Халаа сэлгээний эзэд: ХЭН НЬ ХЭН БЭ?

Ардчилсан гэх тодотголтой, Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газар гарснаас хойш бүх яамдын дарга, цэргийг үүрэгт ажлаас нь буулгаж, халаа сэлгээг харин ч нэг хийх шиг болсон. Энэ далимд АН-ын үнэнч балиашигууд буянаа эдэлж, “бурханы” сэнтийд залраад авсан билээ. Ялангуяа урлагийн салбарт нэр сүрээ гаргаж ирсэн эрхмүүд  улстөрийн амьдралд хүч түрэн орж ирсэн нь олны  нүд, чихийг орой юунд нь хүргээд байгаа. Юутай ч та бүхэндээ халаа сэлгээний эздээс танилцуулахаар шийдлээ. Тэдний намтар түүх, боловсрол мэдлэгийг чадлын хэрээр олж цуглууллаа. Хэн нь хэн болох, аль нь нүдээ олсон томилгоо болохыг харин эрхэм уншигч авгай та өөрөө тунгаана буй за.

Б.Батцэнгэл & Ц.Пүрэвхүү

Урлагийнхан улс төрд хошуурах болсны бодит нэгэн жишээ Б.Батцэнгэл буюу эцэг эхээс хайрласан алдрыг умартаж  Quiza нэрээр олны танил болсон энэ реппэр. АН-ын хамгийн идэвхтэй гишүүдийн нэг тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН-ын урлаг талын пиарыг хариуцаж ажилласных шангаа сайн гэгч нь хүртсэн. АН-ынхан засагт гарч төрийн албаа төрлийн алба болтол өөрийн хүмүүсээ шахаж байгаа энэ үед ноён Quiza ч нийслэлчүүдийг урлаг соёлын арга хэмжээгээр хангаж шинэ шинэлэг, чанартай уран бүтээлүүдээр ундаалж байх эрхэм зорилготой гэх Нийслэлийн Соёл Урлагийн Газрын даргаар сонгогдсон билээ.

Монголдоо төдийгүй гадны өндөр хөгжилтэй улс орнуудад боловсрол эзэмшсэн гэгдэх Бавуугийн Батцэнгэл даргын товч анкет гэвэл 1988-1998 онд Хан-Уул дүүргийн 52-р дунд сургууль, 2000 онд БНЧУ-ын Карлын их сургуулийн  чех хэлний анги, 2000-2004 онд БНЧУ-ын Метрополитан Их Сургуулийн  Олон улсын худалдааны анги, 2004-2005 онд ИБУИБНУ-ын  Малвэрн Хаус Коллежид англи хэлний боловсрол тус тус эзэмшсэн.  2005-2013  онд Чөлөөт уран бүтээлч, 2009 оноос  “Жи Эн Беверэжис” ХХК-ийн Маркетингийн албанд зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.  

Тэгвэл түүнээс өмнө Нийслэлийн Соёл Урлагийн Газрын даргаар олон жил ажилласан Ц.Пүрэвхүү гэж хэн бэ? УГЗ, профессор цол хэргэмтэй экс дарга “Икэлийн эгшигт нутаг” хэмээх морин хуурын гайхамшигт аялгуу, “Хүрээний хөөрхөн Дэнсээ” нийтийн дуу тэргүүтнээр нэрийн хуудсаа хийдэг авьяаслаг халзан эр бий. Өмнө нь Түмэн эх чуулгын  даргаар ажиллаж байсан түүний төгссөн сургууль, ажилласан байдлын талаар тодорхой мэдээлэл олдсонгүй. Ямартай ч түүний гэр бүл бултаараа урлаг бүхнээ зориулсан улс байдаг аж.

Ч.Мөнхзул & Б.Сэргэлэн

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дарга Б.Сэргэлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж Ч.Мөнхзул хэмээх бүсгүйг томилсон. Монголд төдийгүй Азид ганц байдаг сонгодог урлагийн театрыг толгойлох эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн кино зохиолч, продюсер Ч.Мөнхзул хаа очиж намд харьяалалгүй бөгөөд аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүйгээс үзвэл энэ томилгоо улс төрөөс ангид болсон гэх итгэл найдвар төрүүлж болох талтай.

Ч.Мөнхзулын хувьд кино болон иргэний нийгмийн салбарт олон жил ажиллаж байгаа соёл, урлагийнхны дунд нэр хүндтэй нэгэн гэнэ. Хэдийгээр телевизийн сэтгүүлч мэргэжилтэй ч соёл урлагийн менежментээр мэргэшсэн, хараат бус театрын менежментийн чиглэлээр гадаадад дадлага хийж байсан гээд энэ чиглэлдээ бол туршлагатай нэгэн аж. Юутай ч түүний эзэмшсэн мэргэжил, төгссөн сургууль, ажлын туршлагын талаар танд товчхон хүргэе. МУИС-ийг телевизийн сэтгүүлчээр төгсөх жилээ МҮОНТ-д ажилд орж дөрвөн жил Соёл урлагийн редакцид ажилласан ба хэвлэлийн эрх чөлөөний төлөө үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн том байгууллага болох "Глоб интернэшнл" ТББ-д соёл урлагийн хөтөлбөр хариуцан ажилладаг байсан. Мөн ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт хэвлэл мэдээллийн зөвлөхөөр ажиллаж   байсан тэрбээр МУИС-д нийгмийн ухааны магистр хамгаалж 2001-2002 онд соёл урлагийн менежментээр мэргэжил дээшлүүлсэн аж.

