Ж.Сэнгэдорж “Соёмбо”, “Омарын эрэлд”

-Ямар кино билээ?

-Омарын эрэлд. Сургуулийн голдуу хүүхдүүд, ээж аавтайгаа хөтлөлцөн кино театртай танилцах анхны аялалаа хийж буй багачууд “Соёмбо” кино театрт цуглажээ. Нээлтийн ажиллагаа болох “Тэнгис” рүү манай гэрэл зургийн багийнхан явсан бол би зориуд энд үзэхээр болсон нь энэ. Алга ташилт, магтаал, шагнал, цэцгэнд бялуурсан шинэ киноны нээлтийн ёслолын халуун уур амьсгалаас түр хөндийрч эгэл жирийн үзэгчдийн уур амьсгалыг мэдрэхээр шийдэв.

Ингэхэд яагаад ямар ч кино “Соёмбо”-д нээлтээ хийдэггүй юм бол? Эдний цэсийг харвал бусад театраас хэдийнэ буусан Монгол кинонууд байв. Хямдралтай өдөр таарсан тул билет 4000 төгрөг, тэр хэрээр үзэгчид олон байх шиг санагдлаа. Манай Омарын багийнхан танхимд суудлаа эзлэв.

-Сандлын дугаар нь хаана байгаа юм бол?

-Байдаггүй ш дээ. Цаанаас нь тоолчихдог юм. 1, 2, 3 ... таны суудал мөн байна.

Кино эхэллээ. Залхам урт реклам олон таван үггүй тун давгүй эхлэл. Багачууд голдуу үзэж байгаа тул байж ядан өндөлзөх байсан биз.

“ТВ Коктейль” хамтлагийн дөрөв дэх дэлгэцийн бүтээл “Омарын эрэлд”. Угийн кинонд хорхойсдог миний “Dracula untold”-ын дараа үзэж буй энэ 7 хоногийн хувьд хоёр дахь кино байлаа.

Киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажилласан. Түүний анхны инээдмийн дэлгэцийн уран бүтээл гэдгээрээ онцлог.

Харин энд суугаа үзэгчид найруулагчийн блицийг төдий л анзаарахгүй. Тэдэнд тэр тийм ч чухал биш бололтой. Ямар ч кино байсан хүлээн авахад бэлэн цайлган сэтгэлээр “цэнэглэгджээ”. Бага сургуульд ангиараа кино үзэхэд нэг иймэрхүү хөгжүүн дэврүүн сэтгэлтэй байдаг даа.

Омар ба шонхорын эрэлд

Товчхон өгүүлбээс, хоёр дээрэмчин мөрийтэй тоглож байсан нөхдүүдийн өрөөнд салютыг биеэрээ дүүрэн баглан орж бөмбөг хэмээн сүрдүүлж дээрэм хийнэ. Цоомоо, Өөскө хоёр толгойдоо шилэн оймс углан гарч ирэхэд хүүхдүүд нирхийтэл инээлдэв. Дээрэм яаж ийгээд амжилттай болсон боловч мань хоёр өөрсдөө ч мэдэлгүй Араб тоглоомчны Омар нэрт шувууг цүнхлээд явчихжээ.

Тэд дугуйгаар зугтан дээрэмчид машинаар араас нь элдсээр яалт ч үгүй нэг нь баригдав. Харин нөгөө нь товлосон зогсоолдоо ирж Шангрилагийн дээвэр дээр гарч дохио өгөхдөө тогонд цохиулан цүнхтэй мөнгөө шидэн ухаан алдана. Цонх цэвэрлэгээн дээр ажиллаж байсан 4 залуу тэрхүү цүнхийг олсноор үйл явдал өрнөнө.

Гэр хороололд нурах шахсан шавар тагзанд амьдардаг, амьдралдаа бүтэн хайрцаг тамхи авч татаж үзээгүй, хонхны баярын гуталнаасаа энэ олон жилийн турш салаагүй хувь хувьдаа ядуугийн “намтар”-тай 4 эр, тэдний нэг нь бяцхан охинтойгоо амьдардаг. Тэд яасан ч мөнгө үрж болохгүй, гэтэл цүнх дүүрэн доллар байгаад байдаг.

