“ТВ Коктейль”-ийн бүтээл “Омарын эрэлд”

“ТВ Коктейль” хамтлагийн залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “Омарын эрэлд” нэртэй адал явдалт инээдмийн уран сайхны кино энэ сарын 6-нд буюу маргааш нээлтээ хийнэ.

Киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Түүний анхны инээдмийн дэлгэцийн уран бүтээл гэдгээрээ онцлог юм. Ихэд мэдрэмжтэй найруулагчаар нэрлэгддэг тэрбээр хэр шогийн мэдрэмжтэй хүн болохыг маргааш харах нь ээ.

Продюссероор С.Жавхлан, жүжигчин Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан. Гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ.

Сонирхуулахад, “ТВ Коктейль” хамтлагийнхан 2012 онд Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтран “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг үзэгчдэд толилуулан нэлээдгүй шуугиан тарьж байсан юм.

Киноны зураг авалтыг 40 хувийг БНСУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгээр авсанаараа онцлог юм.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025