Хэн хэнийг дуурайж хөлөө хөлдөөв!

“Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө” гэдгийн үлгэрийг манай охидын хамтлагууд жинхэнэ утгаар нь харуулж ирсэн гэхэд болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд мэндэлсэн хамтлагууд азийг байлдан дагуулсан солонгос охидын хамтлагуудыг бүхий л талаар нь хуулбарлаж байгаа ч, нас тун богинотой байж ирсэн.

Охидын хамтлаг гаргах зорилготой шоу тэмцээнүүдийн тоо нэмэгдээд байгаа ч, сайн продюсерийн ачаар амьтай голтой үлдсэн нь хэд билээ. Уг нь хамтлагийн гишүүн, дуучин гэгдэж байгаа юм бол тодорхой үүрэг гээчийг ухамсарлаж, өөрийгөө хэн болоод байгааг өөрөөсөө асуух нь зохистой болов уу. Шалгагдаж шигшигдээд тунаж үлдээд, хамтлагийн гишүүн болсон юм бол бүр эцсээ хүртэл тэнд байх албагүй ч, өөр бусдын продюсерийнхээ  нэрийг баасдахгүй явж болмоор доо. Гэтэл тэгдэггүй бололтой юм.

 

Эргэн саная. Монголын анхны охидын хамтлаг болох  “Спайк”  одоогоос 20-иод  жилийн тэртээ анхдагчийн шанг татаж байсан билээ. 1996 онд байгуулагдаж, анхны бие даасан тоглолтоо СТӨ-нд гурван өдрийн турш хийж байсан “Спайк”-ын араас “Эмошн”, “Уруулын будаг” гэсэн хоёр хамтлаг мөр зэрэгцэн гарч ирсэн. Энэ гурван хамтлагаас өдийг хүртэл оршин тогтнож байгаа нь  “Sweetymotion”.

Хамтлагийн гишүүн Солонгоо  бие даасан уран бүтээлч болж, нөгөө гурав нь нийлж нэгдсэн хэвээрээ охидын хамгийн “ахмад” хамтлагаар тодорч яваа. За мэдээж тэдний араас охидын хамтлаг гэх тодотголоо аятайхан авч яваа хамтлаг бол “3 охин”. Тогтсон продюсергүй хэрнээ өнөөдөр хүртэл оршин тогтносоор. Харин тэдний араас “Киви” эрэмбэлэгдэж таарах болов уу. Хамгийн сайн продюсер тэдэнд бий. Хэд хэдэн гишүүн орж гарсан ч “Киви” чигээрээ л өдийг хүрсэн.

Үнэндээ хамтлагийн гишүүдийн хэн нь ч хүчирхэг хоолой, өгөгдсөн авьяасгүй мэт хэрнээ үзэмж хэлбэр талаасаа дээр нь хамгийн сайн зохион байгуулалт дор нэгдэж чадсан учраас өнөөдрийн энэ амжилтад хүрсэн биз ээ. Охидын “ахмад” хамтлагуудын талаарх яриагаа энд түр орхиод сүүлийн үед  борооны дараах мөөг шиг л олноор гарч ирсэн залуу халуун охидын хамтлагуудтай товч танилцвал ямар вэ?

 “Үнэтэй дугаар сонирхдог хямдхан хамтлаг”

“Catwalk” буюу "Муурын алхаа":  Бусад хамтлагаас ялгарах онцлог нь хамтлагийн гишүүд бүгдээрээ загвар өмсөгч. Охидын хамтлаг нэрд гарахад царай зүс, бие хаа чухал нөлөө үзүүлдэг учраас тэднийг тун удахгүй тэсрэлт хийнэ гэдэгт итгэж байсан ч тус хамтлагийн гурван бүсгүй гурвуулаа хаана юу хийж яваа нь одоо тодорхой бус. Нэр нь ахадсан гэмээр энэ хамтлагийн  загвар өмсөгч охидын нэг нь ч дуучин биш.

Тэс өөр мэргэжлээр ажиллаж байгаа сураг дуулдана лээ. Сайхан зүс царай, гоолиг сайхан бие байлаа гээд урлаг тэр бүхэнд сайхан ханддаггүй гэдгийг "Муурын алхаа" хамтлагийнхан хамгийн сайн ойлгосон биз. Охидын хамтлагийнхаа нэрийг баасдах баасдахдаа  өөрсдийгөө том онигоонд оруулаад урлагаас хасагдсан. Нэгэнтээ  “Бид өөрсдийгөө их өндөрт үнэлдэг болохоор урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчийн дуудлагыг авдаггүй.

Азын оронтой юмуу дараа төлбөрт дугаараас залгасан тохиолдолд бидэнтэй холбогдож болох юм” гэж хэлцгээсэн биш чамгүй асуудалд орсон. Үнэндээ нүцгэн бие, будмал төрхөө гайхуулахаас өөр гавьтай уран бүтээл хийгээгүй тэднийг  “Үнэтэй дугаар сонирхдог хямдхан дуучид” гэж шоолохоос өөр сонголт залууст үлдээгүй юм.

Хошин шогт урвасан хошин охид

“Sound of kiss”: Солонгосын  “Wonder girls” хамтлагийн стиль имиж, дуулах хэв маягийг дуурайн гарч ирсэн “Sound of kiss” хамтлаг мөн бусдынхаа адилаар цагийн эрхэнд тарж бутарч зарим нэг нь хошин шогийн тайзан дээр бүжиж явцгаана. Тус хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд хэсэгтээ л залуучуудын сонирхол татаж байснаа өдгөө мартагдсан дууль болсон.

Хамтлагийн нэрийг нь сонсоод л санаанд бууж нүдэнд тусахгүй байгааг бодвол  хэр хамтлаг байсныг нь  гэрчлэх мэт. Гадны хамтлагийг дууриавал дууриасан шиг дууриахгүй дутуу алсан могой шиг орхисон тэдний ихэнх нь хошин урлагийн хамтлагуудад хуваагдан  орсон байх юм. Дуулж, бүжиглэж чадахгүй хүмүүс хошин шогийн тайзнаа ямар үзүүлбэр үзүүлж үзэгчдийг татдаг бол гэдэг нь ойлгомжтой биз ээ.

Хүслээ гүйцээлгүй хийсэн  одсон нь

“Honeymoon”: Бас л нэр гэж сүр болсон дөрвөн охины бүрэлдхүүнтэй “Honeymoon” хамтлаг продюсергүйгээр урлагийн тогоонд орж ирсэн. Дуулаад байгаа юм уу, эротик бүжиг бүжиглээд байгаа нь үл мэдэгдэх тус хамтлаг хоёр жил л оршин тогтносон. Бусад охидын хамтлагаас юугаараа ялгардаг байсан гэхээр азийн бүх хэлийг мэддэг гэдгээрээ юм л даа.

Гэвч тэд азийн бүх хэлийг мэддэг гэж ярьдагаас биш амьдрал болоод уран бүтээлд нь огтхон хэрэгжээгүй, үр дүнгээ өгөөгүй гэж болно. Мөн дэлхийн тавцанд гарч дуулна гэсэн хамгийн том хүсэл мөрөөдөл  “Honeymoon”-д байсан ч, тэд  дэлхийн бүү хэл жижигхэн Монголдоо ч  орон зайгаа тодорхойлж чадсангүй. Хамхуул шиг хандсан зүг зүг рүүгээ хийсэн одсон нь харамсалтай.

Нүүр түлсэн  “Anemone”

“MN-25 дугаар суваг” телевизийн “Making the Band” шоу жилийн жилд охидын шинэ хамтлаг төрүүлэх зорилготой болдог. Гэвч нөгөөх төрөн гарсан хамтлагууд нь шоуныхаа нэр хүндийг унагааж ирсэн. Арга ч үгүй дээ. Мэргэжлийн бус дээрээс нь насанд хүрээгүй шахуу хэдэн охидыг хүчээр шахуу хамтлаг болгодог учир. Удаа ч үгүй нөгөө цуглуулж бөөгнүүлсэн хэдэн хүүхдүүд нь ямар нэг шалтгаанаар хамтлагаа орхилоо, урлагаа орхилоо гэх том нэрийн дор сүр дуулиантайгаар нэг нэгээр гарсаар эцэс сүүлдээ хүн үлдэхгүй болох вий гэсэн халаглалыг дагуулж ирсэн. Үүний тод жишээ “Anemone” хамтлаг.

Уг нь тус хамтлагийн продюсер “Харанга”-ын Чука ноёнтон. Сайн продюсерийн ачаар л энэ хамтлаг тарж бутрахгүй амь голтой яваад байгаа гэж болно. “Харанга” шиг хамтлаг болох зорилготой гарч ирсэн гэх  тус хамтлагийн хоёр гишүүн нь харь орныг зорьж эрдмийн мөр хөөсөн. Тэгээд  гурав нь үлдсэний дээрээс нэг гишүүн нэмэгдэж ирсэн байдалтайгаар алдаг оног юм хийсэн болоод л байцгааж байна.

Шилэгдсэн охид гологдсон уу?

Хамгийн олон гишүүнтэй “Extacy” хамтлаг анх найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Хамтлагийн продюсер нь  МУГЖ Ж.Алтанцэцэг юм. Гэвч хамгийн анхны уран бүтээлээ хийв үү, үгүй юу эхнээсээ тарж бутарцгааж өдгөө дөнгөн данган дөрвөн гишүүнтэй үлдээд буй.

Одоо хэн нь гарч хэд нь үлдэх бол хэмээн тэдний фэнүүд болох хүүхдүүд  таавар дэвшүүлж суудаг гэнэ лээ. Продюсер нь хамтлаг болгож чадахгүй байна уу, аль эсвэл өөрсдөө шантарч гардаг юм уу. Ямартай ч шилэгдсэн охид гологдсон уу гэдэг асуултын тэмдэг хэвээр. Ахалж яваа продюсерийнхээ зааж зөвлөснөөр үү, аль эсвэл МУГЖ Ж.Алтанцэцэгийг дагаж дууриадаг уу, ямартай ч тус хамтлаг хамгийн залуухан хэрнээ хамгийн хөгшин, хамгийн будмал хамтлагаар тодорсон.

Эгээтэй л шүдэнзний мод шидэхэд зоогдохоор л нүүрээ буддаг  хамтлагийн охид хамтлагаасаа гарахаараа айл гэрийн эзэгтэй болцгоодог жишиг тогтоод буй. Зарим нь бас жүжигчин болчихсон давхиж явна цаана чинь. Ёстой л “олонд ончгүй” гэдэг үг энэ хамтлагт тохирсон гэлтэй. Эсвэл шуудайнд хийсэн үхрийн эвэр аятай  нэг дор багтаж шингэхээ байгаад ийм байдалд хүрээ юм болов уу.

Од биш  онигооны эзэд болсон нь

“Mixx”: “Making the Band” шоуны отгон хамтлаг “Mixx” од болохоосоо өмнө онигоонд орсоор дуусаж байгаа хамтлаг. Анх гурван охин, гурван хөвгүүдээс бүрдэн байгуулагдаж байсан бол өдгөө хүн үлдсэн үү,  үгүй юу бүү мэд. Ядаж уран бүтээл нэртэй юм хийгээд байвал үлдсэн үгүйг нь хармаар байдаг.

