Монгол тулгатны 100 тоймын нэг

Монгол тулгатны 100 тоймын нэг

Утга зохиолын садизмыг үндэслэгч Б.Лхагвасүрэн ахайн “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх баримтат кинонд өгсөн энэхүү нэр эцэстээ ингэж “доошлох” гэж. Яагаад баримтат кино гэж нэвтрүүлэг шд, гэж эгдүүцэн адгах хүн байх аваас зохиолч Д.Төрмөнхийн “Баатардах урлаг” нэрийн доор бичсэн нийтлэлийг уншина уу. Тов тодорхой сайхан өгүүлсэн байна билээ. 

За за ямартай ч Монгол тулгатны 100 твиттерчний нэг, 100 худалдагчийн нэг, 100 кондукторын нэг, 100 цэвэрлэгчийн нэг гээд л энэ нэр явж өгч байна цаана чинь. Нэг өдөр гэртээ ороход “Монгол тулгатны 100 хүүхдийн нэг би ...” гээд хүүхэд чинь танаас ёс зүй нэрийн дор элдэв бусын юм шаардвал тэгтлээ цочирдох хэрэггүй.

Та ч гэсэн Монгол тулгатны 100 аав, ээжийн нэг юм чинь хариу үгээ хэлэх эрхтэй. Товчхондоо энэ нэршил бол нийтийн өмч, улс төрчид хэн дуртай нь өөрийгөө гоёчлоод ичихгүй “бүлтэрч” өнгө өнгөөр өөрийгөө будаад байхад бид яасын гэх аархлаас үүдэн бүх ард түмний өмч болж орхижээ. Яахав, би ч гэсэн ард түмний нэгээхэн хэсэг учраас нэг удаа өмчилчихье, тэглээ гээд нээх садист садизм бүхий тойм бичихгүй тул айлтгүй. Мань мэтэд ямар тийм агуу садист оршихуй өгөгдсөн ч биш, хүсээд хүсээд хүршгүй еэ.

Ерөнхий сайдын 100 хүслэн

Бид ерөнхий сайдыг насаараа хүснэм. Нэг тийм шударга, цэмцгэр, царайлаг, өв тэгш, тэнэгэр сайхан сэтгэлтэй ард олноо хайрладаг тийм ерөнхий сайдыг. Өнгөрсөн жил “Өндөг тансаг хэрэглээ” гэж хэлсэн экс Н.Алтанхуяг шинэ жилийн супер ишлэлийг тодорхойлсон. Оны босгон дээр айдгаа авдартаа хийж шинэ ерөнхийгөө томилсон бид хутганы ирэн дээр зогсож буйгаа өчүүхэн ч гадарласангүй. Ихэвчлэн сангийн сайд муу нэр, луу дансын дор хийдэг халаа сэлгээ энэ удаад ерөнхийгийн амаар дамжин бидэнд хүрэв. Шинэ дарга нар багаа шинээр бүрдүүлж, шинэ хүмүүс ажилдаа дасаж ядан байтал дараагийн шинэ дарга ирж дахиад халаа сэлгээ үүсэн ажил ч хийсэн юмгүй дуусдаг жишиг үнэхээр залхам санагдаж байгаа байх, олон хүнд. Хөөрхий соёлын яам маань “зурагныхаа өмнө зул асаалгаж”, уран олборлохын гарцан дээр Цөмийн энергийн газар савлав. Улс төрийн “янхан” хэмээгдэн нам нам дамжин дарцаг шиг дэрвэдэг М.Ичинноров Тахарын албаны дарга болсныг халагдаж байхад нь л мэдлээ шд, ард түмэн.

Товчхондоо шинэ ерөнхий залуу хүн гэсэндээ хуй салхи шиг хурдтай, ороод гарахад албан тушаалтнууд ширээнээсээ хийсэн унаж байгаа дүр зураг нүдэнд бууж байна. Монгол тулгатны 100 Ерөнхий сайдын нэг хоёр оны зааг дээр халаа, сэлгээ хийж хэзээд бат бөх цайз мэт байдаг, цайзын гүнж ханхүү шиг танхи амьдардаг төрийн албан хаагчид анх удаа ард түмний дунд буух нь. Яг ингээд дунд нь ороод харахаар амьдрал хэцүү байгаа биз? Албан тасалгааны цонхоор малилзтал инээж ард биднээ мөн ч их тольдсон доо та нар. Би зүгээр тавлаж байгаа ч юм биш. Яг ингэж бичиж байж бичсэн болж сэтгэл ханах гээд л.

