Цус, нулимсны үнэ цэнийг ”Цаст”-ын эзэн та мэдэх үү?

Хүний амь нас гэдэг юм ер нь ямар үнэ цэнэтэй юм бэ? Үхэж үрэгдсэн хүний цаана нүд дүүрэн нулимс, сэтгэл дүүрэн шархтай үлдэж байгаа үр хүүхдүүдийнх нь бараан ирээдүй ер нь юу болж хувирдаг юм бэ? Ийм асуултуудын хариултыг барилгын салбар дахь ослоос болж өөд болсон талийгаачдын ар гэрийнхэн асуумаар л санагддаг биз. Гэвч олонх нь "дээш тэнгэр хол, доош газар хатуу" гэдгийн үлгэрээр харамсалтай бүхэнтэй эвлэрсээр. Тэгвэл барилгын салбар дахь  хөдөлмөр, аюулгүй ажиллагааны  шаардлага  хангаагүйгээс хүний амь нас эрсэдсэн асуудлуудад холбогддог ч, цэвэр чигээрээ үлддэг нэг том компани бол  “Цаст констракшн” юм. 

“Чи өөртөө юу олж авав гэдэгт бус харин чи бусдад юу өгөв” гэдгээр аливаа бизнес оршин тогтнох эсэх хэмжигддэг хэмээн хэлэх эрхэм бол “Цаст” группын эзэн Н.Баярсайхан. Зөвхөн ашиг, орлогыг урьтал болгосон бизнес явуургүй бөгөөд аливаа компани оршин тогтнохуйн гол нөхцөл нь бусдын хэрэгцээ шаардлагыг хамгаас чухалчлан үзэх гэж хэлж ярьдаг тэрбээр хэрэг дээрээ тэс эсрэгээр нь хийдэг нэгэн. Цэвэр ариун бүхний төлөөлөл цагаан хийгээд шударга хөдөлмөрч үйлсийг билигдэн компаниа “Цаст” хэмээн нэрийдсэн гээд байдаг атал хэчнээн ч олон хүний эрдэнэт амь “Цаст”-тай холбоотойгоор хол  одов доо. Тийм мөртлөө  юман чинээ тоодоггүй том компанийн том эзэн болох  Н.Баярсайхан цагтаа Монголын үндэсний телевиз, радиод ажиллаж явсан. Тэрбээр бизнест хөл тавиад хориод жил болж буй. Хэт их ашгийн араас хөөдөггүй хэмээн ярьдаг хэрнээ өөрийг хийдэг түүний компани хэрхэн хариуцлага алддаг талаар хүргэе. Тэгсний араас Н.Баярсайханы намтартай уншигч та танилцаарай.

“Цаст”-ын балаг

Авто зам, барилга угсралтын чиглэлээр арван жил үйл ажиллагаа явуулж байгаа “Цаст Констракшн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтууд олон. Хаа дуртай газраа очоод хууль бусаар барилга барьчихдаг энэ компанид тендерийг гартаа оруулахад асуудал бэрхшээл гэж үгүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болсон. Улайм цайм хууль зөрчсөн байтал нь өнөөх хяналт тавих учиртай төрийн байгууллагууд нь нүд чих нь боолттой юм шиг “Цаст”-ын өмнө мэхийдэг нь тун хачирхалтай. Гэхдээ тэдний өмнө бөхийлөө гэхэд дэндүү болчимгүй асуудал байгааг хэлье. Учир нь тус компанийн хариуцлагатай шууд холбогдох ослын улмаас бүхэл бүтэн эрдэнэт хүний амь үрэгдэж, шороонд булагдсан байхад хариуцлага гэж юм хаана байна вэ?  “Цаст”-ынхан үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэх тайлбар тавьдаг ч, баримт өөрийг хэлдэг.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VII  хороо, хуучин "Номин хапермаркет"  байсан газар “Номин зэрэглээ" компанийн захиалгаар "Цаст Констракшн” 16 давхар барилга барихаар хашаа хатгасан байсныг тэр хавиар өнгөрсөн олон хүн харсан нь дамжиггүй. Тэгвэл тэр хашаан дотор барилгын ажил гүйцэтгэж байсан хоёр залуу осолд орж, 31 настай Б гэх залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар барилгын карказ төмөр нурж, осол гарсны улмаас хүний амь эрсэджээ. Бас албаны гэх тодотголтой мэдээллээр  зургаан метр өндөр багана төмрөөс иргэн Б унаж амиа алдсан гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсныг дурдах нь зөв биз. Тэгэхээр ослын шалтгаан нь карказ төмөр нурсантай холбоотой юу, эсвэл барилгын ажилтан өндөр баганаас унасан уу гэдгийг хуулийн байгууллагынхан эцэслэн тогтоох учиртай. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн Б-гийн амиа алдсан хэрэгт холбогдуулан, хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцлийг хангаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ослын шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоох болов уу гэсэн найдлага байна. Гэхдээ найдлага гэдгийг тодотгоё. Учир нь “Цаст Констракшн” ХХК-ийн хувьд хуулиас давж гишгиж ирсэн олон баримт бий гэдгийг эхэнд өгүүлсэн.

