Зураач Б.Мөнхцэцэг Монголд төдийлөн танил биш фигур. Эх орондоо гэхээсээ хилийн чанадад уран бүтээлээ түлхүү гаргаж, Монголын нэрийг дэлхийн өнцөг булан бүрт дуурсгасан түүнийг бид сая л олж харав. Төдийлөн нийтлэг биш, торгоор урласан зөөлөн баримлын бүтээлээрээ тэр “Гоо марал”-ын эзэн болсон. 2009 онд бүтээсэн түүний эх, эхийн хэвлий дэх ураг хоёул багтай байгаа торгоор урласан баримал одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр. Түүний уран бүтээлийн зураасны эхлэл хүртэл үснээс эхтэй.
Түүнийхээр үс оюун санаатай холбоотой чухал эрхтэн юм. Эртний домогт хүүхэд нь өвдөхөд ээж нь үсээ угаасан усаараа угаахад эдгэдэг хэмээн өгүүлсэн байдаг. Түүний нөхөр М.Эрдэнэбаяр бас зураач. “Пионерийн үнэн” сонин дээр зургаа гаргадаг хуруу дарам цөөхөн хүүхдүүдийн нэг Б.Мөнхцэцэгийг нөхөр нь бүтээлээр нь анх мэддэг байжээ. Хожим ДУДС-ийн нэг ангид орсон хоёр амьдралаа холбосон гэдэг. Б.Мөнхцэцэг хүүхэд ахуйдаа охидтой тоглохоос төвөгшөөдөг, чимээ шуугианд дургүй байсан тул цэцэрлэгт ч явалгүй дүүгээ харангаа гэртээ зураг зурж суудаг хүүхэд насных нь дадал ирээдүйд уран бүтээлч болох эхлэлийг нь тавьсан гэдэг.
Азийн бараг бүх хот, Швейцарь, Америкт хэдийнэ түүний бүтээл танил болсон. Токиод 1984-2012 онд хийсэн Азийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гарахад Фүко-Окагийн урлагийн сан хөмрөгт түүний хоёр бүтээлийг нь худалдаж авсан байна. Өнгөрсөн жил гэхэд Сингапурын “Lux art” галарейд бүтээлээ дэлгэсэн амжилттай яваа уран бүтээлч юм. Дэлхийд алдартай сэтгүүлүүд дээр бүтээл нь гарч танигдсан Б.Мөнхцэцэгийн бүтээлийн дийлэнх нь эмэгтэй хүний үснээс бүтдэг.
М.Сонор
Сэтгэгдэл (3)