Бидний мэддэгээр бол тэр олонд танигдсан хүчтэй реппэр. Түүний дуунууд энэ нийгэмд “хайрцаглагдсан” олон хүнд өөр өнцгийг мэдрэх суурь болж байгааг үгүйсгэх аргагүй. Гэтэл тэр өөрийнхөө хийж байгаа юмыг уран бүтээл гэж үздэггүй. Зүгээр л “зүйл” гэж байна лээ. Ерээд оны шуурганд хүчтэй шавхуурдуулсан айлын хүү хэмээн өөрийгөө хэлсэн Gee сүүлийн таван жил огт архи амсаагүй гэсэн. Түүнийг шүтдэг залуус түүнээс үлгэр авна гэдэгт эргэлзэхгүй байна. Gee-тэй ярилцсан юм.

- Та өөрийгөө мэдрэмтгий, хор шартай хүн гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ цаг мөчид юуг их мэдэрч, эмзэглэж, хор шар чинь буцалж сууна вэ?
- Хор шар буцлаад байх ч юу байх вэ. Хүн болгонд асуудал гэж байдаг. Зарим хүн эх орондоо санаа нь зовж яваа бол, зарим нь өрх гэртээ гэх мэт, янз бүр. Мөнх-Эрдэнэ гэдэг хүний өнөөдрийн тулгамдсан асуудал бол яг одоо халаасанд юу ч алга. Санхүүгийн асуудал жоохон хүнд байна /инээв/. Санхүүгийн асуудлаа шийдээгүй байж Монголынхоо эдийн засгийн асуудалд санаа зовоод хор шар буцлаад суух нь ч хаашаа юм бэ дээ. Өнөөдөр бол хүнд байна. Гэхдээ би мөнгийг үнэлдэггүй. Мөнгө бол байж л байдаг, бас байхгүй байж л байдаг эд.
-Ингэхэд ямар нэгэн цол тэмдэг байгаа юу. СТА ч юм уу?
- Байхгүй ээ. Өөрийнхөө хийдэг юмыг соёлыг тэргүүлэхээр гэж боддоггүй. Урлаг ч гэж хэлдэггүй. Уран бүтээл гэж бүр ярьдаггүй.
-Тэгээд юу юм?
- Зүгээр л зүйл. Миний хийдэг зүйлДээшлүүлвэл дуу л гэж хэлнэ. Амжилттай хийсэн зүйлээ би “За, энэ бол дуу болсон” л гэж хэлдэг.
-Тийм дуу хэд байна?
“Миний нутгийг надад үлдээ”, “Юуны төлөө”, “Хужаа”. Мөн хамгийн сүүлд цацсан “Уу” гэх мэт олон дуу байгаа.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?
- Үгийг нь Ш.Гүрбазар ахаас, аяыг нь Л.Балхжав ахаас авдаг /инээв). За за тоглосон юм аа. Юу гэж дээ. Реп гэдэг чинь бусад урлагаас ялгарах юм нь үгээ өөрөө бичдэг. Реппэр болгон гудамжны зохиолчид, гудамжны яруу найрагчид, гудамжны сэтгэгчид, гудамжны уран илтгэгчид байдаг. Түүгээрээ онцлогтой. Хип хопд тэр хүн зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг онцлогтой болохоор үгээ заавал өөрөө зохионо.
-Өөрт чинь яруу найрагчийн авьяас байдаг л байх л даа?
-Яруу найраг гэдэг чинь агуу зүйл. Яруу найргийг уншиж байхад миний бичиж байгаа үг хажууд нь нус шүү дээ. Би тэрийгээ яруу найраг гээд дөвийлгөөд яваад байх нь онигоо.
-“Авьяас бол агуу их эмзэглэл юм” гэж үг байдаг. Өөрийн чинь дууны үгийг харж байхад эмзэглэсэн сэтгэлээс гарсан үгс зөндөө байх юм?
-Би чинь хүн учраас баярлана, бахархана, уйлна, уярна, дуулна. Яг л бусдын адил. Яг л тэр мэдрэмжүүдээ дуундаа буулгаж дуулна. Мэдээж хэрэг миний бүх дуу эмзэглэсэн дуу биш. Баярласан, бахдсан дуунууд бас зөндөө бий.
-Хип хоп урлагт хайр дурлал дуулдаггүй гэдэг. Хайр дурлалыг дуулж байсан уу?
-Реп урлагт хайр дурлал дуулдаггүй бол биш л дээ. Харин ч мангар их хайр дурлалын дуутай. Тэгээд маньдаа сэдэв үлдээгээгүй байхгүй юу. Хайрын дуу дуулъя гэхээр сэдэв үлдсэнгүй. Бүр “Бурхан мартсан хайр” гэдэг дуу хүртэл байдаг юм билээ ш дээ. Бурхныг хүртэл мартуулаад дуулчихсан байхаар чинь надад зай завсар үлдсэнгүй л дээ. Нөгөө талаас нь харах юм бол миний бүх дуу хайрын дуу. Бүсгүй хүнийг хайрласан дуу байхгүй ч гэсэн ирээдүйд эх болох, үр хойчоо үлдээх эмэгтэйчүүдийг хайрласан дуу надад байна. Мөн эх орон, эрчүүдээ хайрласан дуу байна. Ингээд бодохоор миний бүх дуу хайрын дуу.
- Өөрийнхөө бичсэн хоёр мөрт афоризмаасаа хэлээч?
- “Хүн чанар хүндлэлийг хөрөнгө мөнгөнөөс илүүд үзэгч Хүсэл мөрөөдлийнхөө төлөө үхэр тэргээр туулай гүйцэгч” гэж твиттер дээрээ бичиж байсан юм байна.
- Gee одоо хэдэн настай вэ?
- 31 настай.
- Хэдэн хүүхэдтэй вэ?
- Ганц охинтой. Олон хүүхэдтэй болмоор л байна.
- Охид хүүхнүүдэд нэлээн өндөр шалгуур тавина биз?
- Тийм өндөр шалгуур тавьдаггүй ээ. Эхнэр бид хоёр аягүй амархан л нийлсэн. Хараад байсан чинь жижигхэн биетэй охин хөөрхөн санагдаад, эгдүү хүргээд л. Тэгээд “Чи надад таалагдаж байна. Би ч гэсэн чамд таалагдаж байгаа. Хоёулаа уулзвал яасан юм” гэсэн чинь манай хүн “Тэгье” гэсэн. Уулзаад л байсан чинь бид хоёр гоё таарч тохироод л. Урьд нь ингэж таарч тохироод байдаггүй байсан л даа. Тэгээд би “Хоёулаа ер нь таарч тохироод байна шүү дээ. Хамт амьдарвал яадаг юм” гэсэн чинь манай хүн “Тэгье” л гэсэн. Дараа нь амьдраад л байсан, амьдраад л байсан. Би чинь хүнтэй удаан байгаад ирэхээрээ түр тар хийдэг байсан, тэгтэл ерөөсөө тэгээгүй.
- Эхнэрээ танилцуулаач?
- Манай хүнийг Минжирмаа гэдэг. Судлаач мэргэжилтэй. Хараат бус судалгааны хүрээлэнд ажилладаг.
- Таны хүзүүн дэх чимэг зүүлтийг чинь юу гэж ойлгох вэ? Бөөгийнх шиг харагдаад байх юм...
- Чимэг зүүлт биш, сахиус. Үүнийг харчихаад хүмүүс намайг бөө гэж ойлгоод байдаг. Би бөө биш. Зүгээр л энэ зүйл намайг хамгаалдаг гэдэгт би итгэдэг.
- Бөөгийн шүтлэгтэй юу?
