Л.Гантөмөр та бурхадын эрэлд гарах уу?

Монголын анхдугаар Богд гэгээн Занабазар 30.7 см өндөртэй Ногоон дарь эхийн хүрэл цутгамалыг 17 дугаар зууны үед урласан байдаг. Гэтэл Францын дэлхийд алдартай урлагийн бүтээл, нэн ховор үзмэр, үнэт эдлэлийг дуудлага худалдаанд оруулдаг “Sotheby” компани энэ сарын 11-нд Парис хотод дуудлага худалдаа зарлаж Өндөр гэгээн Занабазарын Ногоон дарь эх бурхныг зарсан харамсалтай мэдээ тараад байгаа. Дуудлага худалдаанд бурхныг 200 мянган еврогоос эхэлж дуудсан ч 4.3 сая ам доллараар нэгэн Тайвань эр худалдан авчээ.

Харин  “Sotheby” компанийн зүгээс “Занабазарын хосгүй бүтээлийг эзэмшиж  байсан хүн 1954 онд Парист Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд түүний үр хүүхдүүд уг бурхныг өнөөг хүртэл хадгалсаар байсан” хэмээн дуудлага худалдааныхаа танилцуулга дээр бичжээ.  

“Ногоон дарь эх” эх орны хилийг хэзээ давчихав аа?

Одоогийн байдлаар энэ асуултанд хариулах тодорхой эзэн холбогдогч олдоогүй хэвээр байна. 60 гаруй жилийн өмнө алга болсон гэх энэхүү хосгүй бүтээлийг, 60 гаруй жилийн турш хэн ч эрэл сурал болж хайгаагүй нь хачирхалтай.

Ямартай ч Занабазарын музейн ажилчид манайхаас ямар ч бурхан алга болоогүй, бүгд байгаа гэсэн учир битүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгч байгаа юм. Тэр ч бүү хэл ТЕГ-ынхан энэ талаар ямар ч  мэдээлэлгүй байгаа бөгөөд, асуудлын мөрөөр одоо орж байгаа гэнэ. Үе үеийн соёлын сайд нар чухам юу хийж байсныг хэлж мэдэх хүнгүй.

Хуучин сайд Ц.Оюунгэрэл огт мэдээгүй байсан уу, мэдсэн ч “батаар”-ын араас хөөцөлдөөд завгүй байсан уу?  

“Батаар” хочтой сайд Ц.Оюунгэрэл хэдхэн хоногийн өмнө суудлаасаа буусан. Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн ясыг гадаадад дуудлага худалдаанд оруулах  гэж байхад авч ирсэн билээ. Монголын бас нэгэн гайхамшигт соёлын өвийг хамгаалж чадсанд талархууштай.

Гэвч түүнийг “батаар, батаар” гэж хэтэрхий нэг талыг барин туйдширч гүйсээр, бусад ажлаа мартсан гэж хатуухан шүүмжилдэг. Харин саяхан дуудлага худалдаанд орсон ногоон дарь эхийн сургийг сонсоод хуучин, шинэ сайдууд өргөсөнд хатгуулсан мэт сэрцгээв.

Ямартаа л хуучин сайд Ц.Оюунгэрэл “ажлын хэсэг байгуулан, ногоон дарь эхийг авч ирэх”-ийг шинэ сайд Л.Гантөмөрт анхааруулж, захиад байгаа юм.

Л.Гантөмөр “Ногоон дарь эхийн араас” мордохуй

Сайдын суудалдаа залраад удаагүй байгаа Л.Гантөмөр хүндхэн болоод, хичээл зүтгэлээ харуулах асуудалтай тулгараад байгаа гэхэд болно. Монгол Улсын үнэт өвийг худалдан борлуулахаа түр азнах, гарал үүслийг нь тогтоох асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг тавьсан ч  “Sotheby” компани шаардлагыг үл хэрэгсжээ.

Тэгвэл манай улсаас ажлын хэсэг байгуулан, энэхүү компанитай шүүх дээр уулзахаар франц хэлтэй өмгөөлөгч хөлслөн авсан талаар сайд Л.Гантөмөр хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэрбээр, “Ер нь бол Занабазарын бүтээл дэлхийн хамгийн сонгодог бүтээл болчихоод байна. Тиймдээ ч үнэ цэнэтэй байлгахыг бид хүсч байгаа.Үнэ цэнэтэй бүтээл нь эх орондоо байвал илүү их гайхамшигтай” хэмээн ярьж байгаа юм.

П.Урнаа

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025