Сэжиг авахуулахгүй нь дээр гэж шийдэн 3 нь Солонгос явж толгойлогч Х.Баатархүү үлдэнэ. Золгүй хоёр дээрэмчин түүнийг олох үед сандарсандаа ухаан алдаж унаснаар кино “түгжигдэнэ”. Мөнгө хаана байгааг зөвхөн тэр л мэдэж байгаа тул дээрэмчид яалт ч үгүй охинтой нь хамт эмнэлэгт харж хандана. Харин манай 3 Солонгост Хорлоо /Н.Цэнд-Аюуш/ дээр очиж ажил хийн өдөр хоногийг өнгөрүүлнэ. Энэ хооронд Солонгос ахуй соёл үнэртсэн зураглал, хараар ажиллагсдын амьдралын зовлон, жаргал солбицон харагдана.

Б.Навчаа VS Л.Эрдэнэ-Очир

Дунд эргэм насны кинонд шигтгээ болох туслах дүр бүтээдэг эмэгтэй жүжигчин зөвхөн Б.Навчаа байсан цаг саяхан. Сүүлийн үеийн кинонууд болох “Сүүлчийн шөнө”, “Омарын эрэлд” дээр нэгэн шинэ хүн гарч ирсэн нь Л.Эрдэнэ-Очир. “Black box” театрт ганц хүний моно, абсурд постмодерн чиглэлийн жүжгийн дүрийг тун амжилттай “тултал” бүтээж буй энэ бүсгүй Б.Навчаатай эн зэрэгцэн гарч ирэв.

Маш богино хэсэгт үзэгдээд өнгөрөх боловч ийм дүрүүд эзэн нь сайн бол сэтгэлд үлддэг жамтай. “Омарын эрэлд”-д Б.Навчаа, Л.Эрдэнэ-Очир хоёр шигтгээ болж байв.

“ТВ Коктейль” хамтлагийнхан 2012 онд Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтран “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг тавихад Л.Эрдэнэ-Очирын он удаан жил завсарласан тайзны гараа эхэлсэн. Тиймдээ ч киноны багийнхантай ойр дөт байдаг бололтой. Ж.Сэнгэдоржийн “Лардьма”, “Үргээлэг”-т Б.Навчаа багагүй рольтой оролцсоноос үзэхэд хашир найруулагч дүр сонголтоо аргагүй л гярхай хийжээ. Ямартай ч үе насны өөр өөрийн онцлог өнгө төрхтэй хоёр бүсгүй дэлгэцийн урлагт эн тэнцүү гарч эхэллээ.

Гоо зүй ба гол санаа

Кино болгон өөр өөрийн уянга, үзэсгэлэн гоо дүртэй байдаг. “ТВ Коктейль”-ийн үзэсгэлэнт цэцэг Н.Цэнд-Аюуш “Намрын синдром”, “Мөнгөний гахай”-д гарснаас арай өөр байдлаар үзэгчидтэй уулзав. Гоёлын будалт, ганган даашинзгүй, Солонгост хараар ажилладаг дунд эргэм насны эмэгтэйн дүрийг тэр бүтээв. Нүүр будалтыг зориуд тэгж хийсэн үү, үнэхээр нас нь явсан уу тэр нэлээн оворжуу харагдаж байлаа.

Угаас энэ кинонд бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эротик сценгүй кино урлаг давсгүй хоолтой адил гэх амин чухал үзүүлэлтүүд онцын шаардлагагүй байлаа. Зохиолчийн нийгмийн дундаж давхаргын амьдралыг харуулах, тэдний ертөнцөд байдаг бодит үнэн тэр чигээрээ хошигнол болохыг мэдрүүлэх гэсэн үзэл санааг найруулагч тодотгожээ.

