Амралтын өдөр бүр үзэгчиддээ бэлэг барьдаг ДБЭТ-ийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдээр “Хөхөө намжил” дуурийг хоёр өдөр дараалан тавьж үзэгчдийнхээ цангааг тайлсан юм. Тус дуурийн хөгжимийг Л.Мөрдорж, цомнолийг Л.Ванган, Ч.Чимэд нар бичиж анх 1961 онд тайзнаа тавьж байсан ажээ. Гурван бүлэг, таван үзэгдэлт тус дуурийн гол дүрд М.Даваадорж, Б.Батжаргал нар /Хөхөө намжил/, Ш.Наранчимэг, Б.Энхнаран нар /Уянга/ бүсгүйн дүрд тус тус тоголсон билээ. Ингээд “Хөхөө намжил”-ийн домог болон морин хуур хөгжим үүссэн түүхээс сонирхоно уу?
Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд аман зохиол, ялангуяа үлгэр туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан байдгаараа бусад дууриас онцгой билээ.
Нэгдүгээр үзэгдэл буюу цөллөгөнд
Хошуу ноён нас нөгцсөн учир агь ноён Галдан тушаал гаргаж ард олны үс гэзгийг нь задлуулж, албадан уй гашуудал хийлгүүлнэ. Дарлан зовоогч ноён үхсэн нь сайн болж гэж ард олон дотроо баярлавч арга буюу гашуудан байх энэ үеэр Хөхөө Намжил ирж
“Аав, ээж , амраг садангаасаа хагацсан биш, харгис ноёны үхсэнд гашуудах нь байтугай харин ч баярлах хэрэгтэй” хэмээн ард олныг ятгах үед түшмэл ирж “Ноёны зарлигийг зөрчив” хэмээн Намжилыг баривчилна.
Монголын зүүн хязгаарт Хөхөө Намжил нь сайхан эр байсан бөгөөд хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан нэгэн байсан гэдэг. Ийнхүү Галдан ноёны зарлигаар дуучин залуу Хөхөө Намжилыг эх сайхан нутаг, элгэн садан, энхрий хайрт амрагаас нь салгаад өндөр Алтайн хязгаарт цөлсөн билээ.
Хоёрдугаар үзэгдэл буюу нутгийн зүг
Алс холын баруун хязгаар болох Алтай нутагт Хөхөө Намжил цөлөгдөн ирээд өлгий эх нутаг,энхрий хайрт амрагаа мөрөөдөн дуулж байхад нь түүнийг сонсож бахадсан Алтайн дагина гэнэт гарч ирж эх сайхан Алтай нутгийг магтан дуулахыг нь хүсдэг.
Хөхөө Намжил уран цэцэн үг хэл, уянгат сайхан хоолойгоор Алтай нутгийг магтан дуулж ард олонд ч нэртэй болж амжжээ. Алтайн дагина Намжилыг үнэхээр сайхан дуулсанд баясаж, “Аялгуу дууныхаа тэргүүнд Алтай сайхан нутгийг минь магтан дуулж бай” гээд энэ нутагт үлдэхийг ятган алт мөнгө, үнэт эрдэнэс,уран гоо охидын бүжгээ түүнд үзүүлэв.
Гэвч Хөхөө Намжил хайрт амраг, өссөн төрсөн нутагтаа очихыг мөрөөдөж байгаагаа хэлэхэд Алтайн дагина хун шувуу шиг далавчтай, гуурст хурдан хүлэг бэлэглэж “ Нартай өдөр амрагтайгаа уулзаж, сартай шөнө энд ирж бай” хэмээн захиж эрдэнэсийн охидын хамт үдэж өгцгөөдөг.
Гуравдугаар үзэгдэл буюу хайр сэтгэл ба атаа хорсол
Холын холд цөлөн явуулсан Хөхөө Намжил гуурст хурдан хүлэгтэй болж нутагтаа эргэн ирсэнд атаархан хорссон Галдан ноён хайртай хүүхнээр нь түүнийг хорлуулахаар хуйвалдаан зохионо.
Хөхөө Намжил нутагтаа ирж хайрт хүүхэн Уянгатайгаа уулзаад уянгат дуугаа ард түмэндээ өдөртөө сонсгон шөнөдөө буцаж явах болсныг Уянга хүүхэн буруугаар ойлгож сэтгэлдээ хардсанаар дуурийн оргил үе үргэлжилнэ.
Уянгын энэ хайр сэтгэлийн хардлагыг муу санаатнууд ашиглан Хөхөө Намжил түүнийг үүрд орхиж байгаа мэтээр ухуулж, гуурст хурдан хүлгийг нь хөнөөвөл Хөхөө Намжил хаашаа ч явж чадахгүй болно хэмээн хувилгаанаар ятгуулдаг.
Дөрөвдүгээр үзэгдэл буюу морин хуур үүссэн домог
Уянга хүүхэн хэргийн нарийн учрыг бүрэн тунгаалгүй хайр сэтгэлийн хардлагын улмаас Хөхөө намжилийн гуурст хурдан хүлгийг хөнөөсөн нь түүнд гэмшиж баршгүй алдаа болжээ.
Хорон муу санаатнууд Уянгын хийсэн бузар хэргийг үнэлж түүнд шан хүртээнэ. Хөхөө Намжил амраг Уянгадаа гомдон “Хайртай хүлэг минь амилаагүй цагт ханиа гэж үзэхгүй” гээд дахин цөлөгдөн одно.
Уянга хүүхэн муу санаатнуудад мэхлэгдсэнээ сая ухааран мэдэж үнэнч сайн нөхөртөө хор хүргэсэн өөдгүй эм гэж өөрийнхөө амийг хорлох гэхэд Алтайн дагина гэнэт ирж хайрт нөхөртөө үнэнч байж, хүлэг сайн морьтой нь тэнцэх уянгат сайхан дуутай хөгжим урлаж, гуурст хүлгийн нь толгойгоор хуурын толгойг хийхийг зааж сургасанаар морин хуур хөгжим үүссэн түүхтэй гэдэг.
Тавдугаар үзэгдэл буюу морин хуурын домог
Нутгаа санасан Хөхөө Намжил уйтгарлан сууж байтал Уянга хүүхэн хүрч ирэн морины сүүлний хялгасаар утасласан уян сайхан дуутай, хайрт хүлгийг нь дүрсэлсэн уран гоё хийцтэй, хуур хийгээд түүнд бэлэглэв.
Хайрт хүлгийг нь орлох энэ морин хуур ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжихийн билэгдэл болон мөнхөрч үлдсэн гэдэг. Ийн Хөхөө намжилийн түүх төгсөж морин хуур үүссэн гэдэг.
Хоёр өдөр үргэлжилсэн эл дуурийн ерөнхий удирдаачаар Н.Туулайхүү, Ц.Мөнхболд, ерөнхий найруулагч А.Дашпэлжээ, ерөнхий зураачаар Г.Ганбаатар нар тус тус ажилласан байна. Энд нэг зүйлийг онцлоход тайзны зураг ёстой л үлгэрийн юм шиг л дүрсэлж хийсэн байлаа. Энэ бол мэдээж ерөнхий зураач Г.Ганбаатарын бүтээл байсан. Тайз засалтын хийсвэр ертөнц үзэгчдийг утгаар нь ховсдсон гэж болно. Хөгжмийн дуугаралт, дуучдын гайхамшигт дуу хоолой гээд бүхлээрээ цөм бүрдсэн эл тоглолтыг та дараа дахин тавигдахаар нь алдахгүй үзээрэй.
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна