Мартсанаас МУГЖ И.Одончимэг, СТА Г.Ундармаа нар хоёулаа кинондоо Амбийг сонгосон шүү. “Х ТҮЦ” продакшнд бондгор Н.Онон, алаг нүдэн Аглуугаас эхлээд Одноотой хорших эрэгтэй жүжигчин байж л байгаа ч тэр гагцхүү Амбийтай гэр бүлийн хоёр болж “Танхай тээгч”-дээ тоглосон. Харин Г.Ундармаагийн “ТюТю”-д Амбий хөөрхөн туслах дүр бүтээлээ. Тайз, дэлгэцээс хэсэгтээ зайдуу байсан Амбийгийн амьдралын нэгэн хуудас эргэж байх шиг байна. Ингээд нэрнээсээ л анхаарал татсан, бас л ямар нэг киноны хуулбар цол зүүсэн ч үзэгчдийн сонирхлыг тун их татаж буй “Танхай тээгч”-тэй өнөөдөр та бүхнийг уулзуулж байна.

Нэгэн тээгч эх ба амьдрал
Саяхнаас даа, бие галбираа өв тэгш хадгалах гэж ялангуяа урлагийн бүсгүйчүүд бэлтэй айлын эзэгтэй нар тээгч эх хөлслөн хүүхэд төрүүлэх болоод буй. Ханш нь бүр багаар бодоход 50 мянган доллараар хэмжигдэн зарим хүмүүсийн нууц задарсан тохиолдол гарсан ч тэд эцсээ хүртэл гүрийж буй билээ. “Танхай тээгч”-ийн түүх харин үүнээс үл ялиг өөр. Олон жилийн турш хүүхэдтэй болох гэж хичээсэн залуу хосууд эцсийн аргаа шавхан тээгч эх хөлслөхөөр шийдсэнээр кино эхэлдэг.

Хосуудын дүрд Т.Бархүү, О.Долгор нар тоглосон бол тээгч эхийн дүрийг МУГЖ И.Одончимэг бүтээсэн. Нөхөртэйгөө хулгай зэлгий, бичил хэмжээний луйвар хийж шар нар бор хоногийг өнгөрөөдөг бүсгүй нөхрөө өрөнд ороод гарах гарцгүй болоход ёстой сэргэлэндээ л олсон “халтуур” нь энэ. Хэдий нас 40 гарсан ч гэсэн харьцааны соёл, амны фигурээрээ хоёр залууг сэнхрүүлж өгнө дөө. Азаар үр тогтлоо, одоо харин хүүхдээ эрүүл саруул төрөх хүртэл гурвуулаа амьдрах цаг.

Ингэхэд үнэхээр амьдрал дээр тээгч эх, үр суулгуулсан эцэг эх нар хамт амьдардаг болов уу? Тэрийг ёстой энэ аргаар хүүхэдтэй болсон хүмүүс л мэдэх байх. Зүгээр нэг уйдаагаа гаргах гэж тээгч эх хөлсөлдөггүй ба хүн амьдралаас хамгийн гол нь үлдэх үр хүүхэдтэй байх ёстой, тэрнийхээ төлөө бүхий л хүч чадлаа дайчлан хичээх хэрэгтэй гэдэг гол философи киног зангидаж байв. Нөгөөтэйгүүр дундаж давхаргынхан, тэр дундаа гэр хорооллын амьдрал ямар буйг нэмэр хачиргүйгээр дэлгэцэнд харуулав. Усаа зөөж, модоо хагална, хоногийн хоолоо юугаар залгуулж байна, ёстой жинхэнэ дээрээс доошоо унасан хоёр хос бүх мөнгөө Одноогийн нөхрийн өрөнд өгчихөөд гэр хороололд очиж амьдрахдаа үзээгүйгээ үзнэ. Жинхэнэ эгэл амьдралд ойр үйл явдлуудын зангилаа элэг хөшөөх дөхсөн шүү. Амьдралд ойр юм ийм л сайхан. Товчхондоо Одноо үзэгчидтэйгээ энэ амьдралтай их ойр хүн юм. Угаасаа ч хошин шогчдод амьдралаас сэдвээ олдог тул ойр байх шаардлага нэн тэргүүнийх байдаг биз.

