Олны л танил болсон хойно хэл амнаас хол байна гэдэг бүтэшгүй зүйл гэдгийг тэр сайн ойлгож яваа нь лавтай. Арван жилийнхний тухай гардаг телевизийн сериалаар олонд танигдах эхлэлээ баттай тавьсан тэрбээр өдгөө Монголын “сайхан” миссүүдийн нэг гэдгээрээ алдаршиж яваа гэхэд болно. “Скандал” түүний тухай өгүүлнэ.
Тэрслүү бяцхан охин
Б.Бадамцэцэгийн гадаад төрх байгаа байдлыг хараад хүмүүс яагаад ч юм их л даруухан охин гэж боддог гэнэ лээ. Гэтэл тэрбээр эсрэгээрээ багадаа их сахилгагүй, тэрслүү хүүхэд байсан гэдэг. Аав ээж нь ажилтай үед хамаатных нь хүмүүс түүнийг харж өгдөг байж. Орой аав ээж нь ажлаас ирэхэд “Танай хүүхдийг дахиж хэзээ ч харахгүй” гэсээр сууж байдаг байж. Ямартаа л түүнийг хоёр эрэгтэй хүүхдийн дайтай гэж ярьдаг байсан байх юм. Тэрбээр айлын ганц хүүхэд. Түүний ээжийг н.Батмөнх гэдэг бөгөөд Б.Бадамцэцэг ээжээрээ овоглодог. Эмч мэргэжилтэй ээж нь хувиараа эмнэлэг ажиллуудаг юм байна.

Дэлгэцийн урлагаас тайз руу...
Тэр “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр үзэгчдийн нүднээ анх туссан. Эгэл даруухан охины дүрийг бүтээсэн түүнийг амьдрал дээр ч тиймээр нь олон хүн төсөөлдөг. Гэхдээ тэр кинон дахь даруухан охины дүрээ, загварын тайзнаа тодрон гарч ирэхдээ л гээсэн. Энэ нь тэр муу муухай бүсгүй гэсэн үг биш л дээ. Тэрбээр загварынханд хаяглагдсан боловсролгүй гэх доромж тодорхойлолтыг халж, гялалзсан амжилт үзүүлж байгаа гэдгээрээ бас олны талархлыг хүртээд байгаа. Монголын тэргүүн миссийн титмийг тэргүүндээ зүүгээд авсан түүнийг монголын сайхан бүсгүйчүүлийн нэг биш гэж хэн хэлэх билээ.
Адтай бас авьяаслаг
Суралцахынхаа хажуугаар кинонд тоглож, загварын тайзнаа ч алхаад амжсан Б.Бадамцэцэг хичээл хийхээсээ илүүтэй одын амьдралдаа илүү их санаа тавьснаас болж “Ач” дээд сургуулиас хөөгдөж байсан. Гэвч эмч мэргэжилтэй ээжийнхээ хүслийг биелүүлэх гэсэн хичээл зүтгэлээр ЭМШУИС-д орсон гэх шивэр авир яриа ч явах юм билээ. Хөөрхөн охид ихэвчлэн “тэнэгдүү” байдаг нь хөвгүүдийн болзооны урилгын өмнө хүчин мөхөсдөхөд хүргэж, улмаар үеийнхнээсээ хичээл сурлагаар хоцроход ч хүргэдэг гэх яриа байдаг. Тэгвэл энэ нэг жам ёсны шахуу болсон ойлголтоос хөөрхөн Б.Бадамцэцэг хол байж чадаагүй гэхэд болно.

Гэхдээ тэр ЭМШУИС-д суралцахын хажуугаар кинонд тоглож, миссийн тэмцээнүүдэд оролцох зэргээр нийгмийн идэвх сайтай хөөрхөн бүсгүй гэдгээ харуулсан. Унаган солонгос хэлтэй тэрбээр англиар ус цас шиг ярьдаг төдийгүй герман, хятад хэлийг зохих хэмжээнд нь сурч чадсан нэгэн. Ямартай ч ирээдүйд дэлхийн хэмжээний гоо сайхны мэс засалч болох мөрөөдөлтэй явдаг юм гэнэ лээ.
Хайранд уруу татагдсан нь...
“Мiss & Mister-2005” тэмцээний ялагч болж, Тайландад зохиогдсон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Авьяаслаг мистер” өргөмжлөл хүртэж байсан Б.Энхбаяр мисс бүсгүйчүүлийг ээлжлэн сольдог залуу. Тэрбээр мисс Б.Гэрэлчулуунтай үерхэж унаж явсан машинаа хүртэл бэлэглэж байсан бол Б.Бадамцэцэгтэй “Ану хатан” кинонд тоглож байхдаа танилцсан гэдэг. Тэр үед Б.Бадамцэцэг түүнд хайраа илчилж, хамтдаа авахуулсан зургаа цахим хуудаснаа байрлуулж, “би чамд хайртай” хэмээн бичиж байсан гэнэн хонгор сэтгэлдээ хөглөгдөн, хөтлүүлсэн дурсамж түүнд бий. Гэхдээ нэг л нартай өдөр түүний тэр сэтгэл дундарсан болохыг өөрөө мэдсэн гэдэг.

Тэгээд ч залуухан мисс бүсгүйд харц унагаж, хайраа илчилдэг залуус хаа сайгүй байдаг гэнэ лээ. Бас ч гэж хөрөнгө чинээтэй, нэр сүртэй эрхмүүдтэй нэлээдгүй нэр холбогдож явсан. Тас хар, том машинаар гэр, сургуулийнхаа хооронд зөөлгүүлж, үе тэнгийнхээ охидын шарыг гозойлгож явсан. Нууцлаг ноёнтноосоо “Land-200” машин бэлгэнд авч, зөвшөөрөлгүй номертой машин унаж явсан хэргээр баригдаж эгээтэй л нөгөөх нууц эрхмээ илрүүлчих шахсан гээд тэр бишгүйдээ л адал явдал тарьж явсан байдаг. Тиймээс л охид ийн шивнэлдсэн биз
Цуутай хүүхнийг дагасан атаархал
Нууцлаг бизнесмэнүүдтэй амархан хэл амаа ололцож, хэсэгхэн ч гэсэн романслаж явсан адтай бүсгүй үе тэнгийнхээ нүдэнд дулаахан залуутай жилийн дотор үерхэж , нөхөрлөөд л хуримаа хийчихлээ. Азтай, адтай бүсгүйчүүд ингэдэг юм гэдгийг утгаар нь харуулж басхүү цуутай хүүхэн хуримгүй гэдэг ойлголтыг бут цохилоо. Үүнийг харсан ахмад загвар өмсөгчид буюу архаг топууд “Орчин үеийн охидууд айхтар болжээ. Биеэ сайхан авч яваад, мөнгийг араасаа дагуулаад эцэст нь сонголтоо маш зөв хийдэг болж. Бид орчин үеийн охидын хажууд ёстой түүхий ногоо, хөнгөн зууш байж, тиймдээ л өтөлтлөө ганц бие, гозон толгой хэвээр үлдлээ” хэмээн шүүрс алдаж суугаа гэнэ лээ.
Гэрлийн хурдтай хурим
Насных нь ханиар сонгогдсон А.Алтаншагай МУИС-д эдийн засгийн чиглэлээр суралцдаг, Малайзад мөн суралцаж байсан гэгдэх. Ямартаа ч хосууд хоёр жилийн өмнө танилцаж, жилийн өмнөөс үерхэж эхэлжээ. Гэвч гэрлийн хурдаар шахуу, хуримын зар дуулгасан нь учиртай болов уу. Одоогоос хэдхэн сарын өмнө “Хурим найр хийж гэр бүл зохиох төлөвлөгөө одоохондоо бидэнд алга. Нэг жил гэдэг багагүй хугацаа ч гэлээ бие биенийгээ сайн таних арай л болоогүй байна” хэмээн мисс бүсгүй ярилцлага өгч байсан ч “Монгол шилтгээн”-д нүнжигтэйхэн хурим хийсэн билээ. Б.Бадамцэцэг чив чимээгүй байж байгаад бэлтэй айлын ганц хүүтэй суучих юм хэмээн ойр тойрных нь охид шивнэлдэх. Яаруу, сандруу хуримласан нь мисс бүсгүй бие давхар болсонтой холбоотой байж мэдэх аж. Учир нь түүнийг хөл хүнд хэмээх “шуум” дэгдсэн.
Нүцгэн биеэ алдаршуулсан нь
Хэвлэлийнхний анхааралд байж ирсэн залуухан, дур булаам бүсгүй нэг л өдөр түүхэн уран сайхны кинонд хагас нүцгэлснийхээ араас нэр бүхий сайт дээр нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулсан патиар татуулж бас нэг скандал үүсгэв. “Ялдамхан Афродите буюу бадамлан дэлбээлэх бал бурам” хэмээх өвөрмөц нэрийн дор нүцгэлсэн нь зарим хүмүүст гайхмаар санагдах ч, заримд нь урлаг, гоо зүйн мэдрэмж төрүүлсэн болов уу Түүн шиг хөөрхөн, түүн шиг энхрий, түүн шиг залуухан, түүн шиг миссийн титэмт жүжигчин бүсгүйн хувьд хийх ёстой, хийвэл жинхэнэ одын зангараг харуулах зоригт алхам гэдэг энэ. Баяр хүргэе, браво. Бидний цөөхөн, бүрэг Монголд ийм дайны сонирхолтой, намтар түүхтэй уран бүтээлч сайхан бүсгүй байгаа нь олзуурхууштай.

Эхэнд өгүүлсэнчлэн олны л танил болсон хойно хар цагаан хэл амны дайрлагад өртөж байдаг нь жам шахуу болсон зүйл. Монголын тэргүүн миссийн титэмт Б.Бадамцэцэг дуудагдах нэр олонтой. Тэрбээр оюутан, мисс, жүжигчин гэсэн олон гуншингуудынхаа ард ард бас нэгэн шинэ нэртэй болсон.
Тэрбээр насныхаа ханийг сонгож, айлын гэргий болсон. Түүнд ухамсарлах үүрэг, үүрэх хариуцлага нэмэгдсэн билээ. Түүнд гоо сайхан, залуу нас бий. Сайн эмч, сайн жүжигчин болохыг цаг хугацаа харуулна биз ээ.

П.Урнаа
Сэтгэгдэл (8)