Оточ манранба дээд сургуулийн гүйцэтгэх захирал Ж.Одонцэцэг:
Уламжлалт анагаах ухаанд нэг л гайхалтай зүйл байдаг тэр нь Буддын шашны давхар судалдагт оршдог. Эрүүл мэндээ хэрхэн сахин хамгаалахаа мэдэхээс гадна шашны ухааныг нэвтэрхий судалсан нэгэн гайхалтай хатагтай миний өмнө сууж байлаа. Түүний яриаг сонсоход монгол Жангум гэж тодотгосон ч болохоор юм гэсэн бодол төрж байна. Ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийж ард олны энхийн манаад амьдралынхаа хориод жилийг зориулсан Ж.Одонцэцэг хатагтай манай энэ дугаарт уригдлаа. Оточ Манранба дээд сургууль, Манба дацан эмнэлэг, Манба дацан хийдийг монгол төдийгүй дэлхийд андахгүй мэдэх болжээ. Солонгос кино нь дээр хардаг уламжлалт анагаах ухааны нарийн нандин зүйлс гайхамшигт эмчилгээ манайд өргөн дэлгэр хөгжсөн он удаан жилийн түүхтэйг тэрээр онцолсон.
-Та уламжлалт анагаах ухааны чиглэлээр 19 жил тасралтгүй ажилласан хүн. Манайд боловсон эмнэлэг хүчээ аваад энэ чиглэлээр эмчилгээ төдийлөн хүчээ авахгүй байх шиг. Солонгос кино, Жангум дээр ч юмуу уламжлалт анагаах ухаанаа айхтар рекламддаг. Уг нь манайх тэднээс дутамгүй л санагдах юм?
-Монголын уламжлалт ангаах ухааныг 5000 жилийн түүхтэй гэж үздэг. Дэлхий дахинд олон оронд уламжлалт анагаах ухаан байдаг ч гэсэн монголын уламжлалт ангаах ухаан бүр тогтсон, өөрийн гсэн учир шалтгаан, нотолгоо, онол, практиктай үр дүн нь танигдсан, өөрийн оронд төдийгүй гадаад оронд танигдсан. 16-р зууны үед хөгжлийнхөө оргил үед явж байсан. Яагаад гэхлээр ганцаараа эрчимтэй хөгжиж Монголын уламжлалт ангаах ухааны шаталсан сургалт явагдаж байсан юм. Эхлээд суурь ухааныг судална. Энэ нь Төвдийн 5 их ухааны нэг. Суурь боловсрол гэж үзээд 5 настайгаас нь бичиг үсэг заалгаад 16 хүрэнгүүт нь анагаах ухааны эмч болох сонирхолтой хүүхдүүдийг 7 жил бэлддэг байсан. Их эмчийн зэрэгт дөхөөд тэрний дараа маарамбын сургалтанд хамрагдан /одоогийнхоор Ph.D.сур/ 3-5 жил судалж дахиад онол практикаа судалж маарамбын дамжаанд дээд зэргэлийн эмч болдог байсан.
Тухайн үед монголын эрүүл мэндийн салбар одоогийнх шиг шатлалаар үйлчилддэг байсан. Өрхийн эмч өрхийн эмнэлэг байсан. Сургалтаа явуулаад шалгалт өгч хүн эмчлэх эрхээ авч маарамбийн дамжаанд сууж Мамбадацанд ордог. Энэ нь эмчийн төв гэсэн утга л даа. 16-р зуунд тогтсон дэг жаяг ийм нарийн байлаа. Түүхэнд Төвдөд олон төрлийн эмч нар цуглаад онол, практик солилцох олон улсын сургалт болдог талаар тэмдэглэгдэж үлдсэн байдаг.
-Одоогийн манай уламжлалт эмнэлгийн салбарын талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Хэдэн эмч байдаг юм, жилд хэдэн эмч бэлтгэгдэж байна. Гадаад дотоодод энэ чиглэлээр ажиллаж буй чадварлаг эмч нар хэр олон байна?
-Уламжлалт анагаах ухааныг 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед албан ёсоор хорих шийдвэр гарсан. Энэ үе уламжлалт ангаах ухааны доройтлын үе байсан. Гэсэн ч ард түмэн олон мянган жил хэрэглэж бараг мах цусанд нь шингэсэн энэ ангаах ухаанаа хэрэглэсээр байсан. Эрдэмтэд нууцаар өөрсдийн уламжлалт анагаах ухаанаа зааж ирсэн. Улалмжлалт эмчилгээг багшаас шавь руу уламжилж авдаг ёстой. Тэр үүднээс энэ хүртэл ямартай ч баларчихалгүй явж иржээ.
1990 онд ардчилалын үед уламжлалт анагаах ухааныг төрөөс хүлээн зөвшөөрсөн. Тэр үед хамба лам Нацагдорж /Одонцэцэгийн гэр бүлийн хүн. сурв/ Өөрөө 1970-аад оноос багш шавийн аргаар суралцаж, Шашны их сургуульд суралцаад Энэтхэгт үргэлжлүүлэн суралцаж 1990 онд төгсөж ирсэн. Монголд урамжлалт ангаах ухааныг төрийн бодлогоор дэмжин хөгжүүлэх гэж байсан учраас Мамбадацан төвийн эх үүсвэр тавигдаж шинээр байгуулсан түүхтэй.
Оточ маарамба дээд сургууль бол уламжлалт анагаах ухааны анхны дээд сургууль. Манай Мамбадацан эмнэлэг уламжлалт ангаах ухааны хувийн хэвшлийн анхны эмнэлэг. Оточ маарамба дээд сургууль гэсэн 1991 онд байгуулагдсан энэ чиглэлийн анхны дээд сургууль. Одоогоор монголд уламжлалтын 4 дээд сургууль Бид 24 дэх хичээлийн жилдээ үйл ажилгаагаа явуулж байна.
Миний хувьд сургуулийнхаа анхны 10 төгсөгчийн нэг. Манай төгсөгчид эрдмийн зэрэг цолтой сайхан явж байна. Манай ангийнхан дунд Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа байна. Нэрлээд байвал олон чадварлаг эмч нар гарсан. Бид эмч болох сонирхолдоо хөтлөгдөн анхны дээд сургууль болохоор их сонирхож конкурс өгч орж ирсэн. Эмчийн ёс зүй, уламжлалт ангаах ухааныг үзэж байх явцад өөрийн эрхгүй ном нь хөтлөөд явж байсан. Манай сургуульд орсон оюутнууд бүгдээрээ эмч болно гэж ороод анагаах ухааны мөн чанар, буддын логик гүн ухаан холилдож явдаг болохоор эмч хүний сэтгэл ямар байх, үзэл бодол ямар байх, эмч өөрөө яаж эрүүл байж өвчтөнг эмчлэх, өвчтөнтэй яаж харьцах уу гэхчлэн дандаа энэрэн нигүүлсэх үзэлтэй холбогддог.
Би онолыг 20-иод жил судалж хэд хэдэн ном бичсэн. Судлах явцад буддын гүн ухаан, урлахуйн гүн ухаан руугаа ч орж байна. Хүний биеийн бүтэц зүй үзлээ гэхэд маш нарийн, анатомыг давхар судалдаг. Уламжлалын судас шөрмөс бид нарын биеийн үйл ажиллагаа эрүүл байна уу үйл ажилгааг маш нарын үзнэ. Урлахуйн гүн ухаантай холбогдоно. Энийг дойгур гэж ярьдаг. Бага ухаан бүжиглэх, янз бүрийн эрүүл иогийн хөдөлгөөн. Зурхайн ухаантай анагаах ухаан маш их холбоотой. Био хэмнэл жил ус, гадаад дотоод сав шимийн био хэмнэлийг судална. Тал тал тийшээгээ холбогддог. Би ухаандаа бөөрний эмч гэхэд 2 бөөрийг судлахгүй. Хүний биеийг цогцоор нь судлаад ахиад суурь ухаан, сав шимийг судлаад бидэнд ерөөсөө уйдах ч гансрах зүйл байдаггүй.
-Энэ хугацаанд танай сургуулийг хэдэн оюутан төгссөн бэ?
- 300 гаруй оюутанууд төгссөн.
-Ер нь цөөн тоогоор оюутан авдаг юм байна. Магадгүй тоо биш чанар чухал гэж үздэг байх?
-Бид эхлээд цөөн тоогоор авч байсан. Эхний 2 жил хасалт хийдэг л дээ. Хүүхдүүд хичээлээ дийлэхгүй тохиолдол бий. Анагаах ухаан гэдэг өдөржин шөнөжин судална, оюуны чадавхи, биеийн чадавхи шаарддаг. Өөрөө эрүүл байх шаардлагатай. Би 20 жил судлаад эмч, багш болчихлоо гээд хойш тавьдаггүй. Судлах ёстой өшөө илүү нарийн зүйлүүд гарч ирдэг.
-Эмнэлэгийнхээ талаар мэдээлэл өгвөл. Танайхаас төгссөн оюутнууд голдуу ажилладаг уу. Гадаадаас уламжлалтын чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүд ирж туршлага бас солилцдог байх?
-Бид уламжлалт анагаах ухаанаар дагнаж эмчилдэг. Маш яаралтай хагалгаа хийх шаардлагатай үед зохих эмнэлэгт нь өвчтнөө илгээдэг. Энд ажиллаж байгаа эмч нар бүгд манай сургуулийг төгссөн. Манай анхны төгсөгчид гэхэд 20 жилийн турш мэргэшин эмч болсон байна гэдэг утгаараа туршлагатай, өндөр ур чадвартай. Үйлчлүүлж байгаа хүмүүс уламжлалт анагаах ухааны оношлогоо маш найдвартай гэж ам сайтай байдаг. Би уламжлалт анагаах ухааны оношлогооны чиглэлээр судалгааны ажил хийж, хичээл зааж, практик дээр хүмүүс оношилж байсан. Үнэхээр гайхалтай нарийн оношлогооны арга байдаг.
-Одоо нийгэмд тулгамдаад байгаа хэдэн төрлийн өвчин байна вэ. Танай дээр ирдэг өвчтнүүдээс ихэвчлэн ямар зовиур давамгайлж байна?
-Элэг, зүрх, хоол боловсруулах замын өвчнүүд түгээмэл байна. Улирал улирлаар бас өөр. Өвөл уушигны, элэгний үрэвсэл, бөөрний үрэвсэл их байна. Хавдараар өвчлөх тохиолдол ихсэх болж. Бид эмч нар, оюутнууддаа байнга хэлдэг. Өвчилсөн хойно нь ямар хэцүү юм бэ гэхээсээ илүү өвчиллөөс сэргийлэх тал дээр түлхүү ажиллах талаар хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Бид урдчилан сэргийлэх тал дээр маш анхаарал тавьдаг. Гадаадаас ирж эмчлүүлдэг өвчтөнүүд ч олон байна. Гадаадаас ирж байгаа хүмүүс эрүүл амьдрах, өвчнөөс урдчилан сэргийлэх тал дээрээ маш их анхаардаг юм билээ. Нэг л өвчинтэй ирдэг ч юмуу. Манайхан болохоор таван цул, арьсны өвчинтэй гэхчлэн олон зовиуртай. Нэг өвчнийг нь эмчилж байтал алга болчихно. Өөрсдөө хариуцлагагүй байна. Эмч ч гэсэн эхлээд өөрөө эрүүл байж байж өрөөлийн биеийг эмчилнэ. Анхнаасаа л өөртөө анхаарал тавьж ужиграхаас нь өмнө тордох хэрэгтэй.
-Та уламжлалт анагаах ухаан, буддын ухааныг гүнзгий судалжээ. Ингэхэд хүний хамгийн энгийн эрүүл амьдрах зарчим юу вэ?
-Ер нь уламжлалт анагаах ухаан гэдэг нь өвчний шалтгаан, нөхцөл гэсэн хоёр ойлголт яриад байдаг. Өвчний шалтгааныг сэтгэлтэй хамт тайлбарладаг. Өвчний нөхцлийг болохоор гадаад орчин нөхцөлтэй холбож тайлбарладаг. Нөхцлийн өмнө шалтгаан тавигдана. Шалтгаан юу юм гэхээр муу сэтгэл. Хүнд 84 мянган муу сэтгэл байна гэж үздэг. Тэр 84 мянган муу сэтгэлийг хурааж хумих юм бол үндсэн 3 муу сэтгэлд хүрч байна. Тэр гурван муу сэтгэл юу юм гэхээр хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг. Энийгээ өөрөөсөө их хайх хэрэгтэй. Хайгаад олчихлоо, олно гэдэг их чухал. Мэдчихсэн бол арилгая, энийг больё гэсэн тэвчээр үйлдэл их чухал. Сэтгэл гэдэг хийн мөн чанартай гэж үздэг. Хүний бие таван махбодийн мөн чанартай. Сэтгэлийн махбодь хямраад ирэнгүүт биеийн махбодийг хямраагаад байдаг. Эрүүл амьдрах хамгийн чухал зүйл бол сэтгэл. Дөрвөн улиралдаа зөв зохистой хувцаслаж, хоол хүнсээ тааруулж, нойроо яаж зохицуулах вэ гэдэг хамгийн энгийн зүйлээс бүх юм эхэлнэ. Улирал, хоол унд, явдал мөр, адын мөр гэж нөхцөл байна. Энэ нөхцлүүдэд өртөхгүй байх хэрэгтэй.
-Та мэргэжлээрээ 20 жил ажилласан насны хувьд гунхах нас биш атал илүүдэл жингүй, оворгүй, үнэхээр сайхан харагдаж байна. Уламжлалт анагаах ухаан, анатоми нэвт шувт судалсны нэг давуу тал уу. Энэ дашрамд манай бүсгүйчүүдэд гоо сайхны нууцаасаа хуваалцаач?
-Ер нь бол өдөр тутмын дэглэм байгаа. Нойр биохэмнэлээ алдахгүй байхыг хичээдэг. Шөнө дандаа ном уншдаг. Ямар ч байсан өдөрт дор хаяж 5 цаг унтах хэрэгтэй гэж боддог. Яг унтья гэсэн цагтаа унтаж чаддаг болсон. Өдрийн ажлаа бодохгүй, янз бүрийн сэтгэл зовоох асуудал зөндөө байна. Тийм зүйлүүдийг бодохгүй яг унтья гэсэн цагтаа унтдаг далд зуршилтай болсон.
-Бүр яасан ч унтаж чадахгүй байна гэх хүмүүс байдаг. Залуучууд хүртэл нойр хүрэхгүй байна гэдэг шүү дээ. Та яаж ийм дадалтай болов оо?
-Сэтгэлээ тогтоох аргад суралцана л даа. Ажиглаад байхад интернэт, фэйсбүүкт ордог хүүхдүүдийн биохэмнэл алдаад байгаа. Би сурчихсан гэж хэлдэг. Чи сурчихсан ч гэсэн энэ гадаад сав ертөнц өөрийнхөө био хэмнэлээр яваад байдаг. Тэрийг л дага. Ерөнхийдөө би 6,30-7,30 хооронд босдог. Тэгээд хөдөлгөөнийг их чухалчилдаг. Би өдөртөө их гүйдэг. Сая эмнэлэг рүүгээ ирээд иишээ ч ороод тйишээ ч ороод. Хүн дуудаж суухаасаа илүү өөрөө гүйж очдог ч юмуу. Яг тогтсон биеийн тамирын зөв хөдөлгөөнийг 7 хоногт 3 удаа 1, 1 цагаар хийдэг. Би йогийн дасгал хийдэг байсан. Одоо Дашлхагва багш дээр балетаар хичээллэж байгаа.
-Хоолны тал дээр ямар диет баримталдаг вэ?
-Хоолыг их сайн сонгож иднэ. Би өглөө сүүтэй цай эсвэл зөгийн балтай ус ууна. Хуурай идэх юм эсвэл өндөг ч юмуу зөвхөн өл тайлах төдий бага хэмжээгээр иддэг. Өглөө өлөн гардаггүй. Манай номон дээр өглөө өлөн байхдаа бие, хэл, сэтгэлийн хөөрлийг хийж болохгүй гээд байж байгаа. Заавал өл тайлах хэрэгтэй. Идэж уух юм байхгүй ч гэсэн ус уугаад гарах хэрэгтэй. Зөгийн бал ходоодны галын илчийг сайжруулдаг. Гэхдээ манай гэр бүлийн хүн сүүтэй цай уудаг учраас өглөө хамтдаа уудаг. Өдөр бол тогоочийнхоо хийсэн хоолыг л иднэ дээ. Тэгээд орой бол бас жоохон л юм иднэ. Гол баримталдаг зүйл бол хуурсан, шарсан юм идэхгүй. Манай гэрийнхэн даршилсан нөөшилсөн зүйл, хиам иддэггүй, хийжүүлсэн ундаа уудаггүй. Манай гэр бүл хонины мах л хэрэглэнэ. Уламжлалт ангаах ухаанд хонины махыг хий дарна, хөгшрөлтөөс өрөвслөөс сэргийлнэ гэсэн онол байдаг.
-Гахай тахианы мах гээд хошуурдаг болчихлоо. Яг хүний биед хэрэгтэй гайхамшигтай нь юунд байна. Та уламжлалт анагаах ухааныхаа үүднээс тайлбарлаач?
-Тахианы мах бол ер нь онцгүй дээ. Яг манай номонд тахианы махыг хөнгөн чанартай, хүсэл тачаалыг бадруулна гэж бичсэн байдаг. Өөрөө нэг тиймэрхүү амьтан шүү дээ, тахиа. Гахайны мах бол эмчилгээний тал байгаа. Тэр нь болохоор ходоодны өвчинд сайн. Гэхдээ өөх нь бол бадганыг хөдөлгөнө, таргалалт үүсгэнэ. Бид үздэг номтойгоо холбогдоод гахайны мах идэх тийм юм байхгүй.
-Монгол хүний биед хамгийн сайн зохицдог хоол хонины мах юм байна. Адууны махыг залуужуулна гэдэг энэ ямар учиртай юм бол?
-Адууны мах хийг дарах чадалтай. Хүний нас ахих тусам хий махбодь ихэсдэг. Хүн байнгын хий махбодь ихсээд яваад байвал наснаасаа эрт хөгширдөг. Хий шар бадганы билэг чанарын тэнцвэрийг олж авах хэрэгтэй. Адууны мах тэр тал дээрээ сайн.
-Таны гэр бүлийн хүн Нацагдорж хамба уламжлалт анагаах ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж яваа. Нэг салбарт ажилладаг, гарсан ч орсон ч хамтдаа байдаг бололтой. Та хоёр анх яаж танилцаж байсан бэ?
-Бид нэг дор 24 жилийн турш хамт ажилаж байна даа. Ажилдаа ч хамт амьдралдаа ч хамт явна даа. Манай нөхөр намайг бүүр жаахан байхаас манай гэр бүлийг таньдаг байсан. Анх уулзсан нь ч бас их сонин. Би багадаа гимнастикаар хичээлэдэг байсан. Нэг удаа бэртэл аваад нөхөр дээрээ эмчлүүлж байсан. Тэгж л танилцаж байсан. Манайх 2 хүүхэдтэй. Манай том охин энэ сургуулийн хоёрдугаар курс.
-Гэр бүлээрээ эмч болох юм байна. Яагаад энэ салбарт оруулах болов?
-Ном үзээд яваандаа буддизмд оруулсан нь дээр гэж бодсон. Яагаад гэвэл амьдралаа өөрийн хүчээр аваад явах янз бүрийн асуудлыг сэтгэлийн хүчээр даван туулах болно. Эмчийн мэргэжил эзэмшээд буддизмтай хавсраад сурсан тохиолдолд сэтгэлээрээ бүүр доошоо орохгүй. муу юм хийхгүй, залхуурахгүй хичээл зүтгэлтэй болдог. Оюутнуудаа харахад бүгд тийм. Ерөнхийдөө буддын ухааныг эзэмших юм бол хүн амьдралдаа муу явахгүй гэж боддог л доо
Гэр бүл гэдэг ойлголтыг та өөрийнхөө өнцгөөс амьдралд төлөвшсөн, туулсан хүний хувьд тодорхойлооч. Орчин үед гэр бүл салалт хэвийн үзэгдэл боллоо. Эмэгтэй хүний нуруун дээр гэр бүлийн ачааны дийлэнх хувь нь явдаг гэдэг. Таны хувьд энэ амьдралд ямар сэтгэл, ухаанаар хандаж байна?
-Би 21 насандаа айл гэрийн эзэгтэй болоод 23-н жил амьдарч байна. Тэр үед ээж надад захиж байсан үгийг би одоо ч санадаг. Миний охин чи өөрийн сэтгэлтэй хүнтэйгээ хамт явж байна, сайхан байна. Гэхдээ хэрвээ чи энэ хүнтэй насаараа амьдрах юм бол чамд их тэвчээр, ухаан хэрэгтэй. Ухаан тэвчээр хоёроо л ашигла, тэгвэл чи насаараа энэ хүнтэй амьдарна гэж хэлсэн.
Энэ хугацаанд ном үзлээ, амьдарлыг өөрөө тууллаа. Номын ухаанаар, амьдралын ухаанаар харсан гэр бүл ямар шүтэн барилдлага юм гэхээр олон торлосон шалтгаан нөхцлүүд бүрдэж байж эхнэр, нөхөр болж байна. Ямар нэгэн таагүй зүйл амьдралд тохиолдлоо гэхэд тэр шалтгаанаар салж болохгүй. Нэг удаа салчихлаа, үр хүүхэд тэр үед ойлголоо гэхэд хүүхдүүд удам угсаагаа ярихдаа салсан гэж ярих яав ч таатай биш. Тэвчээд өнгөрчих юман дээр тэвчилгүйгээр үр хүүхдээ хохироож байна.
