Цоохор даага жирийдгээрээ жирийнэ, Цолмон хүү мэрийдгээрээ мэрийнэ гэдэг шиг Төрийн соёрхолт Д.Болдын төө зайгүй төрсөн эгч Ж.Цолмон ёстой, мэрийж, хичээсээр хувийн амьдралаа нэгэнт төвхнүүлжээ. Манайхан фитнес бүү хэл турж, таргалах талаар ч бараг ойлголтгүй шахам явахад мань хүн “Хулан” төвөө ажиллуулж, хөрөнгө бэл гайгүй хэдэн хүүхнүүдийг хуйлруулж явсан цаг ерээд оны сүүл үе.
Өвөрмөц европ төрхтэйг хэлэх үү, ганц бие залуухан бүсгүйг хэлэх үү, бас ч гэж алдартай хүний үр сад Ж.Цолмон тухайн үедээ л Улаанбаатарын одуудын нэг байв. Харамсалтай нь нэг л өдөр бизнесийн санаагаа дунд сургуулийн багш, “Хулан” төвд нь явдаг байсан Цэнд-Аюуш хэмээх бүсгүйд алдаж, бараг л гудамжинд гарах нь халгүй, бүх зүйл нь уналтын байдалтай байж байгаад усанд хаясан чулуу шиг алга болсон санагдана. Удаа ч үгүй Солонгост харласан гэнэ, бүр болоогүй бөө удган болж, мэргэлж түргэлдэг болсон гэнэ гээд үнэн худал нь мэдэгдэхгүй шуугианууд гарсаар л байв. Энэ бүхний хариултыг зөвхөн Ж.Цолмон хатагтай өөрөө өгөх биз ээ.

Бидний олж мэдсэнээр Ж.Цолмон эх орондоо төвхнөсөн төдийгүй Хулан охин нь нас биед хүрч, нагац ах, Төрийн соёрхолтын гэргий Ж.Бямбажавынхаа салонд ажиллаж байгаа аж. Харин Ж.Цолмонгийн тухайд Солонгост хэдийнэ амьдрал зохиож амжсан бөгөөд өөрөөс нь дүүмэд насны нүдэнд дулаахан залуутай дэр нэгтгэсэн байна. Хар хүн нь Солонгост байдаг бөгөөд Ж.Цолмон хатагтай ресторан ажиллуулж байгаа сурагтай.




Б.Уян
Сэтгэгдэл (2)