Төрийн соёрхолт Н.Сувдын хүү Т.Бат-Оргилын эхнэр Н.Батцэцэг
Жинхэнэ ихэмсэг оршихуй, бардамнал гэж юу юм бэ?

- Энэ бол өрөөл бусдаас хамааралгүй амьдрахдаа бусдад таалагдах гэж бус зөвхөн өөртөө таалагдах гэж амьдардаг, өөрийнхөөрөө оршдог тэр сэтгэл юм. Энэ бол агуу сэтгэл, агуу хүний нэг мөн чанар гэж болно. Энэ удаагийн “Гранд би” булангийн зочин чухамдаа өөрийнхөө ертөнцөд дэндүү ихэмсэг, бардам оршдог, илэн далангүй, эр зоригтой ярьдаг хүчирхэг нэгэн бодгаль. Энэ бол хатагтай Н.Батцэцэг. Түүн шиг баггүй, үнэн, хүчирхэг ярилцагч маш ховор байдаг, яг л өдрийн од шиг. Зургаан жилийн өмнө Төрийн соёрхолт Н.Сувдын хүү, тодруулбал хатагтай Н.Батцэцэгийн нөхөртэй ярилцсан минь нэг ийм мэдрэмж төрүүлж байв. Тэгэхэд жинхэнэ элит, жинхэнэ сурвалжит гарал угсаа гэдэг гадаад төрх төдийгүй дотоод сэтгэлийн гоо сайхан, оюунлаг дээд түвшний үзэл санаанд нуугдаж, энэ нь үеэс үед өвлөгдөн уламжлагддаг юм байна гэж өөрийн эрхгүй бодож байв. Ийм бодол тээхэд хүргэсэн тэр эрхэмсэг, сурвалжит ноёнтны гэргий бас л тийм энгүүн хэрнээ ялгуун нэгэн аж.Манайхны бусдаас үнэнээ нуудаг, амьдралаа гоёчилдог /энэ нь үнэндээ жижиг ард түмний үндсэн зовлон/, үргэлжид баг өмсөж бусдад таалагдах гэж амьдардаг арга ядсан араншин түүнд алга. Хэтэрхий шударга, хэтийдсэн үнэн чанар түүнийх. Товчхондоо тэд үнэхээр бие биенээ олсон, энэ насанд зөвхөн маханбодийн түвшинд бус оюун санааны дээд түвшинд биесээ олж ханилсан амрагууд юм байна. Ийм тохиолдол олон байгаасай, аль болох.

- Ингэхэд хатагтай Н.Батцэцэг хэзээ ч, хаана ч ярилцлага өгч байсангүй. Н.Сувдын хүү, ерээд оны Монголын “Жентельмэн” Н.Бат-Оргилын эгчмэд гэргий /тэд 5 насны зөрүүтэй/, 2 дагавар хүүхэдтэй байхдаа суусан, бизнес эрхэлдэг мөн бас Н.Бат-Оргил ноёнтны тодорхойлсончлон гайхалтай дотоод сэтгэлтэй, бусад охидод байдагггүй гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэх мэдээлэл, мэдрэмж л надад байсан. Тэгэх тусмаа түүний дотоод сэтгэлийг нээхсэн, гоо үзэсгэлэн нь хаанаа ямар хэлбэрээр оршдог юм бол гэсэн бодол сэтгэлийн мухарт байсан хэрэг. Нийгэм массын бус чухамдаа элит хүрээний, тодорхой түвшнийхний таашаадаг гоозүй, гоо сайхны мэдрэмж өвөрмөц, арай гүнзгий түвшинд байдгийг ч та энэ ярилцлагаас ойлгох болов уу. Ингээд бичээд байвал би хэт магтсан, хэт тал зассан юм шиг санагдаж магад. Гэхдээ дотоод сэтгэл, сэтгэлгээний гоо сайхны ертөнцөд эрх дураар, өөрийн тааваар зорчих ийм хүмүүс олон байдаггүй учраас нэгэнт тааралдсных, ярилцсных үг хайрлахгүй үнэнээ хэлсэн минь энэ.
Би Бат-Оргилын хүүхэлдэй болохыг хүсдэггүй
- Таныг Бат-Оргилын гэргий, бизнесмэн хатагтай гэхээс илүүг бид мэддэггүй. Хоёулаа танилцъя?
- Нэр Н.Батцэцэг, бага нас Дарханд өнгөрсөн. Багадаа гадаад хэл их сонирхдог байсан ч аав, ээж маань тооны сургуульд оруулсан. Одоо бодоход тэр үеийнхий сэтгэхүй их өөр байж. Улаан шугамын дээр жагсаж, ямар нэг дээд сургуульд орох нь нэр төрийн асуудал байлаа. Би тооны хичээлд угаас сонирхолгүй учраас ёстой яваагүй, дараа нь жил нь Орос хэлний дээд рүү орж, 1991 онд төгссөн. Сургуулиа төгсчихөөд Багшийн их сургуульд мэргэжлээрээ багшилж байсан. Дараа нь “Вавилон” хэлний төв нээж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь Улаанбаатартаа анхдагчдын тоонд ордог. Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд удалгүй, 2 жилийн дараа гэр бүлээрээ Америк явсан.
- Таныг гайхалтай дотоод ертөнцтэй, сэтгэлийн нас нь цэл залуухнаараа гэрэлтэж гийсэн гэргий хэмээх сайхан халуун үгстэй сайхан магтаалыг анх нөхрөөс тань сонсч, танилцаж байлаа. Тэр цагаас хойш яагаад ч юм танилцаж, дотоод ертөнцийг нь уудалж нээхсэн гэдэг сэтгүүлч мэргэжлийн амбиц явсаар өнөөдөр уулзах завшаан тохиож байна. Харин хэр нээлттэй ертөнц байж, гоо сайхнаа дэлгэхийг ёстой би таашгүй. Та илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцана гэж амалж чадах уу?