Би нэг найзыгаа бодоход надад эргэн тойрны бүх зүйл нь давхар бодогдоно. Жаргал, Жаргалын нөхөр тэдний гэр бүл гэж бодонгуут хэрвээ тэр хоёр салчих юм бол миний сэтгэлд бодоход хүртэл эвгүй. Ер хайр гэдэг ойлголтыг хүсэл тачаалтай хольж ойлгож болохгүй л дээ. Хэн ч гэсэн алдаа хийдэг, хүнийг өмчилж болохгүй. Би багш, эмч, ээж болсон ч гэсэн энэ 7 хоногт ингэнэ тэгнэ гэж төлөвлөсөн мөртлөө бодолдоо хүрэхгүй, өөр зүйл хийчихсэн л байдаг. Би өөрөө алдаа гаргачихдаг байж яагаад тэр хүний алдааг уучилж болдоггүй юм. Би өөртөө амалснаа биелүүлэхгүй байж өөр хүний амлалтыг яагаад шаардаад байгаа юм. Гэр бүлд тэвчээр хэрэгтэй, хүнийг уучлах сэтгэл хэрэгтэй. Эр нөхөр чинь алдаа гаргасан байлаа гэхэд тэрэнд ямар нэгэн шууд болон шууд бус аргаар туслах хэрэгтэй.
-Аз жаргал гэдгийг та ер нь юу гэж ойлгож байна. Хүмүүс салалт хйисэн ч гэсэн би аз жаргалынхаа төлөө дахин дуралсан, болохгүй болоод л араар тавьчихлаа. Миний аз жаргал чухал, би жаргалтэй амьдармаар байна гэдэг. Хүн болгон л аз жаргалдаа хүрэх гээд өөр өөрийнхөөрөө алхам хийж байна. Таны бодлоор аз жаргал?
-Хүний амьдралд шалтгаангүй зовлонгууд байна. Үхэл хагацал, өвчин, өтлөлт хөгшрөлт гээд тоочоод барагдахгүй. Би амьд байгаа нь аз жаргал. Би өөрийнхөө хүссэн зорьсон юмыг биелүүлж хэн нэгэнд туслаад, хэн нэгэн намайг хайгаад тус хүлээж байна. Би хүнд хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч байгаа яг энэ мөч аз жаргалын үндэс гэж боддог. Идэж уугаад өмсөж зүүх ч хэмжээтэй. Өнөөдөр аягүй өлсөөд зовоод байгаа бол сайхан хоол авч идлээ. Цадчихсан байхад нэмээд идвэл ахиад тэр нь зовлон болно. Идэх нь жаргал байж байгаад зовлон болдог ч юмуу. Өнөөдөр ямар нэг зүйл жаргал байлаа гэхэд маргааш нөгөөх нь зовлонд унагаж байдаг. Аливаа юм илүүдэж, буруудаж ,тэнцвэрээ алдаад зовлон болох учраас тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй.
-Сайн ээж сайн гэрийн эзэгтэй, сайн ажилтан байх явдал орчин үеийн эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал болж байна. Та тасралтгүй ажиллаж байгаа хүний хувьд яаж цагаа зохицуулж байна тэр туршлагаасаа хуваалцаач?
-Манай ээж намайг 3 нас хүртэл хөхүүлсэн гэдэг. Би том хүүхдээ 4 нас хүртэл нь, дараагийн хүүгээ 3 нас хүртэл нь хөхүүлсэн. Сайн ээж, сайн эхнэр байхыг хичээдэг. Манай гэр бүлийн хүн их завгүй оюуны хөдөлмөр эрхэлж нийгэмдээ маш их үүрэг хүлээсэн хүн. Би багахан ч ажлыг нь даагаад аваад явж байна. Ажил хэрэгч ээж байхад хэцүү юм байхгүй. Хүүхэд өвдөх л хэцүү. Шантрах үе гарна. Шантарч байгаа сэтгэлээ хатамжилж тэвчих л хэрэгтэй. Тэвчээрээ барж болохгүй, ямар арга зам байна гэдгийг хайх хэрэгтэй. Чадал хүрнэ гэж бодвол тэрний төлөө бүгдийг хийх хэрэгтэй.
ярилцсан Б.Ундрал /"Гранд" сэтгүүл №51/
Сэтгэгдэл (10)