- Шашин шүтдэг гэхээсээ илүү дээрээс тэнгэр харж, доороос газар түшнэ гэдэг үнэнд итгэдэг. Байгальтайгаа илүү ойрхон гэж ойлгож болно.
- Яг өнөөдөр юу хийж байна?
- Jeans brand гээд хувцасны брэнд гаргасан. Эхний гаргасан загварууд маш амжилттай зарагдаад дууслаа. Хорвоо дэлхий уужим ч 24-хэн цагтай юм чинь, мань ганцаархнаа амждаггүй. Дээрээс нь тоглолтоо хийх гээд бэлтгэлдээ орчихсон байж байна даа.
- Загварыг нь өөрөө зохион бүтээдэг үү?
- Мэдээж, би загвар зохион бүтээгч биш болохоор загвар зохион бүтээгчидтэй ярилцана. Санаагаа хэлээд, тэд нар хөрсөн дээр буулгана.
- Хэд дэх тоглолтоо хийх гэж байна?
- Хоёр дахь тоглолт. 2010 оноос хойш анхныхаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Ер нь 15 юмуу 16 онд хийе гэж бодож байсан ч хүмүүс тоглолтоо хийвэл яадаг юм бэ гэсэн хандлагатай байсан болохоор би ч гэсэн цаг нь болжээ гэж ойлгосон. Тоглолтоо хийснээс хойш хоёр цомог гаргачихлаа. Гэхдээ 2010 онд хийсэн тоглолтоосоо хоёр шатаар дээгүүр тоглолт хиймээр байгаа учраас эртнээс бэлтгэлдээ орсон.
- Ивээн тэтгэгч байна уу?
- Яг үнэнийг хэлэхэд одоохондоо алга. Мэр сэр ганц хоёр олддог. Царай муутай болохоор тэгдэг юм уу, яадаг юм. Бусад хүмүүсийг харахаар өөрийнх нь зурагнаас илүү ивээн тэтгэгчид нь их харагддаг шүү дээ /инээв/.
- Үзэгч зрителиэ мэдэрч, “галзуурсан” мэт дуулахдаа та жаргал мэдэрдэг үү?
- Зритель гоё байхад би их дуртай. Гэхдээ намайг дэмждэггүй хүмүүсийн урд дуулсан тохиолдол ч надад бий. Тийм хүмүүсийн дунд орохоор нэг л хүйтэн орчинд орчихсон юм шиг санагддаг. Би өөр тайзнаа гараад шууд “галзуурдаг” юм биш ээ. Хүмүүс өөрсдөө намайг дэмжиж, “галзууруулдаг”. Тэгээд л би дунд нь ороод галзуураад явчихдаг. Футболк хувцсаа тайлаад шидэж байхдаа өөрийгөө анзаардаггүй. Тэр хүмүүс надад халуун дулаан энергийг өгч, тэр энергиэр би цэнэглэгдээд нисдэг шиг байгаа юм. Тайзан дээр би зрительтэйгээ аль болох ойрхон байж, нүүрний хувирал, нүдийг нь харж, ойрхноос харилцмаар санагддаг. Зрителиэсээ хол бүх тайзнаас би бууж, тэдэн рүү ойртон очдог. Тэднийг харж, тэдэнд хүрч, тэднийг мэдэрмээр санагддаг.
- Ингэхэд бага нас чинь хаана, яаж өнгөрөв?
- Бага нас бусад хүүхдүүдийн адил шороо идэж л өнгөрсөн. Манайх 90-ээд оны салхинд эвгүй шавхуурдуулсан айл л даа. Өвөрхангай, Улаанхуаран, Толгойт, Шархад, Нэгдүгээр хороолол гээд олон газрын шороо идсэн.
- Аав, ээж чинь наймаа хийдэг байсан юм уу?
- Манай аав насаараа цэргийн байгууллагад ажилласан. Тэтгэвэртээ гараад удалгүй талийгаач болсон. Ээж минь нийтийн тээвэрт ажиллаж байгаад, одоо сургуулийн жижүүр хийж байна. Нэг ч өдрийг гэртээ ерөөсөө зүгээр сууж өнгөрөөж чаддаггүй хүн дээ.
- Тэр салхи яаж салхилсан хэрэг вэ? Нууц биш бол яриач...
- Өөрийгөө хагас өнчин гэж боддог. Өсвөр насандаа байх үед эхэлсэн асуудал. Тэр үед гэр бүл салалт их байсан. Тэр шуурганд би өртсөн. Айл айлын хаяа дамжаад л явдаг байлаа.
- Тэр он жилүүд юу өгсон бол?
- “Зүтгээд бай” гэдэг бодлыг л өгсөн. Айлын хүүхдүүд гоё чихэр жимс авч идээд л... Харин ажлаа хийгээд ах бид хоёрыг тэжээж яваа ээж минь чихэр жимс авч өгөх мөнгөгүй. Тэглээ гээд том болоод би тэдгээр хүмүүсээс дутуу явж байгаа гэсэн үг биш л байхгүй юу. Юугаар дутуу өссөн нь тэр хүнийг тодорхойлохгүй, юуг тэндээс сурч мэдэж авсан нь л тэр хүнийг тодорхойлно.
Ер нь багаасаа л ажил хийж өссөн. Ээж нийтийн тээвэрт диспитчер хийнэ, би ээжийн ажлын байрыг ашиглаж бизнесээ хийнэ. Автобус, нийтийн тээврийнхэн ээж дээр ирж, тойрох хуудас зуруулах үед нь ундаа шахдаг байсан юм /инээв/. Тэр үед зургаа, долоодугаар ангид л байсан. Жолооч, кондукторууд ороод ирэхээр ээж, “Манай хүүхдээс ундаа авч уугаарай” гээд л шахна /инээв/.
Наймдугаар ангиасаа давсны үйлдвэрт ажилладаг болсон. Цагаар ажиллаад, аз таарвал савлагч хийнэ, аз таарахгүй бол ачигч хийнэ. 50 кг-ын шуудайтай давс бас л чанга шүү дээ.
- Амьдрал хэдийнээс сайжрав ?
- Би төрөхөөсөө эхлээд л өөрийгөө сайхан амьдарсан гэж боддог.
- Сэтгүүлч мэргэжлээрээ яагаад ажиллахгүй байгаа юм бэ?
- Би сэтгүүлчээрээ ажиллаж байгаа ш дээ. Та надаас ярилцлага аваад цаасан дээр буулгаад уншигчдад хүргэж байна. Би таньтай уулзаад нэг юм ойлгоод, тэрийгээ дуу болгоод сонсогчдод хүргэж байна. Энэ бол сэтгүүлчийн ажил. Шууд нэвтрүүлэг хөтлөх, тайзан дээрээс дуулах хоёр яг адилхан зүйл.
- Шүлэг зохиох, дуулах авьяас хэдийд илэрсэн бэ?
- Бага байхдаа шүлэг оролддог байсан. Өвөө минь сэтгүүлч болоход хамгийн том нөлөө үзүүлсэн. Аавын аав Цэрэндагвын Шагдар гээд сэтгүүлч хүн байлаа. Тухайн үед МОНЦАМЭ-гийн дарга хүртэл хийж явсан. Их эрт тэнгэр лүү явчихсан л даа.
Багадаа цэцэрлэгээсээ оргосоор байгаад хөөгдчихсөн ч гэлээ цэцэрлэгийн насандаа уншиж сурсан. Өвөө маань надад ном их уншуулдаг байсан юм. “Шидэт хүүрийн үлгэр” гэх мэт янз бүрийн ном уншуулна. “Шаалуу хүү Маугли”, “Луу алтан товчоо”-г манай өвөө редакторласан. Тэр номнуудыг нь уншиж байхдаа өвөө шигээ хүн болохыг хүсч эхэлсэн. Зүтгэсээр байгаад сэтгүүлч болж, өвөөгөө дуурайж шүлэг бичдэг боллоо. Хоёрдугаар ангиасаа шүлэг бичсэн. Зургаадугаар ангидаа анх хип хоп дуу сонсож үзлээ. Манай нэг найзын аав нь Герман явахдаа хип хоп дууны CD авчраад л, тэр үеэс сонсох болсон. Тэр үеэс бичсэн шүлгээ ингэж аянд оруулж, амилуулж болох юм байна гэсэн ойлголт авч, оролдож эхэлсэн. Одоо хүртэл өөрийгөө оролдож байгаа л гэж боддог.

- Тайзан дээр анх хэзээ гарсан бэ?
- 2001-2005 онд оюутан байхдаа сургуулийн хэмжээнд дуулдаг байсан. Тухайн үед хэдэн дуутай ч ФМ радиод аваачиж өгөөд, амбаардуулаад гардаг байлаа.
- Өөрийн чинь ертөнц бүрэлдэж бий болоход юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
- Бүх зүйл нөлөөлсөн. Миний нийлдэг найз нөхдийн хүрээлэл, манай ээж, аав ах, миний өссөн орчин, туулсан зам, уулзсан хүмүүс, цаг үеийн байдал гээд бүгд нөлөөлсөн. Эдгээрээс нэг нь л байгаагүй бол одоогийн би байхгүй байсан. Надад дургүй хүмүүс ч гэсэн үүнд нөлөөлсөн. Гитарын нэг утсыг дарж байгаад цохих, олон утас дарж байгаад цохих хоёр ялгаатай сонсогддог биз дээ. Түүнтэй адилхан.
- Яагаад орчинтойгоо, нийгэмтэйгээ дуугаараа тэгж их тэрсэлддэг юм бэ?
- Эргэн тойрны минь хүмүүс намайг даруухан гэдэг шүү дээ. Орчинтойгоо нэг их тэрсэлдээд байдагггүй ч тэрсэх юм гарвал тэрсэлдсэн шиг л тэрсэлдэнэ. Эсвэл тэр, эсвэл би зайлж байж л санаа амардаг.
- Цэцэ та хоёр яагаад дайтаад байдаг юм бэ? Тэрсэлдээний шалтгаан нь юундаа байна?
- Бүхнийг тэр эхэлсэн. Намайг “Хашаандаа очиж банхараа хоолло” гэж байгаа юм. Би чимээгүй л байлаа. Эцэст нь тэсэлгүй хариу дуу хийсэн. “Монгол реппэр” гэдэг дуу. Зөрүүлээд хариу нь ирсэн. Дахиад “Хөөрхий” гэдэг зүйл хийсэн, зөрүүлээд хариу нь ирсэн. Зөрүүлээд “Мия” гэдэг дуу хийсэн зөрүү нь бас л ирсэн. Гурав гурван дуу хийгээд л өнгөрсөн дөө.
Гэхдээ би тэрийг ялах гэж хийгээгүй. Би өөрийгөө болон үзэл бодол нэгтэй, өссөн орчин адилтай хүмүүсээ хамгаалах гэж тэр бүхнийг хийсэн юм. Хамгаалснаас биш би довтолгоо хийгээгүй гэсэн үг. Хэн нэгэн гэр хороололд төрж өссөнөөрөө буруутах, муу үг дуулах ёсгүй биз дээ. Чухам энэ зорилгоор л хариу довтолгоо хийсэн. Түүнээс Цэцэ гэдэг хүнийг байхгүй болгоод, үгүйсгэхдээ гол нь биш л дээ. Ер нь гэр хороололд өссөнөөрөө хүн хүний тооноос хасагдах ёсгүй биз дээ. Гэр хороололд өссөн хүн болгон заваан гэсэн үг биш. Би гэр хороололд өссөн. Надад бие бол бие байна, өмсөх хувцас байна, хувцсаа угаах саван нь байна, бүх зүйл байна. Тэгэхээр өөртэйгөө адилхан хүмүүсийг хамгаалснаас биш, Америкт сурсан гоё ганган хүнийг газар доор ортол муулах ямар ч ашиг байхгүй л дээ, надад.
- Эмэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?
- Надад байхгүй чанарууд /инээв/. Эмэгтэй хүн агуу шүү дээ. Эмэгтэй хүн ертөнц бүтээдэг. Төрдөг, хүмүүжүүлдэг учраас тэр. Манай ээж бол агуу. Юугаараа агуу гээч намайг бүтээснээрээ агуу.
- Гоо үзэсгэлэн талаас нь эмэгтэй хүний юуг нь илүү чухалчилдаг вэ?
- Би арьсыг нэг их хардаггүй юм дөө. Эмэгтэй хүнийг харахаасаа илүү, эмэгтэй хүнтэй ярих дуртай. Яриад тэр хүнийг таньж, мэддэг. Харахад бол Монголын охид бүгдээрээ л хөөрхөн ш дээ.

- Хайр гэж юу вэ?
- Хайр гэж золиос. Юмыг хайрлана гэдэг чинь золиос гаргана гэсэн үг. Хайртай учирсан тохиолдолд би ямар нэг зүйл хийх дуртай байлаа гэж бодоход хайрынхаа төлөө тэр зүйлээсээ татгалзах шаардлагатай болно. Хайр бол шоколад шиг амттай золиос юм.
- Нууц амрагийн талаар ямар бодолтой явдаг вэ?
- Нууц амрагийн талаар ямар ч ойлголт байхгүй. Нууц амрагтай хүмүүсээс нь асуувал илүү сайн хариулт өгөх байх. Байхгүй учраас энэ талаар ямар ч ойлголт алга даа /инээв/. Гэхдээ нууц амрагийн талаар арай өөр өнцгөөс, арай өөр жишээн дээр хийсэн дуу бий. Учиргүй нууц амраг муухай, нууц амрагтай болж болохгүй гээд дуулаад байвал утгагүй. Тиймээс арай өөр өнцгөөс нь харахыг хичээсэн.
- Ном хэр их уншдаг вэ? Хамгийн сүүлд ямар ном уншив?
- Боломж гарвал уншдаг. Хамгийн сүүлд “Шерлок Холмс”-ыг уншсан. Орчуулга нь яасан ч мундаг юм. Энэ дашрамд, орчуулсан хүнд нь баяр хүргэмээр байна шүү. Кинон дээрээс үзэж байснаас ч илүү гоё санагдсан. Исгэлэн алим шиг л.
- Яагаад Gee гэдэг нэртэй болов оо?
- Нэр биш хоч. Гайхалтай гэдэг үгийн уулга алдсан авиа. Найзууд өгсөн юм. Ингээд хочоороо явсаар байгаад л...
- Хүүхэд чинь одоо хэдэн нас хүрч байна вэ?
- Гуравтай, нэг сард дөрвөн нас хүрнэ.
- Өөрийн чинь дуунд хараалын үг цөөнгүй байдаг. Бас үзэн ядсан хараасан, ерөөсөн шинж ч бий. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд яаж нөлөөлнө гэж боддог вэ?
- Олон хүн надаас энэ талаар асуудаг. Би бүх өнцгөөс нь яриад дуусчихсан. Гэхдээ яахав дахиад нэг удаа яръя. Та миний ямар дуунуудыг мэдэх вэ? Та миний бүх дуунуудыг мэдэхгүй. Та бүгдийг нь сонсоод үзвэл надад хараалтай дуунаасаа хараалгүй нь их. Хүмүүс өөрсдөө тэрийг олж сонсохгүй байна ш дээ. Яагаад заавал хараалтайг нь олж сонсоод байдаг юм бэ? Хараалын талаар хэлсэн “Хараалгүй дуу” гэдэг дуу ч хүртэл байгаа. Сонсож байгаа хүмүүс өөрсдөө үүнийг бас бодох хэрэгтэй. Нөгөө талаар, би юуг хараагаад, юуны төлөө хараагаад, яах гээд хараагаад байна? Хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүллээ гэж хүмүүс ярьдаг. Хамгийн харамсалтай нь тэр хүмүүс хүүхдээсээ дор ойлголттой байна л даа. Хүүхдүүд намайг юуг зүхээд байгааг ойлгодог. Хамгийн сүүлд би “Уу” гэдэг дуу гаргахдаа архийг зүхэж дуулсан. Хүүхдүүд энэ дуунаас “Архи уувал муухай юм байна”, “Үүнийг Gee гэдэг хүн дуулж байна” шүү гэдгийг ойлгоод, сонсоод байна. Тэгэхэд миний дуунаас хоёр үгийг нь түүж аваад, энэ хараал хэлдэг гэж ойлгодог. Хэт өнгөц, хүүхдээсээ дор байдаг нь нь үнэхээр харамсалтай байна. Гэхдээ би “Хүүхдүүддээ намайг сонсгоорой” гэж ингэж хэлж байгаа юм биш шүү. Намайг сонсохыг хорьдог эцэг эхчүүд байдгийг би өөрийнхөө нүдээр харсан. Зөв л дөө, намайг сонсохгүй байж болно, эрхийн асуудал. Үүнтэй адил миний юу хэлэх нь миний эрх учраас би эрхээ эдэлж байна.
- Таны хүрэх цэг юу вэ?
- Миний хүрэх цэг хязгааргүй. Одоо ч тэрийг төсөөлж чадахгүй яваа. Магадгүй би тэр цэгтээ хүрч чадахгүй унана. Эсвэл би хязгааргүйгээсээ давж ч болно. Үүнийг одоо хэлэхэд эрт байна. Би дөнгөж 31 настай, надад маш их цаг хугацаа байгаа. Мөрөөдөл бий, гэхдээ хэлэхгүй, нууц.
- Нийтийн дуу сонсдог уу?
- Сонсдог. Гэхдээ дуучдынх нь нэрийг мэддэггүй юм аа. Хөдөө явж байхдаа ихэвчлэн сонсдог.
- Караокедах уу?
- Дуулдаггүй юм дөө. Хүмүүс дуу дуулж байхад хажууд нь инээгээд л сууж байдаг. Дуулаад байх дуу ч байдаггүй юм.
- Хобби юу вэ?
- Тулааны спорт сонирхдог. Гэхдээ хичээллэж амжихгүй байна. Хүн ямар нэг спортоор заавал хичээллэх ёстой гэж боддог. Намайг бага байхад спорт тийм ч их хөгжөөгүй байлаа. Бид нарын хийдэг зүйл тэвэг тоглох л байсан. Одоогийн залуучуудад бол спортоор хичээллэх аягүй их боломж байна.

- Хип хопчдыг хар тамхи хэрэглэсэн, болж бүтэхгүй юманд орооцолдсон гэж их ярьдаг, энэ талаар?
- Би тэр юмнаас бол бүүр хол. Сүүлийн таван жил архи ч амсаагүй. Хүнийг өнгөц дүгнэж байна. Харахад шивээстэй хүмүүс муу хүн гэсэн үг биш шүү дээ.
- Дисконд хэр их орж байна?
- Найзууд төрсөн өдрөө тэмдэглэж байна гээд дуудвал орно. Ууж иддэг найзууд байгаа, гэхдээ би хажууд нь ус ундаа уугаад л суудаг. Найзуудтайгаа тэгж сайхан сууж болно шүү дээ. Баярлана гэдэг чинь уухын нэр биш.
- Яагаад уудаггүй юм бэ?
- Яах юм бэ, миний үеийн залуучууд дотор архинаас болж алдсан хүмүүс зөндөө бий. Жигшчихсэн юм.
- Юунаас кайф авдаг вэ?
- Электрон спортоос кайф авдаг.
- Монголд од байдаг уу?
- Би урлагийн ихэнх хүмүүстэй уулзаж үзсэн. Бүгд өөрийн гэсэн яриа, ертөнцийг үзэх үзэл, зан араншин, давуу болон дутагдалтай талтай, яг л надтай адилхан хүмүүс. Би дэлхийд ч од байхгүй гэж боддог. Тэнгэр дээр бол од байгаа, байгаа /инээв/.
- Урлагийн тогоонд чанагдаж яваа гэж өөрийгөө боддог уу?
- Үгүй ээ, үгүй. Би зүгээр л амьдрал дунд амьдарч яваа нэгэн. Зарим хүмүүс урлагийн тогоо энэ тэр гээд л ярьдаг. Би бол янз бүрийн кастрол энэ тэр дотор орохыг хүсэхгүй байна.
- Өөрийн чинь хамгийн тод араншин юу вэ?
- Хөгжилтэй. Хүмүүс намайг хараад ууртай гэж боддог шиг байгаа юм. Би амьдрал дээр ч гэсэн ер нь алиа зантай. Хүний үгийг өлгөж аваад тоглоом шоглоом хийнэ, зарим нь даахгүй уурлана. Ер нь хөгжилтэй байх дуртай.
- Одоо хаана амьдарч байна вэ?
- Бага тойрууд.
- Америкт байвал нэлээн гайгүй түвшин амьдарчихаар байсан байх. Монголд шоу-бизнес хөгжөөгүй, урлаг нь үнэлэмжгүй байгаа нь..
- Би аймаар амьдрах гэж реп хийгээгүй ээ. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж л хийдэг.
- Гол орлогын эх үүсвэр чинь юу вэ?
- Намайг сонсдог хүмүүс.
- Нэг шоун дээр дуулахад хэдийг авах уу?
- Тэрийгээ хэлэхгүй ш дээ. Би мундаг хүмүүс шиг хэдэн саяар нь авдаггүй. Тэд нарын хажууд би хямдхан дуулдаг. Тухайн үед ярьж байгаад л дуулчихдаг. Мөнгө олох гэж явсан бол би өөрийгөө өндөр үнэлэх боломжтой. Гэхдээ би үгээ хэлэхийн тулд явдаг. Үнэ цэнэтэй байна гэдэг CD-гээ үнэтэй зарж, тоглолтоо үнэтэй хийхийн нэр биш. Өөрийгөө хоосон хонуулахгүй, өрөөлийг ч хоосолчихгүйн төлөө явж байна. Удахгүй тоглолтоо хийнэ. Миний тоглолтын тасалбар ч хямдхан байх болно.

- Хэзээ нэгэн цагт улс төрд орвол ...?
- Үгүй. Би чадахгүй. Надад боловсрол байхгүй. Нэг муу сэтгүүлчийн бакалаврын зэрэгтэй хүн улс төрд ороод юу хийх юм бэ. Би чадна гэж амлаж, худлаа ярьж бол чадна. Ингэж худлаа ярьж хэн ч чадна. Улс төрд орвол тэр миний тэнэг хөдөлгөөн болно. Сонгуулиар би дуулдаггүй. Хүмүүсийн сонголтын өмнөөс бид нар дуугарч болохгүй. Сонгуулиар би нэг ширхэг дуу, нэг ширхэг клип ч гаргахгүй алга болдог. Сонгуулийн дараагаар юмаа хийдэг. Яагаад гэвэл, би нэг ч гэсэн хүний сонгох эрхэнд нөлөөлмөөргүй байна.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Ялгуун
Сэтгэгдэл (67)