- Би ерөнхийдөө нээлттэй хүн. Гэхдээ яриасаг хүн биш. Шулуухан ярьдаг. Бодит амьдралыг нууж, гоёчилж, юу ч болоогүй юм шиг байж чаддаггүй. Бас public-т дургүй. Олны өмнө гүйгээд байх таатай санагддаггүй. Болж өгвөл Оргилтой гадуур хамт явахгүй байхыг хичээдэг. Инээдтэй бөгөөд харамсалтай нь Оргилтой явахаар таниад, ганцаараа явахаар танихаа больчихдог. Үүнийг бас ойлгодоггүй. Тийм учраас би өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй бас хэн нэгний хараанд өртөж, бас хэн нэгэнд саад болохгүй тааваараа амьдрах дуртай.

- Тэгвэл даруу, бүрэг хүн гэж ойлгож болох уу?
- Даруу бүрэгдээ биш л дээ. Пабликт дургүй гэдэг маань ялангуяа манай нийгмийн паблик эрүүл биш гэж би хардаг. Юм бүхнийг гадна талаас нь үнэлдэг. Хүний доторхыг өнгийж харахдаа муу. Ямар гутал өмсчихсөн байна, ямар ээмэг зүүж, ямар цүнх, шубатай байна гэж хардаг. Хэнтэй хамт явж байгаа нь бас сонин. Цаашилбал, утасны дугаар, машины номер маш чухал. Хэнд хэрэгтэй юм бэ? Би бусдад харагдах гэж, таалагдах гэж амьдрах юм уу? Тийм ч учраас би Оргилын уригдсан юм болгонд явдаггүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд гэхээс Оргил ихэвчлэн ганцаараа явдаг. Би хүүхэлдэй болохыг хүсдэггүй.
- Та засалт гэж битгий бодоорой, үнэхээр таалагдаж байна. Хоосон пабликт дургүйгээ ил шулуухан тунхагласан таныг би хамгийн ихэмсэг, бардам эмэгтэй гэж тодорхойлмоор санагдлаа. Хатагтай Батцэцэгийн энэ араншин, сэтгэлгээний соёл таны мөн чанарт байсан зүйл үү, эсвэл Америкийн нийгэм гэх мэт гадаад хүчин зүйл нөлөөлсөн үү?
- Өнөөдрийн Батцэцэг хорь, гучин жилийн өмнө байсан гэж би хэлэхгүй. Би өөрчлөгдсөн. Амьдарч байгаа орчны нөлөөлөл намайг өөрчилсөөр ирсэн. Хүүхдүүд их нөлөөлж байна. Тэд эргээд бидний хүмүүжүүлэгч болдог юм байна.
Манайх ер нь их нээлттэй гэр бүл. Хүүхдүүд бид хоёртой их дотно үзэл бодлоо хуваалцдаг. Бид хоёрын зүгээс ч ямар нэгэн шахалт, дарамтгүйгээр саналаа хэлж, шийдвэрээ тэд өөрсдөө гаргадаг.
- Нээлттэй гэснээс илэн далангүй байх, нээлттэй байх хоёр бараг нэг зоосны 2 тал гэж болохоор. Ихэнх монголчуудад байдаггүй, байсан ч маш их комплекстэй энэ араншингийн талаар би их гайхаж явдаг юм л даа. Үнэн бодит амьдралаа бусдаас тас нуудаг. Энэ нь нэг харахаар бусдад таалагдах гээд худлаа яриад эсвэл нуугаад байгаа ч юм шиг, нөгөө өнцгөөс нь харвал илэн далангүй, үнэн байснаараа ялагдаад байгаа ч юм шиг. Энэ сэтгэлгээ нүүдэлчдийн нэг үндсэн араншин юм уу эсвэл жижиг хүн амтай нийгмийн бие биеэсээ хэт хамааралтай амьдардаг сул талын тусгал юм уу?
- Аль аль нь гэж бодож байна. Нүүдэлчид бие биеэсээ хол, өртөөлж амьдардаг байсан. Нэг хүн ирэхээр бүгдээрээ тойрч суугаад сонин сонсдог. Үүгээрээ “госсип” /хов жив/ яриад сурчихсан юм шиг ээ. Нөгөө талаас цөөхөн хүн амаас шалтгаантай нь үнэн. Намайг хараад мэдэхгүй юм гэхэд тэрний тэр, энэний энэ гээд мэдчихдэг.
Хүний нандин нууцыг бусдад задруулах нь өр хатуу сэтгэл юм

- Та хэр нууцлаг хүн бэ?
- Ялангуяа эмэгтэйчүүд хувийн амьдралаа нуух хандлагатай байдаг учраас та ингэж асуугаад байх шиг байна. Миний хувьд би их сонин хүн. Миний сэтгэл хөдлөл бүхнийг шийддэг. Сэтгэл хөдлөөд, яримаар байвал би чамтай ч юмаа ярьчихна. Тэр хүн намайг ойлгоно гэж бодож байвал тэр ярих хүн нь заавал миний насаараа үерхсэн найз, төрсөн дүү байх албагүй.
- Би хүнийг өөр шигээ боддог. Хүн надад амьдралаа ярих юм бол намайг тэр хүн ойлгож байна гэж үнэлээд ярьж байна гэж би хүлээж авдаг. Хэн нэгэн дотоод сэтгэлээ нээнэ гэдэг их нандин юм шүү дээ. Тиймээс аль болох сэтгэлийг нь хуваалцаж, яаж тусалж болох вэ гэж ханддаг. Тэгээд тухайн үедээ л сонирхоно уу гэхээс маргааш нь мартчихдаг. Бүр ор тас. Гэтэл яг энэ зангаасаа болж алдаж байсан удаатай. Итгэж, сэтгэлээ нээж ярьсан зүйлсээ хэзээ хойно хэдэн сарын дараа хэн нэгэн ондоо хүний амнаас сонсоход аймаар сэтгэгдэл төрдөг юм билээ. Яаж хүний тийм нандин зүйлийг ширээний яриа болгож чаддаг юм бэ? Маш их сэтгэл өвдөж байсан. Тэндээс том сургамж авсан. Өөрөөр хэлбэл, гол шалтгаан нь бараг энэ байх гэж бодож байна. Хамгийн гол нь ихэнх хүмүүст хүний сэтгэлийг ойлгох, аливааг нандигнах, чухалчлан эрхэмлэх сэтгэл, хүн чанар маш их дутагдаж байна. Яагаад энэ хүн надад нарийн, нандин юмаа ярьж байна гэдэг тэр сэтгэлийг үнэлж, ойлгохгүй байна л даа. Энэ бол их хатуу сэтгэл. Бид өр зөөлөн биш байна гэж би хардаг.
- Та ингэхэд хэр шүтлэгтэй вэ?
- Тэгтлээ шашин шүтдэггүй. Ерөнхийдөө бурхан нэг гэж боддог. Тэр нь Будда байна уу, аллах байна уу, сонин биш. Хүн яавал зөв амьдрах вэ, хаашаа гишгэх нь зөв бэ гэдгээ мэддэг, нүгэл, буянаа ялгаж харж чаддаг байхад л хангалттай гэж би боддог. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн шашны тухай ойлголт тун харамсалтай, бүдэг байна. Үндсэндээ бол шашин нийгэмд байх ёстой, хэрэгтэй зүйл. Нийгмийг хүмүүжүүлэх чухал үүрэг шашинд байдаг. Яагаад өнөөдөр манайд жудаг гэдэг юм байхгүй болчихов? Сайхан муухай, зөв буруугийн зааг ялгаа яагаад ийм бүрхэг болчихсон юм? Энэ бүхэн ёс суртахууны хэм хэмжээг зохицуулагч шашин, түүнийг шүтэж буй хэлбэр нь буруу байгаатай холбоотой юм биш үү? Хүмүүс тун ч их шүтлэгтэй байх юм. Бүгдээрээ Гандан руу цувраад, номоо уншуулаад, бурхан бүтээлгээд байгаа хэрнээ Гандан руугаа хараад шээдэг. Үүнийг юу гэж ойлгохоо мэддэггүй. Хэт өнгөц, итгэл бишрэл нь хүртэл хуурамч байгаа юм биш үү? Нийгмийн иймэрхүү амьдралын өнгө зураг үнэхээр эмзэглүүлдэг.
- Одоогийнхтой харьцуулахад бидний төлөвшиж байх үеийн нийгэм харьцангуй тодорхой байж. Хар бол хар, цагаан бол цагаан, далий бол далий. Тодорхой кодтой, ёс зүйтэй байсан.
- Нийгмийн хариуцлага гэснээс сүүлийн үед нийгмийн хариуцлага, ёсзүй, ёс суртахууны талаар их ярих боллоо. Улс төрчид томоохон нэвтрүүлэг хийж ёс суртахууны талаар ярьж, эцэст нь уучлал гуйлаа. Та хувьдаа нийгмийн хариуцлагаа ямар хэлбэрээр биелүүлж, ёс суртахууныг ямар нүдээр хардаг хүн бэ?
Нийгмийн хариуцлага, ер нь хариуцлага их жижиг зүйлээс эхэлдэг гэж би боддог. Гэхдээ би хариуцлагатай хүн гэж яриад байх утгагүй. Ер нь би яриад явдаг хүмүүст дургүй. Тэд ихэвчлэн хийдэггүй хүмүүс байдаг. Би хувьдаа нийгмийн хариуцлагаа хүүхдүүдээ зөв хүн болгож, өөрөө зөв амьдрахаас эхлүүлдэг.Одоо эрхэлж байгаа бизнес маань агаарын чанарт хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Бизнесийн хүрээнд customer service буюу үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, бизнес маань тодорхой хэмжээнд ашигтай байвал нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахад бодлогоо чиглүүлдэг. Охин, хүргэн хоёрын маань Rosewood ресторан үүний хамгийн тод жишээ гэж болно.
- Манайд customer service огт байдаггүй. Сайн нь ч байдаггүй, муу нь ч байдаггүй. Наад зах нь энэ соёлыг нэвтрүүлэхийг хүүхдүүд маань зорьж байна. Тааруухан хувцасласан хэн нэгэн ч бай, их хурлын гишүүн ч бай, хүнийг хүн гэдгээр нь хүндэлж, хандах хэрэгтэй. Энэ нь нийгмийн хариуцлагатай ч, ёсзүйтэй ч холбоотой асуудал.
- Хүн гэдэг их нандин зүйл. Гэтэл тэр нандин оршихуйг ялгаварладаг, хүнийг бус хүний эд материалыг эрхэмлэдэг нийгэмд бид амьдарч байна. Яагаад хөлгүй хүн ажилд орж болдоггүй юм? Америкийн Wall Mart дэлгүүрт тэргэнцэртэй худалдагч танд үйлчлэх нь хэвийн үзэгдэл. Бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь тэр. Энэ бол жинхэнэ эрүүл, ёсзүйтэй, хариуцлагатай нийгэм юм.
Явдалтай нөхрөө уучилсныг нь ухаантай, салсныг нь тэнэг хүүхэн гэж тодорхойлдогийг ойлгодоггүй
- Ерөөс монгол соёл, сэтгэлгээний соёл гэж юм байхгүй болчихсон юм биш үү?
- Энэ юутай холбоотой гээч? Төрийн бодлого, ноён нуруу байхгүй болсонтой холбоотой. Айл өрхөөр жишвэл ард түмэн эцэг эхгүй өнчин хүүхдүүдтэй адил болчихсон. Баахан өнчин хүүхдүүд юу бодож, юу сэтгэхээ, юуг сайн, юуг муу гэхээ мэдэхгүй байна ш дээ.
