“Маск продакшн”-ы жүжигчин Г.Золзаяатай ярилцлаа. Тэр шинэхэн салоныхоо үүд хаалгыг тун саяхан нээсэн юм.
- Юуны өмнө өөрийн нэрийн салоноо нээж буйд тань баяр хүргэе. Өөрт тань ямар сэтгэгдэл төрж байна вэ?
- Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Баярлахын зэрэгцээ бас түгшиж, сандарч, догдлоод л хүлээгээд байж байна. Мөн өөртөө маш их итгэлтэй байна. Яагаад гэвэл өмнө нь би салонд үйлчлүүлэгч байсан. Одоо ч гэсэн үйлчлүүлэгчийн нүдээр харж төгс зохицлыг бий болгохын тулд өндөр шаардлага тавьж ажиллахыг зорьж байгаа. Чадварлаг хамт олныг бүрдүүлж, үүднээсээ эхлээд инээмсэглэн угтаж, баярлуулан үдэх зорилготой энэ ажлаа эхлүүлээд байна.
- Ер нь салон нээх санааг анх хэзээ олов. Бэлтгэл ажил гэж чамгүй юм болсон байх даа?
- Жилийн өмнөөс энэ ажлаа төлөвлөсөн байсан. Найз залуутайгаа хамтраад энэхүү салоноо ажиллуулъя гэж шийдсэн. Ер нь гоо сайхны ертөнцөд хүч түрж оръё гэсэн хувийн бодолтой байсан. Тэр санаа маань эхнээсээ биелж байна. Энэ дашрамд хэлэхэд бусад салонуудыг муу гэж хэлэхгүй. Сайн салонуудтай эн зэрэгцэхүйц хэмжээний чадварлаг салоныг бий болгохыг зорьж ажиллаж байна.
- Гадны одод өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн гаргах, нэрийн компани байгуулах нь нийтлэг гэж болно. Харин манайд мэр сэр л байдаг байх. Тэгвэл өөрөө салоноо нээчихлээ. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна?
- Би залуу хүн учраас мөрөөдөл, зорилго маш их байгаа. Мөрөөдлөө эхнээс нь биелүүлээд явж байна. Жишээ нь би хошин урлагийн “Маск” продакшинд ажиллахыг маш их хүсдэг байсан. Одоо тэр мөрөөдөл минь биелсэн. Гэтэл намайг хөөгдсөн гэж яриад байгаа юм шиг байна лээ. Би салоноо нээх гээд хэсэг хугацаанд уран бүтээлийн чөлөө авсан. Түүнийг маань буруу ойлгоод байгаа юм шиг байна л даа.
- Хэр хугацаатай чөлөө авсан бэ?
- Ер нь бол уран бүтээлдээ эргэж орно. Салоны ажлаа зохицуулчихаад орох юм. Хугацааг нь хэлмээргүй байна. Хамтлагийн дотоод ажил болохоор тэр л дээ.
- “Маск”-д харъяалагдаж ажиллах, мөн дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглох, дээр нь салоноо нээх гээд олон л ажилтай байж. Энэ олон ажлаа зохицуулахад түүртэх үе байх юм уу?
- Хүн завгүй байх тусмаа ажлыг амжуулдаг. Завтай байхаар хүн юу ч хийлгүй хэвтээд байдаг талтай. Гэхдээ завгүй байхаар зарим ажил цалгардах тохиолдол байдаг ч, би эхлүүлсэн болохоор дуусгахыг зориод ажилладаг. Тиймээс бүгдийг сайхан зохицуулчихдаг. Би юмыг чанартай хийх дуртай учраас заавал өөрийнхөө санасан түвшинд хүргэхийг зорьдог. Тэгээд ч тэрүү миний гараас муу юм гарч бүтэхгүй байх тохиолдол тун ховор.
- Танай салоны гол онцлог юундаа байна вэ?
- Чадварлаг хамт олныг бүрдүүлсэн. Манай салонд орж ирсэн хэн бүхэн эрс өөрчлөгдөөд гарна. Үүнд би бүрэн итгэлтэй байна. Бусад салонуудаас давуу тал мэдээж бий. Сүүлийн үед ямар л сайн шинэ бүтээгдэхүүн гарч байна. Манайд байна. Ямар л нүүр будалт, үс засалт моодонд орж байна. Манайх тэдгээрийг төгс харуулна.
- Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хаанаас авдаг бэ?
- Салоны ертөнцөд өөрчлөлт хийнэ гэж би түрүүн хэлсэн. Манай баг хамт олон маш том зорилго тавьсан. Энэ нь монголын салонуудыг чанартай бүтээгдэхүүнээр хангана гэсэн зорилго байгаа. Манайх бүтээгдэхүүнээ америкаас авдаг. Манай менежментийг хийж байгаа хүн маань маш боловсролтой, гадаадад боловсрол эзэмшсэн хүн бий. Тийм болохоор бүтээгдэхүүний тал дээр санаа зовохгүй байж болно.
- Энэ салоныг найз залуу тань бэлгэнд өгсөн гэж дуулсан. Тийм үү?
- Бид хоёр жилийн өмнөөс ярилцаж, төлөвлөж байгаад энэ салон маань үүд хаалгаа нээж байгаа. Мөн хоёр талын гэр бүлийнхний маань хичээл зүтгэл, сэтгэл зүрх гээд олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд босож байгаа салон юм. Бэлгэнд авсан гээд яахав. Бид хоёрын хамтын бүтээл гэж болно.
- Найз залуугаа товчхон танилцуулаач?
Манай найз залууг Учралт гэдэг. Гадаадад сурч боловсорсон. Энэ салоны гол ноён нуруугаас гадна менежерийн ажлыг давхар хийж байгаа.
- Өөрөө ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Гоо сайхнаа хэрхэн хамгаалдаг вэ?
- Би Yves Rocher-г хэрэглэдэг. Олон жил хэрэглэж байгаа. Миний арьсанд тохирдог юм. Бусдад муу юм хийхгүй, муу муухай юм бодохгүй явах юм бол дотоод сэтгэл болоод гадаад гоо сайханд муугаар нөлөөлж хөгшрөхгүй гэж боддог. Ер нь эмэгтэй хүн өдөр тутам будаад байхгүй бол арьс гоё залуугаараа байдаг байх. Би мэргэжлийн хүн биш. Мэргэжлийн хүмүүс юу гэж хэлдэг юм, мэдэхгүй байна. Ямартай ч болж л өгвөл арьсаа амрааж будахгүй байх хэрэгтэй болов уу. Миний зөвөлгөө энэ л байна.
- Танай салоноор үйлчлүүлэх гэж байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
- Хүмүүст манай салон үүднээсээ эхлээд л таалагдах байх гэж би бодож байна. Гоо сайхны салонд ороход хүнд юу хэрэгтэй байдгийг би мэдэх учраас тэр бүхнийг нь бодож ажиллана. Тав тухтай байлгахыг зорих болно. Нойлоос эхлээд үйлчилгээний соёл хүртэл энэ бүхэнд нөлөөлдөг учир тэр болгоныг гоё байлгахын төлөө зорьж ажиллана.
- Гоо сайхны салонд үйлчилгээ маш чухал. Ер нь энэ талаар хэр туршлагатай вэ?
Энэ хамгийн чухал. Үйлчилгээ бас дахин үйлчилгээ. Мөн сэтгэл ханамж. Үйлчилгээний байгууллага ямар байх ёстой, тэр дүрмийн дагуу явна. Би энэ талаар нэлээд уншиж судалсан. Хамт олон маань ч гэсэн энэ бүхэнд гол анхаарах байх.
- Салоноо өөрөө удирдаад явах уу?
- Ер нь өөрөө байнга байна. Үүднээс нь эхлээд би өөрөө угтаад эхэлнэ гэж бодож байгаа.
- Танай салоны уриа юу вэ?
- Манай салон “Инээмсэглэн угтаж, баярлуулан үднэ” гэсэн уриатай.
Амжилт хүсье.
М.Сонор
Сэтгэгдэл (1)