“Намайг Амараа гэдэг” хэмээн итгэл дүүрэн хэлж зогссон энэ залуу зорьсон оргилуудаа эхнээс нь эзэлж авч байна. Тиймээ, түүнийг Амараа гэдэг. “Марко Поло”-гийн нээлтийн дараа тэр “Улаан хивсний ёслол сэтгэлд хөнгөн сандрал хийгээд асар их догдлол, баяр бахдалыг нэгэн зэрэг мэдрүүлсэн цоо шинэ мэдрэмж байлаа. Дэлхийн кинонд Монголын минь түүх намайг хөтөлж орууллаа. Энэ үйл явдал кино урлагт мөр зэрэгцэн зүтгэж байгаа, бидний араас түрэн гарч ирэх олон Монгол жүжигчинд ихийг хийж бүтээх урам зориг, дэлхийн тавцанд өрсөлдөж чадна гэсэн итгэл тэмүүлэл нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн хэлж байна.

Амараа айсуй 2015 оныг угтан Монголчууддаа сайхан мэдээ дуулгалаа. Ер нь тэр уран бүтээлчийн хувиар төдийгөөс өдийг хүрэхдээ сайхан мэдээ цөөнгүй дуулгаж байсан. Түүнийг “Бодлын хулгайч”-д тоглосных нь дараа 2012 он гарахаас өмнөхөн уулзаж ярилцаж байсан юм. Тэгэхэд тэр “Баярлалаа, 2011 он” гэж хэлж байсан. Арга ч үгүй л дээ. Тэр жил ганц л кино хийнэ гэж, бүр түүгээрээ “шатаж” явж байж, ард нь гарсан болохоор.

Түүнээс шинэ оноос та юу хүлээж байна вэ? хэмээн асуухад “Би сайн кинонд сайн тогломоор байна. Би чинь энгийн нэгэн жүжигчин хүн шүү дээ.” гэж байлаа. Тэгвэл тэр одоо олон улсад танигдах том эхлэлээ тавьж чадлаа. Мэдээж тэр урдаас даллаж байгаа их амжилт өөд итгэлтэйхэн алхаж яваад эргэлзэхгүй байна. Тэгээд хоёр жилийн өмнө, шинэ жилийн баярын өмнөхөн уулзаж ярилцаж байсан ярилцлагаа хүргэж байна. Ер нь Амараа тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй. Энэхүү ярилцлагыг өгөхдөө ч тэрийгээ хэлж байсан юм.
Тэр бусадтайгаа хүч нийлэн Монголын киног дэлхийд гаргах эрмэлзэлтэй. Тэгвэл тэр эхлэл шанг сайн татаж байна. Түүнд шинэ он шинэ шинэ амжилтуудыг дагуулах болтугай.

Таньтай ярилцах гээд хэд хэдэн удаа утсаар холбогдлоо. Тэр болгонд та их завгүй байх шиг байлаа?
Ойрд чамгүй их ажилтай байгаа. Шинэ оны өмнө амжуулах гээд гүйгээд байна л даа.
Айлын отгон хүү таныг оны отгон зочноороо урьсан нь санамсаргүй зүйл биш. Улирч байгаа энэ онд уран бүтээлийн олз, омог дүүрэн байсан таныг онцолж урьж байгаа юм?
Баярлалаа. Би энэ онд нэг л бүтээл дээр ажилласан. Гэхдээ бүтэн жил хүч, хөдөлмөрөө зориулсны үр дүнд бидний кино сайн бүтээл боллоо. Их хугацаа зарцуулж, нухаж байж гаргасан учраас сайн кино болсон болов уу гэж бодож байна. Ерөөс нэг зүйлийг их сайн ойлгож авлаа. Социализмын үеийн кинонууд сайн байсан, орчин үеийн кинонууд муу болж байна гэж хүмүүс их ярьдаг. Тэгвэл социализмын үеийн кинонууд сайн болдог байсны учир нь нэг талаас бүтээл дээрээ их удаан сууж ажилладаг байсанд байдаг юм байна. Найруулагчид нь зохиол дээрээ, жүжигчид нь дүр дээрээ их сайн ажилладаг байж. Харин өнөөгийн нөхцөлд техник, технологи хөгжсөн нь кино бүтээх хугацааг хөнгөвчилж байгаа ч, уран бүтээлчид маань хэт их яардаг, түргэн түүхий ханддаг болсон нь бүтээлийн чанар чансаанд шууд нөлөөлж байгааг илүү сайн ойлгож авлаа.
Таны хэлж байгаатай санал нийлж байна. Нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь тун хурц гэгдэх кино урлагийг хэт арилжааны өнцгөөс харах болсон нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй болов уу?
Тиймээ. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Би өөрөө ч тийм кинонд тоглож явсан хүн. Хойшдоо ч ямар кинонд тоглох юм бүү мэд. Гэхдээ “Бодлын хулгайч” киноны хувьд бид кино урлагт маш хүндэтгэлтэйгээр хандсан. Сайн бүтээл хийхийн тулд ямар хугацаа, хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай юм бэ. Тэр бүгдийг нь гаргаж ажилласан.
Бид кино урлаг ид сэргэж буй сайхан үед амьдарч байгаа азтай, хувьтай залуу уран бүтээлчид юм. 1990, 2000-аад оны үед кино урлаг унасан. Тэр цаг үеийн золиос болсон олон уран бүтээлчид бий. Тэгэхээр хийж бүтээх боломжтой ийм сайхан цаг үед ид залуугаараа байгаа кино уран бүтээлчид бид монголын киног дэлхийд гаргаж ирэх хэрэгтэй. Чанартай, чансаатай бүтээл хийхийг зорих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд DVD шиг юм хийчихээд рекламаар бөмбөгдөөд л мөнгө олно гэдэг үе одоо өнгөрсөн. Монголын кино унасан өнгөрсөн жилүүдэд гадаадын кинонууд маш хүчтэй орж ирсэн. Үр дүнд нь Монголын киноны зритель өндөр хэмжээнд бэлтгэгдсэн. Сэтгэхүйг нь бэлтгээд өгчихсөн. Тийм байхад бид үзэгчдээ хуурч болохгүй ээ. Хуурах л юм бол шатна, ойчно. Шоронд орно шүү дээ.

