Дуучин, жүжигчин Д.Лхагвын “LVA” энтертайнмент дэлгэцийн дөрөв дэх бүтээлээ хийж байгаа аж. “Мухар гудамж” хэмээх шинэхэн бүтээлийнх нь зураг авалт дуусах шатандаа орсон бөгөөд кино зохиолыг жүжигчин Д.Лхагва, найруулагч Д.Баярсайхан нар хамтран бичжээ. Тус киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Д.Баярсайхан өмнө нь “Амьдралд тавтай морил” олон ангит кино, “Валентины захидал” киноны ерөнхий найруулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Харин киноны ерөнхий зураглаачаар “IDEA SOURCE” студийн О.Эрдэнэбат ажиллаж байгаа бөгөөд үзэгчдийн талархлыг хүлээсэн “Франц үнсэлт”, “Валентины захидал” киноны зургийг авч байсан. “Мухар гудамж” кино нь “LVA ” энтертайнментын хувьд сэдэв, агуулга, хийцээрээ өмнөх бүтээлүүдээс тэс ондоо бөгөөд action, drama жанраар бүтээгдэж байгаа юм.

Энэхүү киноны гол үзэл санаа Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулсан аж. Тодруулж хэлбэл, хүний харилцаа, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөнөөс үүдэж, нийгмийн салбар бүрт асуудал, саад бэрхшээл үүсч, мухардалд ордогийг “Мухар гудамж” тод томруунаар харуулах нь ээ.
Туурвисан бүтээл бүрээрээ кино урлагт хүчтэй хамт олон байж чадна гэдгээ харуулсан “LVA” энтертайнментын шинэ бүтээл өмнөх кинонуудын нэгэн адил үзэгчдэд шинэ мэдрэмж амтлуулж, нэгийг бодогдуулж, ямар нэгэн санаа, ухаарал өгөх биз ээ. “Мухар гудамж” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна.













М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна