
Дэлхийд ганцхан дээд боловсролтой тэмээчин
Дэлхийд ганцхан дээд боловсролтой тэмээчин хэмээх энгийн атлаа эгэлгүй нэгэн тодотголтой яруу найрагч Т.Галсанг бид аль дунд сургуульд үздэг жирмийн сүлжээ найргаар нь андахгүй. Энэ яваа насандаа үхэхээс бусдыг үзэж яваа өвгөн найрагч онгоцны 2 ч осол, машины аваарт 5 удаа орж, бүр буудуулж хүртэл үзсэн, гэхдээ үхээгүй, бурхан ус уух хувь хайрласан хэмээн ярьдаг. Хэдэр ёдор хэлц уран үгээрээ тайзыг эзэгнэдэг Т.Галсан найрагч социализмын үед төрөөс шийтгэл хүртэж, говьд цөлөгдөж явахдаа дэлхийд ганц дээд боловсролтой тэмээчин алдар хүртсэн. Хожим “хамар” Галсан хоч нөхдөөсөө авсан. Бидний цаг үед амьдарч, аж төрж яваа өвөрмөц нэгэн ертөнц, ховор авьяастай найрагч Монголын анхны эротик тууж бичсэнээрээ бас нэг тодотголын эзэн болдог. “Цэнгэлийн хур” нэртэй уг тууж хэвлэгдсэн цаг нь 90-ээд оны эхэн боловч бичигдсэн цаг нь аль социализмын үе буюу найрагчийн тэмээ хариулж явах үеийнх гэдэг. Тэр байтугай мань элдэвтэй найрагчийн энд тэндээс түүж цуглуулсан эротик оньсого нэгэн үе “Халуун хөнжил” сонинд нийтлэгдэж байсан түүхтэй.
Авьяаслаг найрагчийг өдий хүртэл түшиж тулан, уран бүтээлийн онгодыг нь хурцалж яваа гэргийг нь Д.Найгалмаа гэдэг. Үндсэрхэг үзлээр өвч амьсгалсан найрагчийн охин японд бэр ороход үгээ барсан өвгөн найрагч Бадарчийн охин германтай сууж явсан, Ренчин мажар хүргэнтэй байсан хэмээн мөчөөрхсөн удаатай.
Яруу найргийн дархан аварга

Монголын яруу найрагт аав, охин 2 нэгэн цаг үед мөр зэрэгцэн шүлэг найргаа тэрлэж, цуурай хадуулж яваа тохиолдол ганцхан гэхэд хилсдэхгүй. Монголын яруу найргийн дархан аварга гэгддэг Дөнгөтийн Цоодол найрагч үзэг нэгт нөхдөө өмөөрч бичсэн “Миний муусайн найзууд”-аа уншихаараа нүдэндээ нулимс цийлэгнүүлдэг уяхан нэгэн. Дорнын их найрагч Б.Явуухуланд тоогдож, гарын шавь нарынх нь тоонд багтаж явсан түүний шүлэг, найраг тэр чигээрээ уянга, ухаарал, зөөлөн сэтгэлээр цалгидаг. Харин дархан аваргын өврөөс төрөн, авьяасыг нь залгамжилсан Ц.Хулан хатагтай ааваасаа огт өөр ертөнц. 90-ээд оны Монголын яруу найргийн босоо цагаан давалгааны хамгийн өндөр оргилд цойлж явсан Ц.Хулан найрагч хар багаасаа монгол найргийн цагаан сүү амалж өссөнийх дорнын баялаг, нууцлаг хэрнээ эрхэмсэг амт шүлэг найргаас нь ханх тавьдаг.
Д.Цоодол найрагчид найргийн онгод бэлэглэж, найрагч охин төрүүлж өгсөн сайхан эмэгтэйг Цэвэлмаа гэдэг. Хэл уран зохиолын багш, хүрээний донжтой хүүхний хэв маягийг илтгэх Цэвэлмаа хатагтай насаараа 5-р сургуульд багшилж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Насны наранд гар гараасаа хөтлөлцөн үр, ачийнхаа сайн сайхныг үзэж яваа тэд яах аргагүй аз жаргалтай заяаны ханиуд.