Монголын кино дэлхийд гарах гэдэг дээр тухайлаад асуухад Таныг гадаад харилцаа тал дээрээ нэлээд анхаардаг гэдгийг сонсож байсан. Таны хувийн сайт байгаа юу?
Байгаа.
Үр дүнгээ хэр өгч байна даа...
Бид 2013 онд том прожект хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гадаад харилцааны тухайд би өнгөрсөн хоёр жил National Geographic телевизтэй хамтарч ажилласан. Кино нь удахгүй гарна. Мөн “Аравт” кинон дээр Өвөрмонголчуудтай ажиллалаа. Хувийнхаа шугамаар Лос Анжелес, Чикаго, Нью-Йоркийн театрын жүжигчидтэй хамтарч ажилласан. Дэлхийд гарах тухайд би бодохдоо, бид тийшээ очиж тоглох биш. Тэднийг авчрах ёстой. Би Лос Анжелест найруулагчаар суралцах гэж байгаад больсон. Уг нь Universal Pictures-тай холбож өгөх бололцоотой, хамтарч ажилладаг сургууль байсан. Гэсэн ч би тэнд жүжигчин боллоо гэхэд нэг зөөгч хятадын дүрд л тоглоно шүү дээ гэж бодсон. Би өмнө нь Ирландад тэгж үзсэн. Харин Монголдоо байж байх юм бол тэд ирж би хааныхаа дүрд тоглоно шүү дээ. Зөвхөн уран бүтээлч, жүжигчинд гэлтгүй монгол газар шороон дээр унасан хэн болгонд ийм хувь заяа байгаа. Улс орон маань хөгжиж, дэвшиж эхэлж байна. Боломж зөвхөн гадаадад байдаггүй гэдгийг гадагшаа гарч ажил хийх тухай бодож, төсөөлж яваа залуусдаа хэлмээр байна. Монголдоо эзэн шиг байх боломж зөвхөн надад байгаа юм биш.
“Бодлын хулгайч”-ийг би үзэж амжаагүй яваа. Олон хүн надад энэ киног үзээрэй гэж хэлсэн л дээ. Уг нь интернэтэд тавигдсан юм билээ. Гэсэн ч тэгж үзэхийг хүссэнгүй. Театрт нь үзье гэж бодсон хэвээрээ байна. Мэдээж бодит хүнийх нь туулсан амьдралын тухай баримжаа мэдээлэл надад бий тул би таньтай ярилцаж байгаа юм. Бас та нарын зүтгэж бүтээсэн кино яагаад хулгайлагдчихав аа гэдгийг гайхаж байна. Асуумаар ч байна?
Маш үр өгөөжтэй кино болсон юм. Нэгдүгээрт, хэлэх гэсэн санаа нь хүмүүсийг шоронд битгий ороосой л гэж хийсэн кино. “Өөрт нь зөв юм шиг санагдавч эцэст нь үхэлд хүргэдэг зам байдаг” гэж бид энэ киногоор тунхагласан. Энэ Библийн ишлэл. Бид Библийн ишлэлийг тунхагласан юм. Энэ мессежийг хүргэе гэсэн зорилгодоо хүрлээ бид. Энэ киногоороо монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулъя гэж зориод оруулсан. Бид монголын киног нэг шатаар ахиулъя гэсэн, ахиуллаа. Бид энэ киногоороо олон хүнд тусалъя гэсэн, туслалаа. Энэ киноныхоо орлогоор 25 дугаар дунд сургуульд автобус авч өглөө. Бие муутай хүмүүсийг эмчилгээнд явууллаа. Бид эдийн засгийн хувьд тодорхой ашиг оллоо. Тэгээд алдлаа. Энэ бол асар бүдүүлэг, асар увайгүй үйл явдал боловч бас цаана нь өөр зүйл яригдаж байна. Бид хулгайлсан хүнийг нь олсон. Хуулийн дагуу эрүү үүсгэн шалгагдаж байгаа. Кино хулгайлвал ямар ял зэм өөртөө үүрдэгийг одоо бид үүгээрээ тунхаглана. Монголын кинонд сэтгэл зүрхээ зориулсан уран бүтээлчдийн төлөө “өөрт нь зөв юм шиг санагдавч эцэст нь үхэлд хүргэдэг юм” гэдэг үгийг энэ киноны хулгайч нарт тунхаглаж өгнө. Энэ чинь Библи шүү дээ.

Та Ертөнцийн эзэнд итгэдэг юм аа даа?
Тиймээ.
Итгээд хэр удаж байна вэ?
Олон жил болж байна.
Шашин шүтэх, эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх эсэх нь та, бидэнд Үндсэн хуулиар олгогдсон эрх л дээ. Гэхдээ юу таныг Библи рүү хөтлөв гэдэг сонин байнаа?
Үнэн намайг хөтлөсөн. Бурхны үг үнэн байна. Бидний хэн ч шашин шүтэх, сонгож шүтэх эрхтэй. Гэхдээ манайд бурхны шашныг шүтэхэд их хүнд, хэцүү. Буддын сургаалийн үндсэн философи нь алдагдсан. Сургааль, номоо ёс жаягаараа дагаж яваа лам нар тун цөөн байна. Би бүгдийг нь хэлж байгаа юм биш. Бурхны сургаалийг ёс журмаар нь дагаад явж байгаа мундаг номтой олон сайхан лам нар, үнэнч шавь нар бий. Гэвч дийлэнхи нь амьдрах, хоол залгуулах хэрэгслээ болгон хувиргаж байгаад эмзэглэдэг. Өглөө ном уншаад сууж байсан ламтай орой бааранд хоёр хүн тэврээд явж байхтай нь тааралдчихаад яаж итгэх юм бэ. Ерөөс хамгийн их мөнгө олж байгаа салбар шашин, эмнэлэг хоёр байна. Тэд хүний итгэл бишрэлээр тоглож байна..