Тийм их мөнгө, багц багц доллар олчихоод Нарантуул дээр цайны газартай болох, шугамын микро авах мөрөөдлөө ярьж суугаа нь хүн бүрт нэгийг бодогдуулах шиг болсон. “Соёмбо”-ын үзэгчид дийлэнх нь ойр орчмын гэр хорооллоос ирсэн, дундаж давхаргынхан байсан тул тэдний амьдралд илүү ойр санагдав бололтой уур амьсгал халуухан байлаа.

Нээрээ тийм их мөнгө олсон бол бид яах байсан бол?

Ядуу хүн аяганыхаа хэрээр сэтгэдэг, баян хүн бэлчээрийнхээ хэрээр сэтгэдэг гэсэн Х.Баатархүүгийн ишлэлд киноны гол философи гарч байв.

Тус киноны продюссероор С.Жавхлан, жүжигчин Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан. Гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон.

Омарын эрэлд?

Ямартай ч мөнгө манай 4 залуугийн гарт үлдсэн. Гэр хорооллын буйдхан гудамжиндаа тэд цэцэрлэгээ нээж 4 хүүхэд дундаа нэг бялуутай нижгэр баяр тэмдэглэв. Ёстой “тансаг” төгсгөл. Бялуу тэгтлээ иддэггүй ховрын эд тул үзэгч хүүхдүүд шохоорхонгуй нүдээр харж байлаа. Аз жаргалтай төгсгөл хийх гэдэг чинь ийм энгийн зүйл байсан юмуу гэж эрхгүй бодогдов.

Тийм ээ, хүүхдийн инээд, эгэл амьдралын гялбаа, дундаж давхаргын амьдралын хамгийн жаргалтай, хамгийн гунигтай агшин дэлгэцэнд гаралгүй удсан байна шүү.

Яг үнэндээ бид Омарыг хайсангүй, дундаж давхаргын өнөөгийн нөхцөл байдлыг хайлаа, оллоо, үзлээ. Үнэн байдал, бодит амьдрал ийм л байна. Киноны багийнхан амьдралаас тасарчихаагүй хөрсөн дээрээ байгаа юм байна, баярлалаа.

Элдэв нэмэр хачир, өнгө будаггүй, эгэл амьдралын гялбаа, үнэн халуун сэтгэл, бидний баггүй төрх эрлийн эцэст тодорхой болов.

Та инээхгүй ч байж болно. Танд утгагүй тэнэг санагдаж болно. Дэлгэцэнд бодит амьдралаас тасарчихсан тансаг дүрслэлийг үзэгчид хүсэж болно. Гэхдээ энэ бол яг бидний дунд байгаа бодит амьдрал юм шүү.

Үнэн халуун сэтгэлтэй үзэгчидтэй хамт “Омарын эрэлд” гарсандаа би ч олзуурхав.

“Соёмбо” карт уншдаггүй, сандлын дугааргүй байнга зочилдог театруудтай харьцуулахад талбай багатай ч гэсэн үзэгчид нь үнэхээр чин сэтгэлээсээ юм билээ. Дараа дараагийн Монгол кинонуудаас нэг нь ч гэсэн тэнд нээлтээ хийвэл бас л өөр мэдрэмж байх байх шүү, уран бүтээлчдээ!

Кино дууслаа. Гэр бүлээрээ яваа хосууд “Хаана хоолонд орох вэ? Шөлөн Дө, эсвэл яадаг юм, Солонгос хоол” идэх үү гэж хоорондоо ярилцан гарч байв. Нээрээ “Шөлөн Дө” дажгүй нь ч дажгүй байх шүү гэж бодогдон би ч бас тийшээ зүглэлээ.

“Омарын эрэл” театруудад үргэлжилж байна.

 

У.Цахирмаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • neree vnen bich
    Ene dandaa mongo awch bichix yumaa ichdgvi xvvxen setgvvlchiin ner gutaasan. Jinxen xvvxdiin kino l bna lee bolioch
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Энэ цахирмаа гэж улаан менгений сэтгvvлч байнаа болиочээ ийм хог бичихээ
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Fghjjdskko
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025