“Тусгай ажиллагаа“ Д.Галбаяр & Ө.Мөнх-Эрдэнэ:
Хэрвээ та архины үйлдвэрт гацвал яах вэ?
-Танай аавыг хэн гэдэг юм бэ?
-Баяраа. Ойролцоогоор 4-5 настай болов уу гэмээр бяцхан охин, дэгжин пальто, малгай, эгдүүтэй хөөрхөн гутал, буржгар үс. Аавынхаа тоглосон киног үзэх гэж догдлон хүлээж буй нь тэр. Урилган дээрх жүжигчдийн нэрэн дундаас аавынх нь нэрийг хайж байтал ээж нь:

-Нэлээн дээр байна, Х.Баяраа гээд гэв. Бид гурав хүлээнгээ шинэ киноны трйеллер үзэж суув. “Дракула өгүүлэгдээгүй домог”-ийн трейллер гарахаар охин бяцхан айх шиг. Хэдий араа шүд нь ярзайсан цус сорогч гарч байгаа ч гэсэн хүүхэн нь яасан ч хөөрхөн юм, ямар ч булбарай юм. Үхэхдээ хүртэл тийм энхрий үхэх юмуу, манай Т.Хулан ч хөөрхөн бүсгүйчүүдийн нэг дээ, яаж тоглоо бол гэж бодож суулаа. Охин яг үзэх гэж байгаа киноныхоо трейллер дээр аав нь гарч ирэхгүй болохоор бяцхан гонсойх шиг. Харин “Давхар цохилт”-ын хэсэг гарахаар нүд нь сэргэнэ. Бодвол Янзагаа /топ Э.Одгэрэл/-аас болсон бололтой. Нээрээ сүүлийн үед айлд орохоор л хүүхдүүд “Янзагаа, Янзагаа хөөрхөн” гэж ирээд сүйд болдог болсон байна билээ. Бид гурав 40 минут суулаа. Харин тэр хоёр ирээд бараг цаг болж байна гэсэн.
-Ээж ээ, би тэсэхгүй нь ээ гэж байна. Аргагүй аргагүй том хүмүүс бид хүртэл хүлээхээс залхдаг шүү дээ. Ямартай ч охинд ээж нь унтвал аавыгаа харах боломжийг алдахыг сануулж танхимд дагуулан оров.

“Go” студийн бүтээл, манай өсөх ирээдүйтэй бас ч үгүй юм дуулгах уран бүтээлч гэгддэг Д.Галбаярын кино “Тусгай ажиллагаа” ийнхүү эхэллээ. Гол дүрд “МАСК” продакшны жүжигчин Т.Баярмагнай, жүжигчин Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Мөнхтөр, Э.Ууганбаяр тэргүүтэй жүжигчид тогложээ. Киноны нээлтийг улаан хивсээр эхэлж “Дижитал” хамтлаг дуучин Э.Баярцэнгэл нар ая дуугаа өргөв. Жүжигчин Мөөжиг /Э.Мөнх-Эрдэнэ/ ерөнхий зохион байгуулагч хийж байгаа бололтой.
Архи ба бид
Шторкыг үзсэн цагаас эхлэн М.Баярмагнай “Такси” кинон дээр гардаг цагдаагийн даргын Монгол хувилбарыг бүтээсэн байх гэсэн таамаг төрөөд байсан юм. Хиймэл үс, хэлж ярьж дүрээ илэрхийлж байгаа байдал нь үнэхээр төстэй санагдсан болоод тэр л дээ. Сайн хуулах ч бас сайн. Хуулбар заримдаа оригоосоо давах нь ч бий. Хятадуудын хийж байгаа бараа бүтээгдэхүүн улам сайжраад эх хувиа бут цохихоор болоод байхад манай жүжигчид “тултал” нь хуулахад ер нь яадаг юм.

Киноны үйл явдал баарнаас эхлэв. Хуулиа ягштал мөрдөх баарнаас гарсан гурван залуу архи олж уухаар дэлгүүрийн хаалга балбаад балбаад тусыг эс олно. Худалдагч нь бүр алгадаад авч байна. Гэтэл тэр гурвыг дагаж гарсан бүсгүй /Т.Хулан/ нөхрийнхөө архины үйлдвэрт дагуулж очно. Манай гурвын мөрөөдөл биелж архи шанагадаж уун уусаар тасарна. Энэ үед харуул камераараа харж даргынх нь эхнэр барьцаалагджээ гэж ойлгон сандчиж захирал /Э.Гантулга/ руугаа ярина. Хамгаалалтын кодоо идэвхижүүлэх тушаал авсан харуул ёсоор болгох авч гарч гүйж яваад машинд дайруулна. Ийнхүү хэн ч кодыг мэдэхгүй тул манай 4 дотор гацаж гаднаас нэвтрэх ч боломжгүй болно. Энэ хооронд юу болоод байгааг ч мэдэхгүй тасраад унтаад л байгаа шүү дээ.
Архи, архины үйлдвэр бол “Азийн чоно”-ыг эс тооцвол тэгтлээ скандал болж байгаагүй сэдэв билээ. Бид дэлгэцэнд хайр дурлалыг түмэн янзаар харуулсан ч идээний дээжийг сэдэв болгохоо харин мартсан байж. Сая л саналаа гэдэг шиг Д.Галбаярын сэдэв архи байлаа. Тэднийг аврах гэж орсон тусгайгийнхан хүртэл архидаад тасраад хар ярианы хэллэгээр юм үзээгүй юм шиг аашлахыг бодоход одоо тийм л юм байлгүй дээ. Архины үйлдвэрт орсон хэн ч гэсэн тэр их архийг хараад амсахгүй өнгөрч чадахгүй гэсэн санаа бололтой. Тэгээд мэдээж нэг уусных яах билээ, тасартлаа ууна. Нэгэнт гарах ч боломжгүй түгжигдсэн юм чинь тэгээд юу ч идэхгүй архиар голоо дэвтээх гэсэн санааг зохиолч тусгажээ. Мэдэхгүй, монгол хүн ер нь ойролцоогоор хэд хоногт, хэр их архийг өлөн ууж чадах бол? Хөдөөний найр сар үргэлжилдэг гэж сонссон ч тэр чинь хоолтой, тав тухтай харин энэ бол үйлдвэр. За тэгээд үйлдвэрт хоригдсон хэдтэй буруу ойлголцож цагдаа нар дотогш нэвтрэхээр түмэн янзаар оролдох боловч банкнаас сүртэй архины үйлдвэр кодгүй л бол онгойно оо гонж. Ийм л юм болсон юм даа.
Киноны гол “судас” жүжигчид юу хийв?
Манай Сэрэмжбаатар /М.Баярмагнай/, архины үйлдвэрийн эзэн /Э.Гантулга/, мөрдөгч /Э.Ууганбаяр/, харуул /С.Баттулга/ нар энэ киноны амин сүнс. Магнай үнэхээр хөгжилтэй байдлаар дүрээ гаргажээ. Харин Э.Гантулга учир битүүлэг буржгар үс, мөнгөний гахай шиг эзний дүрийг гаргахад яагаад ч нэг л наалдацгүй юм. Магадгүй тэр эротик кинонд үнэн гэмгүй царайтай мөртлөө орон дотор секси харагддаг залуугийн дүрд илүү зохидог ч юмуу бүү мэд. Яаж ч харсан юмтай, мөнгөтэй бийлэгжүү эзэн шиг харагдахгүй л байгаа юм даа. Мөрдөгчийн дүрийг бүтээсэн Ууганаа харин ёстой зохих дүрээ олов бололтой. Яагаад ер нь тэр цагдаа байж болохгүй гэж?

Баяны эхнэр, үйлдвэр дотор гацсан бүсгүйн дүрийг жүжигчин Т.Хулан бүтээв. Дээр үед моодонд орж байсан том цагирган ээмэг, ноолуур бололтой чернилэн ягаан даашинз, түрийтэй гутал, ороолттой үс нийлээд баяны гэргийн дүрийг илэрхийлэх үү? Бидний ээж нарын үед моодонд орж байсан чернилэн ягаан уруулын будгийг бодвол даашинзтайгаа хоршуулж сонгосон бололтой. Ер нь баяны гэргий нар ямар байдаг юм? Лав л бааранд ганцаараа орохгүй, тэндээс залуус дагаж гарахгүй, бүр 3 залуу шүү. Тэгснээ нөхрийнхөө үйлдвэрт хэнийг нь ч мэдэхгүй хүмүүсийг дагуулж очихгүй байх хэмжээний ямба бол байх байх. Баяны биш гэргий ч гэсэн тийм үйлдэл хийхгүй байх. Логикын хувьд хэт албадсан хүчилсэн юм биш байгаа?
Ямартай ч Т.Хуланг яаж ч харсан баян айлын эхнэр гэдгийг өөрөө амаараа хэлэхээс нааш хэн болохыг нь шууд ойлгож чадахгүй байв. Өөрт нь зохихгүй, наалдацгүй дүр л гэж энэ байх. Үйлдвэрт гацах, сандал дээр унтах, шанагаар архи хутгаж уух зэрэгт огтхон ч эгдүүцэхгүй ямба маяг үзүүлэхгүй байгаа нь бүр ч зөрчилтэй. Хэдий киноны зохиол тийм боловч тийм болохоор тоглох биш, бодит байдалд үнэхээр ийм зүйл тохиолдсон бол хэн ч гэсэн сандрахгүй л юм байх даа. Ер нь уншигч та ийм нөхцөлд яах байсан бэ? Санал бодлоо сэтгэгдэл дээр хуваалцаарай.
Бид бүгдээрээ усан тэнэг үү?

