Авьяас билиг, ур чадвар, тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болсон “Дакар Ралли-2015” тэмцээнд Монгол Улсаас анх удаа Т2 автомашины ангилалд ОУХМ Н.Лхамаа оролцохоор боллоо. Өмнө нь “Дакар Ралли-2013”-т мотоциклийн төрлөөр ОУХМ Д.Болдбаатарын баг хамт олон оролцож байжээ. Харин энэ удаагийн тэмцээнд Н.Лхамаа 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр С.Шандор ахлагчтай Унгарын “Юнаки Сандландер” багтай хамтран “Land Cruiser-200” маркийн гурван машинтай оролцохоор болжээ.

Монголын талаас тэмцээнд орох машиныг далбааны өнгөөр будсан бөгөөд Монгол бичгээр Монгол Улсын төрийн дуулалыг машин дээр чимэглэж оруулж өгсөн нь Монголын авто спортыг дэлхийд таниулахад чиглэсэн. Улс орны нэр гарах учир их анхаарсан гэдгээ тамирчид маань хэллээ. Уг тэмцээнд оролцоход Унгарын баг машины зардлыг бүрэн дааж байгаа бол Монголын тамирчид өөрсдийн зардлаа даахаар болсон байна.

Таван хүний бүрэлдэхүүнтэй уг багийн жолоочоор Н.Лхамаа, чиглүүлэгчээр Б.Өдийхүү, Б.Сүрэндорж, Механикаар Б.Батболд, Ө.Бямбацогт нар оролцохоор болсон байна. Ирэх оны нэгдүгээр сарын 4-17-нд болох 36 дахь удаагийн “Дакар Ралли-2015”-д 56 улсаас мотоцикль, машин, ачааны машины гээд нийт 414 техник Аргентинаас-Боливи-Чили-Аргентин гэсэн маршрутаар 9200 км-т уралдана. Ийнхүү Монголын мото спортын тамирчид дэлхийн алдартай тамирчид өрсөлддөг мото спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорих нь ээ.









Т.Нямтогтох
Сэтгэгдэл байхгүй байна