Монголын кино урлагийн акул найруулагчдын нэг И.Нямгаваа хувь ааш араншин, амьдрал, уран бүтээлчийн замналын хувьд ч хачирхам түүхийн эзэн. “Ааш муутай, адайр зантай” хэмээн цоллуулсан эрхэм найруулагчийн амьдрал адармаатай ч, тийм зоргоороо тийм өөрийнхөөрөө байж ирсэн нь гайхалтай ч юм шиг. "Скандал" булан УГЗ найруулагч И.Нямгавааг онцолж байна.
Адлагдаж бас цөлөгдөж зүтгэсэн нь
1950 онд Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн И.Нямгаваа 1974 онд Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг төгссөн байна.Түүнийг ЗХУ-д сургууль төгсөөд ирэхэд "Улаанбаатар хотод энэ хүн ажиллаж болохгүй" гэсэн шийд нэгэнтээ гарчихсан байсан гэдэг. Учир нь тэр өмнө нь Хүүхэд залуучуудын театрт жүжиг хийсэн байсан. Тэр нь хаагдаж байж.

Тиймээс ийм хүнийг урлагт ажиллууллаа гэхэд нийслэлд байж болохгүй хэмээн Дархан руу явуулж байжээ. Тийнхүү Дарханаас найруулагчийн гараагаа эхэлж байсан түүхтэй. Дарханд очоод 11 жил болсных нь дараа түүнийг Өмнөговь аймаг руу цөлөх хэрэгтэй гэж байсан гэдэг.
Мөнгөний үнэрт автлаа гэж чичлүүлсэн нь
1999 онд "Нямгаваа фильм продакшн" компаниа байгуулжээ. Түүний “Гэрлэж амжаагүй явна”, “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай”, “Нандин эрдэнэ”, “Цахилж яваа гөрөөс” зэрэг уран сайхны бүрэн хэмжээний 10 орчим кино үзэгчдийн сэтгэлд хоногшсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тэрбээр “Бөртэ чоно” кинонд япончуудтай орлогын хувь авахгүйгээр хоёр сая таван зуун мянган ам.доллараар гэрээ хийж ажилласан нь тухайн үед чамгүй сенсааци болж байлаа. Түүнийг театрын өргөтгөлийн үеэр Япончуудтай хамтарч “Бөртэ чоно” гээд далимдуулаад явчихлаа, мөнгө идэж уулаа гэх яриа гарсан. Харин тэрбээр хэвлэлд "-Хүн хоорондоо тэмцэлдсэн ч маргааш нь эргэн уулзах хуруу зай үлдээж хэрэлд гэсэн үг бий. Эргээд уулзах нүүргүй болтлоо биенээ нулимаад яахав дээ. Надтай хамт ажилласан Кадокава Харүки гэж яруу найрагч, найруулагч хүн байсан. Үе уламжилсан хөрөнгө зоорьтой тэрбумтан хүн гэдэг юм. Монголд ирсэн хойно нь Кадокаваг эсэргүүцэж киноны гэгдэх хэсэг нөхөд сониноор мөнгө нэхэж шантажлаад хар тамхичин, Якуза нарын толгойлогч гээд есөн шидээр хэлсэн дээ. Эсрэг байдаг эмэгтэйг ч Японоос авчирч хэвлэлийн хурал хийлгээд жүжиг шиг юм болоод л байсан. Кадокавагийн Хайку-г уул нь олоод уншчихсан, хийсэн киног нь үзчихсэн бол зүгээр байсан юм. Ганц Монголд ч биш хаа ч тамын тогоо байдаг л юм. Хүн л байсан газар, сонин /орон гаран/ хүмүүс дүүрэн шүү дээ. Харин Кадокава огтхон ч тоогоогүй явсан даа. Айл болгон хашаандаа нохойтой. Нохой болгон хуцдаг гэж ч бодсон юм билүү. Хэн мэдлээ…" хэмээн ярьсан нь бий.
Харгис найруулагч
Тэрбээр хариуцлагатай театр, хариуцлагатай жүжигчидтэй байхыг олон жил мөрөөдөж ирсэн гэдэг. Хүний төлөө цагтаа эхэлдэггүй театрыг тэр үзэн яддаг. Түүний гэр бүлийн хүний аав нь бурхан болж Москвагаас дуудуулахад тэрбээр эхнэртээ “Чи очихгүй, чи Орос гүрэнд тоглох гэж ирсэн, чиний аав чамайг миний амьдралыг үргэлжлүүлж яваа гэж бодож байгаа. Гэтэл чи шарил дээр ёс гүйцэтгэх гэж очих гэж байна, зүй нь чи тэр хүний бодлыг энд үргэлжлүүлэх ёстой чи явахгүй, би чамайг явуулахгүй, чи өнөө орой тоглоно тоглохдоо чи юу ч болоогүй юм шиг тоглох ёстой” хэмээн хатуурхсан гэдэг.

Бас өөрийнх нь ээж бурхан болж байхад орой нь ажлаа хийж л байсан, маргааш нь оршуулчихаад сургуулилтаа хийж л байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Тэр тийм л ажил мэргэжилдээ үнэнч гэхэд дэндүү үнэнч хүн.
Тэрбээр “үзэгчдийн өмнө гараад аав маань, ээж маань үхэж байна би өнөөдөр тоглож чадахгүй гэж яаж хэлж чадах юм бэ, юу ч болоогүй юм шиг тоглох ёстой. Үүгээрээ үзэгчдийн өмнө жүжигчдийн хариуцаж байгаа хариуцлага өөр, хэнд ч өөрийнхөө зовлонг нялзааж болохгүй. Би өвддөг жүжигчинд дургүй, өөрөө өвдөх бүр дургүй. Яагаад гэвэл би өөртөө уурладаг, ямар арчаагүй юм бэ, тийм учраас өвдсөн жүжигчин байх, миний өмнө шуугитнах, ханиад хүрлээ гээд ирэхгүй байх зэрэгт би үнэхээр харгис” хэмээн шулуухнаар ярьжээ.
Анхны амьдрал:
Дарханы театраас гараагаа эхэлсэн И.Нямгаваа найруулагч анхны гал голомтоо тэнд асааж, Батцэнгэл гэдэг хөөрхөн бүсгүйтэй ханилжээ. Тэд хоёр охинтой болсон. Харин ерээд оны эхээр түүний циркийн бүжигчин гэргий Батцэнгэл монголчуудын түүчээ болж, Америк явсан.

Хоёр охинтойгоо Америк явсан Батцэнгэл өөрөөсөө 10 гаруй насаар дүү 25-хан настай Жон Грэй гхэмээх гэрлийн техникч залуутай нижгэр хуримлаж найруулагчийн зүрхийг бусниулсан гэдэг. Түүний охид болох Н.Марал, Н.Сарнай хоёр хоёулаа Америк хүнтэй гэрлэсэн.

Хоёр дахь амьдрал:
Түүний хоёр дахь гэргий нь Саха гаралтай, Саха улсын гавьяат жүжигчин, Москвагийн театр урлагийн дээд сургууль төгссөн сайхан бүсгүй байдаг. Авьяас, цөс ихт монгол найруулагчтай залуу халуун насандаа хувь заяа холбосон энэ бүсгүй И.Нямгаваад хүү төрүүлж өгсөн.
Хүү нь ОХУ-ын гавьяат жүжигчин, кикбоксын дэлхийн хэмжээний нэртэй тамирчин эр. Орос нэр нь Иванов, Монгол нэр нь Билэгт хэмээдэг. Тэрбээр эцгийнхээ мэргэжил, авьяасыг өвөлж кино найруулагч болсон төдийгүй “Чингис хааны нууц түүх” киноны продюссерээр ажилласан нь түүнд Саха улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Бүх Оросын киноны холбооноос “шилдэг продюссер” хэмээх хүндтэй шагналуудыг авчирсан.
Гурав дахь амьдрал:
Түүний гурав дахь амьдралын хань нь "Цагаан" Долгор гэгдэж явсан Монголын тайз, дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүдийн нэг сайхан бүсгүй бий. Долгор түүнд хаанаас нь ч харсан зүс царай сайхан охид төрүүлж өгсөн билээ.
Тэр хэдэн жилийн өмнө "Мэргэжлийн “өвчин” тусч солиортлоо ажиллаж явсан сайхан үе зөндөө. Ажлын төлөө, ар гэр үр хүүхдээ хаяад мал шиг ажилладаг үе байж дээ. Манай Хомби /Н.Долгор / – Хэрвээ чи найруулагч болоогүй бол юм ухаж төнхөж явдаг мөрдөн байцаагч байх байсан гэдэг юм. Тийм хүн болсон ч би бичээд суудаг хүн байх байсан биз." хэмээн ярьсан байдаг. Бас зээ нартаа хэр сайн өвөө болохыг нь асуухад "-Өвөө болж гэрт сууж хүүхэд харах би дургүй ээ! Хааяа уулзах ярих, өхөөрдөх, хайрлах юм байлгүй яахав. Өдөр болгон уруул дэвсэж, элгээ дэвтээх маягаар байх онц биш. Тэртэй тэргүй цагийн аясаар өөр өөрийн замаар яваад л өгнө. Хуучцуул хүүхдийн сэтгэл хожмоо сэмлэчихнэ нэг их битгий ойр байлга гэдэг ч бас үг шүү. Монгол угсаатай гэдгээсээ ичихгүй байдаг сэтгэлийн хаялга нь наашаа Монголруу гэсэн хүмүүс болоосой гэж битүүдээ хүсдэг. 2007 онд зээ нараа охидынхоо нөхрүүдийн хамт авчирсан даа. Хирээрээ л байхыг бодсон. Сайхан л байсан гэдэг." хэмээн шулуухан хэлж байсан юм.
Ц.Төмөрбаатар VS И.Нямгаваа
Хүүхэд Залуучуудын театрыг зарсан мөнгөөрөө И.Нямгаваа өнөөдөр Америкт тансаглаж байна гэсэн мэдээ гарч байсан билээ. Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нарын долоо найман хүн 1991 онд “Хүүхдийн театр байгуулна, Гаваа чи огцор” гэж шаардаж байсан түүхтэй.
Тэгвэл 2002 онд найруулагч И.Нямгаваа, Соёл Урлагийн газрын дарга Эрдэнэчимэг нар Японтой хамтарч кино хийнэ гээд хөрөнгийг нь идэж уужээ гэх мэдээ Монголын Радиогоор явж байлаа. Харин И.Нямгаваа тэр талаар Радио дээр очоод асуутал “Монголын мэдээ” сонины мэдээг бид нэвтрүүлсэн гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр нь тэр “Монголын мэдээ” сонин дээр очтол Ц.Төмөрбаатар Төрийн соёрхолтын тэмдэгээ зүүж ирээд өөрөө энд сууж байгаад гараараа бичиж өгсөн гэх хариултыг сонсоод буцсан хэмээн ярьсан байдаг.
Түүнийг урамшуулсан нь
2012 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнуулсан. Тэрбээр “энэ хоосон гавъяат гэх мэтийн тэмдэгүүд ард олон, хамт олны дунд хуйсагнуур байдал үүсгэдэг” хэмээн ярьж байсан. Шагнал гавъяаг нэг их таашаадаггүй хүн харагддаг. Гэхдээ тэгээд Ерөнхийлөгчөөс шагнал аваад патиараа татуулсан нь энэ.

Түүний найруулсан ”Догшин хутагтын сахиус”-ыг 2000 онд Токиод Азийн шилдэг кино гэж зарлан гаргасан байдаг. Английн Кино Урлагийн Академиас 20-р зууны дэлхийн шилдэг 100 киног шалгаруулахад тус киног 31 дүгээр байрт, мөн найруулагчийг нь ч 31-д эрэмбэлсэн байдаг юм.

Мөн "Нямгаваа фильм продакшн” компаний АНУ, ОХУ-тай хамтарч бүтээсэн “Чингис хааны нууц” кино 2009 оны Оскарын 82 дахь наадмын гадаадын шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн гэх мэдээлэл байдаг. Харин тэр энэ талаараа "Энэ киног Оскарт Монголоос нэр дэвшүүлэх болтол манай хэсэг нөхөд Лос-Анжелосийн Оскарын кино академитай урьтаад гэрээ байгуулчихсан юм билээ. Оскарын академид ирэх тодорхойлолт Т.Ганди гэдэг хүний гарын үсэгтэй байх ёстой гэсэн шаардлага Америкаас бидэнд тавьсан. Гэтэл Монголын тэр кино академи нь олддоггүй.

Т.Ганди нь тамга тэмдгээ мэдэхгүй гээд… Улсуудыг нь олж, бланк нь хайж, тамгыг нь даруулсаар байтал нэг ёсондоо хожигдсон гэсэн үг. Хурдан шуудан ч тус болоогүй дээ. Энэ амьдрал ч өөрөө уртын дуу биш ёстой жинхэнэ хип хоп болжээ гэж бодсон." хэмээн хэлж байлаа.
Тэгэхээр амьдрал уран бүтээл нь тэр чигээрээ содон байж ирсэн мэт үзэгдэх И.Нямгаваагийн тухай өгүүлэхэд ийм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (20)