
Энэ намар ургац арвин байсан нь дамжиггүй. Харин бид Монголын кино урлагт нэмэгдэж буй дэлгэцийн уран бүтээлүүдийг долоо хоног алгасалгүй хүлээж аван оюунлаг сайхан намаржиж байна.
Намрын бас нэг тэсрэлт, хүлээлт Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө” байв. Зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, Төрийн соёрхолт найруулсан, дээр нь жүжигчдийн баг энэ цагийн шилдгүүд байв.
Гурван үеийн хайр дурлалыг харуулсан киноны залуу үед л гэхэд сенсаацийн эзэн болж буй Т.Билэгжаргал, амаржаад анх удаа дэлгэцнээ нүцгэллээ гэх шуум дагуулсан О.Дөлгөөн, бас ч үгүй дотортой жүжигчин болохоо харуулсан Ж.Мөнгөнсүх нар шилэгдэв.
Дунд үе, ахмад үеийн дурлалт хосуудад мөн л энэ цаг үеийн гялбаа болсон жүжигчид сонгогджээ. Ихэвчлэн гэр бүлийнхээ хүний кинонд дүр бүтээх болсон МУГЖ Н.Батцэцэг Төрийн соёрхолтын кинонд тоглосон. “Суварган цэнхэр уулс”-ын алтан партнёр Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатартай энэ олон жилийн дараа жинхнээсээ дурлалт хос болж дэлгэцнээ мөнхөрсөн нь олны сонирхлыг ихэд татсан юм.

Эвшээлттэй хоёр дурлал
-Юуны өмнө энэ бол хайрын тухай кино биш гэх киноны зохиолч СГЗ Ш.Гүрбазарын үг олны анхаарлыг татав. Харин нас насанд байдаг шаналант хайр дурлалын зовлонгийн тухай кино аж. Идэр залуухан 20 насанд анхны хайраа тавьж явуулж өөрөө хүсэхгүй ч баян айлын хүүг даган холын холд одох бүсгүй. О.Дөлгөөн Ж.Мөнгөнсүх хоёр хосолсон бол баян айлын хөвсөргөн хүүгийн дүрийг Т.Билэгжаргал бүтээв.
Амьдрал сая жигдрэх 40-өөд насанд гэнэтхэн нууц амрагтаа сэтгэл алдрах залуу. Мэдээж Пара кино хийсэн бол С.Болд-Эрдэнэ энэ дүрд тоглох нь тодорхой. Харин түүний зүрхийг булаах нууц амрагийн дүрийг залуу жүжигчин Н.Баярмаа бүтээжээ. Усгал зөөлөн ялдам төрхтэй энэ бүсгүй тайз, дэлгэцийн нэг шигтгээ болсоор чамгүй удсан. Үзэгчид түүнийг “Алсын удирдлага” киногоор мэдэх болсон.
Тэр хоёр дурлах болсон нь бүсгүйн нөхөр үргүйгээс болсон хэрэг. Тэр азгүй "амьтан"-ы дүрийг Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэнтэй хослон дэлгэцийн хамгийн азтай жүжигчин эрээр нэрлэгдсэн О.Гэрэлсүх бүтээв. “Лардьма”-гаас хойш түүнийг яаж ч харсан цаанаа л жийрхэм сэтгэгдэл төрөх болсон билээ. “Сүүлчийн шөнө”-д ч тэр муугүй сэтгэгдэл үлдээв.
Эхний хоёр дурлалын хэсэг явж байхад үзэгчид эвшээж эхлэв. Утга уянгын кино, дээрээс нь нээлт 15.30-д гэж зарлагдсан боловч 17.30-д эхэлж бүтэн хоёр цаг хүлээсэн болохоор магадгүй ядарсан биз. Нэг тийм залхах мэдрэмж төрж орхив. Бодвол зохион байгуулалтын багийн гаргасан алдаа биз ээ.
Оньсого тайлагдах оргил үе
Үзэгчдийг хамгийн их инээлгэсэн хэсэг Ц.Төмөрбаатарын дурлалын сцен явсан хэсэг байлаа. Харахад хошин шогийн жүжигчин биш танил хүн атал түүний дурлаж байгаа нь цаанаасаа инээхэд хүргэж байв. Цогнэмэх /Ц.Төмөрбаатар/ анхны хайр Саянцэцэг /Н.Батцэцэг/-тэй өвөө болсон хойноо эргэн уулзав. Хүүхэд байхдаа хайрлаж байсан алдрай жаахан охиноо яг л тэр үе шиг санаж сэтгэл нь гэгэлзэнэ.
