БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн наадмаас манай баг тамирчид богц дүүрэн амжилттай ирсэн. Гэхдээ тэндээс дандаа сайн мэдээ ирээгүй. Саар мэдээ ч байсан билээ. Жүдо бөхийн барилдааны үеэр манай эмэгтэй баг тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэгсэл гарсан асуудлыг Монголын багийг ахалж явсан Б.Бат-Эрдэнэ гишүүн албан ёсоор баталж байсан. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бөхбат энэ талаар polit.mn-д ярьсан байна. Тэрбээр ярилцлагадаа “...Тамирчдын идэх хоол хүнсийг Үндэсний олимпийн хороо хариуцаж бидэнд хүргэж өгдөг байсан. Гэтэл тэмцээний хоёр дахь өдрөөс хоол нь ирээгүй. Ямар сайндаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчиддаа дэлгүүрээс бэлэн гоймон авчирч өгөхөв. Тэр гоймонг идээд дөнгөж өл залгах төдий өнгөрсөн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням бүтэн өдөр хоолгүй өнжсөн. Бэлэн гоймонгоор хооллосноос болоод тамирчдын биед эхний удаад урвал өгч, цаашлаад ходоод нь өвдөж эхэлсэн. Үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хүртэл унасан. Тэгээд арга ядаад өөрсдөө хоол хүнсээ зохицуулах юм болтол Үндэсний олимпийн хорооны ажилтан бидэн дээр хүрч ирээд, “Маргаашийн хоолыг бас захиалж чадсангүй. Та бүхэнд 100 мянган вон өгье. Үүгээр болгож байх уу” гэсэн. Тэр мөнгөөр 20 тамирчныг хооллоход бэрх биз дээ. Тэгээд зарим нэг нь хувиараа гадуур хооллосон.

-Гурав дахь өдөр нь манай охид багийн барилдааны өмнө өөрсдөө хоол хийж иднэ гээд завсарлагааны үеэр хоол хийж идсэн байдаг юм. Би тэр үед үзэгчдийн суудалд сууж байлаа. Тэгтэл дэлхийн аварга М.Уранцэцэг маань над дээр хүрч ирээд “Бөхбат ах аа ноцтой асуудал гарлаа. Та доошоо өрөөнд ороод ирэхгүй юу” гэв. Тэгэхээр нь би яав, юу болов гэхэд нөгөө асуудлаа хэлж чадахгүй хоолой нь зангирчихсан байсан. Үнэхээр ноцтой юм болж дээ гэж бодоод доод давхрын хувцасны өрөөнд ортол манай охид идэж байсан хоолныхоо үлдэгдлийг надад үзүүлдэг юм байна. Тэгээд тэдний дутуу идсэн хоолноос нь эмэгтэй хүний өдөр тутмын хэрэглэл гарч ирснийгээ надад харуулсан юм. Тухайн үед охидуудын нэг хэсэг нь уйлчихсан, зарим нэг нь бөөлжсөн байдалтай байсан. Тун урвуу царайтай угтсан даа. Би тэр бохир зүйлийг хараад нүдэндээ итгэж ядан огиж орхисон. Би тэр дор нь наадмын зохион байгуулах хороо, жүдо бөхийн тэмцээнийг зохион явуулсан албаны хүмүүс, тэр зааланд хариуцаж ажиллаж байсан хамгаалалтын тусгай хувцастай хүмүүст хандаж үзлэг шинжилгээ хийхийг хүссэн. Ийм бусармаг зүйл спортод байж болшгүй юм. Жигшүүртэй хэрэг. Түүнчлэн БНСУ-ын жүдо бөхийн багш, дасгалжуулагч нарт нь үзүүлж үнэн байдлаа учирласан. Тэднийг энэ зүйлийг хийсэн гэж байгаа юм биш. Цаашид энэ мэт бусармаг зүйл гаргахгүй байх талаас нь анхааруулсан хэрэг. Албаны шаардлага хүртэл өгсөн. Гэвч тэд “за” гэж хэлчихээд нүүрэн дээрээ уучлалт гуйсан хэрнээ бидэнд хариу албан мэдэгдэл ирүүлээгүй. Олимпийн хорооныхон Б.Бат-Эрдэнэ аваргад хандан манай холбооноос гаргасан бичигт гарын үсэг зурахыг даалгасан юм билээ.” хэмээн ярьжээ.

Тэгэхээр түүний ярианаас харахад гадны нөхдүүдийг шүүмжлэхээс гадна бид өөрсдийнхөө дутагдлыг бас харах хэрэгтэй юм. Улсынхаа нэрийг гаргана, амжилтанд хүрнэ гээд явж байгаа тамирчдаа өлөн зэлмүүн сойдог манайх шиг улс ер нь байдаг ч юм уу. Хаа хаанаа л нэгийг бодмоор.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)