Харин цөөнгүй жил уг театрыг удирдахдаа сонгодог урлагийг ард олонд хүртээмжтэй болгох тал дээр олон шинэчлэл хийж, ажил хэрэг болгож ирсэн Б.Сэргэлэн хатагтайг уран бүтээлчидтэй харилцах харилцаа болон санхүүгийн тал дээр алдаа гаргасны улмаас солигдсон хэмээн жиг жугхийх болсон. Түүний хувьд  “Залуу насаа урлахуйн урлагт, идэр насаа удирдахуйн ухаанд зориулж явна” хэмээн өөрийгөө тодорхойлдог.  Алдарт Ардын жүжигчин Ю.Оюуны шавь тэрээр балетын жүжигчин, балетмейстер, соёл урлаг, нийгмийн салбарын менежер, докторант, УДБЭТеатрын захирал гээд сонгодог урлагийн салбарт олон жил ажилласан, туршлагатай хатагтай билээ.

Н.Батбаатар & А.Чадраабал

Монголын Үндэсний Уран Зургийн Галерей нь Дүрслэх Урлагийн Музейгээс өрх тусгаарлаж, бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 22 жилийг ардаа үджээ.  Тэгвэл энэ оны босгон дээр тус Галерейн захирал Адъяабазарын Чадраабалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Намсрайжавын Батбаатар хэмээх эрхмийг томилсон. Шинэхэн дарга Н.Батбаатарын хувьд уран зургийн галерейг удирдах болсоор багагүй ажлыг амжуулаад байгаа гэнэ лээ.

Өмнөх даргуудын үед шатаж устсан зарим түүхийн ховор бүтээлийг сэргээн засахаас эхлээд залуу хүний хувьд томоохон менежмент явуулаад байгаа нь ахмад уран бүтээлчдээс талархлын үг сонсоход хүргээд байгаа гэдэг. Тэрбээр 2010 онд СУИС-ийг Уран зураачаар төгсөж улмаар энэ онд МУИС-д боловсролын удирдлагаар магистр хамгаалсан.  СУИС-ийг төгсөх жилээ телевизд зураачаар ажиллаж байсан Н.Батбаатар 2011-2013 онд Монголын Гиннесийн Холбооны тэргүүний албыг хашиж байгаад энэ оноос эхлэн "Монголын Уран зургийн Галерей" хэмээх томоохон байгууллагыг толгойлж эхлээд байгаа юм.  Тэрбээр 2010, 2012 онд "Анир", “Хөрөг” бие даасан үзэсгэлэн гаргасан бөгөөд бусад уран бүтээлчидтэй хамтарсан олон үзэсгэлэн гаргаж байжээ. Мөн ирээдүйн лидерүүдийн нэг хэмээн тодорхойлж болох энэ эрхэм Ардчилсан засаглалтай Монгол улсын иргэн бүрийг “Төрийн ордон"-д нээлттэй оруулах хуулийг санаачлан ажил хэрэг болгоод байгаа аж.  

Харин Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн дүр төрх, арга барилаараа ялгарч чадсан зураачдын нэг бол А.Чадраабал. Ихэвчлэн эцэг малаар дагнан уран бүтээлээ туурвидаг түүнийг “Бух” хэмээх дэлхий дахинд гайхагдсан зургаар нь илүүтэй мэдэх биз ээ. Ямар сэдвээр бүтээлээ туурвих нь тухайн уран бүтээлчийн дотоод сэтгэлийн илэрхийлэл байдаг. Эцэг мал нь сүр хүч, чадлын илэрхийлэл байж дайчин эрэмгий мэдрэмжийг төрүүлдэг. Түүгээр ч барахгүй А.Чадраабал удам дамжсан зураач. Түүний аав МУЭ-ийн шагналт зураач Н.Адъяабазар. Юутай ч галерейн экс даргын намтар, уран бүтээлээс товч дурдвал 1997-2001   МУБИС-ийн Уран зургийн ангийг төгсөж улмаар сургуульдаа багшаар үлдэн зургаан  жил ажилласан. Энэ хугацаанд тэрээр 2003 онд  Урлаг судлалын ухааны магистр, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн.
2004 -2007 МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, 2007-2009  МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүнээр ажиллаж байжээ. Харин 2008-2009  “Юнител” компанийн зураачаар ажиллаж байгаад Монголын уран зургийн галерейг удирдах болсон байна.

Р.Болд

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zochin
    Namtar tuuh bolovsrol medlegiig ni chadlinhaa hereer olj medsenee bichlee genuu. Yu olj medsen gej. Endees yug ch olj unshsangui. Olj medeh chadal chin hurehgui bol hoyorin hotrod iim yum bitgii bich.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025