Улстөрийн спортсмэнүүд

Гранд фракц

“Гранд фракц” булангийн өмнөх дугаарт нүдний шилтнүүдийг танилцуулсан бол энэ удаад спортын улаан фен улстөрчдийг танилцуулж байна. Бясалгал хийж, спортоор хичээллэдэгийнхээ хүчинд 200 гаруй цагийн хуурай өлсгөлөнг давж гарсан экс ерөнхийлөгчийн жишээ олон хүнд зөв үлгэр дуурайл болж, спортоор хичээллэдэг бол ч.. гэх бодлыг төрүүлсэн гэнэ лээ. Үнэхээр ч эр зориг, сэтгэлийн хат шаарддаг, гоо сайхан, эрүүл бие бэлэглэдэг спортын ач тус гэж их. Бид ч бас суралцах хэрэгтэй бус уу. 

Жудоч Х.Баттулга

Цорын ганц дунд боловсролтой түшээ гэгддэг “Женко” Х.Баттулга зураач мэргэжилтэй, спортын зүтгэлтэн. Жудо бөхийн дэлхийн аварга тэрбээр чухамдаа тамирчны ногоон паспортоор баялгийнхаа үзүүрээс атгаснаа нуудаггүй. Тавь гарсан гэхэд жавхайсан бие хаатай, булчинлаг эрхэм гишүүн жудочдоо дэмжихээс гадна өөрөө ч энэ спортоо орхиогүй яваа нь энэ зургаас харагдаж байгаа юм.

Сагсчин Сү.Батболд

Жентелмэн түшээдийн нэг тэрбээр  эмчийн хүү гэсэндээ эрүүл хоололт, биеийн тамирын улаан фанат. Гадаад төрх, биеэ авч явах соёлоороо бусдад үлгэр дуурайл болж ирсэн ноён Сү.Батболд шаггүй сагсчин. Сав л хийвэл сагсан бөмбөг хөөгөөд явчихдаг тэрбээр ууланд авирч, цанаар гулгахаас гадна эрүүл хоололтыг амьдралынхаа нэг хэсэг болгоод удаж байгаа гэдэг.

Моточин У.Хүрэлсүх

МАН-ын  генсек асан энэ эрийн төрөлх имиж нь эрэмгий, дайчин, цогтой тэмцэгч. Цэргийн сургууль дүүргэж, амьдралынхаа гарааг энэ л салбараас эхэлсэн учраас спортоор хичээллэх нь түүний энэ амьдралынх нь салшгүй нэг хэсэг, шүдээ угаахтай адил хэвшил нь гэдэг. Мэргэн буудах, морин спортоор хичээллэх, мото спортод хүч сорих гээд түүний сонирхдог төрлүүд нь ч эр зориг, авхаалж, самбаа шаардсан спорт байх юм.

Төрийн албаны шинэ имиж

Энэ эрийг 42 настай гэвэл та итгэх үү. Цэл залуухан 25-т шиг гялалзах энэ эрийг Ц.Сандуй гэдэг. Насаараа хотын захиргаанд ажилласан Цэндсүрэн гуайн хүү, хойно боловсрол эзэмшсэн, насаараа төрийн албанд ажиллаж, мэргэшсэн тэрбээр зав гарвал сагсны заал руу гүйчихдэг. Гэхдээ түүнийг бодигийн улаан фен гэдэг. Төрийн албан хаагч гэхээр гүзээгээ дааж ядсан их зантай дарга нарын түгээмэл имижийг спортын хүчээр халж чадсан түүнийг төрийн албаны шинэ дүр төрхөөр тодруулахаас аргагүй.

Гольфчин Ц.Мөнх-Оргил

Алдарт Марубений хэргээр мандан бадарч, хэр хэмжээний хуульч болохоо харуулсан  Ц.Мөнх-Оргил дээдсийн спорт гэгддэг гольфын шаггүй тамирчин. Уйгагүй хичээл зүтгэл, нөр их цаг зарж байсан гольфын овоо тамирчин болох замыг ч тэр туулсан байлгүй, гольфын тэмцээн хаана болно, мань эр ёс юм шиг давхиж явдаг. Манайдаа л гольфоор толгой цохидог тэрбээр сагсны ч улаан фен гэнэ лээ.

Гар бөмбөгчин С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт бүхий л төрлийн спортод чадварлаг, авьяастай гэдгээ УИХ-ын харьяа байгуулагуудын дунд зохион байгуулсан спортын наадмын үеэр харуулсан байна.

Тэрбээр гар бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор шалгарсан аж. Үүгээр ч тогтохгүй ширээний теннис, сагсан бөмбөг зэрэг бусад спортын төрлүүдэд ч гэсэн онцгойрчээ. Мөн  уулын болон цасны спортод сонирхолтой гэдгээ хэлдэг.

Боди Ч.Сайханбилэг

Улстөр, урлаг соёл, бизнес гэх гурван том салбарынхны  дунд паурлифтингийн нөхөрсөг тэмцээн болдог уламжлалтай. Мэргэжлийн бус сонирхогчдын дунд өрнөдөг тус тэмцээнд салбартаа амжилттай, паурлифтинг цаг заваараа сонирхдог эрхмүүд оролцдог.  Тухайлбал, УИХ-ын 76 гишүүнийг төлөөлж  Ч.Сайханбилэг, Х.Баттулга,  Б.Гарамгайбаатар,  Б.Чойжилсүрэн нар оролцсон юм. Харин Ч.Сайханбилэг 220 кг-ыг өргөж алтан медаль  хүртсэн билээ. Тэрбээр паурлифтингийн холбооны ерөнхийлөгчийн албыг давхар гүйцэтгэж буй спортлог гишүүн.

Р.Эрдэнэболд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Bitgii ataarh, chi uuruu shumuul shig yum baigaa biz.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин
    УХНАСҮХ, МУУХАЙБИЛЭГ 2 -ЫГ ХАРАХААР ОЙ ГУТДАГ
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025