Яг одоогоос жилийн өмнө “UFC” группийн захирал О.Амартүвшин, мисс Г.Гантуяа нарын нижгэр хурим болж ирсэн зочдын нүдийг орой дээр нь гаргасан билээ. Монголд ийм хурим болдог юм байна хэмээн ирсэн зочид уулга алдсан. Энэхүү нүсэр хуримын үеэр “Гранд” сэтгүүлд албан ёсны онцгой эрхтэйгээр сурвалжлага хийсэн юм. Тэгвэл тэдний хуримын ой өнөөдөр тохиож байгаа бөгөөд Монголын үлгэр жишээ болсон залуу хосууддаа аз жаргал хүсье.
Хуримын үеэр сүйт бүсгүй бие давхар байсан юм. Бүсгүй хүн бие давхар үедээ гоо үзэсгэлэнгийн туйлд хүрдэг гэдэг. Сүйт бүсгүй гайхалтай сайхан харагдаж байсан. Тэгвэл хосууд гэрлээд жилийнхээ ойн дээр дахин нэг шинэ хүнээ угтан авахаар сэтгэл догдлон хүлээж буй сайхан мэдээг "Гранд" сэтгүүл 11-р сарын дугаартаа анхлан дуулгасан.
Ингээд та бүхэнд одоогоос нэг жилийн өмнөх тэдний дуулиант хуримын сурвалжлагыг хүргэж байна.
Бизнесийн ертөнцийн өнгө төрх, мандан бадралыг шинэ цаг үеийн шижигнэсэн залуус тодорхойлж буй. Тэдний нэг “UFC” группийн захирал О.Амартүвшин үзэсгэлэнт гэргийтэйгээ хуримаа хийсэн сайхан үйл явдал цас бударсан энэ өдрүүдэд тохиов. Сүүлийн үед их хотын залуусыг тав тухтай орчин, үнийн дээд жишгийг тогтоосон байдлаараа эрхгүй татах болсон VLVT-д хосуудын баярт мөчийг гэрчлэхээр зочид хуран цугласан.
Үүдээр ороход цахирмаа, лили, сарнай тэргүүтэй Монголд төдийлөн түгээмэл биш цэцгүүд VLVT-ийг бүхэлд нь бүрхсэн байлаа. О.Амартүвшингийн найз, Бээжинд интерьер дизайны компанитай залуу өөрийн биеэр ирж шөнийн клубын зориулалттай танхимыг үлгэр мэт мөрөөдлийн хуримын өргөө болгон зассан нь энэ. Хурим хамаатан садан ураг төрлийн, О.Амартүвшин, мисс Г.Гантуяа нарын найзууд, бизнес, улс төр урлаг спортын салбарын ажил хэргийн түншүүдийн гэсэн хоёр хэсэгтэй байв.
Хуримын ерөнхий үйл ажиллагааг Гэрлэх ёслолын ордны экс дарга Х.Оюунчимэг хөтөлсөн нь зочдод эгээ л хуримын ордонд байгаа мэт тун онцгой сэтгэгдэл төрүүлж байв. Хуримын эхний хэсгийг МУСГЗ Ш.Ёолк, хоёрдугаар хэсгийг сүүлийн үед чадварлаг хөтлөлтөөрөө ялгарах болсон жүжигчин Э.Ууганбаяр, “Камертон”-ы Мээдээ хоёр хөтөлж зочдыг ёстой л доргиож байв. Барууны оддын хэв маягийг харуулах мэт бүх зүйл нь онцгой хуриманд дуулах хамтлаг дуучид ч онцгой байв. Ах дүү хамаатан садны хэсэгт МУГЖ Батсүх, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, МУГЖ С.Эрдэнэцэцэг тэргүүтэй зохиолын дууны ертөнцийн шилдгүүд ая дуугаа өргөв. Харин хоёр дахь хэсэгт МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлаг, МУГЖ Э.Амартүвшин, “Харанга” тэргүүтэй жинхэнэ “акул”-ууд ирсэн.
Мэдээж ийм баярт мөчийг оргилуун дарс, тансаг зэрэглэлийн дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тус клубын бараг нэрийн хуудас болох шахсан 30 саяын үнэтэй оргилуун дарсыг олон зочид тус бүр нэг нэгийг барьж байгаад буудуулсан нь шампанскаар бороо орох мэт сэтгэгдлийг төрүүлж байв.
VLVT-ийн аль л үнэтэй бүхэн зочдын ширээг дүүргэж байлаа. О.Амартүвшингийн үзэсгэлэнт гэргий хуримын үеэр нийт дөрвөн төрлийн хувцас өмссөн. Үлгэрийн гүнж мэт үзэсгэлэн төгс гэргийдээ бэлэг барих гэсэн О.Амартүвшингийн сэтгэлийг хуримын үйл ажиллагаа, нэг ширхэг цэцгийг ч байрлуулсан байдлаас харж болохоор байлаа.
Сүйт бүсгүй Г.Гантуяаг мисс гэдгээс нь өөр мэдээлэл төдийлөн байдаггүй. Тэгвэл энэ бүсгүй Европын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. Max Mall-д дэлгүүр ажиллуулахын зэрэгцээ найз нартайгаа хамтран “Гэгээн цацал” ТББ байгуулж нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж яваа аж. Сүйт хархүү О.Амартүвшинг чацарганыг хэрхэн брэнд болгосныг Монгол төдийгүй дэлхий дахин мэдэх болсон.
Түүний бизнесийн замнал цаашдаа барилгын салбарт үргэлжилж байгаа юм байна. Герман стандартын өндөр чанар бүхий барилгууд хотын өнгө үзэмжинд тодорхой орон зай эзэлж, “UFC” групп барилгын салбарт хөл тавьсныг илтгэх болсон. Залуу захирал энэ салбарт хөл тавихдаа зүгээр ч нэг хар хүчээр дайрсангүй. Хэсэг хугацаанд нам гүм байхдаа Австралид номын дуу сонсож, тархиа цэнэглээд иржээ. Мөн О.Амартүвшин Булган аймагт товхийсэн жуулчны баазтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ.
Алдаж онодог залуу нас тул О.Амартүвшин өмнө нь амьдралтай, хоёр хүүхэдтэй байсан талаар мэдээлэл хуримтай зэрэгцэн цацагдах болсон. Энэ талаар бид түүнээс тодруулга авсан юм. Анхны гэргий нь салаад олон жил болж байгаа бөгөөд хэдийнэ амьдралаа зохиогоод байгаа аж. Харин хоёр хүүхэд нь аав дээрээ өсөж байгаа юм билээ.
Ийнхүү Монголын ирээдүй болсон нэгэн сайхан хос албан ёсоор гал голомтоо бадраалаа. Шинэ үеийн бизнесмэнүүд дунд шилдэг менежерээр зүй ёсоор нэрлэгдэх болсон өсөх ирээдүйтэй залуу, үзэсгэлэнт мисс бүсгүй хоёрыг үнэхээр сайхан хос хэмээн хуримын зочид ам булаалдан шагшиж байсан. Хосууддаа “Гранд” сэтгүүлийн хамт олны зүгээс аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Б.Уян
Сэтгэгдэл (31)