Сүүлийн үед сураг алдраад бас л зарим нь гариг андуурч жүжигчин болчихсон цохиж явах юм. Байгуулагдаад жил ч болоогүй байж хамтлаг нь тарж,  удаа ч үгүй буцаж нийлж  онигооны эзэд болоод авсан. Эргэж нийлээд шинэ уран бүтээлдээ орж байхдаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо  үг хэлээ зөв ярьж чадахгүй, дууныхаа үгийг мартаж энэ тэр тараа таниулах шиг л болоод байсан. Өдгөө алдаг оног юм хийгээд байна уу, яагаад байна. Хайран цаг зав, хайран залуу нас гэж тэдэнд хэлмээр санагдчихлаа. Уран бүтээл хийж, дуучин болж хамтлагт оршин тогтнож чадахгүй гэдгээ эртхэн ухаарч тархи толгойдоо юм хийсний дараа хамтлаг байгуулахаа мөрөөдсөн нь  арай л дээр байх.   

Хамгийн отгон хамгийн том найдвар

“Асур” хамтлаг нь поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ хийн гарч ирлээ. Еренхий продюсерээр нь  “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/  ажиллахын зэрэгцээ бусад мэргэжлийн багтай эв санаагаа нэгтгэсэн гэх.

“Асур”-ын бусдаас ялгарах тал нь мэргэжлийн залуусыг  нэгэн дор цуглуулж чадсан байна. “Асур” нь  санскрит үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “АСУР” нэрийг сонгосон гэнэ. Тус хамтлаг  хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлөх, уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой байгуулагдсан бөгөөд үүнийхээ үр шимийг эхнээсээ үзээд эхэлсэн гэнэ лээ.

Цаашлаад дуучин хүн, хамтлаг гэж ямар байх ёстойг утгаар нь харуулж нийгэмд хүлээх хариуцлагаа ч бүрэн ухамсарлана гэдгээ хэлцгээж буй. Зүгээр нэг дуучин, зүгээр нэг хамтлаг биш нийгэмдээ сайн сайхан зүйлийг хийж, залуучуудад үлгэр дууриалал үзүүлнэ гэж байгаа “Асур”-ынхан хамгийн отгон хамтлаг. Тэдэнд хамгийн том найдвар тавьж байгаа гэдгийг тодотгоё.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    Catwalk-g muuryn alhaa genee. Catwalk chn zagvar omsogchdiin alhdag taizyg heldeg um sh dee, bolovsrolgui setguulch ee....
    2014 оны 11 сарын 01 | Хариулах
  • ganaa
    asur l sain busdii n mal deer gar geed helchlee shd ene setguulch heterhii neg taliig barij bichjee ingej bicheed setguulch boldgum shuu
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • zolo
    yag unen shuu uneheeriin denduu eden dundaas gants goy hamlag bdg bol ymar goy we asur yahiign harj l baiy...
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • хэхэхэ
    тийм байна. инээдтэй юмаа
    2014 оны 10 сарын 30
  • korea s
    mixx hamgiin dajgui hamtlag gishuud oor ooriin ontslogotoi duunuud ni yag gishuudiihee ontslogt taarsan sain hamtlag amjilt mixx iihand
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • hahaha
    ene odoo yu we asuriig magtahiin tuld busdiig ni doromjilson ontsgui niitlel bna daa zugeer asuraa magtaj bolooguimuu asur ylgaagui budmal shudenz zzoogdohoor buddag jahaan ym shig mortloo ali hediin awgai shig boltson 2 huuhentei tsarai muutai zalutai ontsgui hamtlag bnalee suuliin duu ni odoo yu wee ichmeer ymnuud oorsdiigoo hicheehgui bjiij busdiga muuldag hogiin zan bnaaa
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
    • хэхэхэ
      тийм байна. инээдтэй юмаа
      2014 оны 10 сарын 30
  • zail hha
    za zailaa zahialgaar bicheed heden tsaas awawdaa grandnews.mn?hahahahaha
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025