- Ёс суртахуун гэж их ярьж байна. Үүн дээр хамгийн эхлээд хамгийн ихээр эмзэглэх ёстой асуудал бол хувь хүн, гэр бүлийн харилцааны асуудал. Гэтэл маш олон хүмүүс гэр бүлээс гадуур амьдралтай болж. Үүнийгээ эхнэр, нөхөр хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг болчихож. Гэр бүлээсээ гадуур явдалтай нөхрөөсөө салахгүй зууралдаад байгааг нь ухаантай эмэгтэй гэнэ. Гэтэл ёс суртахуун, шударга ёсны төлөө тэмцээд салаад явсныг нь тэнэг хүүхэн гэнэ. Энэ юу гэсэн үг вэ? Үнэхээр ойлгомжгүй. Энэ бол зөвхөн эр, эмийн явдал биш. Хүүхэд юу харж өснө том болоод яг л эцэг эхийнхээ гишгэсэн мөрөөр гишгэнэ.
- Яг тань шиг сэтгэж, ийм өнцгөөс нь асуудалд ханддаг хүмүүс маш цөөхөн болчихоод байна л даа. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар бичихээр хүний хувийн амьдрал, ор хөнжил рүү өнгийлөө гэдэг. Нөгөө эрх чөлөө, ардичлал гэсэн малгайн дор ёс бус үйлдлээ халхавчилдаг гажуудал тогтчихлоо л доо.
Жишээ нь, хөгжилтэй орнуудад хэн нэгэн парламентад нэр дэвшлээ гэхэд бага наснаас нь эхэлж судалдаг. Өссөн орчин, найз нөхөд, гэр бүлийн амьдрал гээд бүгдийг нь нарийн судална. Хийх ажилгүйдээ эсвэл хүний мууд дурласандаа биш л дээ. Бүхэл бүтэн улс орныг авч явах, удирдахад гар бие оролцох хүний хэн бэ гэдгийг тодорхойлох нь тэдний хувьд маш чухал байдаг. Манай улс төрчдийн тухай тэр жаахан хүүхэмсэг, гэхдээ аягүй совьесттой гэх утгагүй яриаг бишгүйдээ л сонсож байлаа. Энэ бол үнэхээр гажиг тодорхойлолт. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг гүнзгий утгатай үг шүү. Ард түмний хувь заяаг тодорхойлох хэн нэгэн ядахдаа л бусдад үлгэр дуурайл байх үүргийг хүлээх ёстой. Энэ мэт эвлэрч боломгүй, тэгсэн хэрнээ “нормальный” үзэгдэл мэтээр зөвшөөрөгдчихсөн нийгмийн хэм хэмжээнүүд их байна даа.
Бат-Оргил Н.Сувдын хүү байна уу, нэр алдартай байна уу, надад огтхон ч сонин биш!

- Хоёулаа баахан улс төр, нийгмийн сэдвээр ярилцлаа. Одоо үндсэн сэдэв рүүгээ оръё. Сонгосон нөхрөөр нь бүсгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлж болно. Таны нөхөр тухайн үедээ ёстой нийгмийн од байлаа. Сайхан залуу өргөмжлөлт, дээр нь Төрийн соёрхолт Н.Сувдын хүү. Энэ өнцгөөсөө та чамгүй өндөр үнэлэмжтэй, өөрийгөө сайтар хүндэтгэж мэддэг эмэгтэй бололтой. Миний таамаглал зөв үү?
- /бодолхийлэв/. Яг ч оносон тодорхойлолт гэж чадахгүй нь. Хувь тавилан байсан байхаа. Би Оргилтой суухдаа 2 охинтой байсан юм. Аззаяа 8, Энхзаяа 4 настай байсан. Энэ жил бид хоёрын 20 жилийн ой болж байна. Бид хоёр юуны түрүүн сууна, амьдарна гэж анхнаасаа ярилцаагүй. Танилцаад, үерхээд явж байсан. Оргил хүүхдэд их хайртай хүн. Үндсэндээ би Оргилын юуг хамгийн ихээр эрхэмлэдэг гэвэл миний хоёр охинд жинхэнэ эцгийн хайр гэж юу байдгийг амсуулж өсгөсөн. Түүнээс биш Сувдын хүү байна уу, Бат-Оргил гэдэг нэр алдартай хүн байна уу, тэр надад үнэхээр сонин байгаагүй, одоо ч сонин биш. Хэрэв тэр нь чухал байсан бол би одоо хаана л бол хаана Оргилыг дагаад салбайгаад явж байхгүй юу /инээв/.

- Анх танилцаж байсан үеэ дурсаач?
- Их сонин танилцаж байсан. Би тэгэхэд оюутан байсан юм. Нэг өдөр хичээлээ талсаад ангийнхантайгаа их сургууль дээр явж байгаад Ганболдтой таарчихгүй юу. Ганболд нь миний танил. Ганболд Оргилтой зогсож байсан. Тэгээд Ганболдтой мэндлээд, Оргилтой танилцаад өнгөрсөн. Оргил жийнсэн яак өмсчихсөн, толгойгоо бандаанаагаар боочихсон, ямар сонин залуу вэ ухааны юм бодоод өнгөрсөн. Өмнө нь нэг харж байсан нь 93 онд циркт болсон “Жентелмэн” тэмцээнийг тэр үед үерхэж байсан залуутайгаа хамт үзэж, найз залуу маань Оргилыг таньдаг, кассетыг нь авч өгөх үү гэж байсан юм. Тэгтэл 7 хоногийн дараа Ганболд утасдаж, хоолонд урилаа. Өдрийн хоолны цаг өнгөрч, оройн хоолны цаг болж байхад Ганболд, гэрээ заагаад өгчих, очиж авъя гэлээ. Гэтэл Ганболд биш Оргил ирсэн. Ганболд чамайг аваад ир гэнээ гээд. Тэгээд л том охиноо аваад Оргилтой хамт таксинд сууж Сансарт айлын гэрт ирлээ. Тэр нь Оргил бид хоёрын анхны байр л даа. Оргил, манай оффис гэж танилцуулж байна. Тэгээд том өрөөнд охинтойгоо хамт суугаад л байлаа. Сонгодог хөгжим яваад, Оргил хөгжмийн тухай яриад л, охин маань явъя гэж шалаад л сонин байдалтай суугаад байсан. Ганболд байдаггүй, хоол ч байдаггүй. Ганболдыг асуусан чинь гал тогоонд хоол хийж байна гэлээ. Тэгж байснаа Оргил, Ганболд биш би чамайг урьсан юм, танилцья гэж бодоод, Ганболдод хэлээд бид хоёр ийм арга зохиосон юм, уучлаарай гэсэн. Тэгж анх бид хоёр танилцаж байсан. Тэгэхэд 3-р сар байсан, 7-р сард нэг гэрт орсон доо.