Улаан чулуут уу, Тэнгис үү?
Киноны нээлтийн тов нэгдүгээр сарын 1-нд зарлагдсан байсан боловч хойшилсон. Учир нь Улаан чулуутын хогийн цэгт Одноогийн амжилттай удирдан хэрэгжүүлсэн төслийн сургуулийн нээлт болох өдөртэй давхацсанаас тэр юм. Одноо зөвхөн тайзнаа амьдраад зогсохгүй нийгмийн хариуцлагаа ухамсарлан муухан төрийн түшээгийн хийж чадаагүй ажлыг асар богино хугацаанд хийж чадав. Өөрөөсөө үе мултарсан залуутай суусан гэж хэл амны эзэн болж байсан бүсгүй өнөөдөр үр хүүхэдтэйгээ төвшин сайхан амьдарч буй нь ч үйлсийнх нь мөр цагаан байдгийнх биз. Санаа сайн бол бүтэхгүй юм гэж энэ хорвоод үгүй билээ. Тэр их ажлын хажуугаар энэ эгэл бүсгүй нийгэмд бас нэг “сигнал” өгөв. Үр хүүхэд, гэр бүл бол энэ амьдралын утга учир юм шүү дээ гэсэн санааг л бүтээлдээ гаргахыг хичээжээ. Одноо эхлээд Улаан чулуутын сургуульдаа очиж дараа нь киноныхоо нээлт дээр даруухан газардсан нь үзэгч олонд тун их сэтгэгдэл үлдээв. Алга ташилтыг хэзээ ч хүртэж болох билээ. Хүн гагцхүү хариуцсан ажлаа л сайн хийх ёстой юм байна гэсэн үлгэр дуурайлыг тэр үзүүлэв. Баярлалаа, Одноо!
Дүрийн эзэд үүргээ биелүүлсэн үү?
Манай Бамбархүү тайзны гэхээсээ ер нь дэлгэцийн хүн бололтой. Өндөр нуруулаг өвөрмөц төрхтэй Бараагийн тоглосон хэд хэдэн киног бид шимтэн үзсэн. “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Худалч залуу” дээр тэр дор бүрэн нь өөр өөр имиж бүхий дүрийг үлдээсэн. Харин энэ удаад жүжиглэх чадвар нь бүр ч ахиц дэвшилд хүрээ юу гэмээр сэтгэгдэл төрж байв. Яагаад ч юм Т.Бархүү хошин урлагт нэг л зохимжгүй сонгодог театрт тохирох мэт сэтгэгдэл төрөөд байдаг тэр сэтгэгдлээ ч бас дотроо хадгалсаар байгаа, миний хувьд. Тийм өө сэвгүй цэгцтэй, төрхтэй хүн шүү дээ. Түүнд зохиогүй марзагнал бол ёстой дэмий. Харин хаа очиж кинон дээр бол зүгээр ээ.

О.Долгор “Үл таних бүсгүй”-гээр эротик имижтэй гарч ирсэн, нэг цаг үеийн халуухан бүсгүй гэгддэг ч сүүлийн үед эгэл жирийн бүсгүйн дүрд сонгогдох болсон. “Улаан пальто” дээр гэр хороололд амьдардаг оюутан охины дүрийг гаргасан бол энэ кинон дээр мөн л гэр хороололд тээгч эхээс төрөх хүүхэд хүлээн догдолж буй ээжийн дүрийг бүтээв. Гэвч түүнийг амьдрал дээр аль хэдийнэ хоёр хүүхэдтэйг мэдэх болохоор дотроос “худлаа даа худлаа” гэсэн бодол төрөөд л байв. Мэдээж тэр ямар ч эрэгтэй жүжигчинтэй хос болсон зохино л доо. Кино болгон дээр нөгөө л тэр үү гэхгүйн тулд шинэ, ховор хүмүүс гарч ирж байвал уг нь бодитой тусах юм шигээ. Кино бол дэлгэцийн урлаг, бид ч бас үнэмшмээр л байна.

Амбийтай бол хэн, юу ярих билээ. Шорон оронд орсон гэр хороололд байдаг бүдүүлэгдүү хээгүй яриатай ч дотроо бол тал шиг уужим сайхан сэтгэлтэй гүдэсхэн эрийн дүрийг тэр гаргав. Одноо яагаад түүнийг онцлон сонгосныг киног үзвэл аяндаа ойлгоно. Бодоод үз дээ, Онон, Аглуу хоёр гэр хороололд гал түлээд нүүрс хулгайлж байгаа дүрд тэгтлээ зохих болов уу? Одноо бол гаднаа хүн залилж суусан газраасаа шороо атгадаг эмэгтэй боловч дотроо эгэл амьдралыг хүсдэг нэгэн. Ажилгүй сэлгүүцэхээс өөрийг мэдэхгүй эрэгтэй дүү /Өөскө/, хумсалсаар байгаад сурчихсан нөхрийнхөө төлөө тэр амиа солихоос ч буцахгүй. Эхнэр хүн, эгч хүн ийм л байдаг. Үргэлж бусдын төлөө өөрийгөө золиослодог эмэгтэйн дүр Одноод ч туйлын зохих юм. Алга ташихаас аргагүй ээ. Ийм л бүтээлийг үгүйлж байлаа шүү дээ, бид.
Амьдрал ийм л байна. Нийгмийн дээд доод каст нэг цэг дээр огтлолцоход чухам юу болохыг хармаар байвал та “Танхай тээгч”-ийн өмнө тухлах хэрэгтэй. Баярлалаа, “Танхай тээгч”-ийн баг хамт олонд.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (5)