Би нэг зүйл яръя л даа. Бид энэ киногоо хийж байхдаа шоронд очиж цуглаан хийдэг Христчин Ким гэж хүний тухай судласан юм. Тэгэхэд тэр хүний эхнэр монголын шоронд очиж хоригдлуудын оймсыг угааж өгч байна. Гэтэл монголын лам нараас нэг нь хориход очдог уу. Нэг бөө, нэг мусульман хүн тэгж явдаг юм уу. Өнөөдөр талхны мөнгөө яая гэж байгаа, халаасандаа 2 мянган төгрөггүй ядуу хүн яаж Ганданд очиж ном уншуулах юм бэ. Харин манай сүм дээр ирэх юм бол бурхан хүлээж авна. Миний бурхан хүлээж авна. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэдэг юм бол яагаад тэр ядуу хүний ном уншуулах мөнгийг үнэлж тавьдаг юм бэ. Яахав, Христийн олон байгууллага байна л гэж ярьдаг. Гэхдээ тэд чинь бүгд хүмүүст өгдөг юм. Гэтэл өөр бусад буянтай сайхан улсуудын хэн нь ч, юу ч өгөөгүй шүү дээ. Ядарсан, өвдөж зовсон хүмүүсийн төлөө Гандантэгчинлэн хийдээс хандив өргөлөө гэж сонсоогүй юм байна.
Мэдээж бид аливаа шашин, үзэл бодолд хэт туйлширч болохгүй. Бид их туйлшрамтгай хүмүүс. Гэтэл эзэн богд Чингис хаан энэ тал дээр тэнцвэрийг нь маш сайн хадгалсан, улстөрийн зүтгэлтэн. Аль ч шашныг дээш нь татахгүй, доош нь оруулахгүй, ижил тэгш хэмжээнд авч үзнэ гэдгээ “Бүхний дээр тэнгэр байгаа” гэж хэлээд л тунхагласан байдаг. Тэгж олныг байлдан дагуулсан түүх бий шүү дээ. Магадгүй, өнөөдрийн нийгэм дэх энэ үзэгдлийн уг шалтгаан нь өөрчлөлт шинэчлэлтийн явц үргэлжилж байгаатай холбоотой байх. Бурхан хүнийг бүтээсэн байтал өөрсдөө бурхан шашин зохиочихсон явж байгаа хүмүүс ч байна. Ер нь бол итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй, туйлшраад хэрэгтүй. Итгэл үнэмшилтэй байна гэдэг нь өөрөө өөртөө итгэлийг бий болгодог. Миний хувьд зүй зохист хэм хэмжээ гэдэг зүйлийг илүү ойлгуулсан. Бусдыг хайрлахад сургаж байна. Ерөөсөө л энэ шүү дээ. Өөр юуг би бурханаас хүсэх юм бэ.
Энэ ч утгаараа бид энэ киног бүтээж, олон хүмүүст туслаж яваа. Би энд хэн нэгнийг сурталчлах гээд байгаа юм биш. Холливудын амжилттай болсон кинонуудыг харж байхад, суурь нь заавал нэг Библийн ишлэл дээр босч ирсэн байдаг юм байна лээ. Би түрүүн киноныхоо тухай хэлсэн шүү дээ. “Хүн юу тарина. Тэрийгээ л хураана” гэж. Энэ философийг л барьсан кино. Бид киноныхоо амин сүнсийг энэ л юм байна гэдгийг олж харж, задалж, ургуулан бодож хийсэн.
Бурхны шашин бол үйлийн үрийг номлодог шүү дээ...
Яг зөв.
Ингэхэд Та 2005 онд Ирландаас ирсэн байхаа. Тэнд байхдаа итгэгч болсон юм уу?
Би явахаасаа ч өмнө итгэгч байсан юм. Христчин болоод 10-аад жил болж байна.
Итгэл үнэмшил тань таныг зүй зохист хэм хэмжээнд барьж, бусдыг хайрлахад сургаж байна гэж Та хэлсэн. Саваагүй асуулт байж магадгүй л дээ. Өдгөө Та өөрийнхөө хийж байгаа зүйлийг ярихгүй, хэлэхгүй байх гээд байдаг нь итгэл бишрэл тань таныг “номхотгоод” байдагтай холбоотой болов уу?
Мэдэхгүй юм. Ер нь нэг кино хийчихээд, нэг клипэнд тоглочихоод ярилцлага өгөөд байх нь зөв биш. Хувь уран бүтээлчийн хувьд би тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний дээр өчнөөн мундаг уран бүтээлчид байна. Монголын киног энэ хэмжээнд авчрахын тулд өөрсдийнхөө залуу насаа зориулсан, нийгмийн шилжилтийн үед хүүхдээ өлсгөж байгаад монголын киног нуруундаа үүрээд аваад ирчихсэн энэ олон уран бүтээлчид байхад би өөрийнхөө өчүүхэн бүтээлээр онгирч, цоройгоод олон юм донгосоод байх хэрэг байхгүй л гэж боддог юм. Дээд хүмүүсээс би ичдэг. Одоо үед хэвлэлээр их ярьдаг залуус байна. Би тэдний нэг биш. Би зүгээр л жүжигчин хүн. Боломж нээлттэй сайхан нийгэмд амьдарч байна гэж би түрүүн ярьсан. Хэдий тийм ч, би өөрөө муу байх юм бол, худлаа тоглох юм бол арчигдана. Гарч ирэхэд ч амархан. Ойчиход ч амархан. Урлаг их харгис. Урлагийн хүний нэг зовлон эндээ л байдаг.

Монголын киног нуруундаа үүрсэн хүмүүс гэж Та түрүүн их сайхан хэллээ. Үлгэр дуурайлал авч ирсэн, хүндэлж биширдэг уран бүтээлчид тань хэн бэ гэдгийг асуулгүй өнгөрмөөргүй байна л даа?
