Мисс “үйлдвэрлэдэг” тэмцээнүүдийн нэрэн дотор төөрөх шахдаг нь үнэн. Тэгвэл тэдгээр тэмцээнүүдийн нэг болох “Miss Mongolia-2014” тэмцээнд энэ жил 21 аймгийн төлөөлөл болсон сайхан бүсгүйчүүд оролцсон нь онцлог байлаа. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний ялагч нь олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох “Miss International”-д эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болдог уламжлалтай. Жилийн жилд зөвхөн Улаанбаатар дахь хэдэн агентлагуудын загвар өмсөгч охидын хооронд л болдог байсан тэмцээн өмнөхтэй харьцуулахад цар хүрээ нь өргөжиж, зохион байгуулалт тал дээр ихээхэн анхаарсан нь харагдана лээ.
Мөн тус тэмцээн жил бүр нэгэн шүүмжийг дагуулж ирсэн нь, Ч.Содтуяагийн “Азийн модель” агентлагийн охидууд л дандаа титмийн эзэд болдог гэх яриа юм. Ямартаа л 2009-2013 он хүртэлх тэмцээнүүдэд дандаа “Азийн модель” агентлагийн загвар өмсөгч охидууд тэргүүлсэн байдаг. Тэгвэл энэ жил ч мөн адил Ю.Балжидмаа тэргүүн миссийн титэм зүүж бусад агентлагийн охидуудын атаархлыг төрүүлэв. Гэхдээ Ю.Балжидмаагийн хувьд бусад охидуудын хажууд бие хаа, биеэ авч явах чадвараараа илүү, асуулт, хариултад бүдрээгүй зэрэг олон давуу тал байсан юм. Түүнд шүүгчид хамгийн өндөр оноог өгцгөөсөн.
Нэгэн таатай мэдээг дуулгахад, энэ жилийн тэмцээнд орсон сайхан бүсгүйчүүд бүгд хамтран нийгэмдээ сайн үйлс зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ лээ. Өнчин, гэр оронгүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, боловрол мэдлэгт нь туслах, орон байртай болгох гээд бүхий л асуудлыг чадах чинээгээрээ шийдвэрлэж өгөхийг зорьж, нэг баг болон ажиллахаа мэдэгдсэн юм. Ялангуяа тэргүүн, дэд байранд шалгарсан миссүү энэ тал дээр нэлээд идэвхтэй анхаарч, сайн үйлсийг үр дүнтэй хийхээ хэлж байлаа. Нас залуу бүсгүйчүүд ч гэлээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаад нь баяр хүргэж, талархал дэвшүүлмээр байсан. “Miss Mongolia-2014” тэмцээний энэ жилийн гол зорилго, зорилт нь энэ байсан гэсэн шүү.
Харин одоо тэмцээний эхний гурван байранд орсон бүсгүйчүүдийн талаар товч хүргэе.
Титмийн эзэн Ю.Балжидмаа
“Miss Mongolia-2014”-ийн тэргүүн мисс Ю.Балжидмаа “Азийн модель” агентлагт харьяалагддаг бөгөөд багаасаа загвар өмсөж эхэлсэн нэгэн. Томоохон тэмцээнд орж шагнал хүртэж байгаагүй ч бусад охидуудын хажууд тэрбээр хамгийн туршлагатай нэгэн.
Агентлагийнхаа буянаар загварын тайзнаа хэд хэдэн удаа алхаж тэмцээн бүрийг жижиг, том гэлтгүй оролцож ирсэн гэдэг. Тэрбээр тэргүүн миссээр шалгарна гэдэгтээ бүрэн итгэлгүй байсан бөгөөд “Яг үнэндээ тэргүүн миссийг авна гэж бодоогүй, зүүд юм шиг л санагдаж байна” гэсэн.
Тэргүүн миссийн титмийг тэргүүндээ зүүчихээд нэлээдгүй хугацаанд нулимс урсгаж тайвширч басхүү итгэж чадахгүй байсан Ю.Балжидмаа эх орныхоо нэрийг дэлхийд гаргана гэсэн ам тангараг өгсөн шүү. Нас дөнгөж 18 хүрч байгаа Ю.Балжидмаагийн өндөр 181 см, жин 56 кг, биеийн харьцаа 84х61х91. Эзэмшсэн мэргэжил нь сэтгэлзүйч болоод ч тэр үү, шүүгч нарын асуултанд түгдрэх юмгүй, цэгцтэй шулуухан хариулсан юм.
Дэд байрын эзэн М.Халиунаа
“Miss Mongolia-2014” тэмцээний дэд байрын шагналыг М.Халиунаа хүртлээ. Тэрбээр тус тэмцээнээс “Бикини мисс”-ийн номинацид мөн шалгарсан юм. Одоо Улаанбаатар дээд сургуульд суралцдаг бөгөөд загварын тайзнаа алхаад дөрвөн жил болж байгаа ч ямар нэгэн уралдаан тэмцээнд орж байгаагүй юм байна.
Харин “Miss Bikini Universe” олон улсын тэмцээнд оролцоод ирсэн аж. Тийм болохоор тэрийгээ Монголдоо бататгахыг хүсэж байсан. Би өөрийгөө дэд байрын шагнал авна гэж ерөөсөө бодоогүй, маш их баяртай байна хэмээн ярьсан юм. Тэрбээр 20 нас хүрсэн бөгөөд өндөр 172 см, жин 56 кг, биеийн харьцаа 88х64х94 юм байна.
Оюунлаг мисс
“Miss Mongolia-2014” тэмцээний гуравдугаар байранд А.Баярцэцэг шалгарлаа. Тус тэмцээний “Оюунлаг мисс” номинацийг мөн хүртсэн билээ. Учир нь “Миний боловсрол дэлхийд өрсөлдөнө” сэдвээр Англи, Испани хэлээр илтгэл тавьж бусдаас илт давуу гэдгээ харуулж чаджээ.
“Торго” загварын агентлагт харъяалагддаг тэрбээр загвар өмсөөд долоон жил болж байгаа юм. Топ модель Г.Уранцэцэг, “Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл нарын шавь бөгөөд тайзны алхаагаа тэднээр заалгасан гэж ярих. А.Баярцэцэг “Ийм амжилт үзүүлнэ гэж бодоогүй” хэмээн ярина лээ. Тэрбээр 23 настай, өндөр 175 см, биеийн харьцаа 84х63х90 юм билээ.
М.Сонор
Сэтгэгдэл (6)