Орчин цагийн Ренчин
Улам л ховордсоор буй хөх монголын уул шиг өвгөдийн нэг Д.Урианхай гуай үеийнхээ өвгөн найрагчдаас ондоо, өвөрмөц ертөнц. Ерөөс бичиж тэрлэж буй найраг шүлэг нь хүртэл дотогшоо алсарсан, гүн ухааны өнгө аястай байдаг нь Д.Урианхай хэмээх ертөнцийг Монголын утга зохиолд дархалж орхисон гэлтэй. Хотын төвөөр саарал дээлтэй, саарал сахлаа салхинд намируулан амирлангуй алхаж явах түүнтэй дайралдаагүй хүн ховор болов уу. Тиймдээ ч их Ре багшийн хойд дүр хэмээх тодотголыг авсан.
Эрхэм найрагч энэ жилийг уй гашуу дүүрэн өнгөрүүлж байна. Амьдралынх түшиг тулгуур болж байсан хань нь тэнгэрт хальж, өнчин улиас адил ганцаардаж хоцорсон Д.Урианхай найрагч гэргийдээ зориулж “.....“ сэтгэлийн зул-нийтлэл хэвлүүлж, зүрхний үгээрээ ханьдаа хөшөө босгосон нь олны хүний элэг зүрхийг эмтрүүлсэн. Насны эцэст бие биедээ уусаж, үс зүс нь хүртэл адилхан болсон хосууд хааяахан Дуурийн театрт зочилж, эрхэмсэг зиндаагаа тодорхойлдог байсан юм. Залуу халуун насандаа загварын тайзнаа алхаж, гоо биеийн сайхныг гайхуулж явсан найрагчийн гэргий Цэнд агсан Монголын анхны загвар өмсөгчдийн нэг бөгөөд биеэ сайхан авч явдаг эрхэмсэг хатагтай нарын нэг байв. Бурханы оронд амар нойрсох болтугай. Ум мани бад ми хум.


Найрагч хүүхнүүдийн найз П.Бадарч
“Есөн эрдэнийн орон”-оороо орон зайгаа мөнхөд дархалсан П.Бадарч найрагч хаа газар хүрэн тэрмэн тэрлэгээрээ гоёно. Хачин элгэмсүү, цайлган зантай. Өтөлсөн болохоос үхсэн биш гэгчээр өнө мөнхөд залуу, гэнэхэнээрээ тэрээр найрагч андынхаа охин Ц.Хулан хатагтай, Г.Мөнхцэцэг гээд залуу бүсгүйчүүдтэй тун ч дотно үерхэнэ. Миний найз бүсгүйчүүд хэмээн хошуу дэвсэнэ. Цаадуул Бааяа хэмээн дотночилно. Дал гарсан хойноо ижийгээ дурсаж эхэр татан уйлдаг тийм л уяхан, зөөлөн сэтгэлтэй эр. Алдарт С.Эрдэнэ баавайн шавь гэдгээрээ эрхгүй нэг бахархдаг тэрээр уг нь холбоочин, будагчин, зурагчин гээд элдэв мэргэжлийн дамжаа курс төгссөн ч эцсийн буух цэг нь яруу найраг хэмээх их айл байсныгаа хувь тавилан хэмээн боддог.
Залуу халуун насандаа сархаданд дурлаж, муу ханийгаа мөн ч их зовоосон доо хэмээн хоолой зангируулах буурал найрагчийн гэргий Б.Ичинноров хэмээх номын санч мэргэжилтэй буурал байдаг.
Зууны манлайгийн залуу хайр
Найрагчид гэж сонин улс. Гэгэлгэн, догдлуун, цайлган. Ямартаа л Ц.Хулан хатагтай найрагчид бол бурхны үгийг хүн төрөлхтөнд дамжуулдаг элч нар хэмээн тодорхойлдог. Үнэний ортой үг шүү. Нас ная шахсан ч цэл залуухан 18-т шиг сэмбэлзтэл алхах Ш.Сүрэнжав Багш“ найраглалаараа алдартай. Тайзан микрофон бариад гарахаараа уран цэцэг үгийг урсгах шиг болдог эрхэм найрагч хайр дурлалд хэзээнээсээ догдлуун ханддаг. Зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаад зориулан “Манлай явсныг чинь мартахгүй” хэмээх шүлэг тэрлэж, сэтгэл догдолтол ил цагаахан уншдаг. Сайхны өмнө харц буруугүй гэгчээр энэ бүхэнд тэгтлээ эмзэглэж, туниад байдаггүй найрагчийн гэргийг Цэнд гэдэг. Эмч мэргэжилтэй тэрээр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай ээж. Найрагчийн гэргий байх хувь тавилан гэдэг энэ биз ээ.
М.Саян
Сэтгэгдэл (5)