Би Д.Сосорбарам ахын “Илүү сартай зун”-ы Галаад үнэхээр дуртай. Үнэхээр тултал нь хийсэн дүр. Тэрийг дүр гэж ярина. За манай “Цоохор морины наймаачин” гэж алдаршсан Д.Сэдэд гуай байна. Мэдээж Цагааны Цэгмид гуай байлгүй яахав. Манай Монгол жүжигчдийн уран чадварыг гадаадын жүжигчидтэй харьцуулахад асар өндөр байдаг шүү. Энэ цагийн залуу сайхан жүжигчид гэх юм бол нэгэн үед урлагийн тогоон дотроос хоолоо олж идэж байгаа Эби, Боогий хоёр маань байна. Бид нэг ангийнхан. Мөн Драмын театрын Ц.Цэрэнболд гэж жүжигчин бий. Тэр жүжигчнийг би их хүндэлж хайрлаж явдаг. Миний Н.Онон ах байна. Н.Онон ах маань сайн жүжигчнээс гадна маш жудагтай, түшигтэй, тулхтай, сайн, сайхан эр хүн шүү дээ. За тэгээд хүндэлж явдаг олон сайхан жүжигчид байна даа.
Жүжигчний уран чадварын тухай ярихад тань нэг зүйл санаанд буулаа. Таван жилийн өмнө МУГЖ Б.Дамчаа агсантай ярилцаж байхад “...Одоо ерөөсөө кинонд тоглоно, жүжиглэнэ гэдэг асуудал байхгүй болсон... . Миний хамгийн их айдаг юм бол залуучууд бидний мөрөөр орж болохгүй. Одоогийн залуус бидний үеийн кино бүтээдэг, дүрдээ хувиран ордог арга, найруулга зүй, зураглаачийн арга барил энэ бүх юмыг орхих хэрэгтэй...” хэмээн хэлж байсан юм. Ер нь таныхаар уран чадвартай сайн жүжигчин гэж ямар байхыг хэлэх вэ?
Би үүнийг тодорхойлох нь харьцангуй, учир дутагдалтай байх. Өөрийнхөө бодлыг хэлэхэд тухайн өгөгдсөн нөхцөлд маш үнэн амьдарч байгаа хүнийг л би сайн жүжигчин гэж ойлгодог.
Их гоё тодорхойлолт байна. Надад их таалагдлаа..
Баярлалаа. Миний багш надад хэлж байсан юм. Манай ангийнхан сууж байхад ганцхан надад хандаад “Амараа чи сайн тоглоно гэж битгий бодож байгаарай. Чи үнэн тоглоё л гэж бодоорой” гэж захьсан юм.
Энэ киноных нь үргэлжлэх хугацаа ямар билээ?
Манай кино 2 цагийн бүтээл.
Амараа үнэхээр мундаг тогложээ гэсэн үгийг олон хүнээс сонссон юм. Тэгэхээр би таныг 2 цагийн турш үнэн амьдарч чадаж л гэж хараад байна. Мэдээж үзэгчдээс ирж байгаа эерэг хандлагаас их таашаал авдаг байх?
Тэгэлгүй яахав. Сайн тоглосон гэдгийн тухайд хүмүүсээс сонсож байгаа ч, үнэхээр сайн тоглосон юм уу гэдгийг гэр бүл, дотны найз нөхөд л хэлдэг юм байна лээ. Надад их сайхан байгаа л даа. Уран бүтээлч хүнд үүн шиг жаргалтай мөч гэж хаана байх юм бэ. Интернэтэд, фейсбүүк, комментуудыг харахад муулсан, шоолсон ч хүн байна. Тийм сэтгэхүйтэй хүмүүс байлгүй л яахав. Кино бол маш өндөр зохион байгуулалттай багийн ажил. Кино бол монтажны урлаг. Кино бол бүх урлагийн дотроос хамгийн их өртөг, зардал шаарддаг урлаг. Хэрэв би сайн тоглосон гэж харагдаж байгаа бол киноны туслах дүрүүд үнэхээр сайн тоглож. Хааныг чинь харц ардууд нь тоглодог юм. Тэд л хааныг хаантаан гэж байж хаан гэдгийг нь мэдрүүлдэг болохоос, хаан ганцаараа би хаан гэж орилоод хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр миний ээжид тоглосон Дээгий эгч, Болдоод тоглосон Баясаа, мөн Батмэнд, Мөрөн, манай найруулагчид гээд бүгд л нийлж байж Гантулгын дүр гарч ирсэн.
Би дөнгөж төгссөн, залуу уран бүтээлч хүүхдүүдэд би хэлдэг юм. Нэг киноны гол дүрд тоглоод л, цоороод цойлоод сонин дээр ярилцлага өгөөд биеэ тоогоод, хамраа сөхөөд хайлж дуусч алга болж байгаа уран бүтээлчид зөндөө л байдаг. Тэд багийн тоглолт гэдгийг ойлгодоггүй. Манай киноны тухайд монголын киноны түүхэнд продюсерын урлаг гэдгийг авчирсан анхны кино. Продюсер яаж ажилладаг гэдгийг харуулсан. Тэртусмаа эмэгтэй продюсер үүнийг харуулсанд баяртай байгаа. Манай продюсер гайхамшигтай ажилласан. Анх Уянгыг продюсерлэнэ гэхэд олон хүн эргэлзэж байсан. Харин Уянгаа юу хийж чаддагаа энэ киногоор харууллаа, үзүүллээ. 200-гаад хүний бүрэлдэхүүнтэй кино группыг базаад, нэгтгээд, амжилтад хүргээд дуусгаж байна гэдэг бахархмаар л юм. Монголын кино урлагт нэг сайн продюсер шинээр гарч ирж байгаад талархалтай байна.

Сайн кино хийхэд хамгийн чухал гурван зүйл бий гэдэг. Тэдгээр нь “кино зохиол” гэдэг шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд манай кино унахад эдийн засгийн гачаалаас гадна, кино зохиолын хомсдол чамгүй нөлөөлсөн гэдэг дээр та юу хэлэх вэ?
Бид энэ киног бүтээхэд зарцуулсан хугацааныхаа талыг зохиол дээрээ суухад зориулсан юм. Бид нэг философи барьж авч ажилласан гэдгээ түрүүн хэлсэн шүү дээ. Гоё сэдэв , үйл явдал, өрнөл байгаад, хэчнээн сайн зохиол байгаад сайн кино болдоггүй шүү дээ. Тэр нь мөн чанарыг нь олж, гаргаж чадаагүйтэй холбоотой л гэж би хэлэх гээд байна. Зохиол дээрээ суу гээд байгаа чинь, амин сүнсийг нь л гаргаж ир гээд байгаа юм. Дүр дээрээ ажилла гээд байгаа чинь тэрийгээ л ол гэсэн үг юм. Ер нь сэтгэл зүрхээ өгч, түүгээрээ өвчилж, эмзэглэж хийсэн бүтээл амжилтад хүрдэг юм байна гэдгийг энэ киногоороо сайн ойлголоо. Тамирчид гэхэд бүтэн жил бүхий л бие сэтгэлээ зориулж бэлдээд нэг л хоромд амжилтад хүрдэг. Зүгээр байж байгаад амжилтад хүрнэ, сайн кино хийнэ гэж байхгүй. Асар их зүйлээ зориулж байж л үр дүнд хүрэх ёстой. Манай киночид одоо бодох хэрэгтэй. Ер нь урлагийнхан бид бодох ёстой. Бид сайн л юм хийх хэрэгтэй байна. Сайхан кино театруудтай болчихоод байна. Үнэхээр сайхан байна шүү дээ. Тиймээс сайн уран бүтээлийн багууд, найруулагчид, кинонд дуртай олон хүмүүс нийлээд сайн л бүтээл хийх ёстой.
Найруулагчид жүжигчнийхээ хувь характерт тохируулаад дүрийг засдаг, янзалдаг гэдэг шүү дээ. Тэрчлэн зөвхөн Амараад зориулсан дүрүүд хэт олон болохоос, нэг хэв загварт орохоос өөрийг тань болгоомжилж эхэлсэн талаар дуулж байлаа. Сүүлийн дүр дээрээ тухайлаад ярьвал?
Энэ кино бол тэгж хийгээгүй. Маш сайн судалчихсан байсан. Би Гансүх ахтай заавал адилхан байх шаардлагагүй. Яагаад гэвэл бид уран сайхны кино хийж байгаа учраас. Хоёрдугаарт, энэ кинон дээр найруулагч намайг маш эвдэж тоглуулсан. Надаас өөр хүн хийж өгсөн. Би ч их хичээсэн. Өмнө нь Тавилан, Боолын гэрээ гэдэг хоёр киноны дүрийг бол надад зориулаад биччихсэн байсан гэхэд болно л доо.
Та түүхэн дүр бус хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрийг л тултал нь бүтээхийг хүсч байна гэж байсан. Гантулгын дүрийг Та тултал нь бүтээж чадсан уу?
Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун гэж үг бий шүү дээ. Урлаг бол сэтгэлийн хөдөлгөөний илрэл дээр байдаг зүйл гэж боддог. Энэ киног үзсэн хүмүүсийн 80 хувь нь сэтгэл нь хөдлөөд гарч байгаа бол болж байна. Жүжигчин талаасаа хийсэн ажил болж байна гэж л ойлгож байна. “Цоохор морины наймаачин” Д.Сэдэд гуайг хар л даа. Түүхэн дүр биш. Гэтэл түүх болтол нь тоглосон байна шүү дээ. Би тэрийг л хэлээд байгаа юм.
Гантулга тэгж амьдрах болов уу?
Хоёр талтай юм. Яг энэ жанртаа, “Бодлын хулгайч”-ийг гүйцэх кино гарч иртэл амьдрана гэж л харж байна даа.
Дэлгэцийн бүтээлд тэр бүр хөндөөгүй сэдэв учраас урт амьдрах болов уу гэж л хараад байна?
Магадгүй. /инээв/
Д.Төрмөнх гуай монголын улстөр, эдийн засгийн сүүлийн 20 жилийн түүхийг харуулсан, их сонирхолтой олон ангит киноны зохиол бичиж байгаа гэсэн. Киноны гол дүрд нь та тоглоно гэл үү?
Энэ тухай хаанаас олж сонсов оо?
Харин сонслоо л доо. Тэгээд л асууж байна?
30 ангитай сериал “Wisdom film продакшн”-д захиалж хийлгэж байгаа юм. Одоо зохиол дээрээ явж байгаа. Тиймээс бэлэн болсон хойно нь л энэ тухай яръя. Би зохиолоо уншаагүй болохоор юу ярих билээ. Санал бол тавьсан.
Саналыг бол хүлээж авах нь тодорхой юм байна. Тийм үү?
Би тоглоно гэж бодож байгаа.
Ингэхэд жүжигчин Амараа бүтээсэн дүр шигээ алдаж, онож явсан гэсэн мэдээлэл гарсан байсан?
Харин тэгсэн байна лээ.
Хэцүү нэртэй газар орж, гарч байсан юм байна гэж ойлгосон л доо?
Намайг нэг сайт дээр “Амараа ойворгон, онгироо, овлигогүй зангаасаа болж олноос тусгаарлагдаж байсан” гээд бичсэн байсан. Тэгэхээр нь би одоо хэзээ орж байсан юм бол гэж сэтгүүлчээс нь асуух гэж утасдсан. Гэтэл миний өмнөөс “та өөрөө ярилцлага өгдөггүй биз дээ” гэсэн зүйл хэлсэн. Сэтгүүлчдийн ёс зүйгүй муухай зүйл л дээ. Сэтгүүлч таны асуусан асуултаар далимдуулаад хэлэхэд сэтгүүлч хүн ур чадвартай байж болно. Уран чадваргүй ч байж болно. Ес зүйтэй л байх ёстой шүү дээ. Үг болгоны ард хүний амьдрал явж байгаа. Надад муухай санагдсан.
Уучлаарай, таны гэргий мөн Ертөнцийн эзэнд итгэдэг үү?
Тийм. Бид хоёр чинь сүмд хуримласан шүү дээ.
Хэдэн онд вэ?
Би гэр бүлийнхээ тухай ярьмааргүй байна.

Бүтээж байгаа дүрүүд тань олны сэтгэлд хүрч байгааг таны авьяас чадвараас гадна төрхтэй чинь холбож ярих ёстой болов уу. Таны төрх их хүчирхэг, ширүүн юм шиг санагддаг. Төрхөөрөө бас үзэгчдийг татдаг байх аа?
Баярлалаа тэгж хэлсэнд. Сайхан төрүүлсэн, эрүүл энх өсгөсөн ээж аавдаа би их баярладаг юм. Миний аав бол дэндүү сайхан хүн байсан. Халхын сайхан Юндэн гөөгөө гэж миний аавыг л хэлэх байх гэж боддог. Аавын минь тухай, сайхан эр байсан гэж ярих олон хүнтэй таарч байлаа. Таньж мэдэхгүй олон ч хүнээс аавынхаа тухай сонсож ирсэн. Миний аав сайхан бие хаатай, сайхан царай зүстэй, халхын сайхан эр байлаа. Аав маань маш жудагтай, жинхэнэ монгол эрийн шинжийг бүрдүүлсэн эр хүн байсан юм. Би аав шигээ л болохыг чармайж явдаг хүн. Бага байхад хэнтэй адилхан болох вэ гэхэд өөр бусад нэр алдартай хүнтэй адилхан болно гэж хэлдэг байж. Харин он цаг өнгөрч, ухаан суух тусам аавтайгаа л адилхан эр болж, аавынхаа нэрийг өндөрт дуурсгаж явахыг чин сэтгэлээсээ хүсэх юм. Ер нь эцэг эхийгээ баярлуулж, үр хүүхдээ сайхан өсгөж, хүмүүжүүлж, сайн сайхан явахыг үзэх л хүний амьдралын гол утга учир байдаг юм байна.
Хүүгийнхээ бахархал болсон аав тань аль нутаг усны хүн бэ?
Манай аав Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат хүн байлаа. Насаараа тээврийн тэрэг барьсан хүн. Эрдэнэсант, Бүрэн, Лүнгээр, ерөөсөө халхын 21 аймагт миний аавыг андахгүй дээ.
Та айлын бага хүүхэд гэхээр ээж тань өндөр настай хүн байх?
Манай ээж Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Одоо 80 нас хүрч явна даа. Ээжийгээ 42 настай байхад би төрсөн юм.

Ээж нь хүүгээ дэлгэцээс харахаар сайхан байдаг байх. Аав нь мэнд сэрүүн байгаад бас хүүгээ харсан бол гэж боддог л байх даа?
Би дандаа тэгж боддог. Ээжтэйгээ дандаа л тэгж ярьдаг юм. Аав минь байсан бол ийм үед юу гэх байсан бол гэж... Аавыгаа амьд сэрүүн байсан бол хамгийн гоё машиныг нь унуулаад, нутаг усаар нь авч явах байсан гэж боддог юм. Би одоо найз нартаа “Эцэг эхийгээ хайрлаж байгаарай” гэж хэлдэг. Ээж, аавыгаа баярлуулаагүй хүн их хэцүү зовлонтой амьдралыг туулдаг юм байна лээ. Би олон жишээ мэднэ. Хүн эцэг, эхээ л баярлуулж, өргөж явах ёстой. Хүний эрхэм үүрэг байдаг бол ээж аавыгаа л баярлуулж явах ёстой юм байна лээ. Хүний адгуус амьтнаас ялгарах гол зүйл юу билээ. Ухамсар шүү дээ. Тэгвэл эцэг эхээ л хайрлах ёстой. Өнөөгийн нийгэмд янз бүрийн л юм сонсогдох юм даа.
Одоо бодоход аавыгаа хамгийн ихээр баярлуулсан үе хэзээ юм шиг байна?
Миний аав намайг 10 настай байхад өнгөрсөн юм. Би баримлын шавраар их сайн юм хийдэг хүүхэд байж. Пионерийн ордны баримлын дугуйланд явдаг байлаа. Багадаа аавдаа зориулж баримлаар морь хийгээд л өгөхөөр их баярланаа. Миний хүү ингэж хийж гээд л найзууддаа яриад л. Бүр хөргөгчинд хийж хадгалаад л, эсвэл тагтан дээр гаргаад л. Их нандин хандана шүү. /Инээв/
Тэгвэл нэлээд авьяаслаг барималч болохоор байжээ ...
Сүүлдээ томроод дуу хөгжим сонирхоод, тоглоомоо гээгээд өөр юм болоод явна шүү дээ. Насны онцлог юм даа.
Он гарахад хэдхэн хоног үлдэж. Шинэ жил дөхөхөөр л догдолдог мэдрэмж хэвээрээ биз дээ?
Хэвээрээ байлгүй яахав. Тэр мэдрэмж байхгүй бол маш утгагүй шүү дээ. Төрсөн өдрөөс илүү гоё баяр. Юун наадам, юун цагаан сар шүү дээ. Тийм биз дээ./инээв/
Нас нэгээр нэмэгдэж байгаа ч, шинэ болгон урд хүлээж байдаг болохоор тэгдэг болов уу?
Миний хувьд 2008, 2009, 2010, 2011 он гээд жил ирэх тусам шинэ шинэ үйл явдлаар дүүрэн байлаа.
Амжилтын шатаар өгсөж гэвэл та санал нийлэх үү?
Амжилт гэхээсээ илүүтэй миний бүтээлүүдийн хувьд шат ахиж байна л гэж ойлгох хэрэгтэй юм байна. Юуг амжилт гэдгийг би мэдэхгүй байна л даа. Ер нь бол амжилт бүтээл гэж ярьдаг шүү дээ. Амьдралын хувьд амжилттай байна уу байнаа байна.