- Одоо үед бол бараг байхгүй болчихсон гоё түүх байна. Тийм хурдан хугацаанд ойртож дотносоход нөлөөлсөн зүйл юу байсан бол?
- Оргил маш сайн сонсогч. Үзэл бодлоо тулгадаггүй, харин миний зүгээс яаж дэмжлэг үзүүлэх вэ гэж хүний төлөө байдаг нь таалагдсан.
- Тэгвэл таны юу нь түүнд хамгийн ихээр таалагдсан гэж та боддог вэ?
- Мэдэхгүй ээ. Оргилоос асууж ч байгаагүй юм байна. Би их маяггүй хүн, байгаагаараа байдаг, хэлбэр, жүжиггүй гэх үү дээ. Магад энэ чанар таалагдсан байж болох юм. Оргил ер нь хүнийг өнгөнөөс үнэлдэггүй, дотооддоо хэн бэ гэдгийг хардаг хүн.
Яг үнэндээ Оргилыг надтай суучихна гэж бодоогүй
- Энэ миний бодол болоод үнэлэмж биш шүү, нийгмийн тогтсон хэв маяг, хандлага гэх үү дээ. Эхнэр нь нөхрөөсөө эгчмэд байхыг, бүр ялангуяа, дагавар хүүхэдтэй байна гэдэг манай нийгэмд байж боломгүй зүйл гэж хүлээж авдаг. Ийм 2 том хориг, саадыг давж, ханилж амьдрахдаа үлгэр жишээ гэр бүлийг цогцлооно гэдэг ёстой нөгөө эмэгтэй хүний хатан ухаан, эр хүний уужуу сэтгэлийнх, явж явж жинхэнэ халуун хайрынх байх даа.
Яг үнэнийг хэлэхэд би Оргилыг надтай суучихна гэж бодож байгаагүй, яг чиний хэлдэг 2 шалтгаанаар. Нийгмийн уур амьсгал ч тийм байсан. Тэгээд ч миний хувьд ямар ч итгэл байгаагүй, зүгээр үерхэж байна гэдэг утгаар хандаж байсан.

- Оргил Анх Энхзаяа бид хоёр дээр ирсэн. Эгч нь тэр үед над дээр ирээгүй байсан юм л даа. Оргил Энхзаяаг шууд хүлээж аваад зогсохгүй, би маш жаргалтай бага насыг өнгөрөөсөн, хүүхэд бүхэн жаргалтай, инээдтэй бага насыг өнгөрөөх ёстой, би энэ хүүхдэд тэр жаргалыг өгнө гэдэг мессэж л надад энэ хүн хань болох юм байна гэсэн итгэлийг өгсөн. Удаа ч үгүй том охин Аззаяагаа авчирсан, бид гэр бүл болцгоосон.
- Амьдрал зохиолоо, гадны эсэргүүцэл хэр байсан бэ?
- Зөндөө.
- Ямар байдлаар эсэргүүцэл ирэх үү? Бас яаж давж гарсан нь сонин байна?
- Нэгдүгээрт, би ач холбогдол өгөөгүй. Хоёрдугаарт, надад ямар ч айдас байгаагүй. Яанаа бид хоёрын харьцаанд нөлөөлчих вий, үүнээс болоод салчих вий гэх айдас байгаагүй. Тэр үед Оргил дөнгөж “Жентельмэн” болоод удаагүй байсан үе, охидууд их ярина. Утсаар залгаад л Оргилтой ярья гэнэ. Намайг хөгшнөөр нь, хүүхэдтэйгээр нь дуудна. Яваач гэж хөөнө /инээв/.
- Хайр сэтгэл асар их эр зориг шаарддаг, үгүй бол гаднаас ирэх салхи шуурганд юу ч үгүй булгаран унадаг гэдэг л энэ байх нь. Та үнэхээр эр зоригоор даван гарчээ?
- Зөвхөн минийх ч биш юм аа, бид хоёрын гэвэл илүү бодитой байх. Тэр үед зөвхөн надад төдийгүй Оргилд ч гэсэн хэцүү байсан байх. Гэхдээ энэ талаар, тухайн үед юу бодож байснаа надад ярьдаггүй л дээ. Оргил их өөрийнхөөрөө байх дуртай, үзэл бодолдоо тууштай хүн. Өөрөө зөв гэж бодсноо л хийдэг. Энэ зан чанар нь л надтай амьдрах, тэр эсэргүүцлийг давж гарах хүч байсан болов уу. Гэхдээ энэ бүхэн айхтар сэтгэлийн дарамтанд оруулаад байсан юм байхгүй л дээ. Одоо эргээд бодоход инээдтэй санагддаг.
" Хүн болгоны залуу нас галын дөл шиг бадарч гэрэлтсэн бөөн эрчим, баахан аз жаргалтай дурсамжаар дүүрэн байдаг шүү дээ. Анхны хайр, анхны хүүхэд, анхны амьдрал гээд анхны бүхэн эхлэлээ тавьсан залуу халуун насныхаа сэтгэлээс гардаггүй дурсамжаас хуваалцаач?
