
Зуны спортын XVII наадамд амжилттай оролцон Монголынхоо нэрийг гаргаад ирсэн сагсан бөмбөгчдийн нэг Т.Санчиртай цөөн хором ярилцсан юм. Түүнд Японы багт ирж тоглох санал ирсэн гэх мэдээлэл сошиал сайтуудаар цацагдаж байгаа. Ийм мэдээллийг Их аварга Д.Дагвадорж анх цацсан гэх. Харин тэр өөрөө үүнд ямар хариулт өгөө бол?
-Танд Японы багт ирж тоглох санал ирсэн гэсэн. Тийм үү?
-Манайд ирж тоглооч гэсэн албан ёсны санал хүсэлт одоогоор байхгүй. Ирэх улиралд “Гурван тамир” багтай гэрээ хийсэн. Ямар нэгэн санал ирлээ гэхэд багийхантайгаа ярилцаж байгаад шийдвэр гаргана.
- Хувийнхаа амжилтаар тэргүүлэн оролцоод ирсэнд тань юуны өмнө баяр хүргэе. Хүссэн амжилтандаа хүрч чадав уу?
-За баярлалаа. Азийн наадамд амжилттай оролцоод ирсэндээ маш их баяртай байна. Ер нь сэтгэгдэл их өндөр байна. 2010 онд 10 дугаар байранд шалгарч байсан бол Инчёний наадамд шилдэг наймд шалгарсандаа маш их баяртай байна. Амжилтаа ахиулж чадлаа.

-Ийм хэмжээний амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байв?
-Хамгийн эхний хүчин зүйл бол манай багийн тамирчид сайн байлаа. Сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд, биднийг дэмждэг, сагсан бөмбөгт хайртай, үзэгчид гээд бүх хүмүүсийн гавьяа гэж хэлмээр байна.
-Та хэдийнээс сагсан бөмбөгт эргэлт буцалтгүйгээр дурласан хүн бэ?
-Би 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Их сургуульд ороод лигийн тамирчин болж байлаа. Тэр үеэс мэргэжлийн талдаа хичээллэж эхэлсэн.
-Шилдэг наймд шалгарсан нь мэдээж том амжилт, цаашид амжилтаа улам ахиулж тоглоход юун дээр илүү анхаармаар санагдсан вэ?
-Монголын сагсан бөмбөгийн лиг, клубээс бэлтгэл сургуулилтаа хангадаг байх мөн илүү мэргэжлийн тал руу бэлтгэл сургуулилтаа хийж байх хэрэгтэй гэж үзсэн.

-Ер нь нурууны өндөр их нөлөөлнө биз?
-Мэдээж хэрэг сагсан бөмбөг нурууны спорт. Манайхан нөгөө багаасаа нурууны өндрийн хамгаалалтаараа, хурдтай тоглолтоороо орж ирсэн.
-Өсөх ирээдүйтэй тамирчныг нэрлэ гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Би сүүлийн үед өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аваргын тэмцээн үзээгүй байгаа болохоор одоо нэрлэж хэлж чадахгүй байна.
-Та нарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Хамгийн гол нь заалны асуудал байна. Сагсан бөмбөгийн заалыг хотын төвд ойролцоо байгуулвал, мөн заал олонтой болчихвол сагсан бөмбөг илүү хөгжих байх гэж бодож байна.
- Монголчууд та бүхнийг их дэмжиж байсан. Зрителийн балиашиг их хөөргөнө биз?
-Тийм ээ. Үзэгчид биднийг улам л хурцалж байсан. Хөгжөөн дэмжигчид бид нарт маш их итгэл хүлээлгэж байна гэдэг үүднээс хүмүүсийн сэтгэл, урам зоригийг мохоохгүйн тулд илүү их хүчтэй байсан. Орой болгон дайчин тоглолт хийе, бидний ард олон хүн байгаа, тэдгээр хүмүүсийн сэтгэлийг гонсойлгохгүйн төлөө хичээж тоглоцгооё гэж бид ярьж байсан.
-Ингэхэд та шигшээд тоглохоос өөр ямар ажил хийдэг вэ?
“Соёмбо даатгал” компанид даатгалын менежер хийдэг.
-Гэр бүлээ танилцуулаач?
Би эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Оны өмнө хүүтэй болсон. Одоогоор ам бүл гурвуулаа байна даа.
-Сагсан бөмбөг тоглодог хөвгүүдийг охид маш их сонирхдог шүү дээ, цахим ертөнцөөр таныг дэмжсэн, амжилт хүссэн бүсгүйчүүл хэр их байдаг вэ?
-Амжилт хүссэн, дэмжсэн хүмүүс ер нь байдаг аа.
-Баярлалаа танд.
П.Урнаа
Сэтгэгдэл (2)