Харийнхан бүргэдчин охины амиар наадах нь!

13-хан  настай бүргэдчин охиныг харах сонирхолтой жуулчид “Хыран 2014 Бүргэдчидийн баяр”-т олноороо оролцсон гэдгийг эхлээд тодотгож хэлмээр байна. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа  “Хыран”-2014 Бүргэдчидийн баяр”-т анх удаа эмэгтэй бүргэдчин оролцсон нь  Н.Айшолпан гэх 13-хан настай охин юм. Тэрбээр 72 бүргэдчинг манлайлан тэргүүн байрыг эзлээд байна.

200-гаад  жилийн уламжлалтай бүргэдээр ан хийх аргыг эзэмшсэн цорын ганц охиныг харах гэж 600 жуулчин Монголыг зорьж ирсэн гэхээр таатай биш гэж үү.  2013 онд BBC агентлаг түүний бүргэдтэй гэрэл зургийг онцолж байсан бөгөөд дэлхий нийтээр түүнийг харж байсан удаатай.

Тэгвэл энэ жилийн  Бүргэдийн баярын үеэр АНУ-ын Нью-Йоркд төвтэй “Олигвы Энтертайнмент”-ын уран бүтээл хариуцсан захирал Отто Белл гэгч Британи залуу “Айшолпаны амьдрал” нэртэй баримтат кино хийхээр охины ээж аавтай нь гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээнээс үзэхэд Н.Айшолпан охинд ганц доллар өгөхөөр тусгасан бөгөөд өөрсдийн цуглуулсан охины тухай бүхий л баримт мэдээллийг насан туршдаа өмчлөх эрхтэй хэмээгээд гэрээнд гарын үсэг зурсан талууд тохиролцоонд хүрэх ёстой гэж хатуу заажээ. Хамгийн хачирхалтай нь гэрээ зөвхөн англи хэл дээр бичигдсэн байж.

Эцэг эх нь охиноо  кинонд тоглоно гэдгийг ойлгосон ч ганцхан долларын хөлстэй болохыг мэдээгүй гэнэ. Ийнхүү 1 ам.долларын гэрээ байгуулсан тухай мэдээллийг хамгийн анх “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор буюу олноо Цэнхэр үст нэрээр танигдсан Э.Цэрэн цахим сүлжээгээр цацсан байдаг.

Тэрбээр энэ талаар “Бүргэдийн баярт Н.Айшолпан охин түрүүлж цом авав. Бүргэд эзнээ танин таван секундын дотор ирэв. Монголчууд баатараа таниагүй байхад гадныхан олзоллоо. Дэлхийд цор ганц 13 настай бүргэдчин охины тухай киног хийхэд олон улсын киноны баг 1 долларын гэрээ хийжээ. Энэ айл надаас тусламж хүссэн. Тэдгээр киноны баг их мөнгөтэй болоод мөнгө өгнө гэжээ. Тэгвэл түүнийгээ гэрээндээ бас дурдах хэрэгтэй” хэмээж байсан юм.  

Мөн өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн маркетингийн мангасын өмнөөс гэмгүй цайлган инээмсэглэх охин... Насанд хүрсэн 8 эрийг тэжээхээр нүдний нь өмнө ганцаараа уулын өндөрт байрлах бүргэдийн үүр лүү  мацсан охин. Нэртэй л болж байвал бусад нь ямар хамаа байна гэж олны танил болох өвчнөөр өвчлөн чарлах харийхны угаадас долоогчид эсэргүүцээд ч, гутаагаад ч дийлсэнгүй...” хэмээн бичжээ.

Харин нөгөө талаас Н.Айшолпан охины аав Нургайв хэлэхдээ “Охин маань уг кинонд үргэлжлүүлэн тоглох дуртай байгаа” гэсэн бөгөөд тухайн үед охины аюулгүй байдлын талаар хайхрамжгүй хандсан, мөн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтын баг энэ оны 7 сарын 06-14-ны хооронд болон 9 сарын 30-наас 10 сарын 9 –ний хооронд ирж зураг авалт хийх үедээ охины гэрт байрласан боловч идэх уух, хонож өнжих хөлс огт өгч байгаагүй, мөн гэрээ англи хэл дээр байсан учир юун дээр гарын үсэг зурж байгаагаа огт ойлгоогүй бөгөөд одоогоор киноны зураг авалт дуусаагүй, зураг авалтыг дуусгахаар ирэхдээ үлдэгдэл мөнгөө өгөх болсон тухай” ярьжээ.

Гэтэл Отто Беллийн зүгээс “кино хийхийн тулд хөрөнгө босгох зайлшгүй шаардлага тулгардаг. Хөрөнгө босгохын тулд номинал гэрээ буюу ямар нэгэн санхүүгийн харилцааг эхлүүлсэн тухай гэрээ хийдэг. Н.Айшолпан уран бүтээлч нарын хооронд санхүүгийн харилцаа эхэлснийг нотлохын тулд 1 долларын гүйлгээ хийснийг нотлох гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ гэрээг зөвхөн англи хэл дээр хийсэн нь алдаа болжээ” хэмээх үгсийг хэлж байжээ.

Ийнхүү Н.Айшолпан охины тухай баримтат кино 2015 оны 2 сард багтан бэлэн болвол Монгол Улсын Аялал жуулчлалыг сурталчлах “Ай-Ти-Би-2015” наадамд толилуулахад ССАЖЯ дэмжих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тэгвэл ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл энэ талаар “time.mn” сайтад өгсөн ярилцлагадаа: “Отто Белл гэдэг хүн Баян-Өлгий аймгийн бүргэдийн соёлыг сурталчилсан баримтат кино хиймээр байна, танай яамнаас санхүү хөрөнгөөр туслалцаа үзүүлж чадах уу гэх хүсэлтийг энэ оны эхээр тавьж байсан. Бидний зүгээс санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй ээ. Кино бэлэн болоод дэлгэцэнд гарахад манай зүгээс таны киног гадаад сурталчилгаандаа ашиглах боломжтой гэсэн хариултыг өгсөн. Мөн бидний зүгээс гэрээтэй танилцахад англи хэл дээр байгуулсан гэрээ байсан учраас Отто Беллд гэрээг монгол хэл дээр шинээр орчуулах, шаардлагатай бол казак хэл дээр байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан, бас охинтой нэг ам.долларын гэрээ байгуулсан талаараа тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг яамны зүгээс тавьсан” хэмээжээ.

Мөн тэрбээр “кино хийж байгаа хүн маань өөрөө мөнгөгүй, гол дүр бүтээж байгаа охин маань бас мөнгөгүй учир цаашдын харилцаагаа үүсгэхдээ бэлэгдэл маягаар мөнгө солилцсон гэж ойлгож байгаа. Яг ийм гэрээний зарчим олон улсад үйлчилдэг. Рио Тинто, Оюутолгой хоёр ч мөн адил харилцаагаа үүсгэхдээ нэг доллараар эхэлж болдог. Нэг доллар гэдэг зүйлийг хоёр хүний хоорондын санхүүгийн харилцаа үүссэнийг бэлгэдэж байна гэж ойлгоход буруудахгүй” гэсэн байв.   

Зураг авалтын үеэр Н.Айшолпанд 3000 ам.доллар өгсөн бөгөөд дараа ирэхдээ буюу өвлийн зураг авалтанд ирэхдээ ахин мөнгө өгөх тухай заасан бөгөөд тэд эдийг гэж тодорхой тоо дурдаагүй аж.

Өдгөө 60 хувьдаа явж байгаа киноны зураг авалт 12 сард үргэлжлэх сурагтай байгаа бөгөөд тэр үеийн зураг авалтанд байгуулах гэрээний заалтуудыг өөрчлөн байгуулахаар охины эцэг эх хурал хийсэн байна. Энэхүү хурлын үеэр ямархуу гэрээ байгуулах талаар хэлэлцсэн байна. Үүнд:

1.Гэрээг Казак, Монгол, Англи гурван хэлээр байгуулах

2. Гэрээний агуулгад охины эрх ашгийг хамгаалах талаарх заалт

3. Охинд олгох хөлсний хэмжээг тодорхой бичих

4. Охины аюулгүй байдлын талаар тусгах

5. Гэрээнд хоёр талын эрх ашгийг тодорхой тусгах  

6. Дахин гэрээ байгуулсан тохиолдолд ССАЖЯ болон Аймгийн ССАЖ-ын газраас охины гэр бүлд хууль зүйн зөвөлгөө өгч тусалж байх. Мөн киног арилжааны зорилгоор ашигласан тохиолдолд ашгийн тодорхой хувийг ил тод тусгах ба охин болон Монгол улсад орлогын тэдэн хувийг олгох талаар тусгах

7. Гэрээг болон гэрээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг ноиариатаар баталгаажуулах зэрэг заалтуудыг оруулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү үүсээд байгаа асуудал нь нь монголдоо хамгийн анх удаа баримтат кинон дээр мөнгө төлөх тухай асуудал яригдаж байгаа юм байна.

Ямартай ч асуудал ийм дээр тултал хурцадсан нь дан ганц мөнгөтэй холбоотой бус. Насанд хүрээгүй охиныг ямар ч хамгаалалтгүй уул руу мацуулж бүхэл бүтэн нэг хүний амь насаар дэнчин тавихдаа харийхан, аюулгүй байдлыг нь хангаагүйгээр үл барам өөрсдийн эрх, ашгийн төлөөх улайрч байгааг хүмүүс өөр өөрсдийнхөөр дүгнэцгээх биз ээ.

Э.Цэрэн нарын тэмцэгчид энэхүү үйл явдлыг олонд дэлгээгүй бол Монгол Улсын соёлын нэгэн үнэт өвийн нэг хэсэг гадаадынханд ашиглагдаж, жирийн малчин айлын охин хохирч үлдэх байсан ч юм бил үү...  

П.Урнаа

 

       


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    tserendee mun saiddaa bayarlalaa
    2014 оны 10 сарын 18 | Хариулах
  • zochin
    gereegeer luiwar hiideg gazar haa saigvi bnaaa bn
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • Zuv
    Tseren sain baina.
    2014 оны 10 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025