Сархад савнаасаа бусдыг дийлдэг. Хүчээр, бүр хар хүчээр муйхарлаад бид үйлдвэрт гацвал заавал юм үзээгүй юм шиг усны үхэр шиг архи ууна гэсэн зохиолчийн логиктой яахав санал нийлье л дээ. Дээрээс нь албан байгууллагуудын харуулаад бүгд тэнэг үү? Бэлэн гоймон, өндөг, хиам гурав идэх гэж дэлгүүр гүйх хооронд хүмүүс үйлдвэрт нэвтэрчихэж байна. Киноны соёл, гоо зүй гээд яривал Монгол кинон дээр Солонгос Хятад нь ч мэдэгдэхгүй кимчитэй савтай, за бидний мэдэх Ноншим-ийн гоймон “тоглох” хэрэгтэй юу. Харуулыг чинээлэг хүмүүс хийхгүй, пицца захиалж идвэл бүр тэнэг болох ч гэсэн ядаж эхнэр нь хэдэн бууз, цай аваад ирж болно шүү дээ. Авах гэж гарлаа, хүмүүс орлоо гэдэг ч юмуу.
Бас манай цагдаа нар тийм мулгуу хүмүүс үү? Энэ киног хийхдээ яг мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авсан болов уу? МҮОНТ-ийн олон ангит сериалууд цагдаа, онцгой байдал, ЭМЯ-тай хамтарч олон ангит сериал хийдэг нь мэргэжлийн онцлогыг нь алдагдуулахгүй гэсэндээ тэр байх. Хошигнол, наадам наргианд ч бас хэмжээ хязгаар бий. Давс нь ихдэж орхив уу даа, Д.Галбаяр аа!
За яахав уран сайхны кино хойно уран сайхны хэтрүүлэг байж болно. Гэтэл цагдаа, тусгай албаныхан ч орж чадахгүй байгаа үйлдвэр рүү нэг хулгайч яаж ороод яаж гараад байна аа. Хулгайч бид бүгдээс бүгдэнгээс нь мундаг юм байна тийм үү? Одоо бас тийм л байх л даа.

Тэгээд юу гэж?
Аливаа уран бүтээлд гол философи, үзэл санаа, гоо зүй байх ёстой. Дээрх уран бүтээлийн гол философи архи биднээс мундаг, бүгдийг ялан дийлдэг, баяны гэргий байсан ч хүний мөнгө хүнд наалдахгүй, монголчууд архи уухаараа хүнээ байдаг гэсэн тиймэрхүү санаануудыг цухалзуулах шиг боллоо. Тэгээд юу гэж?
Гоо зүй ... Баяны гэргий ямар хувцастай ямар бааранд хаана сууж уухаас бүх зүйл эхлэх байх. Анхандаа Т.Хуланг зүгээр нэг шоучин дунд давхаргын хүүхний дүрийг гаргаж байна л гэж харсан. Гадны кинон дээр хоолны соёлоо харуулдаг болсноос бид ч бас үлгэр дуурайл авмаар юм шиг. Ядаж хүн гаднаас орж ирэхэд аяга цай хийж өгөх хэмжээний жижиг деталуудыг бид орхигдуулсаар. Үйлдвэрийн эзэн гэртээ ирэхэд нууц амраг нь хүлээж байгаа юм. Зүв зүгээр орон дээр хэвтэж, бие гэрэлтсэн хувцастайгаа босч ирэх кадрын оронд яагаад гэрийн үйлчлэгч нь хоол хийчихсэн ширээн дээр нохой, муур тэвэрч суусан ямбатай дүрийг гаргаж болдоггүй юм. Нээрээ тэднийх кинон дээр үйлчлэгчгүй байсан л даа.
Яагаад ингэв ээ, мулгуу байж болох ч гэсэн тэрний эсрэг уран бүтээл хийж үзэгчдээс нэг алхмын түрүүнд алхах, соёлыг түгээх нь уран бүтээл хийж буй хүн нэг бүрийн үүрэг. Нөгөө 4-5 орчим насны охин киногоо унтахгүй үзсэн болов уу? Кино театрын соёлд багаасаа суралцаж байгаа түүнийг хараад би баярласан. Харин дараа нь дэмий ирж дээ гэж бодсон. Тийм балчир оюунд ийм зүйл үзүүлж “суулгах” ч дээ, мэдэхгүй.
Хүний цагдаатай кинон дээр хэд хэдэн хэрэг илрүүлж байхад манайх архины үйлдвэрийнхээ гадаа эргэлдсээр байгаад сүүлдээ цагдаа ч онгойлгосон юмгүй харуул хаалгыг онгойлгож нэг юм дууслаа.
Хэн баатар вэ? Энэ тэгээд “Тусгай ажиллагаа” юу?
У.Цахирмаа
Сэтгэгдэл (3)