Монголын тэрбумтнууд дэлхийн баячуудын чинээнд хүрчихээд байгаа нь тодорхой. Ерэн оны шилжилт өөрчлөлттэй зэрэгцэн хилийн дээс алхан ганзагын наймаагаар бизнесээ эхлүүлж байсан залуус өдгөө уул уурхайн томоохон төслүүдээр сая сая доллар босгосон тэргүүн баячууд болцгоож, улсад татвараа төлж, тодорхой ажлын байруудыг бий болгож, хувь нэмрээ оруулж яваа. Гэхдээ тэдний хэн нь нийгэмд баялгийг илүүтэй бүтээж байгаа вэ гэдгийг тодорхойлж харахын тулд эрэмбэлэх шаардлага бас гарч байгаа юм. Уул уурхайг шүтсэн өнөөдрийн Монголд баялаг гэж юу вэ, баялгийг хэн бүтээдэг вэ? гэх асуултыг тавихаар нүүрс олборлож урагшаа гаргаад, татвараа төлж, хэдэн зуун хүнийг ажилтай орлоготой байлгаж байгаа компанийг хэлэх үү? Дан ганц уул уурхайн бизнесээр мөнгө олохоос гадна нийгмийн хөгжилд чухал хувь нэмэртэй бусад салбарууд руу орж илүү их бүтээн байгуулалтуудыг хийж бүтээж, урт настай ажлын байрыг бий болгож, хүнийхээ хөгжилд анхаарч, эдийн засагт бодьтой хувь нэмэр оруулж буй компанийг баялаг бүтээгч гэх үү?
Мэдээж аль аль нь баялгийг бүтээж байгаа ч, хэн нь илүү жин дарах вэ гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл баялаг бүтээгч тодотголтой томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг асуудал бас байна. Үүнийг ярихын тулд Corporate social responsibility буюу Компанийн нийгмийн хариуцлага гэж ер нь юуг хэлдэг юм бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй юм. Манай томоохон компаниудын тухайд нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж байна, үйл ажиллагаандаа баримтлаж байна хэмээдэг. Тэгээд улсад төлсөн татварын хэмжээ нь өндөр бол нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлж байна гэх гээд байдаг. Гэтэл тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарч буй иргэн бүр татвар төлөгч. Тэгээд ч олон тэрбумын ашиг орлого олж байгаа компаниуд хуульд заасан хэмжээгээр л улсад татвараа төлж байгааг хэт дөвийлгөх нь утгагүй юм. Тэгэхээр нийгмийн хариуцлага гэдэг нь зөвхөн төлж байгаа татварын хэмжээгээр үнэлэгддэг эд биш. Харин олж буй ашиг мөнгөнөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн тусын тулд юу хийж, гүйцэтгэж буйгаар нь үнэлж дүгнэдэг тогтолцоо бий.
Тиймээс бид Монголын тэрбумтнуудын топ компаниуд баялаг бүтээхийн сацуу нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг харьцуулан харах үүднээс “М-Си-Эс” групп, “Монголын Алт” компаниудын талаар өгүүлж байна.
Гар чангатай МАК
“Монголын Алт” буюу “МАК”-ийн Б.Нямтайшир ноёнтон 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүн баячуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байгаа. “МАК” компанийн тухайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй аж ахуйн нэгжээс төлсөн татварын хэмжээгээрээ “Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигддэг том компани юм. Нүүрсний зах зээл сайн байх үед улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлж байсан гэхээр бас л зангараг нь илт байгаа юм. Ерэн гурван онд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод анхны шороон ордын уурхайн үйл ажиллагаагаа явуулж бизнесээ эхлүүлж байсан тус компани өдгөө Монголын нүүрсний зах зээлийн магнат болчихсон яваа. Ноён Б.Нямтайшир хэлэхдээ компаниа байгуулсан цагаас хойш их л том зорилтыг өмнөө тавьсан гэдэг. Улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг өндөрт өргөхийг зорьдог гэх тус компани өмнөд хөршийн компанитай хамтран өмнийн говийн нүүрсийг хил давуулаад олон жил өнгөрчээ. Олж байгаа ашиг ч гэж тоймгүй гэдэг нь улсад төлж байгаа татварын хэмжээнээс нь тодорхой харагдаж байгаа юм.

Харин нийгмийн хариуцлагаа ухамсарлах, хэрэгжүүлэх тал дээр МАК хэр уян хатан бодлого барьдаг болохыг хамтдаа харъя. Дорноговь, Өмнөговь аймагт цэцэрлэг сургууль ашиглалтад оруулсан, компанийн тэтгэлгээр 10 оюутан гадаадын их, дээд сургуулиудад сургаж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр Монголын уул уурхайн салбарын хамгийн том тоглогч болсон МАК нийгэм рүү чиглэсэн ажилдаа бас л гар чангатай байж мэдэхээр л байна. Харин компанийнхаа ирээдүй хэтэд хэрэгтэй хуулийн төслийг лоббидох үйл ажиллагаанд МАК ханцуй шамласан гэх мэдээлэл бий. Тодруулбал, 15 тэрбум төгрөгөөс дээш тоологдох мөнгөний бизнесийг эрхэлдэг бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд хөдөлгөөнгүй, тогтвортой байдлаар төлөх боломжийг бүрдүүлнэ гэгдээд байгаа Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг лоббидож байгаа 20 компанийн нэг нь МАК. Эхэнд өгүүлсэнчлэн М-Си-Эс групп ч энэ хуулийн төслийг лоббидогчдын тэргүүн эгнээнд жагсаж байгаа.
Тэгэхээр МАК компанийн тухайд ашиг орлого олж байгаа бизнесийн салбар нь уул уурхай. Монгол нутгийн хөрсөн доор зуун зуун жилээр үүцлэгдсэн их баялаг өнөөдрийн МАК компанийн ашиг орлогын үндсэн эх үүсвэр. Угтаа бол газар доорх баялаг Монголчуудын л өмч гэдгийг тас үгүйсгэх нэгэн үгүй болов уу. Энэ нь МАК-ийн тухайд нийгмийн хариуцлага гээчийг сайн ухамсарлаж, ажиллах ёстойг сануулж байгаа хэрэг л дээ. Ямартай ч МАК компанид уул уурхайн томоохон орд газруудыг ашиглах эрх мэдэл бий. Тэдгээрийн заримаас дурдвал Нарийн сухайтын орд тэднийх. Түүгээр зогсохгүй энэ ордын шууд үргэлжлэл болсон нөөцийн хэмжээ нь нэг тэрбум тонноор хэмжигдэх прогнозтой нүүрсний бүлэг ордууд “Саус Гоби Сэндс”-ээс Хятадын төрийн өмчит “Чалко”-гийн мэдэлд шилжиж магадгүй нөхцөл байдал үүссэн тэр үед МАК-д ч бас буруу байгаа талаар байр сууриа илэрхийлэх мэргэжилтнүүд байсан юм. Учир нь “Саус Гоби Сэндс” ХХК-ийн мэдлийнх гэгдэж ирсэн Овооттолгой, Сүмбэр-Билүүт, Заг Сүүж зэрэг нүүрсний ордууд нь геологийн бүтэц, тогтоц, үүссэн нөхцөл, насжилтаар нь аваад үзэхэд Нарийнсухайт ордын шууд үргэлжлэл бол Нарийнсухайтын орд нь Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг стратегийн орд.

Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж, тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь баталсан байдаг. Улмаар тус компани нь 2003 онд тус ордын хайгуул болон ашиглалтын 22 км.кв талбай хамарсан лицензүүдийг авсан бол “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2005 онд Нарийнсухайтын ордоос яг хил залгаад зүүн болон өмнөд хэсгүүдэд хайгуулын ажил гүйцэтгэж зүүн ба баруун гэсэн хэсгүүдэд 2006-2007 онуудад нөөцийн тайлан бичиж, 2007 оны 7-р сарын 26-ны өдөр Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар нөөцийг хэлэлцэж гадаргуугаас 340 м гүн хүртэл 188 сая тонн нүүрс бүртгэсэн байдаг юм. Цаашлаад, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь тэрхүү нүүрс агуулсан талбайг Овооттолгойн орд гэж нэрлэсэн түүхтэй. Харин эх сурвалжуудын өгдөг мэдээллээр “Монголын Алт компани” нь Нарийнсухайтын ордын шууд үргэлжлэл болсон талбайгаа “Айвенхоу Майнз Монголия Инк” компанид худалдсан гэгддэг. Түүнчлэн “Айвенхоу Майнз” компани хайгуул хийж, Овооттолгой зэрэг ордуудыг нээжээ. Тиймээс ч “Айвенхоу Майнз”-ын охин компанийн нэрээр овоглодог Өмнийн говийн нүүрсний ордууд нь Хятадын төрийн өмчит компанийн мэдлийнх болж, цаашлаад хятадууд манай улсын нүүрсний зах зээлийг өөрийн бодлогоороо залах, монополь үнээр дарамтлах аюул хаяанд ирээд байсан тэр үед ийм нөхцөл байдалд хүрэхэд зохих хувь нэмрээ оруулсан МАК-ийг буруутгагсад байдаг нь бас л анхаарал татах л асуудал юм.
МАК компанийн мэдэл дэх бас нэгэн том орд Цагаан суваргын зэс, молибдены орд.Төрийн зүгээс МАК-тай тулж ярилцана гэх мэдээлэл байгаа. Учир нь энэ орд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын жагсаалтад ордог. Тэгэхээр ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч МАК-тай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийх аж.
Мөн тус компанийн мэдэлд Алагтолгой, Хөөтийн хонхорын орд буюу шатдаг занар, нүүрсний орд, Адуунчулууны орд гэхчлэн олон орд газруудын лиценз бий. Ёстой л Монголын газар нутгийг зоргоороо ухаж, сийчиж олон арван тэрбумын үр ашиг олж байгаа компани гэдэг нь тодорхой. Тэгэхээр ийм компанийн хувьд эргээд нийгэмдээ үр ашигтай зүйлүүд дээр гар сунгадаг байхад гэмгүй л баймаар. Бүр ёстой гэж хэлмээр байна. Англиар have to гэдэг дээ. Гэвч өнгөрсөн 20 жил Монголын хөрсөн доорх баялгаар мөнгө хийсэн МАК-д түмний тусын юм хийчихье гэсэн сэтгэл, зориг ч үгүй янзтай.
Улстөртэй түншилсэн “М-Си-Эс”
2.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн Ж. Оджаргал ноёнтноор овоглогддог “М-Си-Эс” групп баялаг бүтээгч мөн үү гэдэг асуултад үгүй гэх хариултыг өгөх нь харалган хэрэг болох биз. Харин нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, хэрэгжүүлдэг вэ гэдэг дээр хангалттай сайн дүн тавихад эрт байна. Ерэн оны эхээр зөвлөгөө өгөх буюу оюуны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан “М-Си-Эс” өдгөө олон салбарт хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Гэхдээ бизнесийн талбарын ноён оргилд хүрэхийн тулд энэ компани үе үеийн Засгийн газруудтай, улстөрчидтэй өндөр хэмжээнд түншилж ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Ямартаа л халхын хавтгайд зарласан хамаг тендерийг “М-Си-Эс” л хамж авдаг, эмэгтэй хүний “памперс”-ны тендер зарласан ч тэднийх, эрчим хүчний шугам татсан ч бас л тэднийх ялж байдаг, жижгүүдэд юм үлдээж, боломж олгоход яана даа гэж бусад нь халаглахад хүрч байхав. Мэдээж ийм жишиг зөвхөн манайд байгаа хэрэг биш. Дэлхий дахины эдийн засгийг хүчирхэг корпорациуд нуруундаа үүрч байгаагийн цаана улс орнуудын төр засаг болоод томоохон компаниуд хоорондын түншлэл нууцлаг байдлаар хадгалагдаж ирсэн юм. Энэ нь улстөртэй түншилсэн “М-Си-Эс” группын ноёрхлыг зөвтгөх гэсэндээ өгүүлж байгаа зүйл биш юм. Нэг талаас бусад компаниудад боломж олгох ёстой гэдэг байр суурийг үл тоож болохгүй гэдгийг л тодотгож хэлмээр байна. Түүнчлэн бизнесийн эрх ашигтаа нийцүүлсэн хууль, журмыг лоббидох тал дээр “М-Си-Эс” групп гаргууд сайн ажилладаг гэгддэг.