" Маш тод 2 дурсамж яг одоо сэтгэлд орж ирж байна. Анхных нь том охин маань төрсөн үе. Сэтгэлийн маш их тогтворгүй байдалд орж байж билээ. Хорин настай ээж болно гэдэг сонин. Хүүхдээ харахаар ээж болчихсон ч юм шиг, өөрийгөө харахаар нялхаараа шахуу, баярлах, айх, ичих зэрэг маш олон мэдрэмжүүд зэрэгцэж байсан. Миний охин гэж чадахгүй, аяндаа л миний дүү гэчихнэ. Хүүхэдтэй болно гэдэг өөр юутай ч адилтгаж, зүйрлэшгүй, насан турш дагалддаг сайхан мэдрэмжүүдийн нэг л дээ. Нөгөө дурсамж нь сүүлд АНУ-д болсон явдал.

- Оргил бид хоёр хурим хийгээгүй юм. Нөхцөл байдал тэгж таарсан, тэгээд ч хурим хийе гэж бодож ч байгаагүй. Бид хоёрын үзэл бодол заавал цаасан дээр нэрсээ бичиж, олон хүн цуглуулах нь амьдралын баталгаа биш гэж үздэг. Тэгээд хэзээ хойно Оргил миний төрсөн өдрөөр 11-р сарын 1-нд хуримын бөгж өгч байсан юм. Манайх тэгэхэд хөдөө амьдарч байсан. Тэр жижигхэн хотод хамгийн үнэтэй ресторанд орно гэдэг ядуу оюутны хувьд том явдал. Маш гоё ширээ засчихсан, үйлчлэгчид нь бид хоёрыг хөтөлж аваачиж суулгаад, Оргил надад бөгж өгөөд.. Яг л кинонд гардаг шиг гоё үйл явдал, сайхан мэдрэмж. Одоо ч гэсэн өчигдөр болсон юм шиг сайхан санагддаг. Ер нь эмэгтэй хүн чинь их амархан, жижигхээн юманд баярлаж, насан туршдаа бодож явдаг сонин амьтан ш дээ.
- Шулуухан асуучихад та охидынхоо ааваас яагаад салчихсан юм бэ?
- Бид хоёр 1985 онд суусан юм. 1991 онд салсан. Зургаан жилийн хамтын амьдралын хугацаанд би 1 жил Орост сурсан. Охидын аав 2 жил Чехэд байсан. Үндсэндээ хоёр, гуравхан жил хамт амьдарсан юм уу даа. Гэр бүл хол байна гэдэг хамгийн буруу юм байна гэдгийг ойлгосон. Жаахан уудаг байсан нь бас их нөлөөлсөн. Тэгээд ч дэндүү жаахан байхдаа суусан л даа. Хайр гэж юу байдгийг, хайртай болох гэж юу байдгийг мэддэггүй байхдаа, таалагддаг мэдрэмжийг хайр сэтгэл гэж ойлгоод суучихсан нь салахад хүргэсэн. Үзэл бодол тогтоогүй, төлөвшөөгүй үедээ гэр бүлийн амьдрал зохиож, сонголт хийнэ гэдэг ихэвчлэн сөрөг үр дагавар дагуулдаг юм билээ.
- Одоо манай хүү 18-тай. Хүүгээ харахаар юун хүнтэй сууж, аав болох. Огт түүхий байгаа юм л даа. Би хожим нь ээжээсээ, намайг тийм жаахан байсаар байхад яагаад хүнтэй суулгачихсан юм бэ гэж асуухад энэ хүнтэй л суухгүй бол үхлээ хатлаа гэсэн, тэгээд л суулгасан гэж хэлж билээ. Ялангуяа хүүхдэд ийм насанд эцэг эхийн зүгээс маш их дэмжлэг хэрэгтэй байдаг гэж хэлэх гэсэн санаа. Мэдээж шийдвэрээ хүүхдүүд өөрсдөө гаргана, харин эцэг эхийн зүгээс зөв чиглүүлэх дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
- Танд нөхрөөс тань ирдэг хамгийн том гялбаа юу вэ?
- Намайг ойлгож, намайг дэмждэг. Намайг шүүмжилж, judge хийгээд байдаггүй. Чамд таалагдаж, чи зөв л гэж бодож байвал өөрийнхөөрөө хий гэдэг. Энэ л намайг зоригжуулж, хүч өгсөөр ирсэн.

- Танайх 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Танай нөхөр мэдээж сайн аав байх. Харин та хэр зөөлөн ээж бол?
- Тавын таван хүүхэд гэдэг мэдээж чимээ шуугианаас авахуулаад асуудал ихтэй л дээ. Гэхдээ бид хоёрын жаргалтай мөчүүд дандаа хүүхдүүдтэй өнгөрсөн байдаг. Амьдралаа тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Олуулаа болоод ч тэр үү, хоорондоо амь нэгтэй гэж жигтэйхэн. Тэгээд бас их нялуун. Өглөө босоод л бид хоёрын өвөрт бүгдээрээ гүйж орж ирдэг. Хорин хэдтэй охидууд хүртэл манайд хоновол дэнхийчихээд өвөрт орж ирдэг. Оргил хүүхдүүдээ их эрхлүүлдэг, би харин жаахан хатуу талдаа ээж. Янз бүрийн зөвшөөрөл авах зүйл дээр аавдаа хандана. Ямартаа л том охин маань хаа байсан Америкаас харанхуй шөнө аав руугаа залгаж, аав аа, би найз залуугаасаа өөр хүнтэй үнсэлцчихлээ, яахуу гэж асууж байхав. Америкт шөнө, энд өдөр, Оргил Кадастрын албаны чухал хурал дээр сууж байхад залгаж, таниас маш чухал зөвлөгөө авмаар байна гэсэн байгаа юм. Ээж рүүгээ яривал загнана гэдгийг мэдэж байгаа учраас тэгж байхгүй юу. Ер нь хүүхэд аливаад өөрийг нь дэмжих хүн л хайж байдаг юм билээ. Энэ томчуудад ч байдаг араншин байх шүү, тиймээ.
- Би эмэгтэй хүний хувьд дэндүү зөөлөн, нялуун, уучламтгай хүн
- Нээрээ олон жилийн өмнө Бат-Оргил ахаас ярилцлага авахад хайрыг байгалийн татах хүчтэй зүйрлэж байж билээ. Биетийг хэр хүчээр цохино тэр хүчээр эргэж ойдогтой адил хэр их хайрлана тэр хэрээр буцаж хайр ирдэг гэж байсан нь гүн сэтгэгдэл төрүүлж байж билээ. Энэ мэдрэмжид таны нөлөө тодорхой хэмжээгээр байж л таарна. Гэтэл та сая өөрийгөө хатуу ээж гэлээ. Би бодоходоо эсрэгээрээ маш халуун сэтгэлтэй, хайрламтгай эмэгтэй, тийм учраас хайрлагдаж амьдарч байна гэж ойлгож байсан?
- Хатуу гэдгийг та буруу ойлгочихлоо л доо. Хатуу гэдэг нь зарчимч гэдэгтэй илүү дөхөж чоно. Эмэгтэй хүний хувьд би бүр дэндүү зөөлөн хүн. Магад миний сул тал ч байж болно. Сул тал гэдэг нь эсрэг хүйсийн хайртай хүнтэй харилцах тал дээрээ бусад харилцаанаас огт өөрөөр ханддаг гэх үү дээ. Маш амархан бууж өгдөг, их амархан уучилдаг. Миний буруу биш байсан ч араас нь гүйдэг. Байнга наалдаж байх дуртай, нялуундуу. Оргилыг үнсэхгүй гараад явчихвал гомддог, араас нь утасдаж гомдол мэдүүлдэг гэх мэт. Хорин жил өнгөрсөн ч гэсэн нялуурах, эрхлэх мэдрэмж минь залуугийнх шигээ халуунаараа байгаа. Хүүхдүүд маань та хоёр хэт нялуун юм гэж явуулдаг. Оргил намайг ийм болгосон байж магадгүй.
- Та хартай юу?
- Мэдээж хардана. Хардахгүй бол амьдрал утгагүй ш дээ. Гэхдээ утга учиртай хардана. Оргил олон эмэгтэй найзтай учраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад хардалт харьцангуй бага байх гэж бодож байна.
Өөрийгөө даруу эмэгтэй гэж хэлэхгүй, намайг явдалтай гэдэг байсан юм

- Даруу эмэгтэй түүх бүтээх нь ховор гэж Тетчер хэлсэн нь бий. Даруу гэх ойлголтыг та ямраар тайлбарлах вэ? Жишээ нь, та даруу эмэгтэй юу эсвэл?
- Намайг даруухан эмэгтэй гэвэл их харьцангуй ойлголт. Шаардлага гарвал би даруухан биш байж чадна. Яг өөрийнхөө comfort zone-д би тэнэг галзуу байж чадна. Өөрөөр хэлбэл, ямар хүрээнд хэнтэй байхаас шалтгаална гэсэн үг. Миний хуучны, 20-иод жилийн өмнөх найзууд намайг их өөр өнцгөөс харна. Гэтэл шинэ найзууд бас ондоо өнцгөөс харна.
- Ямартай ч өөрийгөө их даруухан эмэгтэй гэж хэлж чадахгүй. Ялангуяа, Оргилтой суухаас өмнөх үе бол хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийнэ гэдэг билүү, тэгж явсан залуу насны он жилүүд бий. Шуудхан хэлэхэд явдалтай гэж ч ярьдаг байсан. Нөхрөөсөө салчихсан, эрх чөлөөтэй ганц бие залуу эмэгтэй ёстой эрх чөлөөгөө эдэлж байсан үе л дээ. Оргилтой суугаад намбалаг болсон доо /инээв/.
- Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу нас гэх мэтээр залуу халуун насыг зөвтгөх, тодорхойлох зүйл их л дээ. Тийм л галтай залуу насыг үдэж. Гэхдээ таныг тийм сахилгагүй байсан гэхэд итгэмээргүй юм. Тэр үеэс танд үлдсэн зүйл юу вэ? Тэр үе гэнэ гэнэхэн үгүйлэгдэх үе байх уу?
- Гэр бүлээ авч явах, эхнэр байх нь хурдан өөрчлөгдөж, бусад зүйлсийг давах хүч болсон. Яагаад гэвэл надад гэр бүл чухал байсан. Тэр үед ямар нэг хаалтгүйгээр рок хөгжим сонсч галзуурдаг байж. Үе үе үгүйлдэг. Гэхдээ тэр мэдрэмжийг авахгүй удаж, холдсон болохоор зориг хүрдэггүй юм билээ.
- Уучлаарай, таныг гаднаас нь харахад тэгтлээ их ганган дэгжин биш юм л даа. Нэг тийм, Европын хуучинсаг стилийг таашаадаг бололтой?
- Ер нь юм бүхэнд үе гэж байдаг бололтой. Дахиад л залуу байхдаа гэе дээ, ээж маань их ганган хээнцэр хүн байсан юм, ээжээс ирсэн нөлөө юм байлгүй, нэг тийм гангалах бүр донтой гэж болохоор үе байсаан. Тэр гэхдээ дуусгавар болдог юм билээ. Гэргий болсон нь ер нь намайг их өөрчилсөн. Одоо би дэлгүүр хэсдэггүй. Дургүй гэж болно. Онлайн шоппинг их хийдэг.
Нэгэн хэвийн байдалд ороод удаж байгаагаа хүчтэй мэдэрч байна
- Яг одоо танд өөрчлөгдөг боломж олдвол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ?