Түүнчлэн энэ осолтой холбоотойгоор ч “Цаст Констракшн” ХХК-ийн тухайд уснаас хуурай гарчих санаархал байгаа нь ажиглагдаж буй. Учир нь ийм осол гарсны дараа "Цаст констракшн" барилгын ажил гүйцэтгэгдэж байсан газрын хашаан дээрх өөрсдийн танилцуулга самбараа буулгаад зогсохгүй,  “манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь хийсэн зэргээс үзэхэд тэд энэ ослыг өөрсдөөсөө зайлуулах гэж ихээхэн зүтгэл гаргасан. Уг нь өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө өндрөөр үнэлдэг, “Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмж, материал, технологийг бүтээн босголтын ажилдаа цаг алдалгүй нэвтрүүлэн  ажиллаж богино хугацаанд салбартаа  бүрэн танигдсан” гэж өөрсдийгөө магтдаг энэ компани ийм луйварчин хандлагаар ийм асуудалд хандах нь дэндүү зохисгүй баймаар.

Ер нь “Цаст Констракшн” ХХК-тай холбоотой хуулиас гадуурх үйлдлүүдийнх нь талаарх баримтуудыг харж байхад, тэдний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор дахин эрдэнэт хүний амь нас сүйдэхгүйн баталгаа алга байна. Учир нь,  “Цаст констракшн” компани Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийн тендерийг авчихаад барилга угсралтын гүйцэтгэлийн ажлыг нь өөрсдөө биш тусгай зөвшөөрлийн хугацаа нь  дууссан компаниар хийлгүүлсэн байдаг. Мөн барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь дууссан “Хасу цамхаг” компаниар ч бусад барилгуудын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлж байжээ.

Гол нь “Цаст Констракшн” ХХК-ийн энэ үйлдэл нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь “Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” гэсэн, 16.9 дэх “Үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн байгаа ч, “Цаст Констракшн” ХХК-д хууль үйлчилдэггүй жишгээр өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд ус компани олон арван тендерийг гартаа оруулчихаад, ийм маягаар хууль зөрчсөн байгаа юм. Гэтэл өөрсдийнхөө талаар албан мэдээлэл өгөхдөө “Бүтээн босголтын ажилдаа Монгол Улсын зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулж, инженерүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааны хүрээндээ гадаад, дотоодын их дээд сургуулиудыг амжилттай төгсөгчдийг оюутны шэрээнээс нь ажлын талбар дээр хүлээн авч, мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж байна.Компанийхаа менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр ЕСБХБанктай хамтран “ТАМ”, “BAS” зэрэг шат дараалласан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.” гэхчлэн дандаа магтаалын үгс урсгаж байдаг нь харамсалтай. Барилгын салбарт луйвраар тодорсон “Цаст Констракшн” ХХК-д холбогдох олон хэргийг, тэрдундаа хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг хуулийнхан үнэн мөнөөр нь тогтоох учиртай ч өнөөдрийн өдрийг хүртэл таг чиг л байна.

Тэгвэл ийм том байж чадаж байгаа “Цаст”-ын босс Н.Баярсайханы намтраас хүргэе.

 

Н.Баярсайхан гэж хэн бэ?

 Тэр 24-р дунд сургуулийг дүүргэж, Политехникийн Дээд Сургуулийн Машин үйлдвэрлэлийн технологич, инженерийн ангид суралцсан. Дараа нь  ОХУ-ын Москва хотын Менежментийн төвд  Үнэт цаасны брокер, диллерээр суралцсан нэгэн юм.

За харин хийж ирсэн ажлуудыг нь харвал,  • 1987-1989 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд мэргэжилтэн,

• 1989-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны зааварлагч, Савхин эдлэлийн үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга

• 1996-1998 онд МРТХЭГ-ын Тамгын Газрын дарга

• 1998 оноос “Цаст Импекс” ХХК-ийн Ерөнхий захирал

• МҮХАҮТ-ийн Зөвлөлийн гишүүн,

• Монголын Импортлогчдын Холбооны гишүүн,

• Монголын Барилгын Зөвлөлийн гишүүн,

• Хотын соёлыг дэмжих холбооны зөвлөх гэхчлэн жагсаалт гарч байна. Тэгэхээр хувьсгалаас хувийн ажлаа урд нь эрэмбэлж, тодорч гарч ирсэн тэрбээр хэлдэг шигээ хийдэг бол юу гэж ингэж бичихэд хүрэх вэ дээ...

Б.Билэгт 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • 007
    hachin utgagyi abtsaldaagyi zahialgiin ym bichidgee bolio.Bilegt guai
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Bayarsaihan zahirlaa tanias gazar hudalj avch oron suuts barihaar hamt olnooroo munguu ugch tanid huilhiduulj, daraa ni mun l gazriin orond hungululuttei nuhtsuluur oron suuts barij ugnu gej hulhiduulaad hoyur jil bolloo, hezee bidnii mungiig uguh yum be,, munguu avmaar bna
    2015 оны 01 сарын 12 | Хариулах
  • Монгол хүн
    Ухаант хүн алдаанаасаа сурдаг тэнэг хүн сурдаггүй . Муугаа засвал сайн өөрөө явдаг засахгүй бол сайнаа иддэг. Мөнгө = хөлс бол ухаан , Мөнгө = хөлс нулимс бол дарангуйлал буюу боолчлол гэх мэт .Энэ үнэхээр тийм бол энэ хүн хүн биш зүгээр амьтан байх.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • miat
    sn bna uu .manaihan dandaa muu talaas n yamarva neg um bicheh um,ene companid bas sn um bgaa shu de,anhnii bariasan shene ogloo oron suuts mash chanartai manaih orood 2007onoos hoish negch evderel garsangyi sn l amdarch bna.ajel hiihed ymar neg asuudal garna ene bugd gants hunees hamaarahgyi.huviin hevsheltei zuuraldaj bsnaas uls tor udirdaj unagaaj bna 76di asuudal bga um bish uu,ard tumen suurlee shuu de
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025