Харин хайрт бүсгүй нь үхлүүт өвчин тусаад амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд түүнд сэтгэлээ илчлэхээр иржээ. Өвөө, эмээ болсон хойноо бие биенээ өхөөрдөж, Цогнэмэхийн эхнэр хардан тасхийтэл алгадах дүр зураг залуус бидэнд сонихон байлаа. Аргагүй зохиолч өөрөө ч энэ насны хүн болохоор өмнөх хоёр үеийн дурлал дээр нэг л явахгүй диалог дэглэсэн ч тэдэн дээр чин сэтгэлээсээ бичсэн бололтой.
Хүн ер нь жаргалд биш хайранд шунадаг байх гэсэн зохиолчийн үзэл санаа Саянцэцэгээр дамжин гарав. Нээрээ л тийм байх.
Ш.Гүрбазарыг мундаг яруу найрагч, асар үгийн сонголт сайтай дууны шүлэг тэрлэдэг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Харин кинон дээр тархинд харван орж нэг сонсоод л цээжилмээр, твиттертээ бичиж түгээмээр шигтгээ болсон харилцан ярианы гоё үгнүүд нэг л гарсангүй юу даа. Дээрээс нь үүдэнд тараасан салфеткийг хаана ашиглаж, хэзээ уйлахаа анзаарсангүй.
Бидний үеийнхэн хөндий хуурай, сэтгэлгүй хүмүүс болсон уу, дунд насныхан, тэрнээс дээш насныхан бол “уйллаа” гэж хоорондоо ярилцаж байв. Эсвэл бид үнэхээр хайрыг мөн чанараар нь ухаарах, ойлгох насандаа яваа биш бололтой. Амьдардагаа амьдарч, хайрлахаа хайрлаад, үзэхээ үзчихсэн хүмүүс зохиолч, найруулагчийн санааг илүү ойр хүлээж авсан байх.
Сүүлчийн тэнэглэл
Өнөөдөр магадгүй таны амьдралын сүүлчийн шөнө бол та юу хийх вэ. Магадгүй сүүлчийн удаа тэнэглэж хайраа илчлэхээр явах байх. Сонгодог бүтээлийн мөн чанар “Би оронд нь байсан бол яах бол” гэж тухайн үзэгч, сонсогчид бодогдуулж чаддагт оршдог гэдэг. Бодсоон бодсон, нээрээ би яах байсан бол? Миний амьдралд үнэхээр тийм мартаж боломгүй хайр байсан уу? Жинхэнэ хайр гэж юу юм? Тэр хүнээ хажуудаа барихын нэр юмуу, эсвэл хэсэгхэн хором аз жаргал мэдрээд тэр сайхан дурсамжаа хадгалан урагш алхах уу? Яг одоо таны хажууд байгаа хүн хайртай хүн чинь мөн үү? Эсвэл хайрыг өнгөрсөн хойно нь мэддэг юм болов уу?
Эцэст нь киноны дуучдын сонголтон дээр таван үг хэлмээр байна. “Сүүлчийн шөнө” хэмээх хүн бүхний чихэнд хоногшсон дууг гурван бүсгүй амилуулсан. Б.Маралжингоо, Х.Оюунбилэг, Д.Отгонжаргал нар. Нас насны хайр дурлалыг харуулсан кино тул нас наснаас нэг дуучин сонгон дуулуулжээ.
Б.Маралжингоогийн хэсэг үзэгчдэд хамгийн их таалагдав. Харин хамгийн муу үнэлгээг Д.Отгонжаргал авав. Үнэхээр бишээ. “Сүүлчийн шөнө” бол зохиолын дуу биш, дээр нь нөхөр ямар ч доторгүй “хусаж” орхив уу даа. Гэтэл Б.Маралжингоо амьдралдаа сүүлчийн шөнийг тийм олон үзсэндээ үнэхээр үхэх шахам гуниглаад тэгж гоё дуулсан гэж үү? Үгүй шүү дээ.
Тэр дөнгөж 20 гаран настай бүсгүй. Д.Отгонжаргалын дуулахыг сонссон л байлтай, найруулагч. Тэр дороо болиод өөр дуучин олох эсвэл тэр хэсгийг бүр хасах ёстой байсан ч байж мэднэ. Тийм нэг наалдацгүй, агуулга хэлбэрийн зөрчилтэй хоолойгоор дуулж орхив. Ямартай ч цаанаа л биш ээ.
Нас насныханд өөр өөр сэтгэгдэл төрүүлэх “Сүүлчийн шөнө” байлаа. Ямар ч ойлгомжгүй утга, зангилаа нь олдохгүй бол сонгодог зураг, ямар ч амтгүй амнаас уначих шахсан бол тэр хоол эрүүл хоол гэж надад хааяа хошин ч гэмээр бодол орж ирээд байдаг юм. Цаг хугацаа явах тусам тухайн уран бүтээлийн үнэ цэнэ өсөх биз ээ.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (11)