Цуутай хосуудын дуулиант хуримууд

Өмнөд Солонгосын савангийн дууриуд ганц Монголд төдийгүй Ази, Европын орнуудад хүчээ авч, гол дүрийнх нь жүжигчид од болдог жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Солонгосын кино одод Холливудад нэрээ гаргах нь ч энгийн явдал болох янзтай. Алдар хүндээ дагаад амьдралын хэв маяг нь ч дэлхийн оддын зиндаа тийш чиглэж байгаагийн нэгэн илэрхийлэл нь Солонгосын оддын дуулиант хуримуудаас харагдах болов. Олны танил од- хосуудын хурим Холливудын оддын хуримаас дутахгүй өндөр өртөгтэй, нүсэр зохион байгуулалттай болж байна. Сүйт бүсгүйчүүд нь Америкийн алдартай дизайнеруудын урласан ганц хувь гайхалтай бүтээлүүдээс хуримын даашинзаа сонгож, таван одтой зочид буудалд гэрлэх ёслолоо хийж, бал сараа дэлхийн хамгийн сонирхолтой газруудыг сонгож очиж хийдэг боллоо. Гэвч энгийн даруу байдлаар хуримлах хосууд ч бас бий. Ингээд дуулиантай амьдарч, дуулиантай хуримласан бас цуутай амьдарч даруухан хуримласан хосуудын тухай танд сонирхуулъя.

 

Зууны хуримын эзэд буюу Солонгосын Бранжелина
2010 оны хавар дуулиантай хуримаа хийсэн жүжигчин Жан Дон Гүн, Ку Су Ёон нарыг  Солонгосын Брэд Питт, Анжелина Жоли буюу Бранжелина хэмээн тодотгодог.

 

Солонгос даяар зууны хурим хийлээ хэмээн хэвлэлээр бичигдэж байсан тэдний  хуриманд Солонгосын залуу болон ахмад уран бүтээлчдээс гадна дуучид, жүжигчид гээд 500 гаруй зочид төлөөлөгчид, 3000 гаруй фэн, 1000 гаруй гэрэл зурагчин, 300 гаруй сэтгүүлчид оролцсон байдаг.

Тиймээс ч одоогийн байдлаар хамгийн их хүмүүс цугласан хуримын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Мэргэжил нэгт жүжигчин хосууд 2007 оноос үерхэж эхлээд гурван жилийн дараа хуримаа хийжээ. Жүжигчин  Ку Су Ёон хуримаа хийж байхдаа гурван сартай жирэмсэн байсан бөгөөд мөн оныхоо10 дугаар сард анхны хүүгээ тэвэрч, өдгөө аз жаргалтай гэр бүлийн төгс жишээг харуулан амьдарцгааж байна.  
Экс найз бүсгүйг нь санагдуулам  
Сөүлийн “Grand Hat” зочид буудалд сүр дуулиантайгаар хуримласан хос бол нэртэй жүжигчин И Бёнг Хён буюу бид болон түүнтэй  мэргэжил нэгт И Мин Жон нар юм. Бидний сайн таньдагчлан Ин Ха буюу И Бёнг Хёны тухайд Азид төдийгүй, Холливудын энд хүрсэн жүжигчин гэдгийг манай уншигчид мэдэх билээ.

Энэ хосын  хуриманд Солонгосын болон дэлхийн кино урлагийн нөлөө бүхий 200 гаруй зочид оролцсон билээ. 2012 оны 11 дүгээр сараас үерхэж эхэлсэн жүжигчин хос  өнгөрсөн 8 дугаар сарын 10-нд хуримаа хийж бал сарын аялалдаа яваад ирсэн.

44 настай нэрт жүжигчин И Бёнг Хён  өөрөөсөө арваад насаар дүү бүсгүйтэй хамтын амьдрал зохиосон нь солонгосчууд гэр бүлийн амьдралд хэр их яарч тэвддэггүй, нухацтай хандаж болохыг харж болохоор. Хамгийн сонирхолтой нь түүний амьдралын ханиараа сонгосон бүсгүйг өмнөх найз бүсгүйтэй нь тун адилхан гэдэг.

И Бёнг Хён нь “Амьдралын ээдрээ” киноны Мин Сү Ёнтой хайр сэтгэлийн романс үүсгэж, гурван жил үерхсэний эцэст хоёр тийш болсон билээ.
Тэнгэрийн элчийн хурим
Солонгосын алдарт хосуудын нэг бол  Ким Санг Ву, Сон Тэ Ёон нар юм.  Ким Санг Вуг  “Диваажингийн шат” киногоор нь бид  илүү таних бол гэргий нь Солонгосын нэр хүндтэй бүх сэтгүүлүүдийн нүүрийг чимж реклам зар сурталчилгааны урилгад  дарагддаг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй. 2005 онд Австралид агаарын бөмбөлөгөөр зугаалж явахдаа гэрлэх санал тавьснаасаа хойш “тэнгэрийн элч нарын хурим хэзээ вэ? гэсэн асуултад дарагдсан тэд 2008 онд хуримын товоо зарласан.

Улмаар бал сараа Лондонд өнгөрүүлсэн бөгөөд таван сарын дараа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Үргэлж папарациас зугтаж амьдардаг хос өдгөө Сөүлд хувийн байшиндаа хүүхэдтэйгээ гурвуулаа амьдарч байна. Ким Санг Ву өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан хүүгээ  мундаг жүжигчин болно хэмээн ярьдаг аж.  

Ясны жүжигчин гэр бүл
Алдарт жүжигчин Ким Сэн Вуг бид “Зочид буудлын эзэн” киногоор нь андахгүй бол гэргий Ким Нам Жүг нь  “Гэр бүл” киногоор нь илүүтэй таних билээ. Солонгосын хамгийн үнэтэй жүжигчдийн жагсаалтад зүй ёсоор бичигдэх тэд дунд үеийн жүжигчиддээ орно.

Гэхдээ наснаасаа хамаагүй залуухан харагддаг жүжигчин хосууд уран бүтээлийн талбарт гялалзсан амжилт үзүүлж яваа.
2005 оны 5 дугаар сарын 5-нд хуримаа хийсэн тэд 5-ын тоог билэгшээж явдаг аж. Уран бүтээлийн ажилтайгаа зэрэгцүүлэн хувийн амьдралаа сайтар төвхнүүлсэн тэд хоёр хөөрхөн охидтой болсон ч, хүүхдүүдээ олны нүднээс чадварлаг нууж чаддаг.

Жүжигчин Ким Нам Жугийн хувьд  бараг бүх алдартай сэтгүүлийн нүүрийг чимж, хуудсыг нь эзэгнэж, тэр чинээгээрээ  хувийн амьдралынхаа талаар илэн далангүй хэлж, ярьж ирсэн байдаг ч, хүүхдүүдийнхээ талаар бол үнэхээр үг унагадаггүй. Тэдний хайрын билэгдэл болсон охидоо олны нүднээс ихэд нуудгийн учрыг жүжигчин Ким Сэн Вугаас асуухад  “охидыг маань бидний охид гэдгээр нь биш, хувь хүн талаас нь олж хараасай гэж хүсэж байна” хэмээн хариулт өгсөн байдаг. Тоглосон кино бүр нь нэрд гардаг жүжигчин Ким Сэн Ву  сүүлд  “Iris” киногоороо тэсрэлт хийсэн билээ.
Хүмүүнлэг хосууд
Жүжигчин, загвар өмсөгч, найруулагч гээд энэ гэр бүлийн хоёр олон мэргэжилтэй. Анх загвар өмсөж байхдаа танилцаж, олон жил үерхсэний эцэст 2011 онд хуримаа хийцгээсэн юм.

Томоохон компаниудын нүүр царай болдог байсан хос хоёр загварын тайзнаас кино урлаг руу хүчтэй орж ирсэн юм. Түүнээс гадна тэд хүмүүнлэгийн ажил ихээхэн хийдэг гэдгээрээ Солонгостоо алдартай. Сайн сайхан зүйлийг үргэлж дэмжиж, буяны үйлсэд гар татдаггүй жүжигчид маань хуримынхаа бэлэгний мөнгөөр сургууль байгуулсан юм билээ.

Мөн “Дэлхийн зөн”-гийн хүндэт элч гэгддэг жүжигчин Ёо Жи Тэ, Ким Хьё Жин нар Непальд цэцэрлэг байгуулж, Гайтигийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд хандив өргөсөн хүмүүнлэг үйлсээрээ алдартай гэр бүл юм.
Төгс хосууд
Солонгосын нэрт жүжигчин Хан Хэ Жин 32 насандаа өөрөөсөө 8 дүү хөл бөмбөгчин залуутай хуримаа хийж шуугиан тарьсан билээ. 24 настай Ки Сонг Юн Голландын ” Swansea City ” багийн шигшээ багийн тамирчин залуу бөгөөд жүжигчин бүсгүйн хойноос тун ч удаан гүйсэн гэдэг.