Үгүй яах вэ, төр үргэлж ард түмнээ махлан зовоохгүй цаг нь ирэхэд өөрийнхөө “тамга”-тай хүмүүс дээр нударга буулгадаг л юм байна. Харгис юмаа. Ер нь ч тэгээд тэд ямар дээд тэнгэрээс Монгол төрийн тамгатай төрчихсөн биш, ёстой яршиг л байна. Жаахан амьдрал үз, хүүдүүд.

Ч.Сайханбилэг нэр шигээ аядуу сайхан байх хүн биш юм байна. С.Баярын хүйтэн имиж, Сү.Батболдын хээнцэр ганган цэмцгэр төрх, салан палан Н.Алтанхуяг нараас тэр тэс өөр. Хатуу байна, зоримог байна, товчхондоо тэр шийдчихсэн царайтай алхаж явна. "Айлаа ах аа" гэж зарим нэг нь дуу алдаж байгаа биз. Ээ дээ 100 хүсэл нь хаа хүрж ханах бол, би лав нүдээ анилаа, холуур холуур.

Ерөнхийлөгчийн 100 тайлбар

Улирах гэж буй 2014 он төрийн хар хүмүүст ээлтэй жил байв. Нарсанд суусан цагаан захтнууд нар үзэн мишээж өнгө засан бүр гэмгүй ч байж мэдэхээр бидний өмнө гарч ирэв. Одоо үе үеийн ерөнхийлөгчдөөс Н.Багабанди л үгээ хэлэлгүй үлдэж байх шиг байна. Ай, Багабанди яаж өөр шиг чинь ийм эрхэмсэг халдашгүй орших вэ?

Ай, Багабанди яаж өөр шиг чинь ийм даруу эгэл амьдрах вэ? Оймстойгоо чирүүлэхдээ Н.Энхбаяр ухаан алдсан байсныг, хошногоор нь хоол идүүлэх гээд байхаар салаавч өгснийг, Эби ерөнхийлөгч тэр хоёр эмнэлэгт хүүгээ сахин хамт хоносныг, лааз өшиглөн байхад нь Эбиг анх Энхбаяр өөд нь татсаныг бид мэддэг боллоо.

Зөрүүлээд Н.Энхбаяр уймраа болж хольж сольж ярьдаг болсныг дэлгэцийн өмнө хүн болгоныг зөвтгөн харуулах гэж хичээсээр сүүлдээ “бөгс долоогчид” нэр зүүж буй долигнуур баримтат киночдын үнэн төрхийг, үнэндээ 100 эрхэм бол улс төрчдийн л дундаас төрөх ёстойг бид мэддэг боллоо.

Ертөнцөд туйлын үнэн гэж байхгүй. Унасан хүүхдэд шалтаг мундахгүй, худалч хүний нээрээ олон. Гэсэн ч улс төрд үнэхээр амжилтанд хүрэхийг хүсвэл өөрөө чадварлаг байхаас гадна хүн сайн таньдаг байх нэн тэргүүний шаардлага аж. Энэ бол оны сургамж, экс ерөнхийлөгчийн голт зүрхний үг юм шүү. Хүн л таньдаг байхад та хаа ч хүрч болох юм. Эргэн тойрондоо байгаа хүмүүсээ маш сайн ажигламаар, ойлгомоор, гол нь хэнд ч хэзээ ч бүү итгэ гэсэн философи энэ оны үнэн байлаа.

Яагаад муу муу, муугийн муу гэчихээд тэр хүнээ нэг болохоор сайн сайн сайны сайн хүн байж гэж алга таших болов? Бид ч тэгээд дэндүү цайлган дэндүү гэнэн тэнгэр шиг уужим сэтгэлтэй ард түмэн болохоор хэзээ ч хашрахгүй өр нимгэн сэтгэлээр бусдыг нигүүлсэх юм даа.

