Найз бүсгүйгээ хоёр хоногийн турш хэрцгийгээр зодож амь насанд нь хүрсэн гэх хэрэгт жилийн хугацаанд шалгагдсан Н.Алтанхүүд анхан шатны шүүхээс 3 жилийн ял оноогоод байгаа билээ. Шүүхийн шийдвэрийг талийгаачийн ар гэрээс гадна олон нийт ч гайхсан байдалтай хүлээж авсан. Учир нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Г.Алтанхүүтэй холбоотой олон мэдээлэл хүмүүст хүрсэн юм. Гэхдээ нэг талаас шүүхийн шийдвэрийг олон нийт дэнслэх боломж үгүй нь үнэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь иргэдийн анхаарлыг татаж байгаа юм. Түүнчлэн хэрэг явдлын талаар тодотгон хүргэе.

Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ: Талийгаач Б.Цэдэн-Иш нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүрээр амьсгал хураажээ. Урд орой нь буюу 11 дүгээр сарын 14-ний 23 цагийн үед эмчлэгч эмч Цэнд-Очир хаалганы дэргэд зогсож байсан ах дүү нарт нь "Танай охинд 2 удаа мэс засал хийсэн боловч найдваргүй болсон байна. Гадны нөлөөтэй зодуураас болж нас барсан. Та нар мэдэхгүй байна, ар нуруу хонго нь хүн харахын аргагүй аймаар болсон байсан. Цөс нь задраад бүтэн биеэр нь тархаад ногоон эрээн болсон. Цөс ингэж тархахаараа ямар ч засал авдаггүй. Одоо бол тархины эд эс нь үхэжсэн, аппаратаар амьсгалуулж байгаа" хэмээн гашуун ч гэсэн үнэнийг хэлсэн хэмээн талийгаачийн ар гэрийнхэн анх мэдэгдсэн байдаг. Үүнээс гадна талийгаачийн дотны найз бүсгүй хэрэг гарах үед хамт байгаагүй хэдий ч Н.Алтанхүүгийн ааш авир, тэдний хоорондох харилцааны талаар тодорхой ярьсан. Гэтэл ийм байдалтайгаар нас барсан талийгаачийн биед анхлан задлан шинжилгээ хийхэд л шүүх эмнэлгийнхэн "гадны нөлөөгүй" гэсэн дүгнэлт гаргаснаас энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн гэгдэж байна.

Хүний эрхийн хуульчаас Ерөнхийлөгч хүртэл тэмцсэн: Энэ хэргийн шинжээчийн дүгнэлтийг шударга биш гэж үзсэн талууд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн үнэн төрхийг харлаа гэцгээж байв. Хүний эрхийн хуульч М.Ичинноров хэргийн дүгнэлтийг эсэргүүцсэн иргэдтэй нийлж тэмцэж, стратегийн өмгөөлөл хийсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт хариултыг төөрөлдүүлэв. Хүний эрх, хуулиар хамгаалагдсан амь насыг дураараа үгүй хийчихсэн байж болзошгүй гэх энэ хэрэгтэй холбоотой асуудал нийгмийг цочирдуулж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийллийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” гэж твиттер хуудастаа бичиж хэргийн талаар ихэд сэтгэл зовж байгаагаа нуугаагүй.

Г.Алтанхүү биш архи буруутай...
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дөрвөн удаа дүгнэлт үйлдсэний эцэст Г.Алтанхүүг буруутгах биш архинаас болж 21 настай цэцэг цэврүү шиг бүсгүй амиа алдсан гэх дүгнэлт гаргалаа. Талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний нэн цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан болохыг тогтоожээ. Гэмт хэрэг илрүүлэхэд хамгийн гол нөлөөг үзүүлдэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нарт хүний амь нас тийм ч чухал биш гэдгийг энэхүү хэргээр ард түмэндээ яруу тодоор харууллаа гэж үзэгсэд байна.
Н.Алтанхүү гэм зэмгүй үлдэж, архинд гүн гүнзгий орсны улмаас амиа алдсан гэх хорин нэгэн настай бүсгүйн ар гэрийнхэн насаараа нулимстай үлдлээ.
“Үхсэн хүн үнэнийг өчих биш” гэгчээр энэ хэрэг “үхсэний хохь, амьдын зол” болоод дуусч байгаа юм биш биз гэдэг асуулт эрхгүй гарч байгаа.
Үнэн зөвөөр нь шийдүүлэх ерөнхий прокурорыг харах л үлдлээ:
Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа энэ хэрэгт анхаарал хандуулж үнэн зөвөөр шийдүүлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл энэ мэдэгдэлдээ эзэн байж зангарагаа харуулахыг харах л үлдээд байна. Шүүгч нарынхаа шийдвэрийг эргэж харж, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн гэдэг байгууллагын боловсон хүчнүүдийн жинхэнэ үнэн төрхийг дэлгэх үү гэдгийг хүлээх хэрэгтэй болж байна.

Б.Тэргэл
Сэтгэгдэл (7)