Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэн, амар амгаланг эрэлхийлж, үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн, тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэхээр ирсэн өнөөгийн бурхны шашны нэрт төлөөлөгч нартай танилцуулья. Аав ээж, ахан дүүсээрээ хуран чуулцгаадаг Монголын уламжлал болсон баяр цагаан сар айсуй. Энэ цаг үед түмэн олныхоо төлөө буян үйлдэж ухаарал энэрэлийн луужин болж өгдөг эрхэм хүндтэй хүмүүсийн ар гэр, хувийн амьдрал ахуйг хальт тольдсон юм.

Бод, бодож чадах л юм бол бид гэрэл болон асна
Жил бүрийн цагаан сараар хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг хүн гэвэл Гандан Тэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцыг хэлнэ. Ижийтэйгээ хамт өтөлж, нэгэн насыг барж байгаа хамба ламтан маань энэ жил 64 нас хүрч байгаа. Д.Чойжамц гэх нэрнийхэн нь гол утга санаа “номын далай” гэх бөгөөд насаараа бурхан шашны төлөө амь амьдралаа зориулж яваа өнөөгийн бурханч лам нарын тэргүүн төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Бод, бодож чадах л юм бол бид гэрэл болон асна хэмээн Чой хамба нэгэнтээ айлдсан байдаг.

Бурханч лам Г.Пүрэвбатын Солонгос эхнэр
Ах дүү арван таван хүүхдийн долоо дахь нь болж мэндэлсэн бурханч лам Г.Пүрэвбат нь Монголын шашны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа. Хийж бүтээснээрээ олны талархалыг хүлээсэн бурханч лам маань бурхан зурдгаараа алдартай. Улаанбаатар хотоос 100 гаруй км-ийн зайд байрлах “Аглаг бүтээлийн сүм”-дээ бурхны үйлийг бясалгаж суудаг.
Гэр бүлээрээ хөдөө амьдарч хот руу барагтай бол орж ирдэггүй бурханч ламыг Солонгос гэргийтэй гэдгийг манай уншигчид дуулж байсан байх. Солонгос гэргий Ким Сон Жон нь сургуулийнхаа гадаад харилцааг хариуцан ажилладаг бөгөөд бурханч ламын найдвартай ар тал гэдэг юм билээ. Бурханч ламыг Солонгост ядруухан явахад нь үнэн сэтгэлээсээ тусалж, буяны гараа сунгасан учраас тэд бие биедээ татагдаж, гэр бүл болсон ч гэж ярих нь бий.

“Дашчойлон” хийдийн хамба лам дөрвөн хүүхэдтэй
“Дашчойлон” хийдийн хамба ламтан Ч.Дамбажав төрийн хэмжээний томоохон үйл ажиллагаанд уригдаж залагддаг бурхны шашны томоохон төлөөлөгч нарын нэг. “Дашчойлон” хийд нь бусад сүмүүд шиг өндөр үнэ тариф байдаггүй учраас сүсэгтэн олон цагаан сар гэлтгүй үргэлж оочирлож, дугаарлаж байдаг билээ. Гэр бүлийн тухайд гурван хүү нэг охинтой өнөр өтгөн айлын тэргүүн хамбын гэргий эдийн засагч мэргэжилтэй бүсгүй байдаг гэнэ лээ.

Гартаа увидастай, хувилгаан шидтэн
Билгүүн номч, хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж хэмээх энэ эрхэм чухам амьдралынхаа утга учир, үнэт зүйл, зорилгыг хэдийнэ онож тодорхойлон, түүндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа яваа бурханы нэг төлөөлөл мөнөөсөө мөн.
Монголын уламжлал анагаах ухааны түүхийн сүүдэрт мартагдах шахсан шавхагдашгүй онол юуг гүнзгийрүүлэн судалж монгол төдийгүй гадаадынхан оочир дугаар аван үзүүлж харуулдаг шидэт тарни, увидастай хувилгаан гэж шүтэгсэд олон. Тэрээр Завхан аймгийн Цагаан чулуутын харьяат бөгөөд Нарванчин гэгээнтэний хойд дүр гэдэг. Өдгөө “Мамба дацан” хийдийн хамба ламтан бөгөөд уламжлал анагаах ухааны сүм, сургууль, эмнэлэг зэргийг цогцоор нь ажиллуулж байгаа билээ. Айлын арван нэг дэхь хүү болон мэндэлсэн Д.Нацагдорж хамбын гэргий Г.Одонцэцэг нь уламжлал анагаах ухааны их эмч бөгөөд эмнэлэгээ хариуцан ажилладаг.

Бурханч лам Д.Ухаанзаяа нисгэгч эхнэртэй
Зүгээр харах төдийд “Монголын их амар амгалан”-г мэдэрмээр сүрлэг биетэй, талбиун төрхт Д.Ухаанзаяа лам нь Бурханч лам Г.Пүрэвбатын гарын шавь. Гайхалтай залгамжлагч ганц шавь нь болж яваа Д.Ухаанзаяа ламтан хэдийнэ сүсэгтэн олны шүтэж дээдэлдэг эрхэм хүмүүсийн нэг болоод буй. Монголын оюун санааны нэгдэл болсон Мэгжид Жанрайсиг бурханы мэлмийг нээж, гар бие оролцон бүтээлцсэн энэ эрхэм хүний ах дүүс нь бүгд У үсгээр эхэлсэн нэртэй гэнэ. Учралсайхан, Уламсайхан. Уранчимэг, Ухаанзаяа, Уртнасан, Уянга-Эгшиг гэх мэтээр хөвөрдөг гэнэ лээ. Харин түүний гэргий нь Монголын анхны эмэгтэй нисгэгч Энх-Од хэмээх энэ бүсгүй. Ленинградын нисэхийн академийг хоёрхон эмэгтэй төгссөний нэг энэ бүсгүй өдгөө Нисэхийн ерөнхий газрын нислэгийн ахлах удирдагчийн хариуцлагатай алба хашдаг гэнэ лээ.

Ингээд Монголын бурхан шашны салбарт гүн гүнзгий тод томруунаар орон зайгаа тунхаглан, сүсэгтэн олныхоо амьд бурхад болсон бурханч ламтануудыг товч танилцуулахад ийм байна.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (4)