“Зүрх зогсохгүй” киноны нээлтнээс хоцорчихлоо хэмээн яарсаар кино театрын хаалгаар гүйн ороход зүрх минь хичнээн хурдан цохилж байв аа. Арай нээж эхлээгүй аж. Киноныхоо нээлтийг хийх гээд хүлээж зогсоо уран бүтээлчийн зүрх миний зүрхтэй яг л ижилхэн хэмээр цохилж байсан байх даа. Шинэхэн уран бүтээлчид сандраад зүрх нь хурдан хурдан цохилж байгаа даа гээд шал дэмий зүйл бодож амжив.
За энэ ч яахав олон киноны нээлтэнд очсон би энэ удаад бас ямар гээчийн нойр хүргэм, эсвэл байдаг л нэг гэмээр кино байх бол гэж нээлтийг нь хүлээнгээ дотроо голонгуй зогслоо. Бүр үзэх үү, байх уу гэж эргэлзсээр танхим руу оров. Сүртэй нээлт хийж сүр дуулиан дэгдээсэнгүй ганц хоёр хүн яриад тайзнаас бууцгаав.
Кино эхлэхэд цэргийн машинд ачигдаж яваа дөрвөн залуугийн дүрсийг харуулж тэр, зан байдал характерийг нь нэрнийх нь доор тодорхойлон харуулна.
Энэхүү кино эх орон, эх орны дархан хилээ манаж зогсоо хилчин цэргийн тухай өгүүлэхийг зорьсон аж.
Тэдгээр дөрвөн залуусыг Галт, Нэхийт, Нүдэн Бор, гэдэг бөгөөд Нүдэн Бороос бусад нь бүгдээрээ унаган хотынх. Их хотын амьдрал дунд зан ааш нь эвдэрч догшин хэрцгий болж, буруу замаар орох гэж яваа тэдгээр залуус нэг л өдөр хилийн цэргийн анги руу ачигдаж яваа нь энэ.
Машины бүхээг дотор харуул хоёр цэргийг доромжлон зүй бусаар авирлаж, хоорондоо марган зодолдож хилийн цэргийн анги хүртэл явган гүйх команд авснаар кино эхэлнэ. Эхлэлээсээ л сонирхол татчихлаа.
Аливаа юмны эхлэлийг сонирхолтой тавьчихвал цаашаа үзэгчдийг хөтөлчихдөг. Эдгээрээс дөрвөн залуугаас хамгийн сонирхолтой дүр бол Нүдэн бор, Нэхийт нарын дүр юм. Нэхийтийн дүрд Outlaw хамтлагийн дуучин Э.Арийн-Эрдэнэ тун ч давгүй тоглочихсон гэж үнэлмээр санагдлаа. Нэхийт жирийн л нэг айлын ганц хүү. Түүний төрсөн эцэг багад нас барснаар эх нь хойд эцэгтэй нь хамт амьдрах болсон. Тэр цагаас Нэхийт хойд эцэгтэйгээгээ таарч тохирдоггүйн улмаас гэр орноосоо дайждаг энгийн нэгэн хотын хөвгүүний дүр.
Ээжийнх нь төрсөн өдөр тохиож цэцэг авч ирж өгөхөд ээжийнх нь нүдийг хөхөртөл зодчихсон байх ба, хойд эцэг нь ээжийг нь үзэн ядах байдалтай төвөгшөөх маягаар харьцана. Нэхийт “аав минь байсан бол таны дуртай хоолыг хийж өгч байгаа даа” хэмээн ярихад хойд эцэг нь уурсаж “үхсэн юмаа яах гэж надад надад дандаа ярьж байх юм” гэж хашигчана. Энэ байдлыг харсан Нэхийт уурсаж сэрээгээр хойд эцгийн гарыг хатгаж ээждээ алгадуулан хөөгдөнө. Хүний амьдралын хувь заяаны тухай эмнгэнэлт дүр зураг эднийхээс харагдана.
Энэ киноны хамгийн хөгжилтэй инээд хүргэм, өхөөрдөм дүр бол Нүдэн Борын дүр. Тэрээр хөдөөний хүүхэд бөгөөд морь маландаа сайн эр. Байгаа байдал, дүр төрх нь хүмүүсийн инээдийг хүргэж хөгжөөх үүрэгтэйгээр орсон дүр болов уу. Ярьж буй яриа, үйлдэл нь хээв нэг хөдөөний хүний хөгжөөнтэй эвлэгхэн ярина. Хаа нэг адуу мал туучихдаг сайн эр юм билээ.
