Өнөөдрийн бяцхан үрс Монголын маань гэрэлт ирээдүй билээ. Тиймээс ч нялх бага хүүхдүүд хүнд өвчин зовлонд нэрвэгдэх явдал их байгаа нь дэндүү харамсалтай байдаг. Тэгвэл ирээдүй хойч үеэ гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдэн тэдэнд туслах аян өрнүүлж байна. Фэйсбүүк дэх “Залуусын мартагдашгүй намар” групп, “Залуусын давалгаа” ТББ, “Залуусын итгэл” групп зэрэг сайн дурын залуусын нэгдэл хамтран “Мөнх цохилох зүрх” сайн үйлсийн аянг эхлүүлсэн байна.
Уг аян нь зүрхний хүнд өвчин туссан М.Мөнххүслэн хүүгийн эмчилгээний зардлыг олоход чиглэгдсэн юм. М.Мөнххүслэн хүү 2 сартайгаасаа хойш зүрхний хүнд хавсарсан гажиг гэсэн оноштойгоор ЭНЭШТ-ийн байнгын хяналтанд байгаа юм. Тухайн үед монголд анхны гажиг гэж бүртгэгдсэн ба 4 сар амьдарна, эмчлэгдэх боломжгүй, найдваргүй гэж эмч нар хэлж байснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрчээ.

Ээж нь олон улсын томоохон эмнэлгүүдэд удаа дараа хандсны хүчинд Энэтхэг улсын Дели хотод байрлах “Макс” эмнэлэгт төгс хагалгаа хийх боломжтой гэсэн сайхан хариу хүлээж авчээ. Эмчилгээний нийт зардал 15,000 доллар буюу 30 сая төгрөг бөгөөд одоогийн байдлаар 12 сая 823 мянган төгрөгийг цуглуулаад байгаа аж.
Залуус М.Мөнххүслэн хүүгийн эмчилгээний бүтэн төлбөрийг олохын тулд дуучид, уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэн хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна. М.Мөнххүслэн хүү 11 сарын 24-ний өдөр эмчилгээндээ явах юм.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, С.Сэрчмаа, Б.Амархүү, “Sweetymotion”, “3 бүдүүн”, “Mixx” зэрэг 20 гаруй хамтлаг, дуучид оролцох юм байна.
Халуун сэтгэлт монгол түмнээсээ тусламж хүсч, сэтгэлийн аянд нэгдэн, М.Мөнххүслэн хүүд амьдрал бэлэглэхэд туслахыг хүсч байна. Тоглолт өнөөдөр буюу 14-ний 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох аж.

Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна