Монгол, Японы хооронд жим гартал явж ирсэн дуучин Д.Оюунтүлхүүр уран бүтээлээсээ хөндийрч бизнесийн салбарт хүч үзээд удаж буй. Тиймээс ч түүнийг урлагаас бараг гарчихлаа даа гэж хэлж ярих хүмүүс олон байдаг. Тэгвэл нэгэн таатай мэдээ байна. Тэрбээр шинэ уран бүтээлээрээ үнэнч фэнүүдтэйгээ уулзах гэж байгаа гэсэн.
Дуучин, бизнесмэн хатагтай зэрэг олон гуншинтай Д.Оюунтүлхүүр улс дамнасан хувийн байгууллага, сантай нэгэн. Өөрийн нэрээр нэрлэсэн “Оюунтүлхүүр” сангаас гадна “Тэмүүлэл” гэх халамжийн төвтэй. Хоёр орны дунд нүүдлийн шувуу аятай амьдардаг Д.Оюунтүлхүүр сайн үйлсийн аян зохион байгуулж, хувийн байгууллагуудаа эргээд явдаг уламжлалтай.
Гадаадын алдарт одод л хувийн сан, байгууллагаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө буцалтгүй тусламжийг харамгүй өгдөг бол манайд бараг дуучин Д.Оюунтүлхүүр л сайн үйлс хийж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй байх. Од нэртэй олны танил дуучин, жүжигчин, улстөрч, тамирчид маань өөрсдөө л хагартлаа хөлжиж, бэлжиж харагддаг. Харин нийгэмдээ сайн сайхан зүйл хийж, буцалтгүй тусламж өгсөн хамтлаг, дуучид, жүжигчид тун цөөхөн билээ. Зарим нэг олны танил нөхдүүд үнэтэй машин унаж, болсон болоогүй брэндийн хувцасны өлгүүр болж байснаас Д.Оюунтүлхүүрээс жаахан ч гэсэн үлгэр жишээ авмаар юм.

М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна