Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийх гэж байна. Энэ сарын 4-5-ны өдрүүдэд болох нээлтийн үйл ажиллагааг үндэсний ууган дуурь болох “Учиртай гурван толгой”-гоор эхлүүлнэ. Харин балетийн нээлтээ 11, 12-ны өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар нээх аж.
Мөн Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинэчлэн найруулсан бол өвөрмөц, шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүүжин” сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.
УДБЭТ-ынхан тоглолтын 52 дахь улиралдаа 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөснөөс дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
За харин манай улсын ууган сонгодог бүтээл болох “Учиртай гурван толгой” дуурийн тухайд 80 дахь жилдээ тоглогдож байгаагаараа онцлог гэж байна. Ийнхүү 80 дахь жилдээ үзэгчдэд хүрч буй “Учиртай гурван толгой” нь 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болон бичигдэж байсан түүхтэй. 1934 онд тоглогдсоноос нь хойш тооцож үзвэл энэ жил 2411 дэх удаагийн тоглолт болох гэж байгаа гэсэн сонирхолтой тооцоо гарчээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна