Хар мөртэй ”хар ус”-ны наймаачин түшээдэд хэлэх үг!

Аюулын харанга...

“Архинд живсэн монгол”... Юутай хатуу, юутай үнэн үг. Гурван сая дөхсөн цөөн хүн амтай улс хэрнээ манайх шиг архи нь хэтэрсэн орон байхгүй гэхэд буруудах газаргүй. Манай улсад архидан согтуурах асуудал үндэсний аюулгүй байдалд заналхийлээд удаж байгаа. 

 

Монголчууд архины хэрэглээгээрээ орос ах нарынхаа өмнө гишгэж байна гэх мэдээг сонсоод нэг их гайхсангүй. Судлаачдын тооцоолсноор нэг монгол хүнд 45 шил архи ноогддог, энэ нь дэлхийн хэмжээний хамгийн супер үзүүлэлт гэсэн эмгэнэлтэй дүн гарсан байх юм.

Дуншсаар буй хуулийн төсөл...

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр  улстөрчид Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Л.Эрдэнэчимэг гишүүний санаачлан боловсруулсан Архины хяналтын тухай хуулийн төсөл дуншсаар удаж байна. 

Хуулийг эсэргүүцэгч бизнесмэнүүд

Мэдээж архины хяналтын тухай хуулийг архины vйлдвэртэй бизнесмен гишүүд  дэмжихгүй байгаа нь ойлгомжтой. Уг нь энэхүү хуулийг үтэр түргэн батлуулах хэрэгтэй гэсэн олон хүний хүлээлт байгаа. Архи үйлдвэрлэгчид улс төр, эрх мэдэл рүү шунаж, дайрах нь гаарсаар байгаа нь харамсалтай.

Өнгөрөгч  оны байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуйн нэгжийн нийт 144 үйлдвэр, үүнээс 16 спиртийн, 93 архины, 14 дарсны, 21 шар айрагны үйлдвэр нийт 152 нэр төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэдэг аж ахуй нэгж байдаг гэсэн тоо гарч байсан. Үүнээс согтууруулах ундааны vйлдвэрүүдийн 60 хувь нь хуурамч архи vйлдвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогдсон.

Согтууруулах ундаа үйлдвэрлэгч АПУ, Спирт бал бурам, САПУ зэрэг нэгээр тоологдохгүй толгой томтой үйлдвэрлэгч компаниуд олон бий. Гашуун усны үйлдвэрүүд шил дараалан нэмэгдэж, онцгой албан татварыг нэмэхээр эсэргүүцэж, дайн зарлах нь холгүй. Үгүй ядаж үнийг нь нэмлээ гэхэд архичинд нь тохируулаад спирт найруулаад зарчих хувийн үйлдвэрүүд ч үй олон.

 

Шуудхан хэлэхэд архины хяналтын тухай хуулийг иргэд дэмжиж байгаа ч үйлдвэрлэгчид, найман нэрийн барааны хүнсний дэлгүүрийн эзэд эсэргүүцэж байгаа. 500  гаруй байх ёстой архи зарах үйлчилгээний төв 3000 хол давсан гэдэг хатуу тоо гарсан

Живэгчдийг татаж гаргах бус живүүлсээр...

Орой үдшийн цагаар баар, цэнгээний газар голдуу оюутнууд, арван жилийн сургуулийн ахлах ангийнхан согтууруулах ундаа ууцгааж наргиж цэнгэх дүр зураг харагддаг. Тэр ч бүү хэл бага, дунд ангийн сурагчид архи гэж юу байдгийг балгаад амталж үзсэн тохиолдол цөөнгүй. Дунд сургуулийн сурагчид эрүүлжүүлэх байранд хоносон харамсалтай мэдээ олон байна.

Дунд сургуулийн сурагчид гэлтгүй сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдийн архины хэрэглээ нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм. Нийгэм ийм эмгэнэлтэй байхад архины эсрэг дорвитой vйл ажиллагаа явуулахгvй байсаар, бүр мөсөн живж дуусахыг хүлээсээр байх уу?

Хар усны хар мөр нийгэмд улам их айдас хүйдсийг дагуулсаар байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн дунджаар амьдралынхаа 29 жилийг алддаг ба эдийн засгийн асар их хор хохиролтой.  Дэлхийд нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи ордог. Харин дэлхий дээр жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн нас барж, үүнээс 320 мянга нь 15-29 насныхан байгаа эмгэнэлтэй тоо баримт байгаа юм.

П.Урнаа 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025