Өөртөө цаг гаргах, өөрийгөө тордоно гэх үүдээ J. Охид болон дүү маань ч сүүлийн үед хүчтэй шүүмжилж байгаа. Та гэр бүлээ, ажлаа бодож болно, гэхдээ өөрийгөө битгий мартаач, миний нөгөө ганган дэгжин эгч хааччихав гээд байна лээ. Дүү маань их дэгжин л дээ. Түүнийгээ надаас авсан гэж ярьдаг юм.
Өөрөөр хэлбэл маш их өөрчлөгдсөнөө, нэгэн хэвийн байдалд ороод удаж байгаагаагаа хүчтэй мэдэрч байгаа үе.
- Ингэхэд та бизнесмэн хатагтай. Бизнесийн гараа нь гадаад хэл, оюутан солилцооны төв байж. Sachem кофе ч гэсэн таны бизнес байх шүү. Одоо ямар бизнес эрхэлж байна вэ?
- Sachem бол Монголд ирсний дараа эрхэлсэн бизнес. Зэв Розенберг анх санал болгосноор энэ бизнесээ эхлүүлж байсан. Зев манай хөрш л дөө, нэг өдөр хоолонд урьж, Монголд байхгүй хэрнээ маш их ирээдүйтэй бизнес санаа байна, кофе шарах бизнес. Кофе шоколад хоёр хамт байдаг, Монголд өнөөдрийн байдлаар нэг их ашиг өгөхгүй ч ирээдүй бий, маш нарийн мэдрэмж, өндөр таашаал өгдөг бизнес, үүнийг чи л хийж чадна гээд. Яг л юу хийх үү, яаж амьдралаа авч явах уу гэж бодож байсан үе л дээ. Зев, кофег яаж ургуулдаг, яаж ургац хураадаг, үйлдвэрлэл яаж явагддаг хүртэл ярьсан нь маш сонирхолтой санагдсан. Оргилд хэлсэн чинь яваад үз гэлээ. Тэгээд л Швед, Дани, Солонгос, Турк гээд олон газраар явж кофе судалсан даа. Тэгээд бизнесээ эхлүүлсэн, кофе шарж эхэлсэн. Үгээр илэрхийлэх аргагүй таашаал өгдөг бизнес гэдэг нь үнэн л дээ. Яг л надад таарсан бизнес байсан. Дараа нь кофегоо борлуулах кофе шоп хэрэгтэй болсон. Удалгүй Нүнү маань /охин Энхзаяа.сурв./ зөвлөгөө өгөхөөр нөхөртэйгээ хамт ирсэн. Долоо хоног байх зорилготой ирээд бүр үлдсэн дээ. Талх барихаас авахуулаад бүхнийг зааж байгаа юм л даа. Одоо эргээд бодоход үнэхээр л үйлчилгээний бизнесийн талаар ямар ч ойлголтгүй байсан юм билээ. Одоо охин хүргэн хоёр маань рестораны бизнесээ эрхэлж, би гадаад худалдааны бизнес эрхэлж байна.
- Худалдааны бизнес гэдгээ тодруулбал?
- Оргилын санаачилсан бизнес л дээ. “Rainbow” гээд Америкт үйлдвэрлэгдсэн, усан шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч, тоос сорогч хосолсон бүтээгдэхүүн. Манайх Америкт байхдаа хэрэглэдэг байсан юм. Өнөөдөр манай эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлын нэг нь агаар болчихоод байгаа. Энэ бүтээгдэхүүн агаарыг сорж усаар угаагаад цэвэр агаар гаргах үйлчилгээтэй. Нэг айлд 30-40 жил буюу бараг насаараа хэрэглэчихнэ. Нэлээн удаан хөөцөлдсөн, бүтэхгүй байж байгаад ноднин жил бүтсэн. Одоо Rainbow-д ихэнх цагаа зарцуулж байна.
- Танай хүн юу хийж байгаа вэ?
- “Реформ” клуб гэж нэртэй төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байгаа. Уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, урлаг, байгаль орчин, хууль, эдийн засаг гээд л салбар болгоны чиглэлээр яг тухайн салбарын чадалтай мэрэгжилтнүүдийн клуб гэж ойлгож болно. Жишээ нь “Медика” гээд эрүүл мэндийн клуб нь туршлагатай эмч нарыг цуглуулж, Монголын эрүүл мэндийн салбарыг системээр нь өөрчлөх зорилго тавин ажиллаж байна. Хашир, эх орны хүү байхын тулд заавал их хуралд нэр дэвших шаардлагагүй гэж үздэг л дээ.Тэр мэдрэмжээрээ энэ ажлаа хийж байгаа. Миний эрхэлж байгаа бизнесийг ч гэсэн яг энэ мэдрэмжээрээ сонгож, санал болгосон. Хүн ямар ч үед хүмүүс эрүүл амьдрах нь анхан шатны чухал зүйл гэж үздэг л дээ.
- Бүдүүлэг ч байж болно, танайх эдийн засгийн утгаараа хэр баян айл вэ?
- Энгийн дундаж амьдралтай айл. Хүмүүс бодохдоо тасарсан баян юм шиг боддог юм билээ. Манайх хүн болгон урдах ажлаа хийгээд, өдөр тутмын энгийн хэрэгцээгээ хангаад явж байхад happy гэж үздэг. Оргил дугуйгаа унаад, би 7, 8 жилийн өмнө унаж байсан машинаа унаад явж байна. Хүмүүс машинаа солиоч гэдэг. Дугуй юм уу машинаа солих хэрэглээгээ бид хоёр ойлгож чадахгүй байгаа. Тансаг үнэтэй машин, ес,арван өрөө байр яг юунд хэрэгтэй юм бэ?
- Сэтгүүлийн маань нэр Гранд. Агуу их гэх энэ ойлголтын талаарх бодлоо хуваалцаач? Таныхаар хүний агуу чанар юунд оршдог юм бол?
- Махатма Ганди агуу байхыг хүнлэг байхтай адилтгасан байдаг. Би санал нэг байдаг.
"Гранд сэтгүүл" 52-р дугаар Ярилцсан М.Уранчимэг
Сэтгэгдэл (161)