Шинэ 2012 оноос та юу хүлээж байна вэ?
Би арван хоёр оноос маш их юм хүлээж байгаа. Арван хоёр онд сайхан уран бүтээлд тогломоор байна. Би сайн кинонд сайн тогломоор байна. Өшөө олон сайхан залуучуудтайгаа хамтарч ажилламаар байна, би. Тийм л сайхан зүйл хүлээж байна. Би чинь энгийн нэгэн жүжигчин хүн шүү дээ.
Таны дотор их эрч хүч байх шиг байнаа. Тэсч ядсан юм шиг. Тэгж л санагдлаа?
Амлаж бол чадахгүй байна. Төлөвлөсөн зүйлс олон байлгүй яахав. Ингэнэ, тэгнэ гэж нэг бүрчлэн тоочих хэмжээнд арай болоогүй байна. 2010 оны өдийд би “Бодлын хулгайч”-ийн тухай бардам ярьж байсан. Дараа жил ганцхан кино хийнэ. Би тэр киногоо тэгж хийнэ гэж ярьж байсан. Бүр киногоороо шатаж явсан. Жилийн өмнөхөө өнөөдөр харахад сайхан байна. Энэ жил маш гоё өнгөрч байна. Баярлалаа, 2011 он гэж хэлмээр байна.

Ингэхэд гэр бүлийн найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглэдэг үү?
Тийм. Найз нөхдөөрөө хийнэ. Байгууллагаараа мэдээж тэмдэглэнэ.
Хэдэн сайхан найзуудаа нэрлээч?
Би сая “Бодлын хулгайч” кинонд дотны найзтайгаа тоглолоо. Болдоогийн дүрд тоглосон Баясгалан гэж миний их сайхан дотны найз минь байна. Памбага гэж найз минь байгаа. ЭНЭШТ-ийн орлогч дарга Эрхэмбулган гээд миний маш дотны найз бий. Их дотны найз гэвэл гурав, дөрвөн найзаа нэрлэх байна. Уран бүтээлийн, ажил хэргийн гээд олон сайхан найзууд мэдээж байна.
Хүний мөс чанар гэдэг юмны өмнө эрх ашиг гэдэг ойлголт эрэмбэлэгдэх нь нийтлэг болж. Тэгээд л би таниас найзын тухай асуусан юм...
Монгол газар шороон дээр монгол эхээс мэндэлсэн хүний хувьд монгол залуусдаа хандаж хэлэхэд бид үндэсний ухамсартай байх ёстой. Эх орноо, газар шороогоо хайрлах хэрэгтэй. Энэ тал дээр би хэнбугайн ч өмнө дуугарч чадна. Би сая Израиль яваад ирлээ. Тэндээс авах ганц л юм байна. Тэр хүмүүс бие биедээ ямар их хайртай юм бэ. Израйлиас тэр их хайрыг би мэдэрлээ. Иудейчүүд олон жилийн дайн, хавчлага дор эх оронгүй байх ямар байдгийг бие сэтгэлээрээ туулаад үзчихсэн. Зовж байж Израйль гэж улсыг байгуулаад, нэг тэнгэрийн дор, нэгэн дээвэр дор амьдарч байгаа хүмүүс. Тиймээс бие биедээ маш их хайртай байдаг юм байна л даа. Бидэнд тэднээс сурах юм байна. Бие биедээ хайртай байх ёстой юм байна. Тэгэхээр бид эх орноо хайрлана. Бид хөгжинө. Хөгжил дэвшил гэдгийг техник технологийн хөгжил гэхээсээ илүү хүний хөгжил гэдгээр нь би ойлгодог. Өндөр байшин бариад л, компьютержих нь байх л юм. Угаасаа энэ урсгал энерциэрээ явж байгаа. Бид монгол хүнийхээ оюуны хөгжлийн тухай илүү тод ярьж, илүү бүтээлч зүйлийг хийх ёстой болов уу.
Чингис хаан яагаад тийм хүчтэй байсан юм бол гээд харахад хүнээ, цэргээ засчихсан байж. Монгол хүний ухамсрын төвшин бусад орныхоос маш өндөрт байсан учраас хүчирхэг байж. Өнөөгийн нийгэмд өөр байна. Кино театрт согтуу орж ирж байна гэдэг чинь ухамсар дорой байна. Автобусанд тамхи татаж байна гэдэг чинь ухамсар дорой байна. Ерөөсөө ухамсрын төвшин рүү чиглэсэн зүйл л хийх хэрэгтэй байна гэж би хардаг.
Та ер нь нэлээд нийгмийн идэвхи өндөр хүн юмаа?
Би нийгмийн идэвхитэй хүн. Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр гэж хэлдэг. Гэхдээ төрийн төлөө оготно боож үхэх ёстой юм. Нүүдэлчний генид байдаг амиа бодсон шинж чанар бидэнд байсаар байгаа. Гэтэл паалантай жорлонд суугаад хэдэн арван жил болж байгаа билээ. Суурин соёл иргэншилд нэвтрээд хэчнээн жил болж байгаа билээ. Тиймээс бид иргэнших хэрэгтэй. Нийгмээ утгаар нь байгуулах ёстой. Нөлөөлөх ёстой байна.
Залуус бид санаа нийлээд “Өгөх өдөр” гэдэг арга хэмжээг хоёр дахь жилдээ хийж байна. Удвал охиндоо эхлээд тусласан. Дараа нь бид киноныхоо орлогоос автобус авч “Өгөх өдөр”-өөрөө бэлэглэсэн. Гэтэл үүний хажуугаар шоучин хүмүүс их байх юм. Үүгээр шоудах гээд байгаа хүмүүс олон байна. Сонгууль дөхсөн үед тийм зүйл их гарах гээд байна. Бид өөрсдийн санаачилсан, нийгэмдээ хандсан үйлсээ цэвэр авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон нийтийн санаа бодол нэг л эргэх юм бол хүлээж авахаа болино шүү дээ. Тиймээс энэ сайхан залуучуудын нийгэмдээ хандсан хүсэл зоригийн илэрхийлэл болсон үйлсээ цэвэр нандин авч явах ёстой байна.