За тэгээд сүүлийн үеийн кинонуудад инээдмийн дүр бүтээж байнга шахуу үзэгдэж харагддаг Навчаа бас нэгэн сонирхолтой дүр бүтээжээ. Тэр энэхүү дүрээр эрс өөрчлөлт хийсэн гэж болно. Учир нь тэр инээдмийн биш гунигт дүрийн эзэн болжээ. Кино сонирхогчид түүнийг энэ кинонд тоглосон ч гэж бодоогүй нь ёстой л гэнэтийн зүйл байлаа. Навчаагийн нөхөр онц хилчин хүн байсан бөгөөд нас барсан нөхрийгөө мартаж чадахгүй сэтгэлийн шаналанд автаж хүнтэй суулгүй гуниглан гансрана.
Ээж нь багад нь нас барсан учраас тэр аав, дүү хоёрынхоо төлөө хилийн цэргүүдийн хоолыг хийж тогоочоор ажиллана их сургуульд сурдаг дүүгийнхээ төлбөрийг төлнө. Амьдралын төлөө тэмцсэн эгэл монгол бүсгүйн дүр аж. Сайн жүжигчний хувьд дүрээ сайн бүтээсэн гэж үнэлүүштэй байлаа.
Навчаагийн их сургуульд сурдаг дүү Ариу хилийн цэрэг дээр ирснээр Галттай дурлалцаж хайр сэтгэлийн холбоотой болно. Эх орон, хилийн цэргийн тухай өгүүлэх киног энэ хоёрын хайр дурлалаар бяцхан хачирлажээ. Бусад дүрийнхээ өмнөх амьдралыг нөхөн сануулж харуулсан атал Галтын өмнөх амьдрал кинонд ер тусаагүй байдаг.
Киноны гол дүрийн залууг буруу замаар будаа тээж халитарч яваа хүүхдүүд гэж өгүүлэх хэрнээ Галт өмнө нь ямар амьдралаар амьдарч байсныг нь өгүүлээгүй нь учир дутагдалтай. Нөгөө талаар Галтын хэрцгий ширүүн ааш кинон дээр барагтай л бол анзаарагдахгүй. Нөхөдтэйгөө маргалдахаас хэрэлдэхээс цаашгүй хэмжээнд түүний дүр тодорхойлогджээ.
Эх орны хилээр үнэт эдлэл, ховор бурхан гаргах гэсэн үйлдэл энэ киноны гол утга санааг зангидаж өгчээ. Монгол залуутай хуйвалдсан Хужаа хулгайн анчдад их хэмжээний мөнгө өгч хийлээр давуулахыг оролдоно. Хулгайн ан хийдэг дөрвөн залууг эсрэг дүр гэж тодорхойлоход арай буруудах биз ээ. Учир нь тэдгээр залуус хилээр алтан бурхан гаргахыг завдсан Хужаа болон монгол залууг “нухаж” орхиод бурхнаа нутгийн овоон дээр тахиж байгаа нь монгол хүний мөн чанартай туйлын холбоотой. Монгол хүний мөн чанарыг жаахан ч гэсэн харуулсан дүрүүд юм.
Энэхүү кино нь найруулга, зохиомжийн хувьд сайн болж чадсан ч зохиолын хувьд жаахан учир дутагдалтай санагдлаа. Гэхдээ зохиол бүхэлдээ гэсэн үг биш юм. Зохиолын төгсгөлд анчин дөрвөн залууг гол дүрийн дөрвөн залуутай эсрэгцүүлэн сөргүүлж, тэмцэлдүүлсэн явдал байсан юм.
Анчин залуусын толгойлогчийн охин үхлүүт өвчтэй хэвтэж байхад тэд мөнгөний төлөө хулгайн ан хийж яваа гэж ойлгогдож байв. Гэтэл киноны төгсгөлд гол дүрийн залуустай, анчид залуусыг хооронд нь буудалцуулж байгаа юм. Яагаад тэд хоорондоо дайсагнах ёстой гэж гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байгаа юм. Хилийн цэргүүд тэдгээр хүмүүсийг юун учиртай ямар монгол хүмүүс вэ гэдгийг нь мэдэхгүй байж буудах үйлдэл гаргаж байгаа нь утгагүй зүйл.
Хилийн цэргүүдийг хилээр бурхан гаргах гэж буй хужаа нартай тэмцэлдүүлсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Энэ нь буруу ч байж болно. Миний л бодол. Монгол орны үзэсгэлэнт байгаль, онгон дагшин газар нутгийг эр цэргүүд халуун цус, алтан амиараа хамгаалдгийг харуулж чаджээ. Шалдар булдар нийгмийн амьдралыг харуулсан кинонуудын хажууд утга санаа, харуулахыг зорьсон зүйл нь хувь илүү юмсанж. Эх орны дархан хил юунаас ч үнэтэй, эх орны зүрх хэзээ ч зогсохгүй гэдгийг та энэхүү киноноос ойлгох буй заа.
П.Урнаа
Сэтгэгдэл (3)