Барууны одод салахдаа өмч хөрөнгө дээрээ тохиролцсон хэрнээ хайртай нохой юмуу тэжээмэл амьтдаа авах тал дээр шүүхдэж, сүрхий тэмцэлдэх нь элбэгшлээ. Саявтархан Антонио Бандерас эхнэр Мелани Гриффитээсээ салахдаа нохойгоо хэн нь авах дээр “тулаан” болсон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нэрт дуучин Мэрая Кэри эд хөрөнгийн онцын маргаангүй хэрнээ найман нохойгоо нөхөр Ник Кэннонтойгоо хэрхэн хувааж авах дээр шүүхдэн тэмцэлдэж эхлэв.

Өнгөц харахад найман нохойг дөрөв дөрвөөр нь хуваагаад авчих амархан мэт. Гэвч хэн хэн нь заавал бүх нохойгоо өөрөө авах ёстой гэж зүтгэсээр буй юм байна. Гэрлэлтийн өмнөх гэрээндээ хүүхдийн талаар нарийн заалт оруулчихсан болохоор ямар нэгэн маргаангүй гэнэ. Мөн Нью-Йорк дахь тансаг байшингаа 325 сая ам.доллараар зараад эв зүйгээр нь хувааж авах гэрээтэй аж. Гэтэл ноход дээр л эвээ олохгүй болжээ.

2008 онд Багамын арал дээр амарч байхдаа Кэри Никтэй танилцаж, сар хагасын дараагаар тэд гэрлэсэн түүхтэй. Удалгүй хоёр хүүхэдтэй болсон. Гэвч Кэри нөхрөө хүүхэн бүртэй шахуу хардаж, бүр хардаж ядахдаа бие хамгаалагчтай болгох нэрийдлээр тагнуулж эхэлжээ. Энэ нь Никт таалагдаагүй тул ихэд бухимдаж, улмаар бие дээрх Кэрид зориулсан шивээсээ арилгуулж, гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн юм.


М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)