Миний хувьд усны төлөө юм хийе гэж бодож явдаг. Том голуудыг дагаад бүх соёл иргэншил үүссэн байдаг. Москва гол, Инд мөрөн гээд л. Шар мөрний эрэг дээр Хятадын том соёл иргэншил цогцолсон. Бидний хувьд Орхон Сэлэнгийн бэлчирээ дагаад, Хэрлэн мөрнийг дагаад Хэрэйд, Найманууд нутагласан байдаг шүү дээ. Гэтэл одоо гол ус маань ширгэж байгаад би эмзэглэж явдаг. Энэ крантнаас сүүлчийн дусал ус нь хэзээ дуслах бол гэж боддог юм.
Нээрээ Та ирээдүйгээс бичсэн захидлыг уншсан байх аа?
Тийм. Би өөрийнхөө хоолойгоор уншиж интернэтэд тавьж байсан. Би усны асуудал дээр их эмзэглэж явдаг юм. Уул уурхай усыг маш их ашигладаг. Манайх шиг гүний усаар машин угаадаг улс орон хаа ч байхгүй. Багадаа сэлдэг байсан Дунд гол маань байхгүй болчихлоо. Манайх чинь төв азийн тэгш өндөрлөг дээр байдаг. Бүх ус нь гадагшаагаа урсдаг тогтоцтой. Монгол руу урсдаг гол гэж байхгүй. Дэлхийн дулаарал явагдаж байна. Цөлжиж байна гэж байна. Усгүй байгаад ер нь яах юм бэ. Би сая “Алтан өргөө” киног дахиж үзлээ. Ямар мундаг кино вэ. Тэр киноны маш том философи байна. Хэсэг иргэд усгүй болчихоод Сүмбээгээсээ “ус авчирч өгөөч ээ. Оронд нь алт өгье өө” гэж гуйдаг. Тэгсэн мэргэн ардаас асуусан чинь голынхоо эхэнд оч гэдэг шүү дээ. Тэгээд очтол голынх нь эхэнд авдар шиг том алт дарчихсан байдаг. Энэ философи өнөөдөр монголд үүсээд байгаа нөхцөл байдлыг урьдчилж хэлсэн байна шүү дээ.
Урлаг нийгмээсээ түрүүлж явж байдаг гэдэг нь үүнээс харагдаж байна. Тэр голын эхийг алт дарчихсанаас болоод хүмүүс усгүй болчихсон үхэх гээд хэвтэж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өнөөгийн монгол улс тэр зам руу яваад эхэлчихсэн юм биш үү. Өнөөдөр бид уул уурхай, мөнгө босгоно гээд л байна. Дараа нь нөгөөдөхөө бариад гуйхад бидэнд ус өгөх хүн олдохгүй шүү.

Таны өмнө “шатаж” бүтээх олон дүр хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй, улстөрд орох боломж гарвал яах вэ?
Заавал улстөрд орж байж үүнийг хийхгүй шүү дээ. Хийх бололцоо бий. Би ингэж боддог юм. Кубын хувьсгал ч юм уу, Чан Кай Шигийн бослого ч юм уу, Манжийн уналт ч юм уу. Цэргийн эргэлтээр улстөрийн эрхийг авсан улс орнуудын төрийн мэдэл нь дандаа генералууд, хурандаа нарын гарт байдаг. Тэгсэн Монгол Улс ардчилсан тогтолцоог дайн байлдаан хийлгүйгээр, оготны хамраас цус гаргалгүй хийсэн нь нэг талаас бизнесмэнүүд төрд гарахад илүү боломж олгосон юм болов уу. Манай УИХ-ын гишүүдийг харж байхад ихэнх нь улстөрчид биш бизнесийн хүмүүс байдаг. Байх ёстой л доо. Заавал хуульч хүн парламентад суух ёсгүй гэж би боддог. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөл учраас байх ёстой. Гэхдээ тэдэнд хяналт тавьдаг ямар байгууллага нь байдаг юм. Тэр нь тэдний санаачилсан төслүүдийг хуулийн форматанд оруулж байх ёстой гэж би ойлгодог. Гэхдээ манайхны дийлэнхи нь бизнесийн ашиг сонирхол талаасаа ханддаг юм шиг. Хэсэг хугацааны дараа жинхэнэ улстөрийн бодлого боловсруулдаг, жинхэнэ амьдралын хөрсөн дээрээс гарч ирсэн улстөрчид төрд гарч ирэх байх гэж найддаг шүү.
Та ингэхэд эрхзүйч хүн шүү дээ. Мэргэжлээ хэр ашиглаж байна вэ?
Ашиглах гэхээр Ц.Нямдорж дарга их олон хууль зохиогоод ерөөсөө бололцоо өгөхгүй байна шүү дээ. /инээв/ Хуулийг баталчихаад 1 жил зургаан сар сурталчлах ёстой. Тэрний дараа энэ хууль яг тэднээс хэрэгжиж эхэлнэ гэх ёстой л юм шиг байна лээ. Гэтэл Увсаас гарсан жолооч Улаанбаатарт дөрөв хоногийн дараа ирэхэд дүрэм нь өөрчлөгдчихсөн. Торгуульж байх жишээтэй байх тохиолдол цөөнгүй байна шүү дээ. Бид үүндээ анхаарахгүй бол, хэсэг бүлэг нь хэсэг бүлгийнхээ эрх ашигт тохируулаад л хууль зохиогоод, өмнөхийг нь хүчингүй болгоод байх юм бол хэцүү. Гадны хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл байдлыг бий болгоно энэ тэр гэсэн ойлголт байхгүй болох биз.
Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.
Э.Болор
Сэтгэгдэл (14)