Монгол тулгатны 100 кино

Бүтэн жилийн турш ямар олон шинэ монгол кино дэлгэцнээ гарав аа? Сэтгэлд тод үлдсэн нь “Үргээлэг”, “Улаан пальто”, “Мухар гудамж”, “Зүрхээр наадагч”, “Давхар цохилт”, “Сүүлчийн шөнө” байлаа. Хоёр долоо хоногт нэг кино шахуу нээлтээ хийж байна. Монголын кино урлагийн нэгэн шинэ хуудас эргэж, шинэ эрин эхэллээ. Монгол хүн дэлхийн кино урлагт хөл тавьж жүжигчин Р.Анхням, Б.Амарсайхан нар гадаадын кино найруулагчийн нүдэнд торов. “Марко Поло”, “Чонон сүлд” гээд нэрнээсээ л даац илтгэх уран бүтээлд тэд тоглосон юм.

Теле сериалыг бол манайхан өлхөн хийж байна. “Мөрдөгч”, “Гурван найз”, “Цахлай нисэх гэж төрдөг” гэхчлэн олон олон бүтээл гарлаа. Дагаад урлагийнхан, жүжигчид хямралыг уужуухан давж байх шиг байна. Өнгөлөг мөнгөлөг байх нь ажилтай байхаас л эхэлнэ шүү дээ. Цалин хөлс хэд байх нь хамаагүй гол нь ажилтай л байх хэрэгтэй. Тун удахгүй шинэ монгол кино 100-гийн тоонд дөхөх биз. Тоо яахав, гол нь чанартай л байх сан.

Монгол тулгатны 100 Хорлоо эмээ

Яг энэ мөчөөс дуучдын сэргэлтийн үе эхэлнэ. Бүтэн жил тоглолт хийгээд ч шальсан юмгүй ичээндээ бүгсэн тэд шинэ жилээр нэг “гэзгээ модойтол гэдсээ цүдийтэл” халтуур хийдэг. Гэтэл тэдний эсрэг нэгэн эр эрслэн босов. С.Жавхлан “Би шинэ жилд дуулахгүй” гэж омгорхов. Яг үнэндээ шинэ жилээр зохиолын дуу сонсдог хүн хэн байдаг юм бол? Гэхдээ тэр дуулна, дуулахдаа хандивын тоглолт хийх юм байна. Адилхан хямарч ядаж байхад мөнгө төлж тоглолт үзээд бодвол бусдадаа туслах юм биз дээ.

Бусдад туслах гэснээс нөхөрлөл суларсан газар хоосон ёсорхол ихэснэ гэгчээр хямралын үед хамгийн явцтай бизнес бол буяны үйл. Цахим орчинд залуус тэрэнд тусалья энэнд тусалья гэж аян өрнүүлэх болов. Хэчнээн өөрсдөө зүдэж буй ч хандивт бол манайхан гар татахгүй юм. Хэдхэн хоногт хэдэн арван саяар нь мөнгө цуглуулж чадаж байна шүү, залуус.

Саяхан Хорлоо эмээ гэдэг шинэ трэнд гарсан. Хөөрхий эмээ твиттер, фэйсбүүк гэж юу байдгийг үнэндээ мэдэхгүй, Бөмбөгөр дээр халуун савтай цай зардаг хүн шд. Хоол авч өгсөн ч зургийг нь дараад хэдэн мянган лайк цуглуулж эмээгээр шоудаад байх шиг. Үнэхээр байшин сууц барьж байна, сайн хэрэг. Удалгүй “Хорлоо эмээд туслах явцыг мэдээлэх албан ёсны сайт” хүртэл нээгдэв. Буянтай хөгшин юмаа, сайн үйлсэд нэгдсэн залуус түүний ачаар өөр нэг сайхан сэтгэлт хүний тусламжаар үнэгүй оффисын байртай болов.

