Жорж Клуни гоонь эрийн амьдралаа үдэж, өндөр боловсролтой хуульч бүсгүй Амал Аламуддинтай гэрлэснийхээ дараагаар үр хүүхэдтэй болох талаар бодолхийлж эхэлжээ. Гэвч хосууд хүүхэд төрүүлэх биш харин эхлээд үрчилж авахыг хүсч буй гэнэ. Тиймээс Жорж Клунигийн гэр бүл ойрын хэдэн сард хамгийн их хямрал, дайн дажинтай байгаа улсаас хүүхэд үрчилж авах магадлал ихтэй гэж хэвлэлүүд таамаглах болжээ.

Мөн Жорж Клунигийн хурим дээр түүний хамгийн дотны анд гэгддэг Брэд Питт эхнэр Анжелина Жолигийнхоо хамт ирээгүй явдлыг ч хэвлэлийнхэн өөрсдийнхөөрөө тайлбарлаж эхлээд байна. Хэргийн учир нь Анжелина Жоли охид бүсгүйчүүдийн орь ганц үлгэр дууриалал байхыг хүсдэг, бүхнийг өөрийнхөө гар дор байлгахыг хичээдэг зантай нэгэн гэнэ. Гэтэл Жорж Клунигийн гэргий нь түүнээс мэдлэг боловсролын хувьд хавьгүй өндөр тул Анжелина түүний хажууд “боловсрол муутай, хар намтартай жүжигчин бүсгүй” гэсэн статустай харагдахыг хүсээгүй байж болох гэнэ.

Star Magazine “Хэрвээ Клуни байдаг л нэг бараан намтартай, хоосон толгойтой бүсгүйтэй гэрлэсэн бол Анжелинад тун аятайхан байх байсан биз. Учир нь Анжелина охид бүсгүйчүүдийн үлгэр дууриалал нь болсон эмэгтэй болохын тулд олон жил хичээсэн. Гэтэл Амаль түүний энэ бүх хичээл зүтгэлийг үгүй хийж, боловсролгүй энгийн нэгэн жүжигчин бүсгүйн дүрд эргүүлэн оруулчих гээд байгаа нь эвгүй санагдсан” гэж дүгнэн бичжээ.
Ямартай ч Питт, Клуни хоёр эхнэрүүдийнхээ зөрүүтэй байдлаас болоод нөхөрлөлдөө нэг хэсэгтээ завсарлага авсан гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна