Скандал: Гэрэлт замаар бэдрэхүй

Замын түгжээ, агаарын бохирдол, хөглөрсөн гудамж гээд их хотын өдөр тутмын нүргээнд амьдрал дунд цаг хугацаа ус мэт урссаар, тэрхүү урсгал дунд хүмүүн гэгч амьтан амьдралын утга учир, үнэ цэнийг үл ажран элэгдсээр. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг энэ гэрэлт ертөнцөд атга гурил, чимх давс илүү авахын тулд зарим нь хүмүүн бус араншин гаргах. Жаргал дунд ухаанаа алдаж, зовлонг өөрөө бүтээх нэгэн ч бий. Ингэхэд хүн гэгч амьтан зовлонг л хамгийн сайн даадаг, зовлонгийн дунд хат сууж, чанга гишгэдэг ч юм шиг ээ. Зураач Ж.Гэрэл бол чухамдаа зовлон дундаас бий болсон бодгаль уу, эсвэл угаас өгөгдөлтэй, хаттай нэгэн үү, ямартай ч амьдралын үнэ цэнэ, утга мөн чанарыг таньж ухааран, түүгээр зогсохгүй бусдыг тэрхүү гэрэлт замдаа даллан дуудаж буй нэгэн өвөрмөц оршихуй.

Бид өдөр тутмын эгэл амьдралд заримдаа сөхөрчих гээд байдаг бол тэр үхлийг ялсан. Үхэл түүний өмнө ялагдсан гээд бод доо. Тэрээр хорь гаруй жилийн өмнө Нидерланд улсад очиж төвхнөсөн бөгөөд 7 жилийн өмнө 32 кг жинтэй, улаан хоолойн ходоодны хорт хавдартай, 2 долоо хоногоос 2 сарын настай гэсэн оноштой, эх нутагт нь хөдөөлүүлэх зорилгоор ах дүүс нь Монголд авчирчээ. Харин алтан гартай, эрс шийдэмгий монгол эмч урьд өмнө сонсогдоогүй хагалгааг түүнд хийснээр Ж.Гэрэл дахин мэндлэв.

Хутганы ирэн дээрх амь гуйсан хүнд хагалгааны дараа өвчин намдаах зорилгоор морфин хэрэглэсээр удсан ч 3 жилийн өмнө эмчийн хяналтан дор нэг сарын эмчилгээнд орж морфин хэрэглэх зуршлаасаа татгалзаж чадав. Итгэмээргүй ч энэ болсон явдал юм. Энэ бүхний нууц зөвхөн зураач эрхмийн сэтгэлийн хүч, тэнхээнд оршиж байсан нь мэдээж. Тэр эмчлэгдэх боломжгүй өвчнийг, зугтах аргагүй үхлийг ялж чадсан жинхэнэ баатар. Чухам ийм л хүмүүс амьдарч, оршдог учраас бидний амьдрал, бидний ертөнц гэрэлтсээр байдаг биз ээ. Чухам адгууснаас зүрх сэтгэлийн орон зайтайгаараа, хязгааргүй их хүч тэрхүү сэтгэлд нуугдаж байдгаараа хүмүүн бидний амьдрал гайхамшигтай юм.

Өндөр хамар, хөнхөр нүд, ер бусын гүнзгий нүд, амирлангуй төрх. Одоо тэр зургаа зурж, “Гэрэлт зул” төслөө үргэлжлүүлж, хэн хүнээс илүү утга учиртай, үнэ цэнэтэй амьдарч байна. Тэрээр хайртай охиныхоо нэрээр нэрийдсэн “Гэрэлт зул” төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Гачууртын амны сүйтгэгдсэн модны хожуулаар бүжин урлаж эхэлжээ. Бүжингүүд энхрий ягаахан өнгөтэй. Урвайсан, гомдсон, үл ялиг инээмсэглэсэн... Яг амьд юм шиг ягаахан бүжингүүдийг тэр уулын энгэр дүүргэсэн халтар хожуулуудыг хайрлаж, өрөвдсөндөө урлажээ.

Энэ бол нийгэмд болоод хүмүүст өгч байгаа сануулга, инстолляци урлагаар илэрхийлсэн тэмцэл юм. Гэтэл хөөрхий бүжингүүдийг ч зүгээр байлгахгүй, чихийг нь огтолж, нүдийг нь сохлон, амь тасран эсэн мэнд үлдсэн бүжин цөөхөн болсныг зураач эр халаглан ярьсан байх юм. Юутай харалган сэтгэл вэ? Нэг нь үхэл амьдралтай тэмцэн байж эх байгалиа хамгаалж, халуун сэтгэл гаргаж байхад нэжгээд нь хувхайрсан хожуулыг ч хүртэл амар тайван байлгадаггүй. Ягаахан бүжингүүд ямар гэм хийсэн гэж?

Энэ бүхэн юу өгүүлнэ вэ? Ерөөс агуу их бүтээгч бас сүйтгэгч хүч зөвхөн хүнд л байдаг аж. Тэд хүсвэл ямар ч зовлонг гэтэлж, үхлийг ч ялж, гэрэлт зам гаргаж чадна. Тэд бас бүхнийг сүйтгэж, байгаль эхийнхээ ариун хэвлийг ч түйвээж дөнгөнө. Ертөнц, амьдрал, хар цагааны дэнс гэдэг энэ бололтой.  

  

М.Саян 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    uneheer bishrem
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    uran buteelin amjilt husie
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин
    uneheer mundag bichleg bolson baina
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025