“Өнөөдөр” кино “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Зохион байгуулалтаасаа эхлээд сонирхол татсан уг киноны нээлтэнд хүндтэй зочид цөөнгүй хүрэлцэн ирсэн байв. Адал явдалт, инээдмийн киноны найруулагчаар МУСТА Б.Тулгаа ажилласан бол зохиолыг нь Б.Буяндэлгэр бичжээ. Гол дүрд Д.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Д.Хосбаяр, Б.Батзаяа, Б.Баяржавхлан, Т.Оюун-Эрдэнэ нар тоглосон байна. Анхны үзэгчдийн сэтгэгдлийг сонсож байхад сэтгэл хангалуун байр байдалтай байсан юм. Ойрд инээдмийн ийм кино үзээгүй хүмүүсийн хувьд том бэлэг байсан гэж болно.
Товч агуулгыг нь цухас дурдвал: Дээд боловсролтой, оффис ажилтай Ананд нь өөртөө итгэлтэй, шоу цэнгээнд дуртай залуу бөгөөд нэгэн ням гарагийн оройг дотны найзуудтайгаа өнгөрүүлдэг. Хэтрүүлэн уусны маргааш өглөө нь ажилдаа хоцорч очин ажлаасаа халагдах болдог. Ананд үүнийг хүндээр хүлээн авч тухайн өдрийг мөн л найзуудтайгаа наргиж өнгөрүүлдэг. Гэтэл маргааш нь хэзээ ч төсөөлж байгаагүй үйл явдлуудтай учирдаг. Хайр дурлал, найз нөхөд, эдийн шунал, инээдэм бүхий үйл явдлаар арвин “Өнөөдөр” кино эхнээсээ төгсгөл хүртлээ таныг уйдаана гэж үгүй гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл (1)