“М-Си-Эс” группыг баялаг бүтээгч талаас нь авч үзвэл багагүй зүйлийг ярих хэрэг гарна. Группын Ерөнхийлөгч Ж.Одын хэлж буйгаар шилжилтийн хүнд цаг үед үүсгэн байгуулагдаад удаагүй хувийн компаниудад байтугай улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас төр засагт хүртэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх санхүүжилт, төсөв хязгаарлагдмал, үүссэн цахилгааны болон бараа бүтээгдэхүүний хомсдолыг богино хугацаанд давж туулахад зайлшгүй хэрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олон улсын байгууллага, гадаадын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хийж байж. Тиймээс олон улсын байгууллагын тавьдаг өндөр шаардлага, дүрэм журмын дагуу шударга шалгаруулдаг тендерт М-Си-Эс компани оролцож Монголынхоо инженер, техникийн ажилтнуудыг нэгтгэн, голдуу гадаадын туршлагатай компаниудтай өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч эрчим хүч, инженерингийн төслүүдийг төлөвлөхөөс нь түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг бүхий л шатанд гардан хийх явцдаа удирдан зохион байгуулах, гүйцэтгэн биелүүлэх ихээхэн мэдлэг, чадавхи, туршлага хуримтлуулсан. Сүүлийн үеийн бүтээн байгуулалтуудын онцлогоо бизнесийн болон нийгмийн эрх ашгийг зохистой хослуулахад оршиж байгаа хэмээн хэлж байна.
Ямартай ч тус группын 13 компани Монгол улсад хамгийн их татвар төлж, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон гэхээр бас л жинтэй хувь оруулж байгаа нь ойлгомжтой юм. Ер нь бол энэ том групп улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруундаа үүрч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь эрүүл хандлага гэдгийг хэлье.

Харин нийгмийн хариуцлагын тухайд М-Си-Эс групп гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, ажлын байр олноор бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага гэж үздэг аж. Уг нь бол хувийн компанийн үр ашигтай үйл ажиллагааны үндэс, гол хөдөлгөгч хүч сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Тэр утгаараа компаниуд ажлын байрыг бий болгож байгаа нь тухайн компанид ч, улсад ч ашигтай л гэсэн үг. Тэгэхээр ажил олгож байгаагаа нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж харахаас илүүтэй нийгмийн хариуцлагын нэг хэлбэр нь хандив, тусламж, ивээн тэтгэлэг буюу нийгэм, хүмүүст өгөөжтэй байх явдал. Тэгвэл тус группын тухайд энэ хүрээнд оюутан залуусын боловсролыг дэмжих, үндэсний болон орчин үеийн соёл урлаг, спортыг хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслахад илүүтэй чиглэн ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж байна.
Бизнесийн үйл ажиллагаагаа нийгэмд үр нөлөөтэй байлгах чиглэлээр залуучуудад зориулсан орчин үеийн шийдэл, тохижилттой, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий 1 600 өрхийн орон сууцны хороолол, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын төлөө 70 000 гаруй айлд суурилуулсан бүрэн шаталтат зуухны төсөл, гадаадад явж эмчлүүлдэг иргэдийн урсгалыг бууруулах зорилготой олон улсын стандартын эмчилгээ, оношилгооны төв, олон улсын жишигт хүрсэн сургууль, цэцэрлэг мөн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай олон улсын таван одтой зочид буудал, хурлын цогцолбор, цанын бааз зэрэг нийгмийн төслүүдээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааныхаа нэг хэсэг хэмээн өөрсдөө тодотгож байна. Гэхдээ үнэхээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн бодит жишээ мөн үү гэдэгт нь уншигч та өөрийнхөөрөө дүгнэлт хийх боломжтой.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (2)