Цэл залуухан Цэргийнхүү хурандаа!

Үг бүхэндээ хянуур хандаж, үйлс бүхэндээ бодолтой хөдлөх учиртай цагдаагийн албанд ажилладаг эрхмүүдийн хувийн мэдээлэл дэндүү нууц байдаг. Харин энэ удаад бид Монголын бүх эрчүүдийн нутаг гэгддэг Тоорой банди, Тогос Чүлтэмээрээ алдартай Сүхбаатар аймагт албан томилолтоор явах үедээ шинэ оны өмнөхөн төрсөн нэгэн шинэхэн, шижигнэсэн хурандааг олж, онцлон дурандлаа.

Шилийн богд, Дарьгангын нутгаараа цуутай жанжны нутаг Сүхбаатар аймаг морин жилийн босгон дээр идэр залуухан цагдаагийн хурандаатай болсон нь тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга ноён Г.Цэргийнхүү. Жавар тачигнасан өвлийн дунд сараар жаргал халгисан нэг найр эхлэхэд  Г.Цэргийнхүү гэж нэрнээсээ авахуулаад олны сонирхол татах шинэхэн, шижигнэсэн хурандааг хурсан олон урлаг спортын жигдхэн авьяастай, угаас хурандаа заяанд төрсөн гэмээр тал талын авьяас, чадвартай, юм дуулгах хүү дээ хэмээн ам амандаа магтана билээ.

Ингэхэд хурандаа цол гэдэг зүгээр нэг тэмдэг биш аж. Тэр дундаа хугацаанаасаа өмнө ирсэн хурандаа цол гэдэг эзнийхээ сэтгэл оюун, биемахбодийн шөрмөс шандасыг сорин байж ирдэг нэг ёсны аварга цол юмуу даа гэх бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун. Тэр үдэш тэнд цугласан Монголын үе үеийн шилдэг, шижигнэсэн хурандаа, генералуудыг ажихад тэдэнд жинхэнэ эр мөн чанар, ер бусын мэдрэмж, бүр урлагийн авьяас хүртэл нуугдаж байх жишээтэй. Дээрх нандин чанарууд ганц цагдаа ч биш бүх мэргэжлийн хүмүүст байснаар тэд манлайлах, байлдан дагуулах орон зайд товойдог байж ч болох юм. Ямартай ч хурандаа, генерал гэх мэт хүчний салбартаа хүндтэй, хариуцлагатай цолыг зүгээр ч нэг аавын хүү мөрөндөө гялалзуулдаггүйг бат нот, баримт нотолгоотой ойлгуулсан жанжны төрсөн нутагт өнгөрүүлсэн нэгэн үдэш цагдаа хүчний байгууллагын талаарх бүдэг бадагхан, өнгөц ойлголтыг минь халж, нэгэн шинэ ертөнц нээснийг нуумгүй байна.  

Ихэнх хүмүүс хурандаа цолыг ажилласан жил юмуу албан тушаалаараа авдаг тодорхой дүрэм журам байдаг аж. Харин үнэхээр чадал, авьяастай нь цагаасаа өмнө гурван  том таван хошууг мөрдэс юундаа гялалзуулдаг байна. Чухам тэдний нэг нь Г.Цэргийнхүү хурандаа.

Адилхан хүний ёсоор амьдрах учиртай ч  амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг хэцүүхэн албыг залгуулж, тэр дундаа бүтэн аймгийн эрүүгийн нөхцөл байдлыг хариуцна гэдэг залуу хурандаагийн шандасыг шалгасан үүрэг хариуцлага мөнөөсөө мөн. Үүргээ нэр төртэй биелүүлж, шинэ оны өмнөхөн хурандаа цол хүртсэн идэр залуухан, гялалзсан хурандаа 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөгч 4Е ангийн 35-н сонсогч, Дээд шүүхийн Б.Бат-Эрдэнэ багшийн шавь нарын нэг  гэвэл хүрээнийхэн нь андахгүй. Ангийнхнаасаа анх түрүүлж хурандаа цол хүртэж байгаагаараа ноён хурандаа онцлог. Хэд хэдэн том хэргүүдийг ахлан илрүүлж ур чадвараа гайхуулсан тэрээр бусад шиг үүрэг, тушаал өгөөд суудаг дарга нарын нэг биш, шуудхан л ханцуй шамлан томоохон хэргүүд дээр ажилладаг туршлагатай мөрдөн байцаагч гэнэ. Чухам энэ чанар түүнд цаг эртийн хурандаа цолыг авчирсан биз.

Шинэхэн, залуухан хурандаагийн цолны хүндэтгэлт баярыг хуваалцсан эрхмүүд ч ховор, содон хурандаа, генералуудаар дүүрэн байсан. Хамгийн залуу бригадын генерал  гэгддэг Л.Онцгойбаяр, Зууны манлай хурандаа Л.Дорж тэргүүтэй  Хэнтий, Дорнод нутгийн гаралтай хэд хэдэн томоохон албан тушаалтнуудаас авахуулаад зүг зүгийн зочид зүүн зүг рүү хүлгийн тоос татуулан хүрч очжээ. Нэр нь хүртэл Г.Цэргийнхүү, нээрээ хурандаа гэдэг ийм л байдаг байх нь. Танд болоод таньтай адил мөрөндөө мөрдэс гялалзуулан, хүн ардынхаа энх амгалан амьдралын төлөө бие сэтгэлээ үл хайхран зүтгэдэг чин журамт, хатан зоригт аавын хөвгүүдэд халуун талархал дайя.   

Шинэхэн хурандаагийн гэргийг А.Алтантүлхүүр гэдэг. МУИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн нүдэнд дулаахан монголжин бүсгүй ноён Г.Цэргийнхүүд 3 сайхан хүүхэд төрүүлж өгчээ. Найз нөхөд нь Г.Алтантүлхүүр хатагтайг “бригадын генерал” хэмээн тодотгоно лээ. Үнэхээр ч өөр шөнө, өглөө үдэш, дайн, энхийг үл хайхран үргэлжид галын фронт дээр довтолгож явдаг цагдаагийн гэргий байна гэдэг томоос том үүрэг, тэвчээрээс хол давсан ухаан байдаг биз. Гэргийн үүргийг ардын хүүхдүүдийг гэгээрүүлэх үйлстэй хамтатган нэр төртэй биелүүлж яваа бүсгүй шаггүй авьяастай гэр бүлийн галын бурхан гэдгээ бас харуулаад амжсан. Тэрээр том хүүтэйгээ хамтран “Эх үрийн элбэрэл”-ийг дуулж сюрприз барьсан бол отгон гүнж нь шүлэг уншиж авьяасаа гайхуулсан юм. Халуун дулаан, бахархал дүүрэн үдшийн чимэг юу нь тэд байлаа.   

Б.Ялгуун

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Яасан ичдэггүй лалар вэ. Ямар ацныхаа хэргийг илрүүлэх вэ дээ санах ч үгүйн байна
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин
    агаа амжилт
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025