаа. Тэд хоёр охинтой. Бие биенийгээ зөв олсон ханиуд гэж өөрсдийгөө тодотгодог юм билээ. Харин Баабар гэргийгээ “Надад байж болох юмны хамгийн дээд тал нь миний эхнэр” хэмээн үнэлдэг.

“Улс төрийн хэрэгтэн”-ээр хоригдов

Тэрээр 1979 онд улс төрийн хэргээр хоригдож байжээ. 1950-1990 оны хооронд улс төрийн хэргээр шоронд орсон тавхан хүний нэг нь Баабар хэмээгддэг. Мөн түүнийг “Солженицы”-ны зохиол бүтээлээс тараасан гэж үзсэн. Нийгэмтэйгээ таарахгүй, шүүмжилж, тэрсэлддэг үзэл оюутан ахуйгаас нь бий болчихсон учир мань хүн илэрхийлэхгүй байж чаддаггүй зантай нэгэн байв. Тиймдээ ч “энэ нийгмийг өөрчлөхөд зөндөө оролцсон” хэмээн ярьдаг билээ.

“Дөчөөс дээш насныхан үхвэл манай нийгэм эрүүлжинэ”

“Дөчөөс дээш насныхан үхвэл манай нийгэм эрүүлжинэ” хэмээн хэлээд ихээхэн дуулиан шуугианы эзэн болж билээ.

Тэрээр үе үеийн ерөнхийлөгчдийг ихэд шүүмжилдэг. Энэ тухай хэлсэн үгэндээ “П.Очирбат гэж нэг муу хүн байсан. Н.Багабанди нь тэрнээсээ муу байсан. Н.Энхбаяр нь хоёуланг нь нийлүүлснээс ч олон дахин муу. Ингэхээр би дараагийн ерөнхийлөгчөөс одооноос айж байна. Улам л муу болгодог, улам л мууг нь шалгаруулдаг тийм механизм байгаа биз” хэмээн Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болохоос өмнө хэлж байв.

Үеэлийн үнэлэмж

МУГЖ Б.Батзаяа Б.Баабартай ах, дүүгийн хүүхдүүд. Тэр хоёрыг нуруу, туруу, гэдэс гүзээ, царай төрх, зан аашийн хувьд төстэй зүйл олонтой хэмээн тодотгодог юм билээ. Харин Баабарыг “хорон” үгтэй, Батзаяаг “хошин” үгтэй хэмээн шогчилдог.  

Батзаяа Баабар ахаараа тун их бахархдаг бөгөөд их ч загнуулдагаа нуухгүй хэмээсэн байдаг. Тэрээр Баабар ахыгаа удам, судрынхаа бахархал гэж үзэн ургийн овгоо ч Баабар хэмээн бичүүлсэн байдаг.

Тэрээр шагналыг “өвчин” гэж үздэг бөгөөд таашаадаггүй нэгэн

Тэр Монголын зах зээлд 600 мянган ном борлуулсан ба гадаадад ч бас цөөнгүй. Тухайлбал “Дори идэр дүүдээ” ном нь нийт таван удаагийн хэвлэлтээр 40 мянган хувь борлогдсон. “Монголчууд: Нүүдэл суудал”, “Зугаатай танин мэдэхүй”, (Б.Цэнддоогийн хамт), “Баабар ингэж өгүүлэв”, “Баабар мөн ингэж өгүүлэв”, “Баабар бас ингэж өгүүлэв” зэрэг ном бичиж байсан. Тэрээр зохиол бичихээсээ илүү орчуулга хийх дуртай. М.Фридманы “Капитализм ба эрх чөлөө” гэдгийг эхнэрийнхээ хамтаар орчуулж байсан.

1990-ээд онд бичсэн нийтлэлүүдээрээ коммунист тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өөр зүйл огт мэдэхгүй байсан ард түмэнд ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн учир утгыг энгийн хэлбэрээр ойлгуулахад чиглэгдэж байсан гэдэг.

2009 онд “Монголчууд: Нүүдэл суудал” бүтээлээрээ МУ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн шагнал хүртсэн. Гэхдээ тэрээр шагналыг “өвчин” гэж үздэг бөгөөд таашаадаггүй нэгэн юм.

Эх сурвалж: Grandnews.mn

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • бүүбур
    40 дээш насныхан үхвэл тэр үеийн нийгмийн сайхан бүхнийг бахархах хүнгүй болж баавар өөрийн дураар түүхийг гуйбуулж болох цаг ирнэ гэж бодсон юм боловуу өөрөө бас үхнэ гэдгээ мартсан юм байхдаа
    2016 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин
    40 өөс дээш насныхан үх гээд гээд байсан Ардын банкийг дампууруулахад би хар толгойгоороо хариуцна гээд л толгойгоо чичлээд байсан АН ынхны супер гутамшигуудын нэг .
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр Монголын БАХАРХАЛ. Залуучууд түүний зохиолыг маш их унших хэрэгтэй шүү.
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин
    mundagaa mundag
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
  • Иргэн
    Монгол улсад нэг ч гэсэн ийм иргэн хүн заяасанд баяртай байдаг, бахархдаг шүү. Хийсэн бүтээсэн нь дэлхийд танигдаж түүхэнд үлдэж хүүхэд залуусийг гэгээрүүлж олон талаас нь харж ойлгоход тусалдаг.
    2015 оны 01 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025