Бу.Жагаагийн хулхи хувилбар

Бу.Жагаа гэж харах царайны ааш муутай, яхир байрын  улстөрч Монголд бий. Харин "Пароди" хамтлагийн гишүүн, элэглэгч Б.Нямхүү гэж нөхөр түүнийг элэглэн дуурайх болсноор Бу.Жагаагийн биеэ авч яваа байдал, үг яриа нь нийтэд нэг тийм хошин өнцөгтэй хүрэх болсон гэхэд болно. Нөгөөх Б.Нямхүү ч Бу.Жагааг элэглэн дуурайснаараа энд тэндхийн арга хэмжээнүүдэд уригдаж, залагдаж, амьтан хүнийг хөгжөөж, овоохон хэдэн төгрөг ч авч чадсан байх.

Ер нь Бу.Жагааг тэгж адилхан дуурайж  элэглэдэг хүн Б.Нямхүүгээс өөр  байхгүй.  Энэ бүхэнд Бу.Жагаа өөрөө л  буруутай  гэнэ лээ. Юу гэхээр  2008 оны сонгуулиар өөрийнхөө сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнүүдийг Б.Нямхүүгээр хөтлүүлж, өөрийгөө бас даган дуурайх санааг өгсөн гэдэг.  Тэрбээр “Жагаа ах хүмүүстэй  уулзалт хийгээд чанга яригчаар яриад явдаг байсан. Нэг ярихаараа хоёр, гурван цаг ярина. Хүлээж суухдаа дагаж хэл­сээр байгаад бүр чихэнд хоногш­чихсон. Өдөр бүр цуг­таа долоо, найман газраар орно.  Яриаг нь чагнаж бай­гаад юу ярихыг нь ч сүүлдээ мэддэг бол­чихсон байна лээ” хэмээн хэлсэн удаатай.

Харин Бу.Жагаа “Нэг муу бацаан намайг дуурайж байгаа нь энэ гээд хоёр гараа савчаад байсан. Би гараа хөдөлгөх нь хөдөлгөдөг. Гэхдээ тэр бацаан шиг донгиотоод байдаггүй. Тэгээд ч би тэр бацаан шиг намхан пагдгар биш” хэмээн ихээхэн эгдүүцэж байв. Гэтэл хэрэг дээрээ хэн хэн нь учраа мэдэж л байж л дээ.

Элэглэгч Б.Нямхүүгийн тухайд  сүүлийн үед Үүл даргыг дуурайж үзэгч олныгоо  баясгаад буй. Хүнийг элэглэж, дуурайна гэдэг тийм ч амар зүйл биш. Авьяастай  л хүний хийх ажил. Тэгэхээр Бу.Жагаагийн хулхи хувилбарт амжилт л  хүсье дээ.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025