Монголын номер нэг шивээсчин Бандгаа буюу М.Бат-Ирээдүй багажгүй явж байгаад бидэнтэй таарлаа. Анх Польшид шивээс хийж сураад эх орондоо ирж ДУДС-ийн Монгол зургийн ангийг дүүргэснээр түүний замнал эхэлсэн.
Түүний нээсэн жижигхэн үсчний салон нь өнөөдрийн “Матрикс”. Японд орчин үеийн уран зураг буюу биен дээрх зургаар мэргэжлээ дээшлүүлсэн Бандгаа өөрөө бол гар дээрээ ганцхан шивээстэй. Мань эр нэг удаа БНХАУ-д шивээсний уралдаанд яваад эхний шатанд бүдэрсэн. Учир нь түүний сонгосон сэдэвт байгаа юм. XIII зуунд та нарыг бид алж байсан шүү гэсэн утга бүхий гавлын ясан дээр зогссон эртний баатрын дүр бүхий шивээс хийж очсон нь Хятадуудын эгдүүг хүргэж орхиж л дээ.
Гэхдээ хоёр дахь өдөр нь сугалаагаар сэдэв сонгуулж хийлгэсэн шивэх тэмцээнд Бандгаа хоёрдугаар байрт оржээ. Сонирхуулахад, шивээсээ гоё сайхнаар нь байлгая гэвэл эхний 10 хоног зөв эдгээх нь чухал гэнэ. Энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэж, саун бассейнд орж болохгүй. Шивээсэндээ тос түрхэж байх хэрэгтэй. Бандгаа охид бүсгүйчүүдэд биеийнхээ нууж болохгүй хэсэгт шивээс хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь эмэгтэйлэг байдлаа хадгалах хэрэгтэй гэнэ шүү.

Б.Уян
Сэтгэгдэл байхгүй байна