Томчуудын ”томилсон” хүмүүс

Олонд танигдсан эрхмүүдийн ах дүү нар ч дагаад олонд танигдчихдаг бичигдээгүй хууль бий. Тэр дундаа улстөр, бизнесийн талбар дахь томчууд эргэн тойрны хүмүүсээ төрийн албаны гайгүй суудалд суулгаж, бизнесийн салбарт хүчээ сорих замыг нь ч засаад, ерөнхийдөө бол дэмжиж гаргаж ирсэн жишээ захаас аван, замаар нэг. Зарим нь ч олны танил ах, эгч нарынхаа шийрийг хатааж, нэрийг нь  гаргаж явдаг бол хариуцлага алдаж, хэл ам таталж явах нь ч бий. Ингээд олны танил эрхмүүдийн ах, дүү нарын тухай өгүүье.

Д.Лүндээжанцангийн чих халууцдаг болов уу?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан гэж чамгүй хэл аманд ордог нэг нөхөр бий.

Хорооны даргаар долоон жил дархлагдан ажиллаж буй энэ нөхөр 1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг салхинд хийсгэсэн Анодын хэрэгт оролцоо өндөртэй албан тушаалтан. Анх хуулийн байгууллагад Анодын хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байсан ч, өнгөрөгч оны сүүлээр Д.Баярсайханы хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон юм. Д.Баярсайханы намтрыг харвал ОХУ-ын Техникийн дээд сургуулийг  Уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөнийхөө дараа “Шихихутуг” дээд сургууль, Шинэ Зеландын  “Виктория” их сургуулийг хуулийн чиглэлээр дүүргэжээ. Ажлын гараагаа Бор-Өндөрийн уурхайд машинистаар эхэлж, дараа нь Хуульзүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байгаад 2006 оноос эхлэн Санхүүгийн Зохицуулах Хороонд хадагдсан нэгэн аж.

Түүнчлэн СЗХ-ны даргынхаа хувиар албан тушаалаа урвуулан ашигласнаар   “Анод”-ын дампууралд гар бие оролцсон нэгэн гэгддэг. Гэвч тэр хэргээс мултарсан. Харин түүнийг цэвэр үлдсэний дараа "Анод" банкны хувьцаа эзэмшигчдийн түр хорооны тэргүүн Т.Жигмэддагва түүний талаар хэлэхдээ  “Хэргээс өөрийгөө цэвэрлэчихсэн. Яагаав, УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн дүү шүү дээ. Улс төрийн хамгаалалттай учраас үлдэж байна. Энэ Д.Баярсайхан уг нь  хариуцлагаа үүрээд гарах ёстой байсан. Гэтэл оны өмнөхөн прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна лээ. Би тэрийг нь мэдээгүй байсан. Хуулийнхантай ярьж тохироод чимээгүйхэн өөрийгөө цэвэрлэчихсэн байгаа юм. Тэр надад "Би ажлаа өгчихөөд чамтай нэг үзэж тарнаа. Чи харж байгаарай" гэж хэлж байсан хүн шүү” хэмээн ярьсан л байдаг юм.

Тэгэхээр Д.Баярсайханы тухайд ахынхаа чихийг багагүй халууцуулдаг л нөхөр шиг байгаа юм.

Ерөнхий сайдын хэцүү хүргэд...

 Норовын хүү Алтанхуяг багагүй хэл аманд орооцолдож ирсэн.Ядаж байхад өөрийн дүүгийн төрсөн охины нөхөр Г.Дэнзэн гэгч нөхрийг  Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд даргаар томилсон нь өөрийнх нь зарлан тунхаглаж ярьж явдаг зүйлсээс тэс эсрэг нөхцөл байдлыг үүсгэсэн. Учир нь Ерөнхий сайд маань ч төрийн ажлыг төрөл, садансаг болгочихдог л юм байна шүү дээ гэсэн мессэж нийгэмд түгэхэд хүрсэн юм.

