Анх Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын гурван монгол хөвгүүн сумогийн хатуу чанга дэглэмийг давж, тоот бөхийн тоонд багтаж байв. Улмаар Кёкүшюүзан “Мэхний их дэлгүүр” хэмээх нэрийг зүүж, уран барилдаанаараа шуугиулснаас хойш олон монгол хөвгүүд мэргэжлийн сумогийн дохё дээр гараад байна.
Одоогоор Хакухо М.Даваажаргал 31, Асашёорюү Д.Дагвадорж 25, Харумафүжи Д.Бямбадорж 5, Какурюү М.Ананд 1, Кёкүтэнхо Н.Цэвэгням 1 удаа тус бүр Японы Эзэн хааны цомыг хүртсэн гэхээр нийтдээ 63 түрүүг монгол бөхчүүд хүртээд амжжээ. Үүнийг жилээр тооцвол 10 жил 6 сар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчуудын сумо дахь байлдан дагуулалт 10 гаруй жил үргэлжилж байна. Цаашид ч үргэлжлэх төлөвтэй.
31 түрүүтэй Хакухо ёкозүна ид ирэн дээрээ явна. Мэргэжлийн Сумогийн Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны өнөөдрийн хурлаар тус хорооны тэргүүн Хитоши Учияма “Хакухогийн илт давуу он жилүүд цаашид үргэлжлэх төлөвтэй” гэж хэлсэн байна. Одоо Хакуход сумогийн түүхэн дэх хамгийн олон түрүүлсэн амжилтыг давж гарахад ердөө хоёрхон түрүү үлдээд буй билээ.
Хакухогийн гайхалтай амжилтын хажуугаар Монголын шинэ аюул Японы мэргэжлийн сумод нүүрлэсэн нь Архангайн Батцэнгэлийн Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо хэмээх 21-хэн настай залуу юм. Тэр 191 сантиметр өндөр, 199 кг жинтэй. Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд дэвшсэн эхний башёдоо л хоёр озэки, нэг ёкозүнаг давж шуугиан тариад амжлаа.

Ичиножёог Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Хитоши Учияма “Монгол мангас” гэж нэрлээд “Цаашид улам сайн барилдана гэж найдаж байна” хэмээн хэлсэн аж. Ичинноровын төрсөн нутаг Архангайн Батцэнгэл сум алдартай бөхчүүдээрээ зартай. Ялангуяа энэ нутгийн хүчитнүүд арал чац сайтайгаар эрс ялгардаг. Тухайлбал, дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, улсын заан Дугардоржийн Хишигдорж, улсын харцага Болдын Жавхлантөгс гээд уул шиг эрчүүд энэ л нутгийнх билээ. Нэгэн ярилцлагадаа Д.Хишигдорж заан “Манай Батцэнгэл суманд над шиг биетэй залуус нэлээд бий шүү. Нэг гудам тойроход л надаас ч том залуу хашаанаас гараад ирэх жишээтэй” хэмээн инээмсэглэн өгүүлж байсан удаатай.

А.Ичинноров хөдөөний хөвгүүдийн адил мал дээр өссөн. 17-тойдоо Гантөгс багшаа даган мэргэжлийн сумод хүч үзэх зорилготой Японд иржээ. Ингээд Тоттари мужийн ЕБС-ийн “Жёохоку” сургуульд элсэн, гурван жил хэл сурчээ. Энэ хугацаанд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд барилдаж, түрүүлсэн байна. Удалгүй мэргэжлийн сумод орохоор болж, “Минато” дэвжээ түүнийг сонгон авсан аж.
А.Ичинноровын сумогийн нэр нь Ичиножёо. Эхний үеийг өөрийнх нь нэрээс авсан бол хоёр дахь үеийг “Жёохоку” сургуулийнх нь “Жёо”-г авч, нэр үүсгэсэн юм байна. Бүх Японы аварга болсон болохоор Ичиножёог макүшита буюу сумогийн дээрээсээ гурав дахь зиндааны 15 дээрээс эрэмбэлэн барилдуулж эхэлжээ. Ичиножёо одоогоор мэргэжлийн сумод дөнгөж таван башё буюу жил хүрэхгүй хугацаанд барилдсан ч гэсэн дээд зиндаад дэвшиж, озэки, ёкозүна нартай барилдаж, тусгай шагналыг хосоор нь хүртэл аваад амжлаа.
Ичиножёо Бүх Японы аваргад түрүүлсний дараагаар Хакухо түүнтэй уулзаад, “Монголд би ийм том биетэй залуутай огт таарч байгаагүй юм байна” гэж уулга алдсан гэдэг. Одоо харин Ичиножёо зүгээр том биеэрээ уулга алдуулах биш барилдаан, даваагаараа ёкозүнаг уулга алдуулах цаг ирж байна.
“Монгол мангас” Ичиножёо олон жил мэргэжлийн сумод сайн барилдаж, оргилд хүрэх биз ээ.
М.Мөнхжин



Сэтгэгдэл (1)