Тэднийг хуримаа хийхэд хэвлэл мэдээллээр төгс хос хуримаа хийж оддын хуримын буухиаг үргэлжлүүллээ гэж Солонгосын хэвлэлүүд шуугиж байв. Хуримаа хийхээс хэдэн хоногийн өмнө тэдний хуримын талаар хэвлэлийн төлөөлөгч нар нь нийтэд мэдээлсэн юм.


Хосууд анх Вьетнамд болсон хандив цуглуулах хөлбөмбөгийн тэмцээний үеэр танилцан дотносож байжээ. Тэд 7 дугаар сарын 1-нд Христийн сүмд хуримаа хийж, христэд итгэгч гэдгээ баталцгаасан. Хурим хийснийхээ маргааш Ки Сонг Юнг Их Британид бэлтгэл хийж буй багийнхан руугаа явахдаа бал сараа тэмдэглэх товоо гаргасан бөгөөд удалгүй Англид бал сараа тэмдэглэсэн юм.
Хайрыг сонгов
“Зүүн зүгийн диваажин” киноны Дунугийн дүрээр бидэнд танил жүжигчин Ёон Жүн Хүн, жүжигчин Хан Га Ин нархурим хийх болсон тухайгаа ихэд гэнэт мэдэгдэж, олныг цочирдуулж байсан түүхтэй.

Нас залуу, цус шинэгэн өсөх ирээдүйтэй жүжигчин хосууд уран бүтээлээс илүү гэр бүлийн амьдралаа эрхэмд тавьж, 2005 онд хуримаа хийсэн юм. Тэд 2003 онд “Yellow Handkerchief” кинонд туслах дүр бүтээсэн үеэс хайрын романсаа эхлүүлсэн байдаг. Хуримаа хийх талаар тэд  удаан ярилцаж, бодсоны эцэст гэнэтийн гэмээр шийдвэр гарган цомхон хурим хийснээрээ оддын эгэл жирийн хуримын жагсаалтыг тэргүүлдэг.


Жүжигчин Хан Га Ин нөхөртэйгөө адилхан хацар нь хонхойдог хүүтэй болохыг хүсдэг бол Ёон Жүн Хүн эхнэртэйгээ адилхан охинтой болохыг хүсдэг хэмээн ярьдаг. Одоогоор тэд хүүхэдтэй болж амжаагүй байна. Тэд “ажил маш чухал, гэхдээ бид гэр бүл, хайрыг сонгож байна” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн удаатай. Дашрамд өгүүлэхэд, жүжигчин Хан Га Ин Солонгосын хамгийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг бөгөөд түүнийг хамар дээрх мэнгэ нь хамгаас илүү чимдэг гэсэн шүү.

Үлгэр жишээч гэр бүл
Жүжигчин Ча Ин Пу “Гэр бүл” киноны гол дүрээрээ нэрд гарсан билээ. Өдгөө 47 настай жүжигчин Ча Ин Пугийн гэргий мөн жүжигчин мэргэжилтэй. Тэд хичнээн олны танил одууд ч гэлээ тийм ч сүр дуулиантай хурим хийгээгүй.

Өдгөө хоёр хүүхдийн аав ээж болцгоосон. Гэр бүл болоод 20 гаруй жил болох гэж байгаа хос  Солонгостоо хамгийн нэр хүндтэй үлгэр жишээч хосуудад ордог.  Ча Ин Пу жүжигчний ажлаа  хийхгүй нэлээд завсарлаж байгаад хэдэн жилийн өмнөөс эх орондоо суурьшиж уран бүтээлдээ ороод байгаа юм.

Үзэсгэлэнт гүнжийн үлгэрийн гэр бүл
Хан Жэ Сог, Паг Сул Ми нар үлгэрийн юм шиг хурим хийж, үлгэрийн юм шиг амьдарч байгаа хос.  2013 оны 4 дүгээр сарын 21-нд “Walker Hill” зочид буудалд хуримаа хийсэн тэд бал сараа Баллид тэмдэглэсэн байна.

Жүжигчин Паг Сул Ми нь  “Амьдралын ээдрээ” кинонд тоглож байсан авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүй. Харин Хан Жэ Согийн тухайд Солонгосын дунд үеийн төлөөлөл болсон алдартай жүжигчин.  Солонгосын хамгийн царайлаг, дур булаам гэр бүлийн жагсаалтыг тэргүүлдэг Ханы гэр бүл уран бүтээлээсээ түр завсарлага аваад байгаа гэж болно.

Тоглосон кино бүртээ  энгийн даруухан залуугийн дүр бүтээдэг Хан Жэ Сог амьдрал дээрээ ч энгийн нэгэн гэнэ.  Түүний гэргийг хуримын өдрөө  яг л үлгэрт гардаг үнсгэлжин шиг харагдаж байна хэмээн хэвлэлээр шуугиж байсан юм.
Дуучин, жүжигчин хоёрын хайрын романс
Солонгостоо алдартай дуучин Пэг Жи Ёон манайд дэлгэцээр гарч буй, гарч байсан Солонгосын олон ангит кинонуудын дууны ихэнхийг нь дуулдаг гэж болно. Уран бүтээлээс өөр зүйлд анхаарал тавьдаггүй үзэсгэлэнт дуучин бүсгүй хайрандаа шатаж яваагаа фэнүүддээ гэнэт дуулгаж, бэлэг барьсан цаг саяхан.

Түүний дурлалт залуугаар жүжигчин Чон Сог Вон тодорсон бөгөөд тэд  өнгөрсөн 6 дугаар  сарын 2-нд нүсэр хурим хийсэн юм. Тэдний хуримын товыг сонссон олон сая фэнүүд нь цахим хуудсаар  дамжуулан баярын захидал, мессэж өдөр алгасахгүй нисгэж тэднийг хэр хэмжээний одууд болохыг харуулж байв.

Хос хоёр 9 насны зөрүүтэй ч “биднийг хайр сэтгэл минь хэзээ ч салгахгүй” хэмээн ам гарч, Солонгосын оддыг цуглуулсан хурим хийсэн билээ. Тэд хуримынхаа дараа анхны хүүхдээ хүлээж байсан боловч бүтэлгүйтэж дуучин Пэг Жи Ён сар гаруй эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан юм.
“Бид хуримаа хийлээ”
Залуу жүжигчин Ёо Хён Сү, Жон Ха Юн нар Сөүлийн Ганнам дүүрэгт нижгэр хурим хийсэн юм. Багаасаа Ганнам дүүрэгт амьдарч байсан тэд хуримынхаа урилга дээр “бид хуримаа хийлээ” хэмээн бичиж, тараасан нь хүмүүст их өвөрмөц сэтгэгдэл төрүүлсэн байдаг.

Тэд Ганнам дүүргийн нэгэн зочид буудалд гэр бүл, ойр тойрныхоо хүмүүсийг урин цомхон хурим хийжээ.
Тэс өөр бүсгүйн сонголт  
“Улаан уруулын будаг” киноны гол дүрийн жүжигчин Ким Сэ А амьдрал дээрээ тун даруу, үзэсгэлэнтэй бүсгүй гэнэ шүү. Кинонд хамгийн түрэмгий, хэрцгий эмэгтэйн дүр бүтээсэн Ким Сэй чадварлаг жүжигчдийн тоонд ордог авьяаслаг эмэгтэй.

Нөхөр нь мэргэжлийн хөгжимчин Ким Кү Шиг хэмээх мөн л энгийн залуу байдаг байна. Ким Сэй жүжиглэхээс гадна мэргэжлийн балетчин. Охиноо төрүүлээд жил хагасын хугацаанд  гэртээ байхдаа жин нэмсэн ч,  балетаар хичээллээд буцаад хэвэндээ орсон юм билээ.


Бэлтгэсэн М.Сонор

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Dan solongos ger bvl baina shd. Solongosoos uur uls oron gej baidag shu zaluusaa huurhiiduu suuliin ued manai zaluus unen tolgoi hooson bolj baina duu. hiimel humuuseer duuren solongosoo gej yana da
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    хиймэл хүмүүс бөөн мэс засал
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ХАХА
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    vneheer saihan ger bvlvvd bna mongol zaluus ger bvldee vntnch baiwal zvgeer ym daa
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    vneheer saihan ger bvlvvd bna mongol zaluus ger bvldee vntnch baiwal zvgeer ym daa
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • medehgui
    yostoi heniig ni ch medehgui yum bna en So jujigchdiig, ter soap opera-nuudiig l uzdeg humuus ni l tanih yum baigaa biz, kkk
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    estoi neg tsuutai yumaa
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025