Гол нь Г.Дэнзэн нь нэр цэвэр байж чадсангүй. Ер нь бол Ерөнхий сайд хүргэнээ өөрийнхөө хийсэн хоронд хутгасан байх магадлал өндөр л дөө. Учир нь Г.Дэнзэн болоод  түүний гэр бүлийн хүн Г.Уянгад Тавантолгойн орд газар, түүнээс олборлох нүүрсийг хяналтын гаалиар оруулах учиртай Цагаан хадны гэх 17 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар авч өгсөн гэх асуудал үүссэн юм. Ийм асуудалд орооцолдсон Ерөнхий сайд сайн дураараа огцрох ёстой атал манай Ерөнхий сайд сандал ширээнээсээ тас зуурсаар байгаад үлдчихсэн. Тэгэхдээ Г.Дэнзэнг огцруулсан шийдвэр гаргасан ч, нөгөөх нь   “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг даргалаад л суусан  гэхээр үнэхээр эмгэнэлт инээдэм юм л даа.

Мөн Ерөнхий сайдын бас нэг хүргэн хэл ам татлаад удаж байгаа. Нийтийн тээврийн салбар дахь хувийн хэвшлийн гуравхан компанийн нэг болох  “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан гэх нөхөр өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудал баримт нотолгоогоор тогтоогдоод байгаа. Гэсэн ч түүнд хариуцлага тооцдог байгууллага гэж хаана ч байдаггүй. Зоргоороо Д.Жаргалсайхан улсыг хохироогоод л өдийг хүрсэн.

                               Ерөнхийлөгчийн ах үзээд алдсан нь...

Төрийн албыг төрлийн алба болгож болохгүй ээ хэмээн уянгалуулан ярьдаг хүн бол манай улсын эрхэм Ерөнхийлөгч. Тиймээс ч  Ерөнхийлөгчийн төрсөн ах Ц.Арсландоржийг Нийслэлийн шинэ удирдлагын бүрэлдэхүүнд орлоо гэх мэдээлэл эрхгүй анхаарал татаж байв. Ц.Арсландорж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр Улаанбаатар хотын Зам засвар, ашиглалтын компанийн даргаар томилогдон ажиллаж байгаад ажлаа өгсөн юм.

Тэрбээр ажлаа өгснийхөө дараа ярихдаа  “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл надад энэ ажлыг хийгээч, хамтарч ажиллаач гэсэн санал тавихад дүүгийн минь нэрээр ажил өгч байна гэж би бодоогүй ээ. Харин миний энэ салбарт мэдэх туршлага, мэдлэгийг маань хэрэглэхээр санал тавьж байна гэж бодсон. Надад ч тэгж хэлсэн. Миний ажил амьдралын ихэнх нь нийслэлийн хот тохижилттой холбоотой өрнөж, үргэлжилж ирсэн хүн. БЗД-ийн тохижилт үйлчилгээний газарт гэхэд хорь гаруй жил ажилласан. Байцаагчаас нь эхлүүлээд дүүрэгтээ газрынхаа даргын албыг хашиж ирсэн.  Амьдралынхаа олон жилийг хотыг цэвэр цэмцгэр байлгахад зориулж ирсэн гэж болно. Миний туршлага мэдлэг энэ салбарт хэрэгтэй юм байна, тэрийгээ ч хоёргүй сэтгэлээр гаргаж ажиллана гэж бодож байсан. Харамсалтай нь удаан ажиллаж чадсангүй.” хэмээн ярьсан юм.

Тэгвэл тэр сүүлд Төмөр замд хангамж хариуцсан даргаар очоод авсан. Гэхдээ дүү нь түүнийг буцаагаад буулгачихаад байгаа л даа.

Ер нь бол Ц.Арсландоржийн тухайд төрийн өмчит компанид ажиллаж байсан нэгэн. Тэрээр УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төвд орлогч дарга, дарга, 2009 оноос УБТЗ-ын Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн.

 Э.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025