Үнэхээр мэдээллийн сайт юм бол яагаад одоо болтол энэ эмээгийн бүтэн нэрийг овогтой нь бичихгүй, ийм хүн байж байгаад ийм учраас хүнд хэцүү амьдарч байна гэсэн хөрөг нийтлэл гаргахгүй байгаа юм бол? Одоо болтол эмээгийн бүтэн нэрийг бид мэдэхгүй л байна. Харин энэ ажлыг хийж байгаа хүмүүсийг бол үнэхээр сайн мэддэг боллоо.

Яс юман дээрээ эрхэлсэн тодорхой ажилгүй залууст Хорлоо эмээ тусалж байгаа юм. Тэд ТББ байгууллага нэрийн доор өөрсдөө додигор амьдарч эхэллээ. Монгол тулгатанд 100 бүр хэдэн зуун Хорлоо эмээ байгаа. Тэр болгон дээр пиардаж өөрсдөө ч чирэгдээд амжиргаагаа өсгөх боломжийг хямралын үед сэтгэсэнд алга таших уу даа, тэгээд? Цахим орчны хандивын аян үргэлжилсээр байна. Яг үнэндээ бид хэнд нь хандив өгөөд байгаа юм бол? Гэхдээ энэ нийгмийн “шинэ үзэгдэл” олон олон хүний амьдрах арга болж буй тул яалтай ч билээ.

Монгол тулгатны 100 топ модель

Сониноос, Ц.Мянганбаяр өдөр болгон цэцгийн багалаан дунд суудаг болсон гэнэ. Эрэгтэй хүнд цэцэг өгнө гэдэг үнэхээр сонин хэрэг шүү. Охид өөрсдийнхөө зураг танилцуулгыг энэхүү багалаан дотор хийж явуулна. Эрхэмд таалагдвал сонгож уулздаг гэсэн үг.

Эдийн засгийн хямралын үеэр хамгийн их цэцэглэдэг зүйл нь биеэ үнэлэлт. Энэнээс өөр зарчих, амьдралаа өөд нь татчих арга байхгүй гэж үздэг нь харин нийгмийн цөөнх байх.

Жилийн жилд Мянгаагийн амрагийг тодруулдаг “Гоёл”-д хоёр жил дараалан гэр бүлтэй, хүүхэдтэй бүсгүйчүүд түрүүллээ. Сүүлдээ харчихаар хүн ч байхгүй болж зиндаа доошлон “Би топ болох ёстой, насаараа энэ загварт чинь зүтгэлээ” гэж шаралхсан хамгийн хэл амтай, хэрүүлч нь энэ цолыг хүртдэг боллоо. Гудамжаар дүүрэн топ модель байхуйц сайхан бүсгүйчүүд явж байна. Монгол тулгатан үнэхээр олон “топ модель”-той. Дагаад наадмын ханш ч бууж орхиж.

Ц.Мянганбаяр топ О.Пүрэвдуламтай амьдралаа холбосон боловч төд удалгүй салсан гэх. Товчхондоо бүсгүйчүүдийн түүний харцанд торон насаараа барахгүй хөрөнгөтэй нэгэн болох хялбар гэж боддог арга зам энэ жилээс дуусгавар болж эхлэх нь үү дээ.

Хэрвээ та топ модель болмоор байвал одооноос хүнтэй суу, хүүхдээ гарга мөн олон жил загвар өмссөн байх шаардлагатай. Ер нь тэгээд заавал дэлхийд байдаггүй манайд ул болсон топ модель гэх гуншинг авах хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу.

 

 

 

 

Монгол тулгатны 100 орд

Оны сүүл мушгин Оюутолгойд гал гарлаа. Хэчнээн их мөнгө, хэл ам, итгэл найдвар тээн эхэлсэн ажил билээ дээ. Бодохоор л гол харлах. Хэдий ард бидэнд наалдах юм байхгүй ч өргөн утгаар нь далайцтай харвал дэлхийд Чингисээс илүү

Монголын нэрийн хуудас шүү дээ. Уул уурхай эрчимтэй хөгжиж Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт гэхчлэн стратегийн ордуудаа бид сойсон ч эдийн засгийн хямралыг гэтэлж чадахгүй л байна. Мөнгө орж ирэхээр дээгүүрээ хувааж аваад орж ирэхгүй бол хямарлаа гээд суучихдаг нь мулгуу хүнд ч ойлгомжтой байхад 100 ширхэг орд байгаад ч хэрэг алгаа, нээрээ.

Бид ч гэсэн улсын газрын хэвлийн хишгээс хүртмээр байна, адилхан хүн. Шууд гэрийн үүдэнд боодолтой мөнгө хэвтэхгүй ч гэсэн ядахдаа эмнэлэгт хэвтэх хүрэлцээтэй ортой, хүүхдээ хичээл дээр суух сандал ширээтэй байхыг харвал сэтгэл ханачих гээд. Зайлуул идэх юм мундсан биш халамжийн мөнгийг нь идэхгүй, тэртэй тэргүй өнөө маргаашаа хүлээж буй эмээ өвөө нарын тэтгэврийг 5кг махны үнээр гар татахгүй нэмээд өгчихөд л подхийнэ ш дээ.

Монгол тулгатны 100 медальтан

Энэ жил шагнал үнэхээр утгаа алдсан. Мисс бүсгүй Алтангадас зүүж, үеэ өнгөрөөсөн хамтлаг мөн тэр одонг энгэртээ гялалзуулсан. Төрийн соёрхолт сонгуулийн хадганд явж зиндаа доошиллоо. Хэн хэн авсныг мэдэж байгаа тул энд хэлэх илүүц биз. Сүүлдээ зурагтаар л олон гарвал одон авчихдаг жишиг тогтов.

Арай ариун цэврийн хэрэглэл, хоол амтлагчийн рекламанд тоглосон үл таних хүмүүс медаль зүүхгүй байх шиг байна. Нэр төрөөрөө нэр төр, мөнгө олох гэсэн хүмүүс дагаад олшров. Одоо ч бас баахан хүн энгэрээ цоолох биз. Зав гарвал шагнаад завсар гарвал шагналаа хөөцөлдсөөр амьдрал ердөө хоёрхон мөрөн дээр өрнөөд байх шиг.

Сүүлдээ албан тушаал сандал ширээ наймаанд гүйх боллоо. Товчхондоо арилжиж болох бүх юм эдийн засгийн эргэлтэнд оров. Арай хүүхэд төрүүлээд зарахгүй байлгүй гэтэл тээгч эх гэх шинэ хэллэг гарч ирэв. Гунигтай хэрэг шүү.

Энэ жил бид анх удаа шинэ жилийн талаар ганц үг ган дуугарахгүй шахуу байна. Байгууллагууд төсвөө хэмнэж, шинэ жилд орох бол зардлаа өөрсдөө гаргах системд шилжин ажилчид санаа алдан сууна. Хамгийн хямдаар шинэ жил тэмдэглэх арга бол Туул голын эрэг дээр түүдэг асаан төмс үнсэнд булж идэх явдал гэсэн санаачлага яваа харагдав. Инээдэмтэй боловч бараг тэр нь шулуухан мэт.

Ресторанууд хүлээн авалтын менюгээ үнийг нь бууруулж, олон газар цомхтгол хийн аргагүйн эрхэнд ажилчдаа халсан байна. Шинэ жил урдных шиг өргөн дэлгэр болохгүй бол гайхах ч хэрэг алга. Бүтэн саржин бөмбөгддөг хямдралын реклам хүртэл цөөрөө юу даа. Дээр дооргүй бужигнасан шинэ жил айсуй. Бид хүссэн ч хүсээгүй ч амьдралдаа restart хийх шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй.

                                                                                   Нийтлэлч Б.Ундрал /Гранд сэтгүүл №53/

                                                                                                                                          

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    nastai hund hool iduulehdee zurgig ni daraad gej yag bodoj bsan yum odoo emeed hani olj uguh tender zarlah wii dee ha ha
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Myangaa gereesee garhgui huuhnee songodg boltsin bol hugshin topuudaar yahw dee ha ha
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин
    ёстой үнэн хэлжээ дотор онгойв ийм л байна шүү дээ, амьдрал
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025