“Амьдрал нулимсанд дургүй”-г мэдэх үү?

Д.Энхжингийн зохиол, Ц.Энхцогтын найруулсан “Амьдрал нулимсанд дургүй” кино нээлтээ хийгээд удаагүй байгаа. Хоног дарааллан нээлтээ хийх олон кинонууд өөр хоорондоо ялгарч, хол тасархай байх гэж их л өрсөлдөх мэт. Ямартаа ч дэлгэцийн уран бүтээл монголд хөгжих гэж тийчилж байгааг чамлах учиргүй.

Энэхүү кино текст багатай, бодрол ихтэйтэйгээрээ онцлог аж. Кино үзэгчдэд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах гэснийх буй за.

Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэй хүн золиослогддог

“Х-түц” продакшины жүжигчин А.Туяа дэлгэцийн уран бүтээл, тэр дундаа гол дүрийг бүтээв. Тайзан дээр жүжиглэдэг түүнд дэлгэцийн бүтээлд жүжиглэнэ гэдэг харьцангуй ойр байсан нь лавтай. Юмжир гэх энэ эмэгтэй ганц охинтой, залуу гэр бүлийн эхнэр нь.

Кино Юмжирын мөрөөдлөө ярьж байгаагаар эхлэнэ. Хүсэж байгаа гурван зүйлээ хэл гэвэл аз жаргал, дурлал, хайр гэх мэтийг мөрөөдөнгүй ярина. Ямар ч эмэгтэй хүн Юмжирынх шиг зүйлсийг мөрөөдөх байсан биз ээ. Хүнд эд эдлэл, хөрөнгө мөнгөнөөс илүү үнэтэй зүйл юу болохыг мэддэг болсон зуунд амьдарч байгаа гэдэгт би ч гэсэн итгэдэг.

Нөхрөө өдөржин хүлээж хоолоо ч идэхгүй харанхуй буланд суух эхнэр. Шөнө дөлөөр хаалга нүдэж нөхөр шал согтуу орж ирнэ. Согтуу нөхөр, эхнэр лүүгээ үг хаяж хэл амаа билүүдсэнээр асуудал эхлэв. Гар хүрч хүчирхийлэхийг завдана. Өдгөө цагт гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл нийгмийн шүдний өвчин болоод байгаа асуудлуудын нэг.

Энэ шүдний өвчний золиос болж, төмөр торны цаана нар харах эрхээ хасуулан сууж байгаа хичнээн эх байгаа тухай харамсалтай тоо баримт манайд бий. Юмжир тэдний нэг болж хувирна. Мэдээж тэр аргагүй хамгаалалт хийж согтуу нөхрөөсөө өөрийгөө хамгаалсан.

Амьдрал ба нулимс

Ингээд бүсгүй хүний үнэ цэнэтэй нулимс золиослогдоно. Эмэгтэй хүний нулимсны цаана нуугдсан амьдралын үнэ цэнийн тухай өгүүлэгдэх. Ганцхан эмэгтэй хүн гэлтгүй хэн хүний  амьдралд санаандгүй тохиолдох гай зовлонд гагцхүү эмэгтэй хүний нулимс илүү урсаж байгааг харуулсан аж. Нэг л өглөө сэрэхэд таныг санаанд ч оромгүй үйл явдал угтаж байж магад. Гагцхүү түүний даваад гарах сэтгэлийн их тэвчээрийг л таниас шаардах вий.

Киноны гол дүр Юмжир гэх эмэгтэй ар араасаа тохиолдох олон зүйлсийн төлөө үнэ цэнэтэй нулимсаа ургасан ч даван туулж буй. Амьдрал эмэгтэй эрэгтэй хоёр хүний аль алиных нь нуруун дээр тогтдог гэж ярьцгаадаг. Гэвч эмэгтэй хүнээс амьдралын оршин тогтнол ихээхэн шалтгаалдаг гэдгийг хэлэхийн хүссэн буй. Эмэгтэй хүн "чимээгүй нулимсаа" урсган хатамжилсаар бүхнийг даван туулж, амьдралаа тэгшитгэж, нулимсны чинадаас амьдралын үнэ цэнийг бий болголоо.

Зовлон дээр, зовлонг...

Юмжир батлан даалтад гарч гэрийн зүг явна. Гэвч цоожтой хаалга, битүүмжилсэн гэр угтана. Хадмынх руугаа зүглэж шуламаараа дуудуулан хөөгдөнө. Юмжирт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болов. Газар ширтэж халуун нулимсаа дуслуулан амьдралыг эрэгцүүлэн алхсаар... Төрөх эмнэлэгт хүртэл хоног төөрүүлэв.

Гэнэт шоронгийн гал хам Цээеэ эгч нь өлгийтэй нялх хүүхэд тэврэн таарав. Хүүхдийг хулгайлж авсан архичин эмэгтэй Цээеэ хүүхдээр мөнгө олох хэрэгслээ болгожээ. Ингээд Юмжир тэрхүү хэрэгт холбогдож эрэн сурвалжлагдана.

Арчаагүй нөхөр, адгийн эр хоёр:

Сүүлийн үед жүжигчин МУСТА н.Батзаяагүй кино байхаа больсон гэгддэг. Энэхүү кинонд Юмжирын нөхрийн дүрийг бүтээжээ.

Эхнэрийнхээ байранд амьдарч байж, "сайд эцгээс чинь чамд үлдсэн зүйл чинь энэ муу байр уу?" гээд л халамцсан эр хашгична. Эрийн муу эмд. Энэ үг одоо гэр бүлийн хүчирхийлэл гэдэг үгийг илтгэж буй шүү дээ. Таны, миний дунд ийм эрчүүд зөндөө байдаг. Тэр тэднийг л нэг аж.

Халамцан ирэхдээ эхнэр лүүгээ том дуугарч хашгичсан хэрнээ, эрүүлдээ эхнэрийнхээ, ээжийнхээ дэргэд хэн ч биш нэгэн болдог. Түүний төрсөн ээж хүүгээ атгаж, бэрээ "шулам" хэмээн адалсан аашны тулам. Хүүгээ байнга салахыг ятгаж гэрээсээ гаргахгүй хорино. Ээждээ  хоригдсон эр, торны цаана байх эхнэр лүүгээ ч очиж чадахгүй арчаагүй нөхөр.

Түүний эхнэрийг шоронд байх хойгуур суллуулах, батлан даалтад гаргах гэсэн бас нэгэн адгийн эрийн дүр. Тэр духаараа харах муу зуршилтай. Духаараа харахад дэндүү муухай харцтай болдог байв. Энэ эр Юмжирыг батлан даалтад гаргах гэж улайран хөөцөлдсөний учир түүнийг охинтой нь цуг авах гэсэн санаа өвөртөлжээ.

Тайлаагүй төгсгөл

Ингээд Юмжирт тохиолдох санаанд оромгүй явдлууд хөвөрсөөр...Юмжир нулимсны үнэ цэнэ, сэтгэлийн хатаар давна. Киноны төгсгөлд Юмжирын нөхөр машинд дайруулж үхсэн үү? түүний хүүхэд нь хэнийх болж таарав? Асуулт нууц хэвээр үлдлээ.


П.Зулаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • uranchimegee
    Kinonii shvvmj bish kinonii vil yawdal l bichsen bna ene shvvmj bishee reklam
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin
    Batzaya uneheer mundag toglodog sain jujigchin.Amjilt huseye
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025